Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 71

 

Э.З-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                          Ц.Амаржаргал

Б.Манлайбаатар    

Прокурор                                        Н.Идэр

Хохирогчийн өмгөөлөгч                Б.Тэнгис                   

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Б.Цэдэндамбаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж шийдвэрлэсэн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 218 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн  давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э-гийн З-д холбогдох эрүүгийн 201709000157 тоот, 166/2017/0207/Э индекстэй 1 хавтас хэргийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х- овгийн Э-гийн З-, регистрийн дугаар **********.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Э.З- нь согтуурсан үедээ 2017 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын урд талын Дархан-Улаанбаатар чиглэлийн засмал замаар жолооч Б.Мягмарын жолоодож явсан “сонота-6” маркийн 4673 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслээр үйлчлүүлж явахдаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, иргэн Б.Б-ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 218 дугаартай  шийтгэх тогтоолоор:

-2015 оны Эрүүгийн хуулийн 1.9-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Х- овгийн Э-гийн З-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х- овгийн Э-гийн З-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, ялтан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-ын 10,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар холбогдох баримтаа бүрдүүлэн дахин гаргах эрхтэй болохыг дурдаж,

-Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжилсэн  хөрөнгөгүй болохыг  тус тус дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.З-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тус тус зааж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Тухайн хэрэг болсон 2017 оны 02 сарын 11-ний өдөр шүүгдэгч гэх З-тэй хамт явж байсан З.М- нь хохирогч надтай нүүрэлдүүлэн байцаасан байцаалтанд болон мэдүүлэгтээ: “... З- миний гарыг хөдөлгөхгүй барьж бай гэж хэлсний дагуу намайг барьж байгаад З-тэй хамтарч намайг бүлэглэн зодсон. Мөн буудалдаа очоод өрөө рүүгээ дээшээ гарах гэтэл намайг гаргахгүй гээд М- нь надаас бариад тавихгүй байхаар нь арай гэж мултраад өрөө рүүгээ орсон” талаар мэдүүлсээр байтал шүүх энэ талаар хэрхэн үгүйсгэж, ямар үндэслэлээр зүйлчлэлийг өөрчилж, ял шийтгэлийг хөнгөлж байгаа нь ойлгомжгүй, хэт гэм буруутай хүмүүсийн талд ашигтай хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Шүүх хуралдаанд хохирогч миний бие өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг минь хүлээн авахаас татгалзаж шүүх хуралдааныг хийсэн ч надад ямар үндэслэлээр хүсэлтээс минь татгалзсан талаар тайлбар өгөөгүй. Мөн хохирогч миний өмгөөлүүлэх, өмгөөлөгчтэй оролцох хууль ёсны эрх ашгийг минь хамгаалалгүй шүүх хуралдааныг хийж, шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн шударга бус гаргасан шийдвэрийг хянан үзэж, хэргийн бодит үнэнийг тал бүрээс нь харж болсон хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж энэхүү гомдлыг гаргаж байна.

Иймд анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг өөрчилж, зүйлчлэлийг нь зөв тогтоож, хуулийн дагуу зохих хариуцлагыг нь хүлээлгэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Тэнгис давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Хохирогчийн өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдаан хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. н.М- мэдүүлэгтээ “миний гарыг барьж бай гэж хэлээд гарыг барьж байгаад цохьсон” гэдэг. Бүлэглэсэн нөхцөл байдал байна, шүүх бүрэлдэхүүн хэргийн нөхцөл байдлыг шалгаж, зүйлчлэлийг зөв тогтоож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т “.Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг барьж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Н.Идэр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 39.6, 39.7, 39.8 дугаар зүйлд заасан байдлууд тогтоогдохгүй байгаа. Хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Э.З-ийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, иргэн Б.Б-ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд Э.З-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Б-ын “...хохирогч миний өмгөөлүүлэх, өмгөөлөгчтэй оролцох хууль ёсны эрх ашгийг минь хамгаалалгүй шүүх хуралдааныг хийж, шийдвэрлэсэнд маш их гомдолтой..., анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг өөрчилж, зүйлчлэлийг зөв тогтоож өгнө үү” гэх үндэслэлээр бичсэн давж заалдах гомдлын дагуу хэргийн материалыг бүхэлд нь хянавал:

Анхан шатны шүүх хохирогч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтээр Э.З-д холбогдох шүүх хуралдааныг урьд 2 удаа хойшлуулж байсан ба 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч ирээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж байна гэж анхан шатны шүүх үзээд хохирогчоос өмгөөлөгчтэйгээ шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзжээ.

Гэтэл өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд оролцохоор Булган аймгаас гарч, шүүх хуралдаан товлосон цагаас 25 минут хоцорч ирсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан гэж үзэх боломжгүй байна.

Хохирогч Б.Б- өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байгаагаа, түүний өмгөөлөгч Дарханд орж ирж байгааг удаа дараа илэрхийлсэн, 2017 оны 08 дугаар сарын 25-ын үдээс хойш тус шүүх хуралдааныг даргалагч шүүгч Г.Гэрэлт-Од болон өмгөөлөгч, прокурорууд шүүх хуралдаан товлоогүй / 2017.08.21-ны өдрөөс 2017.08.25 өдөр хүртэл Дархан-уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны тов/ зэрэг нөхцөл байдлыг харгалзан өмгөөлөгч Б.Тэнгисийг ирэх хүртэл шүүх хуралдааны эхлэх хугацааг 1-2 цагаар хойшлуулж хохирогчийн өмгөөлүүлэх эрх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах боломжтой байжээ.

Хохирогч Б.Б- анхан шатны шүүх хуралдаан дээр “...шүүгдэгч Э.З-тэй хамт явж байсан залуудаа /З.М-/ миний гарыг хөдөлгөхгүй барьж бай гэж хэлсний дагуу гарыг минь барьж байгаад зодуулсан” гэтэл М-ын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна” гэж  мэдүүлжээ. Анхан шатны шүүх шийдвэртээ З.М-ын үйлдэл холбогдлыг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон, энэ талаар хохирогч ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь “Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн заалтыг үндэслэл болгож хохирогчийн хүсэлтэнд хариу өгсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана гэдэг нь Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авсан шүүгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхталуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл өөрийн санаачлагаар” хэрэгт бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэхийг түүнчлэн тухайн хэрэгт холбогдуулан гарсан “хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол”, шийдвэр хуульд нийцэж байгаа эсэхийг бүхэлд нь хянах замаар хэргийг хэлэлцэж шийдвэр гаргана гэж ойлгох нь зүйтэй юм.

Эрүүгийн 201709000157 тоот хэргийн  25-29 дүгээр талд гэрч З.М-ын “...З- хохирогч Б.Б-ын гарыг бариад байж бай гэхээр нь би түүний зүүн гарыг тавиулахгүй бариад байж байсан юм”, “ ...Зол эрдэнэ надад хохирогчийг өрөө рүү нь битгий оруулаарай. Барьж бай гэхээр нь Би түүнийг явуулахгүй хориод барьж байсан” гэх мэдүүлэг, Хохирогч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт “...З- хамт явсан залуудаа /М-/ Намайг машинаас гаргаад ир гэж хэлээд М- намайг машинаас чирж гаргаад миний гарыг барьж байхад З- намайг зодсон... Буудлын өрөөнд орж ирээд ширээний гэрэл барьчихаад -Бүгдийг чинь ална гээд орилоод байсан” гэх мэдүүлгүүдийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй ба шийдвэр гаргахдаа энэ талаар ямар нэгэн хууль зүйн дүгнэлт өгөлгүй орхигдуулсан болон анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.З-д оногдуулсан эрүүгийн ял, хариуцлага нь түүний үйлдсэн гэм бурууд тохироогүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 218 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Э.З-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай. 

2. Э.З-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                        ДАРГАЛАГЧ                                         Я.ТУУЛ

                                        ШҮҮГЧИД                                             Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                      Б.МАНЛАЙБААТАР