Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 91

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Л.*******, хохирогч Д.Билгүүн  нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2036000800095 дугаартай, 178/2020/0097/Э/ индекстэй хэргийг 2020 оны 05  сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 05 сарын 15-ны өдөр   хянан хэлэлцэв.

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант  суманд 1997 оны 10 сарын 23-ны өдөр төрсөн, 22 настай, дээд боловсролтой, банк санхүүч мэргэжилтэй, ам бүл-4, ээж, эмээ дүүгийн  хамт  Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант  багийн 2-36 айлын 06 тоотод  оршин суух, Ховд аймгийн Жаргалант сумын Нийгмийн ардчилсан холбооны тэргүүн ажилтай, сарын өрхийн орлого 1500000 төгрөг, аминдаа хөрөнгөгүй,  Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 26-ны  өдрийн  02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дуггаар зүйлийн 1-д зааснаар 700000 нэгжтэй тэнцэх хэмжээний 700000 төгрөгөөр  торгох ялаар шийтгүүлж байсан ******* дугаарын регистртэй, ******* овогт ******* *******.

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/:

Шүүгдэгч Л.******* нь 2020 оны 03 сарын 03-наас 04-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн  нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Боорж” зочид буудал дотор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Билгүүнтэй “намайг зодлоо” гэх шалтгаанаар маргалдаж,  түүний нүүр хэсэгт  гараараа цохиж эрүүл мэндэд нь дээд уруулын зүүн хэсэгт шарх, дээд эрүүний зүүн талын 1,2 дугаар  шүдний хөдлөл, доод уруулын дотор талд зулгаралт гэх хөнгөн санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэгт холбогджээ. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав

Мөрдөн  шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч / Ховд аймгийн Жаргалант  сумын Рашаант  багийн 36-03-25 тоотод  оршин суух, 1997 оны 04 сарын 21-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн,  23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ажилгүй, ******* дугаарын регистртэй/ ******* Билгүүний  өгсөн...Би 2020 оны 03 дугаар сарын 03-ны орой 20 цагийн үед найз Загдзүсэм Эрдэнэбилгүүн бид гурав уулзсан. Эрдэнэбилгүүний гэрт бид гурав 2 шил 0,75-тай архи уугаад юм яриад суусаар байж 04 цагийн үед манай хоёр найз тасраад унтаад өгсөн. Би гэрээс гараад харих гээд талбайн хажууд явж байхад манай найз Л.******* намайг “Боорж” буудалд ууж байна хүрээд ир гэж хэлээд дуудсан. Тэгэхлээр би яваад очиход Баярхүү гэх найзтайгаа  хамт хоёулаа сууж байсан. Бид гурав хамт суугаад нэг шил архи уугаад сууж байгаад бид хоёр маргалдсан. Би маргалдаж байгаад  Л.*******гийн нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгтэл Л.******* газарт унасан, дээрээс нь  нэг удаа өшиглөсөн. Л.*******  босч ирээд намайг  “би чамайг ганц удаа цохичихуу “гэхээр нь би “тэг тэг” гэж хэлсэн. Тэгтэл Л.******* миний нүүр хэсэгт нэг .удаа цохисон. Миний уруулаас цус гараад бид нар эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Л.******* миний нүүр хэсэгт гараараа цохисон өөр зодож цохисон зүйл байхгүй. Миний дээд уруул сэтэрч, дээд хоёр үүдэн шүд хөдөлгөөн орсон. Өөр ямар нэгэн гэмтэл учраагүй. Бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо хэрүүл маргаан үүсгэж байгаад зодолдох болсон. Миний биед учирсан гэмтлийг эмчлүүлэхэд надаас 828000 төгрөгийн зардал гарсанаас Л.******* одоогийн байдлаар надад ямар нэгэн эмчилгээний зардал өгөөгүй байна. Гэхдээ өгнө гэдгээ хэлж байгаа. Бид хоёрын дунд ямар нэгэн өш: хонзон. Өр авлагын асуудал байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Эмчилгээний зардал 828000 төгрөгийг  төлүүлнэ, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...гэх мэдүүлэг / хэргийн 11-12 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Жавхлантөгсийн гэрчээр өгсөн...Би 2020 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 03 цагийн үед Цамбагарав багт байрлах “Боорж” буудалд найз Л.*******, Баярхүү хоёртой хамт архи уугаад сууж байхад Л.******* нь Д.Билгүүнтэй ярьж байгаад “хоёулаа яваад Д.Билгүүн дээр очъё” гэж хэлээд бид хоёр буудлаас гарсан. Ардчилсан намын байрны гадаа очиход Д.Билгүүн байхгүй байсан. Тэгэхлээр нь   гэрийнх нь  гадаа яваад очиход байхгүй байхлаар нь бид хоёр буцаад буудалдаа ирэхэд Д.Билгүүнээ ирчихсэн байсан. Тэгээд бид нар хамт суугаад архи уугаад юм яриад сууж байтал Д.Билгүүн, Л.******* хоёр багын дурсамжаа ярьж сууж байгаад хоорондоо маргалдсан. Д.Билгүүн, Л.*******гийн нүүр хэсэгт хоёроос гурван удаа цохисон. Тэгээд маргалдаж байгаад Д.Билгүүн “чи намайг нэг удаа цохичих, би чамайг нилээн цохилоо” гэж хэлэхэд Л.******* шууд нүүр хэсэгт нь цохисон. Тэгтэл Д.Билгүүнээгийн амнаас цус гарахаар Л.*******, Д.Билгүүнээг дагуулаад эмнэлэг орсон.  Би буудлын өрөөний цус угааж цэвэрлээд буудлаас гараад ирэхэд Л.*******, Д.Билгүүнээ хоёр эмнэлэгээс гараад ирсэн. Тэгээд бид нар гэртээ харьцгаасан. Бид нар багын найзууд байгаа юм аа. Миний харсанаас Д.Билгүүн, эхлээд Л.*******гийн нүүрэн хэсэгт гурван удаа гараараа цохисон. Тэгтэл Л.*******, Д.Билгүүний нүүр хэсэгт нэг удаа гараараа цохисон. Өөр зодож цохисон зүйл байхгүй. Тухайн үед  Л.*******гийн баруун хацар хэсэгт хавдсан байсан, өөр ил харагдах шарх, сорви байгаагүй, Д.Билгүүнийг Л.******* цохисоны дараа дээд талын уруул сэтэрч цус гарсан байсан...гэх мэдүүлэг / хэргийн 17-18 дугаар хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 сарын 11-ний өдрийн  251 дугаартай...Д.Билгүүний биед дээд уруулын зүүн хэсэгт шарх, дээд эрүүний зүүн талын 1,2 дугаар  шүдний хөдлөл, доод уруулын дотор талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Д.Билгүүний биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой   гэмтлүүд байна. 

Д.Билгүүний биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги  алдалтанд нөлөөлөхгүй.

Д.Билгүүний биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох  журам”- ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт/ хэргийн 22 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Аззаягийн  хэргээ хүлээн мэдүүлсэн... Би 2020 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 03 цагийн үед Цамбагарав багт байрлах “Боорж” буудалд найз Жавхлантөгс , Баярхүү хоёртой  хамт архи уугаад сууж байгаад найз Д.Билгүүн рүү залгахад утсаа авахгүй байсан. Тэгтэл удалгүй над руу залгаад “би Ардчилсан намын гадаа зодуулж байна” гэж дуудсан. Тэгэхлээр Б.Жавхлантөгс бид хоёр буудлаас гараад Ардчилсан намын байрны гадаа ирэхэд байхгүй байсан.  Тэр хавьд хайж байгаад байхгүй болохоор нь бид хоёр буудалдаа алхаад ирэхэд Д.Билгүүн ирчихсэн сууж байсан. Тэгээд бид нар хамт архи уугаад юм яриад сууж байгаад намайг шууд миний нүд хэсэгт цохисон. Тэр үед би хальтраад уначихсан. Тэгтэл миний толгой руу  хоёроос гурван удаа цохисон. Тэгээд би Д.Билгүүнээ тайван бай, намайг уучлаарай гэж хэлэхэд Д.Билгүүнээ би чамайг дөрвөн удаа цохилоо. Чи намайг нэг удаа цохичих гэж хэлсэн. Тэгэхлээр нь  би нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Тэгтэл уруулаас нь цус гараад тогтохгүй болохоор нь би эмнэлэгт дагуулж ороод оёдол тавиулсан. Тэгээд бид хоёр эмнэлэгээс гараад найз Ариунболдын гэрт очоод унтаж амарсан. Би хохирогч Д.Билгүүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр нэг байрны багын найзууд байгаа юм аа. Би Д.Билгүүний нүүр хэсэгт нэг удаа баруун гараараа цохисон, өөр зодож цохисон зүйл байхгүй. Д.Билгүүн миний толгой хэсэгт хоёр удаа гараараа цохисон. Нүүр хэсэгт  нэг удаа гараараа цохиж,  толгой хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Өөр намайг зодож цохисон зүйл байхгүй. Бид хоёр зүгээр архи уугаад юм яриад сууж байхад Д.Билгүүн шууд намайг цохих болсон. Тэгээд бид хоёрын дунд зодоон болсон. Манай найз Б.Жавхлантөгс байсан. Би эмчилгээний зардлыг төлж барагдуулна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, дахин ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй. Д.Билгүүний эмчилгээний зардал болон цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө...гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцээд дээрх  нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:

Шүүгдэгч Л.******* нь 2020 оны 03 сарын 03-наас 2020 оны 03 сарын 04-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн  нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Боорж” зочид буудалд найз Жавхлантөгс, Д.Билгүүн нарын хамт архи ууцгаасан ба Д.Билгүүн нь Л.*******гийн нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж, газар унах үед толгой руу нь өшиглөхөд Л.******* нь Д.Билгүүнд “ чи намайг цохилоо , би чамайг нэг цохиё” гээд  Д.Билгүүний нүүр хэсэгт гараараа  цохиж, түүний дээд уруулын зүүн хэсэгт шарх, дээд эрүүний зүүн талын 1,2 дугаар  шүдний хөдлөл, доод уруулын дотор талд зулгаралт...гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан  хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэмт хэрэг үйлдсэн болон хэргийн зүйлэлийн талаар маргахгүй байна.

 Шүүгдэгч Л.*******  нь хохирогч Д.Билгүүнтэй  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж түүний нүүр хэсэгт гараараа цохиж, дээд уруулын дээд хэсэгт цохиж, гэмтэл учруулсны улмаас оёдол тавиулсан, дээд эрүүний зүүн талын 1,2 дугаар шүд хөдөлсөн гэх  хөнгөн гэмтэл учирна гэдгийг  мэдсээр байж   хүсч  үйлдсэн.  

Өөрөөр хэлбэл  шүүгдэгч Л.*******г өөрийн үйлдэлийг хууль бус болохыг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирогчийн  эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтлийг зориуд бий болгосон  нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрийг бий болгожээ гэж үзлээ.

Мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар...Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн  гарчгийн. Мөн зүйлийн 1 дэх хэсгийн “ хохирол” гэсний дараа  “ санаатай “ гэж нэмэлт оруулсан ба энэхүү хууль  нь 2020 оны 02 сарын 23- ны өдрөөс  хүчин төгөлдөр болсон тул Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг санаатай үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан, тухайн хууль хүчин төгөлдөр болсон  цаг хугацаанд буюу 2020 оны 3 сарын 03 наас 04-нд шилжих шөнө шүүгдэгч Л.Аазаяа нь   дээрхи гэмт хэргийг үйлдсэн  нь тогтоогдож байгаа болно.

Иймд шүүгдэгч Л.*******г хохирогч Д.Билгүүний  эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ... дээд уруулын зүүн хэсэгт шарх, дээд эрүүний зүүн талын 1,2 дугаар  шүдний хөдлөл, доод уруулын дотор талд зулгаралт...гэх  хөнгөн  гэмтэл   учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

Шүүгдэгч Л.*******г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

Дээрхи гэмт хэрэг нь архидан согтуурсны улмаас үйлдэгджээ. 

                    Гэмт хэргийн улмаас учирсан хохирол , хор уршиг:

 Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч   Д.Билгүүн нь хоёр шүд хийлгэх эмчилгээний зардалд  828000 төгрөг нэхэмжилж, цаашид гарах эмчилгээний  зардлаа нэхэмжлэх хүсэлтэй байгаа ба шүүгдэгч Л.******* нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлыг  төлөхөөр хүлээн  зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Л.*******гаас 828000  төгрөг гаргуулан  хохирогч Д.Билгүүнд олгож, хохирогчид нь цаашид гарах эмчилгээний задлаа нэхэмжлэх эрхтэй  болохыг дурдав.

                        Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Л.******* нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 26-эы өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулйин тусгай ангийн 11.6 дуггаар зүйлийн 1-д зааснаар 700000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан нь хэргийн  35 дугаар  хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” , -аар, тогтоогдож байна. 

Шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн тусгай анги йн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  эрүүгийн  хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Гэм буруугийн болон хариуцлагын шүүх хуралдаанд улсын  яллагчаас:  Шүүгдэгч Л.******* нь гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн хувийн байдал,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал , эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Л.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч Л.*******г найман зуун  тавин нэгжтэй тэнцэх хэмжээний,  найман зуун  тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй хохирогч Д.Билгүүн нь хохиролд 828000 төгрөг нэхэмжлсэнийг шүүгдэгч бүрэн төлж барагдуулаагүй ба хохирол төлөхөө илэрхийлж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Л.*******г 3 сарын хугацаанд “зан үйлээ засах” хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй ...гэх  дүгнэлт, тайлбарыг гаргав.    

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж  гаргасан дүгнэлт тайлбартаа: Гэмт  хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын санал болгосон  найман  зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний  найман  зуун тавин  мянган төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. 850000 төгрөгний торгох ялыг  6 сарын хугацаанд   хэсэгчилэн төлөх  саналтай байна. Хохирогчид учирсан хохирол эмчилгээнйи зардал 828000 таграгийг төлнө. Цаашид гарах эмчилгээнйи зардал төлнө...гэх дүгнэлт, тайлбар гаргав. 

Шүүхээс шүүгдэгч   Л.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай  болохыг тогтоож,  эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар шүүгдэгч  Л.*******д найман  зуун тавин  нэгжтэй тэнцэх хэмжээний  найман  зуун тавин  мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Л.*******д оногдуулсан  850000 төгрөгний торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг  тайлбарлав. 

Эрүүгийн 20360008000095 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.*******  нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар  шүүгдэгч Л.*******гаас 828000 гаргуулан хохирогч Д.Билгүүнд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Л.*******г 3 сарын хугацаанд “зан үйлээ засах” хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******д  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг,  36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******д  найман зуун тавин  нэгжтэй тэнцэх хэмжээний   найман зуун  тавин  мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Л.*******д оногдуулсан 850000  төгрөгний торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчилэн   төлүүлсүгэй.

4 Эрүүгийн 20360008000095 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар  шүүгдэгч Л.*******гаас 828000 гаргуулан хохирогч Д.Билгүүнд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар  “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох ” сургалтад 3 сарын хугацаанд хамрагдах үүрэг хүлээлгэж, түүнийг сургалтад хамруулахыг  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Л.*******д тайлбарласугай.

8.Шүүгдэгч Л.*******д  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй. 

   9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.ЦЭЦЭГМАА