Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 18

 

   

М.Лгийн нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1458 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч М.Лгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А.Лд холбогдох

“Автомашин гаргуулах, машины элэгдэл хорогдол 4.500.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч М.Лгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баярсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч М.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

М.Л миний өмчлөлийн LEXUS GX-470 маркийн 87-99 ОРО улсын дугаартай цагаан өнгийн суудлын авто машиныг маань 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр уг машинаа иргэн Давхарбаярт 65 000 000 төгрөгөнд тооцож зарсан бөгөөд машиныг маань надаас аваад шууд иргэн Лаагийн барьцаанд тавиад мөнгө аваад явсан байсан. Энэ өдрөөс хойш би машинаа буцааж өөрийн болгож авах гэж зөндөө хөөцөлдсөн боловч Давхарбаярыг хаана байгааг нь мэдэхгүй хайсаар 2016 оны 07 сард БНХАУ-ын Эрээн хотод очиж бичиг хийлгэн авчирсан. Ингээд би 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр арай гэж машинаа өөрийн болгож авлаа. Миний машиныг иргэн Даринчулуун Орхон аймаг дахь Бичил глобус грүпп ХХК-д барьцаанд тавьсан байсан юм билээ. Иргэн Л миний машиныг 2014 оны 02 сараас хойш өнөөдрийг хүртэл өөрийн өмч мэт унаж хэрэглэсээр байна. Иймд иргэн Лаас миний өмчлөлийн дээрх автомашиныг гаргуулан М.Л надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч М.Л миний өмчлөлийн LEXUS GX-470 маркийн 87-99 ОРО улсын дугаартай цагаан өнгийн суудлын авто машиныг маань 2014.02.05-ны өдөр уг машинаа иргэн Давхарбаярт 65 000 000 төгрөгөнд тооцож зарсан бөгөөд машиныг маань аваад шууд иргэн Лаагийн барьцаанд тавиад мөнгө аваад явсан байсан. Миний автомашиныг барьцаанд байгаа гэсэн атал холбогдох хууль зөрчиж Лаа 2015 оны 07 сараас хойш байнга унаж ашиглан 2016 оны 10 дугаар сарын эхээр шүүгчийн захирамжаар битүүмжилжээ. Би автомашиныхаа элэгдэл хорогдол, хохирол гэж өдөр бүр 10 000 төгрөгөөр тооцож /2015 оны 07 сарын 01-ээс 2016 оны 10 сарын 01 хүртэл/ нийт 15 сараар тооцож 4 500 000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна. Иргэн Лаа миний машиныг 2015 оны 07 сарын 01-ээс 2016 оны 10 сарын 01-ыг хүртэл нийт 15 сарын турш тасралтгүй унаж хэрэглэсээр ирсэн хариуцагч Лаа хохирол төлөх үүрэгтэй. Иймд иргэн Лаагаас миний өмчлөлийн дээрх автомашиныг 15 сарын турш унаж ашигласны төлбөрт 4 500 000 төгрөг гаргуулан М.Л надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэж шаардлага нэмэгдүүлж байна. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь хаясан гэж хэлээд гэрчилгээг дахин авсан, өөр боломж байгаагүй гэжээ.

Хариуцагч А.Л шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

2015 оны 02 дугаар сарын 17-нд М.Л, М.Давхарбаяр нар над дээр мөнгө зээлээч, барьцаа баталгаанд LEXUS GX-470 маркын 87-99 ОРО дугаартай машиныг үлдээе гэж ирсэн. Машинаа өөрсдөө унаж явсан ба бид тохиролцоод М.Давхарбаяр надаас 18 000 000 төгрөг, 3 сарын хугацаатай сарын 10%-ийн хүүтэй алдангитайгаар гэрээ хийж авсан. Мөн машинаа манайд үлдээсэн ба машины гэрчилгээ Бичил глобус групп ХХК-ийн нэр дээр байсан. М.Давхарбаяр, М.Л нар машины эзэмшигчийг өнөө маргаашгүй М.Давхарбаярын нэр дээр шилжүүлээд бичиг баримтыг авчирч өгнө гэж амлалт өгсөн. Нэгэнт машины биетээр үлдээсэн тул итгэсэн. Ингээд хүлээж байтал М.Л Бичил глобус групп-ээс машиныг М.Давхарбаярын нэр дээр шилжүүлж өгөхийг Авто тээврийн үндэсний төвийн Орхон салбарт хүссэн 2015 оны 03 дугаар сарын 13-ны 823/15 тоот бичгийг авчирч өгсөн. Ингээд бид машин М.Давхарбаярынх болж байгаа юм байна, тэрээр хүүгээ төлөөд машинаа авах юм байна гэж баттай ойлгож машиныг хадгалалтад хэвээр байлгасан. Гэтэл үүнээс хойш М.Давхарбаяр утсаа авахаа больж гэрээнд заасан хаягтаа байхгүй болж алга болсон ба, бид машиныг хадгалсаар л байсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт, хуулийн үндэслэлээс хамаарч иргэн намайг ч гэсэн хохироохгүйгээр асуудлыг шийдэх ёстой. М.Л нь автомашин унаж эдэлсний хөлсөнд 4 500 000 төгрөг нэхэмжилсэн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг миний бие хүлээж авсан. Энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1458 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан хариуцагч А.Лаас LEXUS GX-470 маркын 87-99 ОРО дугаартай автомашин гаргуулах, автомашины элэгдэл хорогдол 4 500 000 төгрөг гаргуулах тухай М.Лгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШЗ2016/05357 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасан хугацаанд хэвээр байхыг зааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.Л давж заалдсан гомдолдоо: Би өөрийн өмчлөлийн LEXUS-470 маркийн 87-99 ОРО улсын дугаартай авто машинаа 2015 оны 1-р сард 2 давхар орон сууцаар солихоор тохиролцоод 5 хоногийн дотор орон сууцаа надад өгөхөөр тохиролцсон боловч миний машиныг энэ барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавиад зээл авсан байсан.Тухайн үед би Давхарбаяртай хийсэн арилжаагаа бүтнэ гэж л бодож явтал гэрээний үүргээ зөрчөөд алга болсон.Би араас нь хөөцөлдөж явсаар БНХАУ-ын Эрээн хотод очиж 2016-05-29-ны өдөр машинаа өөрийн болгох бичиг хийлгэж ирээд "Бичил глобус грүпп ХХК-аас өөрийн өмчлөлдөө шилжүүлж аваад л хариуцагч А.Лын хууль бус эзэмшилээс шаардсан. Хариуцагч А.Л миний эзэмшил өмчлөлийн авто машиныг 2015 оны 2-р сараас хойш өөрийн юм шиг унаж ашиглаж эхэлсэн.

А/Хариуцагч А.Л барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг юм бол Иргэний хуулийн 286-р зүйлийн 286.1-д заасанчлан "Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй"гэжээ. Хариуцагчийн барьцаанд авсан машин тухайн үед зээлдэгчийн бус өөр этгээдийн нэр дээр байсан.

Б/Мөн хуулийн 286-р зүйлийн 286.4-т "Барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй.харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй"гэжээ.Гэтэл дээрх авто машиныг маань барьцаанд авсан барьцааны гэрээ ч байхгүй учир хуулийн холбогдох зүйл заалтууд огт хамаарахгүй байхад шүүх үндэслэлгүйгээр миний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болголоо.Би өмчлөгч болохоо хуульд нийцүүлэн гаргаж өгсөн байхад шүүх огт үнэлсэнгүй.

В/.Дээрх машин миний өмч мөн болох нь Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр.Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал зэргүүдээр давхар нотлогдож байхад авто машинд улсын дугаар олгох.бүртгэл хөтлөх журмыг үндэслэн нэхэмжлэлийг маань хэрэгсэхгүй болгож байгаад маш их гомдолтой байна.Бусдын өмчийг хууль бусаар авч улмаар өөрийн өмч мэтээр ашиглаж байгаа этгээдийг өөгшүүлсэн шийдвэр гаргасан явдал нь үнэхээр харамсалтай. Иймд дээрх шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч М.Л өөрийн эзэмшлийн LEXUS GX-470 маркийн 87-99 ОРО улсын дугаартай автомашиныг хариуцагч Лын хууль бус эзэмшлээс гаргуулж авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шүүх Иргэний хуулийн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Л нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ“ “Давхарбаяр надаас 18.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлж,  зээлийн барьцаанд уг автомашиныг барьцаалж өгсөн ба тэрээр удахгүй машины бичиг баримтыг шилжүүлж өгнө гэж хэлсэн боловч худлаа хэлээд сураггүй болсон. Би энэ машиныг шударгаар эзэмшиж байгаа, машиныг өөрийн эзэмшилд байлгах хугацаандаа гражид байлгасан тул надад ч бас хохирол учирсан” гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч А.Л 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 18.000.000 төгрөгийг иргэн Давхарбаярт зээлдүүлэхдээ уг автомашиныг барьцаалсан гэх боловч тэрээр барьцааны гэрээг бичгээр байгуулаагүй, автомашин эзэмшигчийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг зохих газарт бүртгүүлснээр өөрийн өмчлөлд шилжүүлж аваагүй тул хариуцагчийг Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д зааснаар хариуцагчийг шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй.

Учир нь хариуцагч А.Лын 18.000.000 төгрөг зээлдүүлсэн тухай зээлийн гэрээнд нэхэмжлэгч оролцоогүй, М.Л гэрээний үндсэн дээр автомашиныг Давхарбаярт шилжүүлсэн боловч Давхарбаяр гэрээний үүргийг зөрчсөнөөр автомашиныг өмчлөх  эрхээ түүнд шилжүүлээгүй, хариуцагчаас мөнгө зээлэх үед зээл, барьцааны гэрээний үндсэн дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг зохих байгууллагад бүртгүүлж Бичил глобус групп ХХКомпаний өмчлөлд шилжигдсэн байсан, тээврийн хэрэгслийн гэрчилгээний өмчлөгчийн бүртгэлд анх нэхэмжлэгч М.Л бүртгэгдсэн ба дараа нь Ж.Даринчулуун, “Бичил глобус” групп ХХКомпани, М.Л /2016.09.04-нээс хойш/ бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан  зээлийн гэрээний хуулбар, тээврийн гэрчилгээний бүртгэлийн хэлтсийн лавлагаа болон зохигчдын гаргасан тайлбар бусад нотлох баримтаар батлагдаж байна. / хх-ийн 43,44, 51-53, 80 тал/

Нэхэмжлэгч М.Л “Бичил глобус” группд төлөх ёстой зээлийн төлбөрийг төлснөөр маргааны зүйл болох автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авснаар тухайн автомашины өмчлөгч болох нь тогтоогдсон  ба харин Давхарбаярын өмчлөлд уг автомашин хууль болон гэрээний үндсэн дээр шилжээгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэхэд Давхарбаяр ямар ч хамааралгүй байхад шүүх авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох тухай 2012 оны 59 дугаартай Зам тээврийн яамны сайдын тушаалын 3.3, 3.3.3-д заасныг тус тус зөрчиж улмаар Давхарбаяр уг тээврийн хэрэгслийг М.Лгийн нэр дээр шилжүүлэх үед өөрөө ирээгүй, бүртгэлийн маягтанд гарын үсэг зураагүй, итгэмжлэл ирүүлсэн нь  нотлогдоогүй, М.Л автомашиныг нэхэмжлэх эрхтэй болох нь тодорхойгүй гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэл муутай болжээ.

Иймд  нэхэмжлэгч М.Л өөрийн өмчлөлийн автомашиныг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийн үндэслэл тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан“ шүүх барьцааны гэрээ байхгүй учир хуулийн холбогдох зүйл заалтуудад огт хамааралгүй байхад үндэслэлгүйгээр миний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү...” гэх давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин нэхэмжлэгч М.Л хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад автомашины элэгдэл хорогдол, хохирол буюу 4.500.000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан байх ба нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, машины элэгдэл хорогдлыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.  

Нэхэмжлэгч М.Л өөрийн өмчлөлийн автомашиныг 65.0 сая төгрөгийн үнэтэй гэж тодорхойлсон болохоос мөнгөн төлбөр гаргуулах үүргийг хариуцагчаас шаардаагүй, хариуцагч А.Л зээлийн төлбөр болон өөрт учирсан хохирлоо жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1458 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч А.Лаас LEXUS GX-470 маркийн 87-99 ОРО улсын дугаартай автомашиныг гаргуулж нэхэмжлэгч М.Лд олгож, хариуцагч А.Лаас 4.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж

Шийдвэрийн 2 дахь заалтыг “...157.150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй” гэснийг “...86.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагч А.Лаас гаргуулж нэхэмжлэгч М.Лд олгосугай” гэж, тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч М.Лгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157.150 төгрөгийг шүүгчийн захирамжаар Төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД                                               Б.БАТТӨР

                                                                Б.ОЮУНЦЭЦЭГ