Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 200

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                     

Улсын яллагч Н.Түвшинбаяр, 

Шүүгдэгч Д.Ж, түүний өмгөөлөгч Б.Баттөр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Тэрбиш,

Иргэдийн нэхэмжлэгч Г.Уранбайгаль,

Иргэдийн төлөөлөгч Б.Сансармаа,

Шинжээч М.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дайртан овогт Д-н Жд холбогдох эрүүгийн 1911023620967 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1963 оны 03 дүгаар сарын 13-ны өдөр Булган аймагт төрсөн, 57 настай, эрэгтэй, бурэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа мужааны ажил эрхэлдэг, ам бүл 1, Баянгол дүүргийн 9 дугээр хороо, Горькийн 4-84 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ГЮ 630313А8 / Дайртан овогт Дармаагийн Жаргапсайхан нь:

 

            - 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн зуслангийн задгай тоотод өөрийн хамтран амьдрагч У.Уянгыг бусадтай хардсаны улмаас зодож, хэвлийн битүү гэмтэл буюу хүнд гэмтэл учруулж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Тэрбиш мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр би гэртээ байж байтал манай том эгч Нансалмаа над руу залгаад “Сая надтай цагдаагаас яриад Уянгааг нас барчихсан байна гэж хэллээ” гэхээр нь би Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр ирж цагдаагийн ажилтнуудтай уулзахад манай дүү Уянгааг гэмтлийн эмнэлэгт нас барсан талаар хэлсэн. Гэмтлийн эмнэлэг дээр очиж жижүүрийн цагдаа болон эмч нартай нь уулзахад манай дүүг бусдад зодуулсан байдалтай ирээд хэвлийн гэмтэлтэй нас барсан гэдгийг хэлсэн. Ийм л асуудал болсон юм. Би бодохдоо хамтран амьдрагч Д.Жыг л манай дүүг зодож амь насыг нь хохироосон гэж бодож байна. Урьд нь бас Д.Ж манай талийгаач дүүг зодож гэмтээдэг байсныг нь манай дүү бид нараас нуугаад байдаг байсан. Сүүлд нь асуухад талийгаачийг манай хамгийн бага дүү Оюуны гэрт нь байхад Д.Ж ирээд зодсон талаар манай дүүгийн охин Энхболор бид нарт хэлсэн гэжээ. / 1 дүгээр хавтас 25-27 /

 

Гэрч Д.Цэнд-Аюуш мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би Уянга гэх эмэгтэйтэй өрөөндөө байх хугацаандаа юм ярихад Уянга хэлэхдээ “ Би харанхуй гудамжинд явж байгаад хүнд зодуулсан. Цагдаагийн хүмүүст гомдолгүй гэж хэлсэн “ гэж ярьж байсан ба хоёр өдөр эмнэлгийн байгууллагад үзүүлээгүй цаг хугацаа алдсан гэж хэлсэн. Өнөөдөр Уянгын нөхөр гэх залуу бага зэрэг согтуу байсан. Ямар шалтгааны улмаас Уянга цагдаагийн алба хаагчдад гомдол саналгүй гэж хэлсэн талаар мэдэхгүй байна. Надад хэлэхдээ гадаа харанхуй гудамжинд танихгүй хүмүүсд  зодуулсан, тийм болохоор тэр хүмүүс нь олдохгүй байх гэх зүйл бас ярьж байсан гэжээ. / 1 дүгээр хавтас 39-40 /

 

Гэрч Б.Мөнх-Эрдэнэ мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Талийгаачийг манай тасагт хэвтэн эмчлүүлж байх үед нөхөр нь гэх талийгаачаас 16 насаар ах гэх улаан, шар өнгийн футволк өмссөн, махлаг 165-170 см орчим өндөртэй эрэгтэй байсан. Талийгаачийг нас барсан талаар сахиур нь гэх эрэгтэй мэдээд сэтгэл санаа тогтворгүй тайван бус болоод манай тасагт талийгаачийн байсан өрөө рүү орж ирээд гутлаа солиод эмнэлгээс гараад гүйсэн. Тэр эрэгтэй согтуу байсан гэжээ. / 1 дүгээр хавтас 41-42 /

 

Гэрч Э.Баасанцогт мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би Энхдөлийн унтдаг орон дээр буруу хараад унтаж байсан чинь гаднаас талийгаачийн нөхөр гэх залуу орж ирсэн байсан. Тухайн үед Уянга нь миний хөлний хэсэгт сууж таараад надтай хардсан бололтой намайг унтаж байхад нь эхнэрээ чирээд гараад явсан. Тэгээд удалгүй эргэж орж ирээд миний толгойны араас юугаар цохьсон эсэхийг мэдэхгүй, нэг эд зүйлээр цохьсон. Хэсэг зуур ухаан алдсан байсан. Би ухаан ороход Ооноо, Энхдөл нар миний толгойны цусыг арилгаад зогсож байсан ба  “Жагаа сая таныг алах шахлаа. Нэг мөсөн гүйцээчихье “ гээд сэрээгээр зоогоод хавирга орчим дэвссэн байсан гэжээ. / 1 дүгээр хавтас 46-47 /

 

Насанд хүрээгүй гэрч Э.Энхболор мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  ...2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр үдээс хойш 14-15 цагийн үед аав, ээж, Уянга эгч, Баасанцогт ах нийлээд 4-лээ манайд орж ирсэн. Ирэхдээ тэр дөрөв архи уучихсан орж ирсэн бүгд адилхан согтолттой байсан. Орж ирээд 30-40 минут бүгдээрээ унтсан. Уянга эгч газраар унтаж байгаад сэрсэн болохоор суух суудалгүй болчихоод Баасанцогт ахын унтаж байсан төмөр орны хөлд очоод сууж байсан. Тэгсэн удалгүй 20-30 минутын дараа Жагаа ах манайд ирсэн. Тэгсэн гэр дотроос ээжийн дуу гараад “Чи болиулахгүй яасан юм бэ” гээд орилоод байхаар нь яваад ортол Жагаа ах Баасанцогтыг зодож байсан. Тэгснээ орны хөлд сууж байсан Уянга эгчийг барьж аваад “ Гичий, нохой, пизда, лалар “ гээд хэл амаар доромжлоод Уянга эгчийн гуя руу нь 2 удаа өшиглөөд, баруун гарынх нь бугалганд бас 2 удаа гараараа цохиж гэмтээсэн. Тэр үед ээж Оюун “Боль л доо. Чи”  гэж хэлээд Жагаа ахын гарыг татсан. Тэгсэн Жагаа ах Уянга эгчийн нүүрийг нь мангасдаад ор руу түлхэж унагаад цээж хэсэг рүү нь гараараа 2 удаа цохьсон. Тэгэхэд Уянга эгч өөдөөс нь ёо ёо гэж хэлсэн гэжээ. / 1 дүгээр хавтас 151-12 /

 

Гэрч Д.Оюун мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Манай гэрт Баасанцогт ах, нөхөр Энхдөл, Уянга бид дөрөв ирсэн. Тэгээд манай гэрт ирээд нөгөө архиа уучихаад дахиж 1 шил архи нэмж уусан. Тэгээд ер нь бүгдээрээ манайд унтацгаасан. Би ч тасраад унтчихсан байсан. Нэг нүдээ нээгээд харахад Баасанцогт нь 2 талдаа төмөртэй бурханы талд байдаг орон дээр хэвтэж байсан. Дүүгээ харахад Уянга хөлнийх нь тэнд сууж байсан. Манай нөхөр Энхдөл нөгөө талын орон дээр миний араар унтаж байсан. Тэгээд би хэсэг унтчихсан. Нэг сэрсэн чинь Уянгагийн нөхөр Жагаа гаднаас ирчихсэн хэрүүл шуугиан болж байсан. Жагаа нь Баасанцогт ахыг орон дээр хэвтэж байхад нь хэрүүл хийгээд маргалдаад, цохиод байх шиг байсан. Тэрний хөлд нь эхнэр нь сууж байсан болохоор хардаад л ийм зүйл болсон байх гэж би бодсон. Тэр үед би уусан архиндаа согтоод ухаан орж гараад зарим зүйлийг санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд Жагаа нь өөрийн эхнэр Уянгааг дагуулаад гарч байх шиг байсан. Тэгээд яасныг мэдэхгүй гадаа байж байхад Жагаа авчирсан архинаасаа нөхөр Энхдөл, бид хоёрт нэг нэг аягыг хийж өгсөн гэжээ. /1 дүгээр хавтас 153-154 /

 

Гэрч Х.Урангоо мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Уянга эгч манайд ерөөсөө ирээгүй. 2019 оны 06 дугаар сарын сүүлээс хойш Уянгаа эгчтэй огт холбоо бариагүй, уулзаагүй, тааралдаагүй. Уянга эгч манайхаар огт ирээгүй, нөхөр бид хоёртой цуг архи дарс ууж идэж үзээгүй. Яагаад ийм зүйл ярьсныг нь ойлгохгүй байна. Бид хоёр өөрсдөө одоо 6-н сартай нялх хүүхэдтэй, архи дарс гэр орондоо ууж идэж хэрэглэдэггүй гэжээ.  / 1 дүгээр хавтас 166-167 /

 

Иргэний нэхэмжлэгч А.Эрдэнэчимэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Манай компанийн Саппоро дахь салбарт 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ТВ81070206 регистрийн дугаартай Уранчимэг овогтой Уянга гэж хүн монетон кулонтой монетон хүзүүний гинж 1 ширхгийг 5 хувийн хүүтэйгээр 200.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Прокурорын зөвшөөрлөөр уг гинжийг хурааж авсан тул компаний зүгээс 200.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. / 1 дүгээр хавтас 140 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгиин шинжээчийн 1939 дугаар дүгнэлт /1 дүгээр хавтас 182-184 /

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 1158 дугаар дүгнэлтэнд / 1 дүгээр хавтас 193-194 /

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 1360 дугаар дүгнэлтэнд / 2 дугаар хавтас 26-28 /

Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт / 1 дүгээр хавтас 16-19 /

 

Насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас 50-55 /

 

“Начин Заан” ХХК-ний барьцаат зээлийн гэрээ / 1 дүгээр хавтас 233 /

 

Яллагдагч Д.Жыг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /  1 дүгээр хавтас 74, 202-208 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх  79  / зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2010 оноос хохирогчтой хамт амьдарсан. 08 дугаар сарын 28-ны өглөө ажил руу гарах гээд явсан чинь түрийвчээ мартсан учир буцаж ортол талийгаач алга болсон байсан. Тэр өдөр талийгаачийн утас нь дуудаад ерөөсөө холбогдохгүй байсан. Би хайсаар байгаад Ооноогийнд очсон. Ооноо нөхөртэйгээ орон дээр суусан байсан. Талийгаач хажуу талын орон дээр ширээний ард сууж байсан ба нөгөө залуу өмд рүү нь гараа хийсэн унтаж байсан.  Би ороод талийгаачийг явъя гээд нөгөө залууг  “Чи муу гараа ав” гээд 3-4  удаа өшиглөсөн. Тэндээс бид 2 яваад таксинд суугаад 7 буудлаас автобусанд суугаад москва дээр буугаад харьсан.

Би цүнхэнд байсан архиа уугаад нилээн согтоод унтаад орой сэрэхэд талийгаач байхгүй байсан. Би үлдсэн вискигээ  2 стакан дүүрэн хийж уугаад согтоод унтсан. Нилээн орой сэрээд харахад талийгаач нүд нь хөхөрсөн ирсэн байсан. Өглөө  4-5 цагийн үед сэрэхэд талийгаач  хүнд өчигдөр цохиулсан гэсэн. Би ах дүү, түргэн, цагдаа дуудах уу гэхэд талийгаач “ Би  биеэ угааж байж болъё. Дуудах хэрэггүй. Гайгүй болно байх “гэсэн. Маргааш нь Гэмтлийн эмнэлэг, 3 дугаар эмнэлэг, Мөнгөн гүүр эмнэлэгт очсон. Ингээд хагалгаанд орсон. Хагалгаанд ороод талийгаач өглөө босоод ирсэн. Намайг ажил хийлгэх хүн дуудахад талийгаач тэр ажлыг авчих гэхээр нь би очиж ажлаа авсан.  Талийгаач намайг боолт аваад хоол идчихээд ир гэхээр нь би боолт аваад, хоолоо захиалаад байж байтал сэхээнд орсон гэж хэлсэн. Намайг ирэх үед бие нь халуунаараа зүрх нь зогссон байсан.  Тэр үед миний толгойд үхэл л орж ирсэн тул би үхье гэж бодоод гарч гүйсэн. Би талийгаачийг зодоогүй гэв.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Тэрбиш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би талийгаачийн ээжийнх нь төрсөн дүү. Талийгаачийн ээж Орос улс руу наймаа хийнэ гэж яваад сураггүй болсон. Манайд талийгаач 12 настай байхдаа ирээд насанд хүртлээ манай гэрт хүмүүжсэн. Д.Ж, талийгаач  хоёр хамт амьдраад  10 жил болж байсан. Талийгаач ээжийнхээ дүү нараас надтай илүү ойр дотно байсан.

 Би олон жил мөрдөгч хийсэн хүн. Хэргийн материалтай танилцсан. Хэрэв эмнэлгийн тусламж аваад эдгэрэх юм бол асуудлыг нууя гэсэн байдалтай энэ 2 тохирсон байх гэж бодож байна.  Д.Ж нь “ Намайг согтуу унтсан хойгуур гараад явсан байсан. Би мэдэхгүй” гэж мэдүүлэг өгсөн байдаг. Талийгаач гэмтлийн эмнэлгийн цагдаад мэдүүлэг өгөхдөө “харанхуй гудамжинд явж байхдаа 2 хүнд дээрэмдүүлсэн” гэсэн байдаг. Урангоогийнд очиж архи уусан гэдэг ч тогтоогдоогүй. Д.Ж үнэнээ хэлэх хэрэгтэй байна. Талийгаач Ж-д зодуулж гэмтсэнээс болж нас барсан. Д.Ж тухайн үед эмнэлэгт хэвтүүлсэн эсвэл бид нарт хэлсэн бол амь насыг нь аврах боломжтой байсан. Тухайн үед талийгаач мэс засалд ороод дараа нь зүгээр явж байсан. Тэр учруулсан гэмтэл нь үхэлд хүргэх гэмтэл биш байна. Хагалгаанд орсны дараа олигтой хоол ундгүй, гам бариулаагүй байна. Иймд мэс заслын дараах шок болоод нас барсан гэж үзэж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан талийгаачийн гинжийг би мөнгийг нь төлөөд авах саналтай байна. Оршуулгын зардалд 3.878.000 төгрөг авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолтой байна. Хуулийн дагуу ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Шинжээч М.Энхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Талийгаачид учирсан гол гэмтэл нь нарийн гэдэсний зөөлөн эдийн няцрал үүссэн. Тэрнээс болоод хэвлийн гялтангууд  нийтдээ үрэвссэн. Үрэвсэл явагдаж байгаа үед бие махбодь үрэвслээсээ болоод өөр өөрөөсөө хорддог. Энэ хордлго нь бүх эрхтнүүдийг дутагдалд оруулдаг. Үүнээс болж олон эрхтний дутагдалд орж нас барсан. Гэмтлээс болж хэвлийн гялтан үрэвссэн.

Гялтан гэдэг нь  гэдэс дотор эрхтний ханыг хооронд нь  наалдахгүйн тулд гялтан байдаг. Гялтан өөрөө шингэн ба шүүрэл ялгаруулдаг. Үүний улмаас идсэн хоол түгжрэхгүй, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг хангаад наалдахгүй байлгаж үүрэгтэй байдаг. Гэдэсний хана үрэвссэн, гэдэс цоороогүй. Арьсанд цохиход хөхөрдөг шиг  гэдэсний хананд цус хураад тэрнээс болж  гялтан өөрөө шүүрэл ялгаруулаад эмгэг тал руу орж үрэвсэж эхэлж байна гэсэн үг.  1300 мл шингэн нь гялтангаас гарч байгаа шүүрэл бөгөөд үрэвслийн шингэн учраас булингартсан. Хагалгаа амжилттай ч тусламж жоохон оройтсон.

Өөрөөр хэлбэл дотор эрхтэн хагараагүй байхад хэвлийд их хэмжээний шингэн хуримтлагдана гэдэг хугацаа алдсан гэсэн үг. Шууд аминд хүрэх гэмтэл биш. Эмнэлгийн тусламж авсан бол амь нас аврах боломж байсан. Ийм гэмтэл авсан хүн хэрэг гарсан газраас өөрөө алхаад гэртээ ирэх боломжтой. Амин чухал эрхтэн биш. Зовиур шаналгааг архи уусан үед өөрөө мэдрэх нь багасдаг учраас өөрөө алхах боломжтой гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Г.Уранбайгаль шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай барьцаалдан зээлүүлэх газарт 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр У.Уянга гэх хүн өөрийн бичиг баримтаараа монетан кулонтой гинжийг сарын 5 хувийн хүүтэй барьцаанд тавьж, 200.000 төгрөг авсан. Цагдаагийн байгууллагаас дээрх зүйлийг хураан авсан тул хүүгийн хамт 215.000 төгрөгийг түүний ахаас нэхэмжилж байна. Хэрвээ кулон, гинжээ буцааж авбал нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Прокуророос шүүгдэгч Д.Жыг- 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн зуслангийн задгай тоотод өөрийн хамтран амьдрагч У.Уянгыг бусадтай хардсаны улмаас зодож, хэвлийн битүү гэмтэл буюу хүнд гэмтэл учруулж, хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

Гэтэл хэрэгт авагдсан ... Гэмтлийн эмнэлэг дээр очиж жижүүрийн цагдаа болон эмч нартай нь уулзахад манай дүүг бусдад зодуулсан байдалтай ирээд хэвлийн гэмтэлтэй нас барсан гэдгийг хэлсэн. Манай хамгийн бага дүү Оюуны гэрт нь байхад Д.Ж ирээд зодсон талаар манай дүүгийн охин Энхболор бид нарт хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Тэрбишийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 25-27 /,   ...  Уянга эгчийг барьж аваад “ Гичий, нохой, пизда, лалар “ гээд хэл амаар доромжлоод Уянга эгчийн гуя руу нь 2 удаа өшиглөөд, баруун гарынх нь бугалганд бас 2 удаа гараараа цохиж гэмтээсэн. Тэр үед ээж Оюун “Боль л доо. Чи”  гэж хэлээд Жагаа ахын гарыг татсан. Тэгсэн Жагаа ах Уянга эгчийн нүүрийг нь мангасдаад ор руу түлхэж унагаад цээж хэсэг рүү нь гараараа 2 удаа цохьсон. Тэгэхэд Уянга эгч өөдөөс нь ёо ёо гэж хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Э.Энхболорын / 1 дүгээр хавтас 151-12 /,   ... Баасанцогт ах, нөхөр Энхдөл, Уянга бид 4 манай гэрт ирээд нөгөө архиа уучихаад дахиж 1 шил архи нэмж уусан. Тэгээд ер нь бүгдээрээ манайд унтацгаасан. Би ч тасраад унтчихсан байсан. Нэг мэдэхэд Жагаа нь өөрийн эхнэр Уянгааг дагуулаад гарч байх шиг байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Оюуны мэдүүлэг /1 дүгээр хавтас 153-154 /,  ... Талийгаач У.Уянгын цогцост хийсэн задлан шинжилгээний оношид дурьдагдсан гэмтлүүд учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач У.Уянга нь хэвлийн битүү гэмтлээс үүссэн хэвлийн гялтангийн үрэвсэл, бие махбодийн ерөнхий хордлогын улмаас олон эрхтэний дутагдалд орж нас баржээ гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгиин шинжээчийн 1939 дугаар дүгнэлт /1 дүгээр хавтас 182-184 /,  ... Насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас 50-55 /,  ...Э.Энхболор нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, болсон явдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна гэсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1360 дугаар дүгнэлт / 2 дугаар хавтас 31-32 /  зэргээр шүүгдэгч Д.Ж нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хохирогчийг зодож, хэвлийн битүү гэмтлийг учруулснаас хойш 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хохирогчид  эмнэлгийн тусламж үзүүлээгүй / 1 дүгээр хавтас 5 / гэртээ байлгасан. Улмаар 06-ны өдөр ГССҮТ эмнэлэгт мэс засалд орж, хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний ханын няцрал, умайн дайвар, өндгөвчний идээт өрөвсөл, хэвлийн гялтангийн үрэвсэл, гэдэсний түгжрэл онош тавьжээ. Улмаар 07-ны өдөр өвчтөн гэнэт таталт өгч, амьсгал хураан нас барсан / хх 180 / байна. Шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч  М.Энхбаяр мэдүүлэхдээ: ... Гэдэсний хана үрэвссэн, гэдэс цоороогүй. Арьсанд цохиход хөхөрдөг шиг  гэдэсний хана цус хураад тэрнээс болж  гялтан өөрөө шүүрэл ялгаруулаад эмгэг тал руу орж, үрэвссэн.  1300 мл шингэн нь гялтангаас гарч байгаа шүүрэл бөгөөд үрэвслийн шингэн учраас булингартсан. Хагалгаа амжилттай болсон ч тусламж жоохон оройтсон. Дотор эрхтэн хагараагүй байхад хэвлийд их хэмжээний шингэн хуримтлагдана гэдэг хугацаа алдсан гэсэн үг. Шууд аминд хүрэх гэмтэл биш. Эмнэлгийн тусламж авсан бол амь нас аврах боломж байсан гэж мэдүүлсэн зэргээс хохирогч У.Уянга нь Д.Жд зодуулсны улмаас хэвлийн битүү гэмтэл авч, улмаар эмчлэгдэж байгаад нас барсан болох нь тогтоогдож байна.

Иймд Д.Жыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн түүний зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Д.Жыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа оршуулгын зардлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Ж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, оршуулгын зардал 3.878.000 төгрөгийг нөхөн төлсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан 9 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэв.

 

Талийгаач У.Уянга нь амьд сэрүүн байхдаа өөрийн  52 см урттай, 585 сорцтой, 4гр жинтэй монетон кулон, хүзүүний гинжийг / 1 дүгээр хавтас 230 / 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “ Начин заан “ ХХК-ний барьцаалан зээлүүлэх газарт сарын 5 хувийн хүүтэй 200.000 төгрөгний барьцаанд тавьсан байсныг ЦБ-аас 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр эд мөрийн баримтаар хураан авсан / 1 дүгээр хавтас 231 / байна. Энэ нь шүүгдэгчийн гэм буруут үйлдэлтэй шууд шалтгаант холбоогүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Тэрбиш нь иргэний нэхэмжлэгчийн хохирлыг нөхөн төлж, кулон, гинжийг авах хүсэлт гаргасан тул түүнээс 215.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгчид олгож, кулон гинжийг Д.Тэрбишид олгож, шүүгдэгч Д.Ж оршуулгын зардалд 3.878.000 төгрөг төлсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг төлөх төлбөргүйг дурьдаж, Д.Жы цагдан хоригдсон 277 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.

 

Шүүгдэгч Д.Ж нь хохирогчийг зодоогүй, талийгаач  У.Уянга нь бусдад зодуулж, эд зүйлээ дээрэмдүүлсэн гэж мэдүүлсэн нь тус тус үндэслэлгүй болохыг дараахь баримтуудаар няцааж байна. Үүнд:

1.Талийгаач У.Уянга нь бусдад зодуулж дээрэмдүүлсэн гэж хамт хэвтэж байсан өвчтөнгүүдэд ярьсан боловч  ЦБ-д гомдол гаргаж байгаагүй болох нь ЦБ-ын тодорхойлолтоор нотлогдсон байна.

2. Талийгаач У.Уянга нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө “ ... Би 09 сарын 03-ны өдөр 16 цагийн үед Урангоогийнд очиж нөхөртэй нь хамт бид гурав 0.5л, 0.75л 2 шил архи 2-3 лааз пиво уугаад 21 цагийн үед тэднийхээс гарч яваад харанхуйд 2 залууд дээрэмдүүлсэн / 1 дүгээр хавтас 28-30 / гэж мэдүүлсэн байна. Дээрэмдүүлэхдээ өөрийн ломбарданд тавьсан кулон, гинжээ / 1 дүгээр хавтас 232-233 / бусад эд зүйлийн хамт дээрэмдүүлсэн гэж мэдүүлжээ. Гэтэл мөрдөн байцаалтын явцад гэрчээр Х.Урангоо болон түүний нөхөр Г.Гантулга нарыг асуухад / 1 дүгээр хавтас 163-164, 166-167 / хэн аль нь түүнтэй хааяа ярьдаг байснаас 2019 оны 06 сараас хойш огт яриагүй. 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр манайд ирээгүй. Бид нялх хүүхэдтэй учир архи дарс уудаггүй гэж мэдүүлсэн байна.

3. Шүүгдэгч  Д.Жыг 2019 оны 09 дүгээр сарын 03-нд ажлаар Эрдэнэт хот яваад 06-нд ирээд бид 2 эмнэлгээр явсан гэж талийгаач У.Уянга гэрчээр мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн / 1 дүгээр хавтас 28 / байна. Гэтэл шүүгдэгч Д.Ж нь мөрдөн байцаалт / 1 дүгээр хавтас 32, 202-208 / болон шүүх хуралдаанд хөдөө яваагүй гэж мэдүүлсэн.

            4. Талийгаач У.Уянга нь эгч Оюуны гэрт 2019 оны 08 дугаар сарын 28-наас 09 дүгээр сарын 03-ныг хүртэл байх хугацаанд биеийн байдал нь хэвийн байсан болохыг гэрч нар мэдүүлсэн зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                        

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-д заасныг журамлан прокуророос шүүгдэгч Дайртан овогт Д-н Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Дайртан овогт Д-н Жыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч Д-н Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангин 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар 9 / ес / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.Жыг эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Жы цагдан хоригдсон 277 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  52 см урттай, 585 сорцтой, 4гр жинтэй монетон кулон, хүзүүний гинжийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Тэрбишид олгосугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Тэрбишээс 215.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч  “ Начин заан “ ХХК-ний Саппора салбарт олгож, шүүгдэгч Д.Ж нь төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

8. Д.Жд авсан цагдан хорих таслан  сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Жд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

               

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ОЮУНЧИМЭГ

 

                                      ШҮҮГЧИД                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                        Б.ДУЛАМСҮРЭН