Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/122

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ

Орчуулагч Г.Гэрэлтуяа

Шүүгдэгч Ё /Y/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё /Y/-д холбогдох эрүүгийн 2021000000133 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, ....... оны ..... дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, ................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ё /Y/. /РД: .................../

 

Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ё /Y/ нь согтуугаар 2020 оны 02 дугаар сарын 20-ны орой 21 цагийн орчим Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “*******” ХХК-ийн гадна хохирогч Т-тай маргалдан улмаар зодож “...Т-ын биед толгойн орой хэсэгт язарсан шарх, баруун шуунд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус харвалт, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт...” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ё /Y/ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.

 

Хохирогч Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...намайг зодсон ******* гэх хятад залуу архи уучихсан согтуу байсан ба намайг юм асуухад агсан тавих маягтай хэг ёг хийж харьцаад байсан. Тэгээд намайг гуанзнаас гараад явж байхад ******* гэх тэр хятад залуу миний араас дуудаад “чи нэрээ хэлсэнгүй” гэж агсан тавьсан. Би тэр хятад залууд “миний нэр чамд хамаагүй” гэж хэлсэн. Ингээд бид хоёрын хооронд үл ойлголцол үүссэн бөгөөд тэр ******* гэх хятад залуу миний зүүн нүд рүү нэг удаа зангидсан гараараа цохисон. Тэгээд барьцалдаж байх явцад миний толгойн зулай, мөр, цээж орчимд 3 удаа зангидсан гараараа цохисон. Ингээд бид хоёрыг салаад байж байтал кэмп менежер ******* гэх залуу бид хоёрыг салгаж байх зуур миний хажуу талаас ******* гэх тэр хятад залуу угольник төмрөөр миний толгой руу цохисон. Тэр үед би баруун гарын шуу хэсгээр хаахад гарын шуу маань улайж язарсан. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хурдан шуурхай хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэжээ. /12-13 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 281 тоот дүгнэлтэд:

1. Т-ын биед толгойн орой хэсэгт язарсан шарх, баруун шуунд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус харвалт, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх толгойн орой хэсгийн язарсан шарх, баруун шууны шарх, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал, алимны салстын цус харвалт гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн, зүүн гуя, баруун шилбэний цус хуралт гэмтлүүд нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 32-33 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 тал/

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 30 тал/

-  Ё /Y/-ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-19, 38-41 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Ё /Y/ нь согтуугаар 2020 оны 02 дугаар сарын 20-ны орой 21 цагийн орчим Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “*******” ХХК-ийн гадна хохирогч Т-тай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь “толгойн орой хэсэгт язарсан шарх, баруун шуунд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус харвалт, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Т, гэрч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 281 тоот дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч Ё /Y/-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ё /Y/-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ё /Y/-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан шүүгдэгч Ё /Y/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ё /Y/ нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч Ё /Y/ нь гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан хохиролд 2000.000 /хоёр сая/ төгрөгийг хохирогч Т-т бэлнээр төлж барагдуулсан бөгөөд хохирогч нь шүүгдэгч Ё /Y/-той эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ё /Y/-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Ё /Y/-ийн ................. тоот регистрийн дугаартай Монгол Улсад оршин суух үнэмлэхийн хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ё /Y/-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё /Y/-ийг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё /Y/-ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй /2.000.000 төгрөг төлсөн/ болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Ё /Y/-ийн ............... тоот регистрийн дугаартай Монгол Улсад оршин суух үнэмлэхийн хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ё /Y/-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ