Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 91

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Д.М

Хариуцагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын А/07  дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалд эргүүлэн томилж, шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, гуравдагч этгээд Д.З итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Эрдэнэзолбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.М нь 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын дэд даргаар, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын Б/10 дугаар тушаалаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар томилогдон ажилласан. Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 35 дугаар зүйлийн 35.1.6-д тус тус заасныг баримтлан дээрх албан тушаалд нэр дэвшүүлэх тухай дүгнэлт гаргаж, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 43 тоот Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор санал хүргүүлж байсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/07 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. 

Сайдаас А/07 тушаалыг гаргахдаа Нийгмийн даатгалын ерөнхий газар нь өөрчлөн зохион байгуулагдсантай холбоотой гэж үндэслэлээ тодорхойлсон байна.   Тушаалыг Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэх тухай Улсын Их Хурлын 12 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын Агентлагийн талаарх авах арга хэмжээний тухай 4 дүгээр тогтоол, Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь заалтыг үндэслэн гаргасан. Маргаан бүхий захиргааны актад Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалт, Төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг зохицуулсан хуулийн заалтыг тодорхой хэрэглээгүй байна. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т тус тус заасны дагуу төрийн байгууллагын бүтэц өөрчлөгдсөн үед албан тушаалын орон тоо хэвээр батлагдсан, цөөрсөн, хасагдсан тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангах асуудлыг зохицуулсан. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/17 тоот тушаалаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай тушаалын 1 дүгээр зүйлд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын удирдлагын орон тоог 70 байхаар тогтоосон бөгөөд нэхэмжлэгч Д.М-ын эрхэлж байсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалын орон тоо цөөрсөн, хасагдсан зүйл байхгүй байна. 

Ийнхүү дээрх Монгол Улсын Засгийн газар болон Улсын Их Хурлын тогтоолуудаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар болж өөрчлөгдөн 82 хүний орон тоо батлагдсан бөгөөд үүнээс үзвэл нэхэмжлэгчийн маргаж буй орон тоо хэвээр хадгалагдаж байна гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгчийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гаргах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах болгон тодруулж байна.  

Нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлд гомдлоо гаргасан. Уг гомдлыг мөн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1.3-д “Гомдол гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шаардлагатай бол эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гуравдагч этгээдэд гомдлыг шийдвэрлэх он, сар, өдөр, газрыг урьдчилан мэдэгдэж, уг ажиллагаанд хүсэлтээр нь байлцуулах” гэж заасны дагуу дагаж мөрдөөгүй. 

Мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д “Гомдлыг хянан шийдвэрлэсэн захиргааны байгууллага энэ тухай захиргааны акт гарсан өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор гомдол гаргагч этгээдэд бичгээр мэдэгдэж, түүнийг баримтжуулна”, 99.2-т “Гомдлыг шийдвэрлэсэн захиргааны актыг мэдэгдэхэд энэ хуулийн 43 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д “Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно” гэж тус тус заажээ. Үүнээс үзвэл захиргааны байгууллага энэ ажиллагааг хийгээгүй бөгөөд 10 дугаар сарын 05-ны өдөр гардуулав гэж тэмдэглэж хүлээн зөвшөөрсөн. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг ч мөн баримтлах ёстой байтал гэрч энэ хууль мөрдөгдөөгүй байсан гэж тайлбарлах боловч тухайн үед Захиргааны ерөнхий хууль мөрдөгдөж байсан. Нэхэмжлэгч маргаан 09 дүгээр сарын 07-ны өдрийн актыг 10 дугаар сарын 05-ны өдөр өөрөө очиж гардаж авсан. Уг бичгийг 73 тоотод амьдардаг эмэгтэйд хүлээлгэж өгсөн, настай хүнд өгөөгүй, залуу хүнд өгсөн гэж гэрч мэдүүлсэн. Энэ талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолд дурдагдсан. 

Захирамж гарснаас хойш үүнийг няцаасан ямар нэгэн баримт шүүхэд ирээгүй.  Иймд 9 дүгээр сарын 07-ны өдрийн албан бичгийг 10 дугаар сарын 05-ны өдөр гардаж авч 30 хоногийн дотор буюу 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хуулийн хугацаанд гаргасан, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзхээргүй байна.” гэв. 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэг. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-дүгээр зүйлийн 14.3-т “ Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв  хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т “ ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд шилжүүлсэн тухай ажилтны гомдол”-г шүүхэд шууд хандахаар заасан байна.

Дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч Д.М нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016-оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/07 дугаар тушаалыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байна.  Гэтэл нэхэмжлэгч нь шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөр огноолсон нэхэмжлэл гаргасан нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлснийг илтгэж байна.

Мөн Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 09 дүгээр сарын 07-ний өдрийн 905 дугаар албан бичгээр харьяаллын маргаан биш болох талаар хариу өгсөн байна. 

Гэтэл нэхэмжлэлд “ Д.М нь ... төрийн албаны зөвлөлөөс өгсөн хариуг 2016 оны 10 дугаар сарын 04-ны өдөр гардаж авсан” гэжээ. 

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т  “ дээд шатны захиргааны байгууллага , эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргахаар хуульчилсан. Энэ нь мөн  л нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн болохыг илтгэж байна. 

Хоёр. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016-оны 8 дугаар сарын 14-ны өдрийн А/07 дугаар тушаалын хууль зүйн үндэслэл: 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “ Засгийн газрын агентлагийн талаар авар зарим арга хэмжээний тухай” 4 дүгээр тогтоолоор Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар болж өөрчлөн зохион байгуулагдсан.  Ингэснээр Нийгмийн даатгалын ерөнхий газар /хуучин нэрээр/ гэдэг нэртэй байгууллага байхгүй болсон тул тухайн байгууллагын даргын албан тушаалаас нэхэмжлэгчийг чөлөөлсөн.

Маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа яригдана. Уг актын улмаас ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд дээд шатны эсхүл маргааныг хянан шийдвэрлэх байгууллага, шүүхэд нэхэмжлэл гарган хүчингүй болгох тухай хуульд заасан. Тодорхой хэлбэл уг актын эрх зүйн үйлчлэл хариуцагч, гуравдагч этгээдэд үүссэн байдаг тул хөөн хэлэлцэх хугацаандаа хандаагүйгээс актын үйлчлэл хүчин төгөлдөр байх зарчим бий.

Харин илт хууль бус болохыг тогтоолгох тухайд шинээр батлагдсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд зааснаар хэзээ ч гомдол гарган хүчингүй болгох боломжтой. Иймд маргаан бүхий актын улмаас өөр хэн нэгэн этгээдийн эрх, ашиг зөрчигдөж байгаа тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг зайлшгүй анхаарах ёстой. Хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэг сар байна гэж 31 дэх хоногийг оруулж тооцдог байсан бол одоо 30 хоног байна гэж хуульд тодорхой заасан.

Хөөн хэлэлцэх хугацааг 3 байдлаар авч үзэж тайлбарлая. Шүүх шийдвэр гаргахдаа авч үзнэ үү. Маргаан бүхий 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 905 тоот албан бичгийг хэзээ мэдсэн тухайд тухайн үед үйлчилж байсан Захиргааны ерөнхий хуульд тодорхой заасан. Хуульд утсаар мэдэгдэнэ, факсаар мэдэгдэнэ, гардуулна гэх зэргээр тодорхой заасан. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д “Захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шууданг Нийслэлээс 1-3 өдрийн дотор хүргэж өгдөг, харин уг хаяг дээрээ байхгүй бол буцааж 1-5 өдрийн дотор мэдэгдэх байдлаар хугацаа хангалттай гэж үзсэн байна. Албан бичиг зөв хаягаар хүргэгдсэн, энэ тухайд ямар нэгэн маргаан үүсээгүй. Энэ байдлаар тоолж үзвэл 30 хоног хангалттай өнгөрсөн байна.

Нэхэмжлэгч 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн албан бичгийг 10 дугаар сарын 05-ны өдөр Төрийн албаны зөвлөлөөс гардаж авсан гэж тайлбарладаг. Гардаж авсан өдөр нь 29 дэх өдөр байх бөгөөд түүнээс хойш 30 дахь хоногтоо шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн боломжтой байсан. Төрийн албаны зөвлөлөөс хариу өгөхдөө шуудангаар явуулсан байна, хуулбарыг өгч байна гэж хангалттай тайлбарлаж өгсөн байна.

Нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан байна. Уг албан бичгийг гардуулсан Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга н.Баатарсайханы гарын үсэгтэй бичгээс үзвэл 31 дэх хоногтоо нэхэмжлэл өгсөн байна. Тэгэхээр ямар ч байдлаар тоолсон хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байна. Маргаан бүхий захиргааны актын эрх зүйн үйлчлэл нийгэмд нөлөөлсөн, гуравдагч этгээд Д.Зоригт томилогдсон бөгөөд тухай актыг хүчингүй болгосноор гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөхөөр байх тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Гуравдагч этгээд Д.З түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие улсад 21 жил, үүнээс төрийн байгууллагын удирдах албан тушаалд 8 жил ажилласан. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын  даргын 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/14 тоот тушаалаар тус газрын Тамгын газрын Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдсон. Улмаар төрийн албаны зөвлөлөөс зарласан Удирдах ажилтны сонгон шалгаруулалт /Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын ажлын байр/-д 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шалгалт өгч 74.5 оноо буюу хамгийн өндөр оноогоор тэнцсэн.

Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны шийдвэр, Сонгон шалгаруулах комиссын 2016 оны НСШ/56 дугаар дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн  хамгааллын сайдын 2016 оны  12 дугаар сарын 28-ны өдрийн Б/339 тоот тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар томилогдсон болно.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор гомдоо шүүхэд гаргана гэж, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д “Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно” гэж тус тус заасан. 

Хавтаст хэргийн 16 дахь хуудсанд авагдсан баримтаас үзвэл уг албан бичгийг 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан нь тодорхой байх бөгөөд 11 дүгээр сарын 04-ний өдөр хугацаандаа нэхэмжлэл гаргасан.  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тооцох нь зүйтэй бөгөөд шүүх 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр захиргааны хэрэг үүсгэснээс хойш даруй 7 сарын дараа хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болж байна гэж тодорхой дурдсан тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд, хуульд заасан журмын дагуу Төрийн албаны зөвлөлд гомдлоо гаргаж түүнийг шийдвэрлэхгүй байсан тул н.Баатарсайханаас гардан авч гарын үсэг зурсан. Энэ хугацаанаас хойш тооцвол Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 43-д тус тус заасан хугацаанд шүүхэд хандсан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/07 тоот тушаал нь хуулийн холбогдох заалтыг илтэд зөрчсөн нь Төрийн албаны тухай хуулийн 22, 24, 25, 26 дугаар зүйлийг огт дурдаагүй, хуулийг баримтлаагүй байгаагаар тогтоогдож байна. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.4-т тус тус зааныг төрийн захиргааны төв байгууллага хирнээ холбогдох хуулийг мөрдөөгүй байна. 

Нэхэмжлэгчээс өөрийнх нь албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргахад түүнийг авч хэлэлцэлгүй,  Д.Зоригтыг сонгон шалгаруулж авсан. Ингэснээр эргээд Д.З эрх ашгийг мөн хөндөж одоо гуравдагч этгээдээр оролцож байна. Ийм байдлаар Захиргааны ерөнхий хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд тус тус заасан сонсох ажиллагааг явуулаагүй, холбогдох этгээдийн саналыг сонсоогүй байгаа нь хууль бус байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасны дагуу маргаан бүхий 07 тоот тушаалыг хууль бус гэж үзэхээр байна. 

Уг тушаал нь Төрийн албаны тухай хуулийг зөрчөөд зогсохгүй Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3-д “Энэ хуулийн 41.1. 3.-т заасан үндэслэлээр гэрээг цуцалж байгаа тохиолдолд ажил олгогч энэ тухайгаа ажилтанд хоёр сар, түүнээс дээш хугацааны өмнө мэдэгдэх үүрэгтэй бөгөөд гурван сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно”, 43.2-т “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэж тус тус заасан байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ажлын албаны хуулийн багийнхан хэрхэн ажиллаж байсанд гайхаж байна. Нөхцөл байдлаас үзвэл илт хууль бус тушаал гаргасан байх тул 07 дугаар тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилох, 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 18 сарын цалинг хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр тооцох үндэслэлтэй байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.М “Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/07  дугаар тушаалыг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалд эргүүлэн томилж, шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Д.М    Хүн   амын  хөгжил,  Нийгмийн  хамгааллын сайдын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/10 дугаар  тушаалаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар томилогдож, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/07 дугаар  тушаалаар уг албан тушаалаас чөлөөлөгдсөн.

Хариуцагч Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Нэхэмжлэгч Д.М шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн” гэж маргадаг.

Нэхэмжлэгч Д.М Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/07 дугаар дугаар тушаалыг эс зөвшөөрч, Төрийн албаны зөвлөлд хандахад Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 905 дугаар албан бичгээр гомдолд хариу өгсөн байдаг.

Төрийн албаны зөвлөлөөс уг албан бичгийг Д.Мын оршин суугаа хаягаар Монгол шуудан ХК-д хүргүүлсэн бөгөөд Монгол шуудан ХК-ийн ажилтан Д.Мын оршин суудаг байрны орцны жижүүрт  2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гардуулсныг орцны жижүүр тухайн хаягт оршин суудаг эмэгтэйд гардуулж өгсөн  болох нь гэрчүүдийн мэдүүлэг  холбогдох баримтаар  нотлогдож байна.

Харин Д.М уг албан бичгийг  орцны жижүүрээс аваагүй, өөр хаягт оршин суудаг болсон тул 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Төрийн албаны зөвлөлд өөрийн биеэр очиж гардаж авсан  гэж тайлбарладаг бөгөөд төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга Д.Баатарсайханы мэдүүлэг, гардуулсан гарын үсэг, огноотой албан бичиг, Д.М-ын Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооноос 26 дугаар хороонд шилжсэн тухай баримт  хэрэгт авагдсан байна.

  Эдгээр нотлох баримтаар нэхэмжлэгч Д.М нь Төрийн албаны зөвлөлөөс гомдлын хариуг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гардан авч, тус шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй гэж үзлээ.

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/07 дугаар  тушаалаар “Нийгмийн даатгалын ерөнхий газар өөрчлөн зохион байгуулагдсантай холбогдуулан” Д.М-ыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалаас чөлөөлжээ.

Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 43 дугаар  тогтоолд зааснаар Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын дагуу Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэж, уг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад санал хүргүүлснээр Д.М Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар томилогдсон байна.

Д.М нь төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалтад орж, томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд Төрийн албаны тухай хуулийг баримтлах нь хуульд нийцнэ.

Гэтэл Д.М-ыг чөлөөлсөн  Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/07 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийг үндэслэл болгоогүй, төрийн албан хаагчийн баталгааг эдлүүлэх нөхцөлийг тусгаагүй нь хууль бус болжээ.

Өөрөөр хэлбэл Монгол улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоол -ын 1 дүгээр хавсралтаар Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалтыг баталсны дотор  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газрыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар болгон өөрчилжээ.

Дээрх тогтоолын дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/17 дугаар  тушаалаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг баталсан бөгөөд агентлагийн удирдлагын орон тоог Дарга-1, Эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан Тэргүүн дэд дарга-1, Нийгмийн даатгалын асуудал хариуцсан дэд дарга-1 байхаар тус тус тогтоосон. 

Эдгээр тогтоол шийдвэрээс харахад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны бүтэц өөрчлөгдсөн боловч Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын орон тоо хасагдаагүй, чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзэхээр байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заажээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар болж өөрчлөгдсөнөөр Нийгмийн даатгалын чиг үүрэг хасагдаагүй бөгөөд удирдлагын орон тоо 3-аар батлагдсан байхад уг орон тоонд өмнө ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагчийг үргэлжлүүлэн ажиллуулах, тэднээс тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангаж байгааг шалгаруулан ажиллуулалгүйгээр шинэ ажлын байр болгон төрийн албаны сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлд өгснөөр тухайн албан тушаалд шинээр сонгон шалгаруулалт явагдаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/339 дүгээр  тушаалаар Д.Зоригтыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын даргаар томилсон нь  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Иймд Д.М-ыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/07  дугаар тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн Монгол улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор батлагдсан Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газар нь Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 344 дүгээр  тогтоолоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар гэсэн тусдаа бүтэц болон өөрчлөгджээ.

Иймд нэхэмжлэгч Д.М-ын Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заасны дагуу Д.М-ын ажилгүй байсан 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс энэхүү шийдвэр гарсан 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас гаргуулж, нэхэмжлэгч Д.М-т олгох нь зүйтэй.

Тодруулбал нэхэмжлэгч Д.М-ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/07  дугаар тушаалыг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Д.Мын ажилгүй байсан 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс энэхүү шийдвэр гарсан 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 1 жил 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговроос Капитрон банкны Хан-Уул салбарын захирлаар ажиллаж байсан хугацаа болох 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх 97 хоногийн 5,779,577 төгрөгийн цалинг хасч 19,322,226 төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас гаргуулж, нэхэмжлэгч Д.М-т олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:
 

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг баримтлан Д.Мын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/07  дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.М-ыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Д.М-ын ажилгүй байсан 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс энэхүү шийдвэр гарсан 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 1 жил 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх 19,322,226 төгрөгийн олговрыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас гаргуулж, нэхэмжлэгч Д.М-т олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АДЪЯАСҮРЭН