| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2020/0057/Э |
| Дугаар | 59 |
| Огноо | 2020-05-21 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж,
Нарийн бичгийн дарга О.Ү
Улсын яллагч Б.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т
Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн А сумын харъяат, ... оны ... сарын ...-нд төрсөн, эрэгтэй, ... настай, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт оршин суудаг, Замын-Үүд сум Эрээн хотын хооронд хувиараа ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, Ш овогт Д.Т-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/
Шүүгдэгч Д.Т нь 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын Их хурлын 1998 оны 05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох бүлэг барааны жагсаалтанд багтсан 1301.56 кг зэсийг “...” улсын дугаартай цагаан өнгийн “Истана” маркийн тээврийн хэрэгслийн шаланд нууж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,
-мөн 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын Их хурлын 1998 оны 05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох бүлэг барааны жагсаалтанд багтсан 1377.9 кг зэсийг “... ДГС” улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгслийн шаланд нууж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Т-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ”Би Э-н ... дугаартай Истана машин, О-н ... дугаартай машинуудыг хөлсөлж, Улаанбаатар хотоос худалдан авсан 2,600 гаруй кг зэсийг шаланд нь ачсан. Зэсийг машинд ачих үед тэр 2 байгаагүй, би гэр ачина гэж хэлсэн байсан юм. Зэсийг улсын хилээр нэвтрүүлэх хориотой гэдгийг мэдэж байсан. Гэм буруугийн талаар маргаан байхгүй, прокурорын санал болгосон ялыг оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг
... ДГС, ... ДГС улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /1хх-ийн 2-24, 127-143/
Гэрч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд “Ч.Э нь манай банк бус санхүүгийн байгууллагад 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ... ДГС улсын дугаартай Стана маркийн тээврийн хэрэгслээ 3,000,000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай барьцаанд тавьж байсан одоо зээлийн хугацаа дуусаж төлөлтөө бүрэн барагдуулсан байгаа иргэн Ч.Э-н нэр дээр шилжүүлэхэд ямар нэгэн өр төлбөргүй зээл бүрэн чөлөөлөгдсөн. Ч.Э-н зээл бүрэн барагдсан тул иргэний нэхэмжлэгчээр оролцохоос татгалзаж байна. Иргэн Ч.Э нь нэр дээрээ шилжүүлэн авах л үлдсэн учраас манай байгууллага иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 46/
Б ББСБ ХХК-ны 2020 оны 04 сарын 17-ний өдрийн ... улсын бүртгэлийн дугаартай, ... регистрийн дугаар бүхий “Б ББСБ ХХК-ны нэр дээр бүртгэлтэй байгаа ... ДГС улсын дугаартай Sangyong istana маркийн тээврийн хэрэгслийн зээл дууссан үнэн болно” гэсэн албан бичгийн хуулбар /1хх-ийн 47/
Гэрч Л.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2019 оны 12 сарын 01-ний өдөр хилийн авто замын шалган нэвтрүүлэх боомтын экспортын суудлын авто машины гарах талд хяналт шалгалтыг хуваарийн дагуу ажилласан. Тухайн өдөр ... ДГС улсын дугаартай авто машинд хяналт шалгалт хийхэд уг машинаас таван ханатай бүрэн тавилгатай монгол гэр байсан цааш нь хяналтыг үргэлжлүүлж хийхэд ... ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийн шалны хэсгээс хэвлэж гулдмайлсан улаан хүрэн өнгийн металл байсан тухайн эд зүйлийг нууж далдалсан байсан. Таван ханатай бүрэн тавилгатай монгол гэр нь мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспортын гэрчилгээ, гарал үүслээр улсын хилээр гардаг, харин улаан хүрэн өнгийн гулдмайлсан зэс нь Улсын хилээр харахыг хориглосон бараа материалыг жагсаалтад орсон учраас хориглоно. Засгийн газрын 173 дугаар тогтоолын дагуу орох гарах чиглэлд хилийн байгууллага дахь хяналт шалгалтын дарааллын дагуу хяналт шалгалт хийдэг журамтай томилогдсон алба хаагч авто машинд хяналт шалгалт хийдэг. Уг тээврийн хэрэгслийн шалны хэсэгт гэрийн эсгийгээр дарж дээр нь монгол гэрийн эд зүйлээр далдалж ачсан байсан хяналт шалгалт хийх явцад нүдээр харахад харагдахгүй нуусан байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 60/
Гэрч Ч.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 21 цаг 30 минутын үед өөрийн гэртээ амарч байхад Д.Т нь манай гэрт орж ирээд Э маргааш надад хөлсөнд ороод Эрээн яваад өгөөч би монгол гэр ачаад гарах гэсэн юм гэхээр нь Д.Т-т зөвшөөрөөд маргааш өглөө нь том тэрэгний карго дээрээс тавилгатай монгол гэр ачна гэж байсан тухайн үед нь би байгаагүй Т-т машинаа өгөөд явуулсан. ... ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Гэхдээ Б гэсэн банк бус санхүүгийн байгууллагад 3 сая төгрөгт барьцаанд байгаа, одоо төлөөд дуусч байгаа” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 54/
2020 оны 03 сарын 03-ны өдрийн 1377.9 кг зэсийг эд мөрийн баримтаар хураан авч, хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1хх-ийн 62/
2020 оны 03 сарын 05-ны өдрийн “... улсын дугаартай Истана маркийг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн” эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /1хх-ийн 64-65/
... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 68-71/
Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний “ 2020 оны 03 сарын 20-ны өдрийн “ зэс 1377.9 кг, нэгжийн үнэ 4,000 төгрөг, нийт үнэ 5,511,600 төгрөг” гэсэн ТХҮ-820/022 тоот дүгнэлт /1хх-ийн 72-73/
Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний “ 2020 оны 03 сарын 06-ны өдрийн “... улсын дугаартай 2001 онд үйлдвэрлэгдсэн 2014 онд Монгол улсад орж ирсэн Istana маркийн машины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2020 оны 03 сарын 06-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 2,500,000 төгрөгийн үнэтэй “ гэсэн 1000391 тоот дүгнэлт
Шүүгдэгч Д.Т нь урьд ял шийтгэлтэй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 102/
Монгол Улсын Их Хурлын Улсын 1998 оны 01 дүгээр сарын 08-ны “ хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай “ 5 дугаар тогтоол, “Пиво ундааны хаягдал лаазнаас бусад хаягдал хар болон өнгөт төмөрлөг /ширэм, төмөр, ган, зэс, гууль, хөнгөн цагаан, тэдгээрийн хайлш/ гаргахыг хориглоно” гэсэн тогтоолын 1 дүгээр хавсралт /1хх-ийн 104-105/
Геологийн төв лабораторийн 2020 оны 01 сарын 02-ны өдрийн “Зэс гэх гулдмайлсан бүтээгдэхүүнтэй орц найрлагыг тодорхойлоход зэсийн агуулга 99.51 хувиас 99.82 хувийн агуулгатай байна. Дээрх бараанд алтны агуулга илрээгүй, мөнгөний агуулга 20.64 мг/кг-56.92 мг/кг байгааг тогтоолоо. Тодорхойлсон элементүүдийн агуулга мг/кг-аар илэрхийлэгдэх бага агуулгатай байна “ гэсэн шинжилгээний дүн /1хх-ийн 35, 154-155/
Иргэний нэхэмжлэгч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр миний нэр байгаа би тухайн тээврийн хэрэгслийг 1 жил гаруй ашиглаж байгаад анх 8,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэхгүй, шүүх хуралд суухгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 165/
Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тухайн өдөр Хилийн авто замын шалган нэвтрүүлэх боомтын экспортын суудлын авто машины гарах талд хяналт шалгалтыг хуваарийн дагуу хийж ажилласан, өдрийн 15 цагийн үед ... улсын дугаартай авто машин хяналтын талбайд орж ирсэн тэгээд уг тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийхэд тухайн машинаас таван ханатай бүрэн тавилгатай монгол гэр байсан ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн ачсан барааг бүрэн буулгуулж үзэхэд шалны хэсгээс хэвлэж гулдмайлсан улаан хүрэн өнгийн металл байсан тэгээд. Холбогдох баримт бичгийг үзэхэд ачиж явсан гэх монгол гэрийн бичиг баримт нь бүрэн байсан харин тээврийн хэрэгслийн шалны хэсэгт байсан улаан хүрэн өнгийн гулдмайлсан зүйл нь баримт бичиг байхгүй байхаар нь тээврийн хэрэгслийг түр саатуулж шалгахад улсын хилээр хориглосон бараа материал төрөлд ордог зэс байсан учир холбогдох байгуулагад шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлсэн. Улаан хүрэн өнгийн гулдмайлсан зэс нь Улсын хилээр гарахыг хориглосон бараа матирелын жагсаалтад орсон учраас хориглоно. Уг тээврийн хэрэгслийн шалны хэсэгт гэрийн эсгийгээр дарж дээр нь монгол гэрийн эд зүйлээр далдалж нууж ачсан байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 167-169/
Гэрч З.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Тухайн үед Д.Т нь намайг гуйгаад би маргааш БНХАУ-н Эрээн хот руу таван ханатай монгол гэр ачаад явах болчлоо та нэг өдөр хөлсөнд ороод яваад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд Д.Т-т маргааш өглөө нь машинаа өгөөд явуулсан. ... би машин дотор байсан гэрийн эд зүйлийг буулгаад шалгуултал миний машины шалны хэсгээс баахан хүрэн өнгийн зэс гараад ирсэн тэгээд Д.Т-т энэ чинь юу вэ гэж асуутал Д.Т нь ахаа би таны машинд жаахан зэс ачсан юмаа гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 171/
2020 оны 03 сарын 03-ны өдрийн “1301,56 кг зэсийг эд мөрийн баримтаар хураан авч, хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1хх-ийн 174/
2020 оны 03 сарын 05-ны өдрийн “ ... ДГС улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн” эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /1хх-ийн 176-177/
2020 оны 03 сарын 23-ны өдрийн “ ... ДГС улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн” эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /1хх-ийн 180-183/
Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний “ 2020 оны 03 сарын 09-ний өдрийн “ ... улсын дугаартай 1999 онд үйлдвэрлэгдсэн 2007 онд Монгол Улсад орж ирсэн Istana маркийн машины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2020 оны 03 сарын 09-ний өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 1,800,000 төгрөгийн үнэтэй “ гэсэн 1000398 тоот дүгнэлт /1хх-ийн 184-186/
Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний “ 2020 оны 03 сарын 18-ны өдрийн “ зэс 1301.56 кг, нэгжийн үнэ 4,000 төгрөг, нийт үнэ 5,206,240 төгрөг” гэсэн ТХҮ-820/021 тоот дүгнэлт /1хх-ийн 191-193/
Шүүгдэгч Д.Т-н “ ... регистрийн дугаартай Ш овогт Д.Т нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2 дугаар багт оршин суудаг” гэсэн лавлагаа /1хх-ийн 218/
Шүүгдэгч Д.Т-н прокурорт гаргасан “ гэм буруугийн хувьд маргах зүйл байхгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү “гэсэн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас дүгнэхэд:
Шүүгдэгч Д.Т нь 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Замын-Үүд боомтоор 1301.56 кг зэсийг ... улсын дугаартай цагаан өнгийн “Истана” маркийн тээврийн хэрэгслийн шаланд, 1377.9 кг зэсийг 68-68 ДГС улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгслийн шаланд тус, тус нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байх ба түүний үйлдэл гаалийн үзлэг шалгалтаар илэрсэн үйл баримт болжээ.
Шүүгдэгч Д.Т-н Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн зэс нь Монгол Улсын Их хурлын 1998 оны 05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох бүлэг барааны жагсаалтанд хамрагдаж байх тул түүнийг хориглосон бараа улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзэх юм.
Эрүүгийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “ энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байна.
Дээрх үйл баримт болон хуулийн зохицуулалтаас дүгнэхэд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д заасан “ хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хориглосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг тухайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугийн талаар өгсөн мэдүүлэг болон шинжлэн судлагдсан гэрч Л.С, Б.М нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, ... ДГС, ... ДГС улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 2-24, 127-143/, 2020 оны 03 сарын 03-ны өдрийн 1377.9 кг зэсийг эд мөрийн баримтаар хураан авч, хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 62/, 2020 оны 03 сарын 03-ны өдрийн “1301,56 кг зэсийг эд мөрийн баримтаар хураан авч, хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 174/, Монгол Улсын Их Хурлын Улсын 1998 оны 01 дүгээр сарын 08-ны “ хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай “ 5 дугаар тогтоол, түүний 1 дүгээр хавсралт /хх-ийн 104-105/, Геологийн төв лабораторийн 2020 оны 01 сарын 02-ны өдрийн “Зэс гэх гулдмайлсан бүтээгдэхүүнтэй орц найрлагыг тодорхойлоход зэсийн агуулга 99.51 хувиас 99.82 хувийн агуулгатай байна. Дээрх бараанд алтны агуулга илрээгүй, мөнгөний агуулга 20.64 мг/кг-56.92 мг/кг байгааг тогтоолоо“ гэсэн шинжилгээний дүн /хх-ийн 35, 154-155/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Т-н гэм буруу нь тогтоогдсон, хяналтын прокуророос түүний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан дээрх нөхцөл байдал болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд торгох шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.
Эд мөрийн баримт, битүүмжлэгдсэн хөрөнгийн талаар:
Шүүгдэгч Д.Т нь нийт 2,679.46 кг зэсийг ... ДГС, ... ДГС улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийн шаланд нуусан, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйл баримт нь хэрэгт тогтоогддог бөгөөд тул түүнийг дээрх тээврийн хэрэгслүүдийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзнэ. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ... ДГС улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Б.У-н, мөн ... ДГС улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэл нь Ч.Э-н өмчлөлийн хөрөнгө болох нь тэдний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүдээр /1-р хх-ийн 54, 165/ тогтоогддог тул уг тээврийн хэрэгслүүдийн битүүмжлэлийг хүчингүй болгож, өмчлөгч нарт нь олгож, харин тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг шүүгдэгчээс гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэв.
... ДГС улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэл нь Б ББСБ ХХК-ниас олгосон зээлийн барьцаанд байсан, Ч.Э нь зээлийн үүргийг гүйцэтгэж дуусгасан, уг банк бус санхүүгийн байгууллага нь энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцохоос татгалзсан зэрэг нь гэрч Т.Б-н мэдүүлгээр тогтоогддог тул тээврийн хэрэгслийг Ч.Э-д олгохоор шийдвэрлэсэн болно.
Хөрөнгө үнэлгээний А ХХК нь ... ДГС улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг 2,500,000 төгрөгөөр, ... улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг 1,800,000 төгрөгөөр үнэлсэн байна.
Энэ хэрэгт нийт 2,679.46 кг зэсийг хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар улсын орлого болгох нь зүйтэй байна.
Эд мөрийн баримтаар хураагдсан зэсийг Хөрөнгийн үнэлгээний А ХХК нь 1 кг-ийг 4,000 төгрөгөөр үнэлсэн байна.
Түүнчлэн шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ш овогт Д.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хориглосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Т-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 кг нь 4,000 төгрөгийн үнэ бүхий нийт 2,679.46 кг зэсийг улсын орлого болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-д зааснаар шүүгдэгч Д.Т-с гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ... улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийн үнэ 2,500,000 төгрөг, ... улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийн үнэ 1,800,000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн ..., ... ДГС улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслэлүүдийн битүүмжлэлийг хүчингүй болгож, ... улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Б.У-д, ... улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэл нь Ч.Э-д тус тус олгосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Д.Т нь 500,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц