| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 862 |
| Огноо | 2020-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 862
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
Улсын яллагч Д.Аянагүл,
Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч О.Б холбогдох эрүүгийн 2006 01854 1028 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн тоотод эцэгийн хамт оршин бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , О.Б .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч О.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 33 дугаар гудамжны 543 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эцэг О.Отгонболдыг архи уулаа гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт болон бие рүү нь хөлөөрөө өшиглөн, гараараа цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч О.Отгонболдын хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг /хх-8-9, 44-46/, О.Б ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-31-33/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 4501 дугаартай дүгнэлт /хх-22-23/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4/, Шуурхай удирдлагын тасаг дуудлагын лавлагааны хуудас /хх-5/, яаралтай тусламжийн хуудас /хх-20/, О.Б ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-41/, хохирогч О.Отгонболд, яллагдагч О.Б нараас гаргасан "гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай" хүсэлт /хх-50-51/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч О.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 33 дугаар гудамжны 543 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эцэг О.Отгонболдыг архи уулаа гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт болон бие рүү нь хөлөөрөө өшиглөн, гараараа цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Отгонболдын өгсөн: "Манай хүү О.Б нь миний тэтгэврийн мөнгө болох 200.000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр надаас булааж аваад намайг архи уучихна гээд өгөхгүй байсан тэрнээс хойш бид хоёр гэртээ хэрүүлтэй байсан. 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр эрүүлдээ намайг зодсон ба ингэхдээ намайг газарт боож унагаагаад өшиглөөд гэрт байсан модон сандлаар намайг цохиж зодоод гарч явсан. Тэр орой нь манай хүү гэртээ ирэхэд нь би хаалгаа түгжээд тайлаагүй. ...цонхоор орж ирээд намайг зодсон. Ингэхдээ хоолой боож газарт унагааж байгаад гар, хөлөөрөө бие рүү зодоод байсан. Өмнө нь манай хүү О.Б нь олон удаа зодож. цохидог байсан. Хамгийн сүүлд намайг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр намайг зодоод түүнээс хойш намайг гэрээс гаргахгүй гэрт цоожлоод байсан ба намайг цагдаад хэлж болохгүй гээд дарамтлаад байсан. Сүүлийн жилүүдэд намайг байнга зодож дарамталдаг болсон ба одоо миний тэтгэврийн мөнгийг аваад намайг санхүүгээр дарамталдаг гэсэн. /хх-8-9/ гэх мэдүүлэг,
“2-3 удаа дуудлага өгсөн, торгуулаад өнгөрсөн. Би хамаатаны ах, дүү нартай намайг зодоод байгаа талаар хэлдэг байсан. Одоо цагдаагийн байгууллагад хандсанаас хойш бид хоёр ойлголцсон. Надад дахиж гар хүрээгүй. Намайг гаднаас цоожлож байгаа талаар би мэдээд дотор талаасаа давхар цоожилсон. Би зодуулах байх гэж айгаад дотроосоо давхар цоожилсон. Надад цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй. Би өөрөө согтуу байсан.”/хх-44-46/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд О.Б ийн яллагдагчаар өгсөн: “Манай аав Отгонболд нь байнга архи уудаг ба ер нь архины хамааралтай болсон хүн. Архи уусан үедээ байнга агсам тавьж унтуулдаггүй. 2020 оны 4 дүгээр сарын 1-нээс 4-ний өдрийг хүртэл тасралтгүй архи уусан. 2020 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр гэрт орж ирэхэд нь халааснаас нь гэрт байсан дриллыг ломбарданд тавьсан бичиг гарч ирэхээр нь би уурлаад аавыг ор руу түлхээд гэрээ гаднаас нь түлхүүрээр цоожлоод гарч яваад орой нь 00 цагийн үед гэртээ орж ирэхэд гэрийн хаалгыг дотроос нь түгжсэн. Замган түгжээгээр түгжсэн байсан. Цонхны төмрөө татаад цонхны порчикоор нь гэртээ ороход манай аав ширээн дээр архи тавьсан согтуу байсан. Би гадаас орж ирээд аавыг түлхээд баруун гараараа мөр, шуу бугалга хэсэгт нь гараараа цохиж, газарт унахаар нь гараараа цохиж газарт унахаар нь гараараа дахиад 1 бугалга хэсэгт цохиод хөлөөрөө цээжин хэсэгт нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд орон дээр нь хэвтүүлээд өрөөндөө ороод унтсан. Өглөө намайг унтаж амраад цайгаа ууж байтал манай аав гарч яваад орой нь орж ирсэн.” /хх-31-33/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 4501 дугаартай дүгнэлтэд:
1. О.Отгонболдын биед хацар, шуунд зулгаралт, шуу бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." /хх-22-23/ гэх дүгнэлт,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,
Шуурхай удирдлагын тасаг дуудлагын лавлагааны хуудас /хх-5/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-20/,
О.Б ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-41/,
Хохирогч О.Отгонболд, яллагдагч О.Б нараас гаргасан "гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай" хүсэлт /хх-50-51/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч О.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 33 дугаар гудамжны 543 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эцэг О.Отгонболдыг архи уулаа гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт болон бие рүү нь хөлөөрөө өшиглөн, гараараа цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Б ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч О.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Мөн хохирогч О.Отгонболд нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх хялбаршуулсан журмаар О.Б ид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар О.Б ид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар О.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, О.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба О.Б ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.Б ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС