| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2020/0119/э |
| Дугаар | 2020/ШЦТ/117 |
| Огноо | 2020-04-17 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЦТ/117
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....... овогт Б-эд холбогдох эрүүгийн 2021000720097 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ...... дугаар сарын .....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, .... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, ............... тоотод оршин суух үндсэн хаягтай, одоогоор тус аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 6-17 тоотод түр оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, Чонод овогт Б. /РД: ЖЯ 90072671/
Шүүгдэгч Б нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 11-25Б тоотод оршин суух, Э-н монгол гэрийн хаалгыг эвдэн хууль бусаар нэвтрэн орж, 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 200.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2020 оны 01 дүгээр сарын 29-нөөс 31-ний хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 11-04 тоотод оршин суух, С-н байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, 40 инчийн “Hisense” маркийн зурагт, мөнгөний гахай 3 ширхэг, 3 кг үхрийн мах зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 435.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2020 оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 01-нийг шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Ажилчны 0-10 тоотод оршин суух, Х-н байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, Саарал өнгийн будаа агшаагч, 32 инчийн зурагт, хүүхдийн унадаг дугуй, тавагны ком, аяганы ком зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 505.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Дэнжийн 2-05 тоотод оршин суух, А-н байшингийн цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж, 32 инчийн “Тошиба” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2020 оны 01 дүгээр сарын 29-нөөс 31-ний хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, Хивсний 11-07 тоотод оршин суух, Б-н гэрийн тооноор хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн “Sast” маркийн зурагт, шургуулганд байсан бэлэн 100.000 төгрөг, авдран дотор байсан майхан, хөх өнгийн эрэгтэй хүний өвлийн куртик зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 330.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, Хивсний 6-09 тоотод оршин суух, Г-н байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, 2 ширхэг булган малгай, улаан өнгийн өвлийн куртик, 2 ширхэг мөнгөн хос ээмэг, гинж, монетон бөгж, дунд гарын хөөрөг, төмөр ээмэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.
Хохирогч Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 3 хүүхэд хичээлдээ яваад би 12 цагийн үед гэрээ цоожлоод Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг хэрчсэн гурилын үйлдвэр орж, цагийн ажил хийгээд 14 цагийн орчимд гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой, гэрийн хаалганы цоожийг юмаар хөшөөд онгорхой орхисон байсан. Гэрт ороход 32 инчийн зурагт алдагдсан байсан. ...Алдагдсан зурагтын үнэ болох 200.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ. /хх-ийн 80-82 тал/
Хохирогч С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын дундуураас гэртээ амьдрахгүй байгаа юм. Манай дүү Сарантуяа 2020 оны 01 дүгээр сарын 19-ний орой 22 цагийн үед манай гэрт очиж, хүүхдүүдийн хувцас авахаар явсан. Тэгэхэд гэрт хулгай орсон шинжгүй, эд зүйл бүрэн бүтэн байсан. 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 16 цагийн үед дүү Сарантуяа, найз Энх-Отгоны хамт манай гэр рүү очиж эрүүл мэндийн дэвтэр авахаар явсан. Удалгүй залгаад хулгай орсон юм шиг байна гэсэн ба юу алдагдсан байна гэхэд гэрийн зүүн хананд тогтоосон байсан 40 инчийн хар зурагт, хөргөгчнөөс үхрийн мах, хүүхдийн мөнгө хийдэг 2 ширхэг мөнгөний гахайг хагалж, дотор нь байсан 15.000 төгрөгийг авсан байсан. ...Алдагдсан эд зүйлийн үнэ болох 435.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ. /хх-ийн 83-86 тал/
Хохирогч Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө 09 цагийн орчимд манай хөрш айлын Ооёо утсаар залгаад “танай хашааны хаалга нь онгорхой, байшингийн цонх чинь онгойсон байна” гэхээр нь эхнэрийн хамт байшин руугаа очиход 3 цонхны гол нь онгорхой, зүүн цонх онгорхой байхаар нь цагдаад дуудлага өгч эд зүйлээ бүртгэсэн. Саарал өнгийн будаа агшаагч, 32 инчийн зурагт, хүүхдийн унадаг дугуй, тавагны ком, аяганы ком зэрэг эд зүйл алдагдсан байсан. ...Алдагдсан эд зүйлийн үнэ болох 505.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ. /хх-ийн 88-90 тал/
Хохирогч А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 17 цагийн орчимд гэрээсээ гараад хадмындаа очиж унтаад 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэртээ очиход манай байшингийн урд талын 2 цонхны баруун талын цонх хагарсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Гэр доторх эд зүйлээ бүртгэж үзэхэд Тошиба маркийн 32 инчийн зурагт алдагдсан байсан. ...Алдагдсан эд зүйлийн үнэ болох 250.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ. /хх-ийн 92-94 тал/
Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө гэрээсээ гараад Улаанбаатар хот явсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймагт ирээд гэрийнхээ хаалга, цонхыг шалгаад явсан. Орой нь хүргэн ах Отгонбаатарынд очиж хоносон ба гэртээ хоноогүй. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө 08 цагийн үед найз Тэмүүжин залгаад “танай гэрийн яндан байхгүй, тоонын чинь гялгар уут урагдсан байдалтай байна” гэж ярьсан. Би 10 цагийн үед гэртээ очиход гэрийн хаалганы цоож эвдрээгүй, гэрийн тооноор хулгайч орсон байхаар нь гэртээ ороход зуух хажуу тал руугаа унасан байдалтай, гэрийн эд зүйлийг эмх замбараагүй байдалтай ухсан байсан. ...32 инчийн “Sast” маркийн зурагт, шургуулганд байсан бэлэн 100.000 төгрөг, авдран дотор байсан майхан, хөх өнгийн эрэгтэй хүний өвлийн куртик зэрэг эд зүйл алдагдсан байсан. ...Алдагдсан эд зүйлийн үнэ болох 330.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ. /хх-ийн 97-99 тал/
Хохирогч Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 12 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, Хивсний 6-09 тоотод байх гэрээсээ гараад ээжийнхээ гэрт очоод 15 цагийн орчимд буцаж гэртээ ирэхэд гэр доторх эд зүйл замбараагүй байсан бөгөөд эд зүйлээ бүртгэж үзэхэд охины куртик, хөөрөг, 2 ширхэг булган малгай, 2 ширхэг мөнгөн ээмэг, гинж, монетон бөгж, улаан өнгийн куртик зэрэг эд зүйл алдагдсан байсан. ...Би алдагдсан эд зүйлсийн үнийг нэхэмжилнэ...” гэжээ. /хх-ийн 101-102 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 41, 48, 55, 60, 69, 73 тал/
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 42-43, 49-52, 56-59, 61-63, 70-72, 74-77 тал/
- Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45-46, 66 тал/
- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 47, 67тал/
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 15 тоот дүгнэлт /хх-ийн 155 тал/
- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “...Дэнжийн 2-05 тоотод оршин суух, А-н байшинд хууль бусаар нэвтрэн орсон гэх хэргийн газраас гутлын мөрөнд шинжилгээ хийсэн” 38 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 158-161 тал/
- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “...Ажилчны 0-10 тоотод оршин суух, Х-н байшинд хууль бусаар нэвтрэн орсон гэх хэргийн газраас гутлын мөрөнд шинжилгээ хийсэн” 37 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 163-166 тал/
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 211-213, 215-218, 220-223, 226-228, 230-232, 234-237 тал/
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 214, 219, 224-225, 229, 233, 238-240 тал/
- Б-ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 105, 110, 117-118, 122-123, 126-127, 131-132, 184-185, 188-190, 193-195, 198-200, 203-205, 208-210 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ........овогт Б нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, Хивсний 6-09 тоотод оршин суух, хохирогч Г-н байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, 2 ширхэг булган малгай, улаан өнгийн өвлийн куртик, 2 ширхэг мөнгөн хос ээмэг, гинж, монетон бөгж, дунд гарын хөөрөг, төмөр ээмэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
- мөн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 11-25Б тоотод оршин суух, хохирогч Э-н монгол гэрийн хаалгыг эвдэн хууль бусаар нэвтрэн орж, 32 инчийн “LCD” зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 200.000 төгрөгийн хохирол учруулсан,
- мөн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Дэнжийн 2-05 тоотод оршин суух, хохирогч М-н байшингийн цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж, 32 инчийн “Тoshiba” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 250.000 төгрөгийн хохирол учруулсан,
- мөн 2020 оны 01 дүгээр сарын 29-нөөс өдрөөс 31-ний хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 11-04 тоотод оршин суух, хохирогч С-н байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, 40 инчийн “Hisense” маркийн зурагт, мөнгөний гахай 3 ширхэг, 3 кг үхрийн мах зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 435.000 төгрөгийн хохирол учруулсан,
- мөн 2020 оны 01 дүгээр сарын 29-нөөс өдрөөс 31-ний хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, Хивсний 11-07 тоотод оршин суух, хохирогч Б-н гэрийн тооноор хууль бусаар нэвтрэн орж, 32 инчийн “Sast” маркийн зурагт, шургуулганд байсан бэлэн 100.000 төгрөг, авдран дотор байсан майхан, хөх өнгийн эрэгтэй хүний өвлийн куртик зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 330.000 төгрөгийн хохирол учруулсан,
- мөн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 02 дугаар сарын 01-нийг шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Ажилчны 0-10 тоотод оршин суух, Х-н байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, саарал өнгийн будаа агшаагч, 32 инчийн зурагт, хүүхдийн унадаг дугуй, тавагны ком, аяганы ком зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 505.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Г, Э, А, С, Б, Х, гэрч А.Сарантуяа, Б.Буддорж нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 15 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 38 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 37 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээнүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б-эд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Шүүгдэгч Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-эд оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э-д 200.000 төгрөгийн, хохирогч С-т 435.000 төгрөгийн, хохирогч Х-т 505.000 төгрөгийн, хохирогч А-т 250.000 төгрөгийн, хохирогч Б-д 330.000 төгрөгийн, хохирогч Г-т 1.400.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан болох нь хавтас хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээгээр нотлогдож байх тул шүүгдэгчээс нийт 3.120.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Э-д 200.000 төгрөгийн, хохирогч С-т 435.000 төгрөгийн, хохирогч Б-т 505.000 төгрөгийн, хохирогч А-т 250.000 төгрөгийн, хохирогч Б-д 330.000 төгрөгийн, хохирогч Г-т 1.400.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгч Б-ийн цагдан хоригдсон 23 /хорин гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “LCD” зурагтны хагархай дэлгэц 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хар өнгийн бакал гутал 1 /нэг/ хосыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б-эд буцаан олгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Б-ийн ............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .......... овогт Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б-ийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-эд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн цагдан хоригдсон 23 /хорин гурав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “LCD” зурагтны хагархай дэлгэц 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хар өнгийн бакал гутал 1 /нэг/ хосыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б-эд буцаан олгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Б-ийн ................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б-ээс бусдад учруулсан эд хөрөнгийн хохиролд нийт 3120.000 /гурван сая нэг зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж, 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 11-2Б тоотод оршин суух, Э /РД: .............../-д, 435.000 /дөрвөн зуун гучин таван мянга/ төгрөгийг хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 11-04 тоотод оршин суух, С /РД: ............./-т, 505.000 /таван зуун таван мянга/ төгрөгийг хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Ажилчны 0-10 тоотод оршин суух, Х /РД: ............../-т, 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Дэнжийн 2-05 тоотод оршин суух, А /РД: ................./-т, 330.000 /гурван зуун гучин мянга/ төгрөгийг хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, Хивсний 11-07 тоотод оршин суух, Б /РД: ............./-д, 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, Хивсний 6-09 тоотод оршин суух, Г /РД: ........../-т тус тус олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б-эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ