Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 281

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                    

Улсын яллагч Х.Еркебулан,

Шүүгдэгч Л.З, түүний өмгөөлөгч Г.Зоригтбаатар,

Хохирогч Б.Мөнхзул нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчуд овогт Л-н Зд холбогдох эрүүгийн 1909039490162 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжав гудамж АОС байрны 75/А тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: М3 76020712 / Харчууд овогт Л-н З нь: 

 

- 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Санрайс” зочид буудлын 1 давхарт хохирогч Б.Мөнхзултай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “зүй бус харьцсан” хэмээн маргалдаж, улмаар баруун гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд тархи доргилт, хамар ясны хугарал, нүүрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Санрайс” зочид буудлын 1 давхрын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл / хх 21 /

Хохирогч Б.Мөнхзул мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 12 цаг өнгөрч байхад өөрийн ажил болох Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Санрайс” зочид буудалд ресепшины ажлаа хүлээн авахад 304 тоот өрөө хүнтэй байсан ба “15 цагаас гарна” гэж хэлсэн байсан. Тэгээд ажлаа хийж байхад 16 цагийн үед үйлчлэгч бууж ирээд “өрөөгөө гаргах уу? 15 цаг биш 16 цаг болчихлоо” гэж хэлсэн. Тэгээд манай хамгаалагч Алтаншагай очиж уг хүмүүсийг гарах шаардлага тавьсан. Бүр гарахгүй болохоор эсвэл сунгаарай” гэсэн. Тэгтэл “ Хаалгаа хаа. Гичий минь” гээд намайг доромжилсон. Тэгээд доор 1 давхарт өндөр залуу нь “Би лам хүн байна. Лам хүн ямар байхыг би чамд харуулна” гэж хэлээд миний нүүр хэсэгт нэг удаа гараараа цохьсон. Тэгээд би ухаан алдаж газар унасан байсан гэжээ. / хх 7-9 /

 

Гэрч И.Гансүх мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн үед гэрээсээ хүнтэй уулзахаар гарсан. Тэгээд замдаа Бямбаатэй таарсан. Тэгээд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санрайс” зочид буудал дээр очсон Тэгээд би нутгийн ах Батдэлгэртэй уулзаад хоёулаа сууж байхад 1 цагийн дараа Бямбаа нэг шил архи идэж уух юмтай аваад ирсэн. Тэгээд Бямбаа манай ахтай танилцаад юм ярьж суусан бөгөөд жижүүр эмэгтэй орж ирээд “Гар” гээд доромжлоод байсан ба хувцсыг минь аваад доошоо буусан. Тэгэхээр нь би араас нь очоод би мөнгийг нь төлөөд сунгая гэсэн. Тэгээд намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд нэг мэдэхэд тэр эмэгтэйн хамраас цус гарсан байдалтай байсан ба яг цохихыг нь хараагүй. Гэхдээ тэр Бямбаа гэдэг залуу цохьсон. Тэгээд Бямбаа шууд буудлаас гараад явсан. 3ул нь анх надтай танилцахдаа өөрийгөө Бямбаа гэж танилцуулж байсан гэжээ. / хх 12, 13 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13030 дугаар дүгнэлтэнд:

1. Б.Мөнхзулын биед тархи доргилт, хамар ясны хугарал, нүүрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлийн аль ч үед үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийи гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эруүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмглийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөделмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэжээ. / хх 17 /

 

Шүүгдэгч Л.Зыг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 40-41 /

 

Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 42 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Л.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 586.700 төгрөгийг хохирогчийн дансанд шилжүүлсэн. 14 хоногийн дараа хагалгааг нь хийлгэе. Ирэх 7 хоногт 319.700 төгрөг төлнө. Хувиараа машин зардаг ажил хийдэг гэв.

 

Хохирогч Б.Мөнхзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би угтан авагч хийдэг. 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ээлжээ хүлээж авсан. 15 цагт эдгээр хүмүүс гарах байсан. 16 цаг өнгөрчихөөр нь би очиж шаардлага тавихад Зултай хамт байсан 2 хүн нь намайг элдвээр доромжилсон. Би хувцсыг аваад доошоо буусан. Энэ хүнтэй нэг ч юм яриагүй. Гэтэл “Би лам хүн байна. Тэгээд чи яах юм бэ” гээд нүүрэнд нэг удаа цохьсон. Би газар унасан. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хамар хугарч хагалгаанд орох заалттай байхад хөнгөн гэмтэл гэснийг зөвшөөрөхгүй. Нүүр битүү хавдсан. Эмчилгээний зардалд 567.000 төгрөг авсан. Одоо хагалгааны 4.100.000 төгрөг нэхэмжилж байна. Би өрх толгойлж,  2 хүүхэдтэйгээ амьдардаг учраас өөрөө хагалгаа хийлгэх ямарч боломжгүй гэв.

 

Шүүгдэгч Л.З нь 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Санрайс” зочид буудлын 1 давхарт хохирогч Б.Мөнхзулыг “Би лам хүн байна. Тэгээд чи яах юм бэ” гээд нүүрэнд нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд тархи доргилт, хамар ясны хугарал, нүүрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:  ...хохирогч эмэгтэй хажуу талаар нь тойроод явах үед нь хар өнгийн пальтойтой хар өнгийн малгайтай 40 гаран насны өндөр эрэгтэй хүн нь баруун гараараа уг эмэгтэйн нүүр хэсэгт нэг удаа цохих ба саарал өнгийн цамцтай 30 орчим насны эрэгтэй хүн дундуур нь орж салгав гэсэн “Санрайс” зочид буудлын 1 давхрын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл / хх 21 /, ... Бүр гарахгүй болохоор эсвэл сунгаарай” гэсэн. Тэгтэл “хаалгаа хаа. Гичий минь” гээд намайг доромжилсон. Тэгээд доор 1 давхарт өндөр залуу нь “Би лам хүн байна. Лам хүн ямар байхыг би чамд харуулна” гэж хэлээд миний нүүр хэсэгт нэг удаа гараараа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Мөнхзулын мэдүүлэг / хх 7-9 /, ... нэг мэдэхэд тэр эмэгтэйн хамраас цус гарсан байдалтай байсан. Бямбаа гэдэг залуу цохьсон. Шууд буудлаас гараад явсан. 3ул нь анх надтай танилцахдаа өөрийгөө Бямбаа гэж танилцуулж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч И.Гансүхийн мэдүүлэг / хх 12, 13 /, ...Б.Мөнхзулын биед тархи доргилт, хамар ясны хугарал, нүүрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13030 дугаар дүгнэлт / хх 17 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эмчилгэний зардлын зохих хэсгийг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлын 586.700 төгрөгийг нөхөн төлж, цаашдын эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн / хагалгааны зардлыг 14 хоногийн дараа, эмчилгээний зардал 319.700 төгрөгийг ирэх 7 хоногт төлнө / тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.З нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.З нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар нотлогдсон эмчилгээний зардал 319.700 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож,  хагалгааны зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                                                                                                 

1. Шүүгдэгч Харчууд овогт Л-н Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Л-н Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 / зургаан зуу / нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж, Л.З нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Л.Заас 319.700 төгрөг гаргуулан хохирогч Б.Мөнхзулд олгож, хохирогч нь цаашдын эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.З нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Л.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Л.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ОЮУНЧИМЭГ