| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
| Хэргийн индекс | 181/2017/00135/И |
| Дугаар | 001/ХТ2018/00508 |
| Огноо | 2018-03-30 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2018/00508
Х.Б-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/02292 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2379 дүгээр магадлалтай,
Х.Б-ын нэхэмжлэлтэй,
“Х” ХХК-д холбогдох,
59.509,74 ам.доллар буюу 148.160.209 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баасанжаргалын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч түүний өмгөөлөгч Х.Б-, Т.Баасанжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Золжаргал нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тайванхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Б- нь 2007 оны 11 сарын 12-ны өдөр Хтай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж, 43.905.247 төгрөгийг 180 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлийн хүүгийн хувьд 2007 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл 18.21 хувь буюу үнийг задалбал банкнаас тогтоосон төгрөгийн зээлийн суурь хүү болох 13.01 хувь дээр 5.2 хувийг нэмсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тохиролцсон байдаг. 2008 оны 6 сарын 10-ны өдөр Хны зээлийн ажилтнууд нь дуудаж “Барьцаат зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ” гэгч хууль зөрчсөн хэлцэлд гарын үсэг зуруулсан. Х.Б-ын хувьд тухайн үед нь учрыг нь сайн ойлгоогүй ч өөрт ашигтай юм байна гэж итгээд уг гэрээнд гарын үсэг зурснаар өнөөдрийн байдлаар валютын ханшийн зөрүүнд ихээхэн хэмжээний алдагдал хүлээж, эдийн засгийн маш хүнд нөхцөлд орсон байна. Ийнхүү зээлийн гэрээг ам.долларт шилжүүлсний улмаас түүний Хинд төлсөн дүн нь нийт 59.709,74 /тавин есөн мянга долоон зуун есөн америк доллар далан дөрвөн цент/ буюу өнөөгийн монгол төгрөгтэй харьцах ханшаар 148.160.209 төгрөг болж байна. Х нь уг зээлийн мөнгөн хөрөнгийн хэлбэрийг валют буюу АНУ-ын доллар болгон өөрчилсөн хэлцэл нь хууль зөрчсөн хэлцэл юм. Зээлийн гэрээгээр Хнаас 43.905.247 төгрөг зээлсэн болохоос түүнтэй дүйцэхүйц АНУ-ын доллар зээлээгүй. Иймд Х болон Х.Б- нарын хооронд байгуулагдсан 2008 оны 06 сарын 10-ны өдрийн 49100050-01 дугаартай “Барьцаат зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үр дагаварт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу уг гэрээгээр шилжүүлсэн бүх зүйлсийг буюу ам долларын зээлд төлсөн 59.509 ам.долларыг нэхэмжлэл гаргах өдрийн ханш болох 2489.68 төгрөгөөр тооцож, 148.160.209 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Х” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Х.Б- нь Хтай харилцан тохиролцож 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан 49100050 дугаартай Барьцаат зээлийн нэмэлт өөрчлөлт оруулж 49100050-01 дугаартай гэрээ байгуулсан. Уг гэрээг зээлдэгч Х.Б- нь Хтай харилцан тохирч бичгээр байгуулж, гарын үсэг зурсан. Талууд хуульд заасан хэлбэрийн шаардлагыг ханган, хууль тогтоомжид нийцсэн агуулгаар, гэрээний чөлөөт байдлын зарчимд үндэслэн харилцан тохиролцож байгуулсан Барьцаат зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээг нэхэмжлэгч валютын ханшийн зөрүүнд ихээхэн хэмжээний алдагдал хүлээж, эдийн засгийн маш хүнд нөхцөлд орсон гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэдийгээр 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан Барьцаат зээлийн гэрээний дагуу зээлдэгч Х.Б- төгрөгийн зээл авсан боловч зээлийн хүүгээ бууруулах зорилгоор Барьцаат зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээний дагуу зээлийн төлбөрийн үлдэгдэл хэсгийг АНУ-ын долларын ханшид шилжүүлсэн болно. Талууд нэгэнт байгуулсан Барьцаат зээлийн гэрээндээ харилцан тохиролцож хуулийн шаардлага хангасан байдлаар өөрчлөлт оруулсан нь хууль зөрчсөн гэж үзэхгүй. Иймд Барьцаат зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйл болон 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/02292 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Б-ын Х ХХК-д холбогдуулан гаргасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн дагуу шилжүүлсэн 59.509 ам.доллар буюу 148.160.209 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376.000 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Х.Б-оос дутуу төлсөн 522.751 /таван зуун хорин хоёр мянга долоон зуун тавин нэгэн/ төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2379 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/02292 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 898.751 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Т.Баасанжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 сарын 17-ны өдрийн 2379 дүгээр магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч Х.Б- нь 2008 оны 6 сарын 10-ны өдөр 49100050-01 дугаартай “Барьцаат зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ”-г Хтай байгуулаад байгаа үйл явц нь өөрийн эрх үүргээ өөрчлөх зорилгоор хийгээд байгаа хэлцэл биш, зөвхөн зээлээр авсан мөнгөн тэмдэгтийнхээ төрлийг сольж байгаа үйл явц юм. Гэтэл шүүгч үүнийг зээлдэгчийн эрх үүргээ өөрчилж байгаа мэтээр шийдвэртээ тайлбарласан байх ба Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар дүгнэсэн нь мөн адил дараах байдлаар үгүйсгэгдэнэ. Үүнд гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах гэсэн үзэл санаан дотор хуулийн хүрээнд гэсэн маш тодорхой ойлгогдохоор санаа байгааг анхаарсангүй. Хуульгүйгээр гэрээг чөлөөтэй байгуулах, агуулгаа өөрсдөө тодорхойлох гэсэн үзэл санаа энд байхгүй, харин гэрээний талууд хуульд нийцүүлж гэрээ байгуулах гэсэн хууль тогтоогчийн санаа явааг анхаарах нь чухал байсан гэж өмгөөлөгч би үзэж байна. Анх Х.Б-ын Хтай байгуулсан гэрээг хууль зүйн үүднээс авч үзвэл талууд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох” гэрээг байгуулсан байх ба зээл олгосон мөнгөн хөрөнгийн төрөл нь Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр байжээ. Гэтэл Х нь уг зээлийн мөнгөн хөрөнгийн төрлийг валют буюу АНУ-ын доллар болгон өөрчилсөн хэлцэл нь хууль зөрчсөн хэлцэл юм. Үүнээс гадна өөрчлөлт оруулсан 49100050-01 дугаартай гэрээнээс хойш Х.Б- нь төгрөгтэй харьцах ам.долларын ханшинд өнөөдрийг хүртэл асар их хохирол хүлээсэн. Хууль буцаан хэрэглэхгүй байх зарчмаараа үзэхэд мөнгөн тэмдэгтийн төрөл өөрчлөгдөх үеийн ханш болох 1159,3 төгрөгтэй тэнцэх байдлаар л Х.Б- төлөх учиртай байсан. Х.Б- төгрөгийн зээлийн харилцаагаа дуусгавар болгохдоо гэрээгээр хүлээсэн үүрэг болох 43.905.247 төгрөгийг өөрөө төлж барагдуулснаар уг үүрэг дуусгавар болно, харин долларын зээл авах харилцааг үүсгэхдээ уг долларыг харилцах дансанд нь банк шилжүүлснээр, эсхүл гарт нь олгосноор энэ төрлийн харилцаа шинээр үүсэх нь хуульд нийцнэ. Гэтэл Х энэ хуульд нийцсэн үйл ажиллагааг Х.Б-ын өмнөөс өөрсдөө дур мэдэн хийсэн. Энэ нь хууль зөрчсөн үйл ажиллагаа гэдгийг шүүх хуралдаан дээр удаа дараа тайлбарлаад байхад хэргийг шийдвэрлэсэн нь гомдол гаргах үндэслэл боллоо. Хны хууль зөрчсөн үйл ажиллагааг нотлуулах зорилгоор Монгол банкийг шинжээчээр томилуулж, асуултыг маш ойлгомжтойгоор тавьж, зарим зүйлс дээр дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан ба шүүгч хүсэлтийг хангаж, шинжээч томилсон. Гэвч Монгол банкны нэр бүхий шинжээчид 49100050-01 дугаартай гэрээ буюу ам.долларын зээлийн гэрээний эргэн төлөлтөд дүгнэлт хийж хариулсан байсан. Өөрөөр хэлбэл шинжээч томилсон шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй учир өмгөөлөгч миний бие эл асуултад заавал хариулт авах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой тул хүсэлт гаргаснаар дахин “Нэмэлт шинжилгээ хийлгэх” шүүгчийн захирамж гарсан. Хариу нь мөн дээрхтэйгээ ижил ирсэн, шүүх хуралдаан дээр 2 шинжээч нь ирж дүгнэлтээ тайлбарлахдаа “уг асуултад хариулт өгөхөөс хууль зүйн үндэслэлгүйгээр татгалзсан”. Эцэст нь дүгнэлт хийхэд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй, шинжээчийн дүгнэлт гарсны дараа нэхэмжлэлийн шаардлага тодорхой болно гэдгийг удаа дараа тайлбарлаад байхад шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хууль зүйн хувьд хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь шүүхээр өөрийн шийдвэрлүүлэхийг хүссэн маргаанаа шийдвэрлүүлж чадалгүй, огт өөр зүйлийг шийдвэрлүүлээд эцэст нь хохироод үлдсэн. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тайванхүүгийн “...хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт 148.160.209 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч Х эс зөвшөөрөхдөө талууд хуулийн дагуу гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, гэрээ хүчин төгөлдөр гэж маргажээ.
Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасны дагуу шаардлага гаргаагүй тул Иргэний хуулийн 58, 59, 60 дугаар зүйлд заасан үндэслэлүүдийн талаар шалгах, хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй...” гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Х.Б- нь 2007 оны 11 дүгээр сарын 12-ний өдөр Хтай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 43.905.247 төгрөгийг 180 сарын хугацаагаар зээлжээ. Талууд 2008 оны 6 дугаар сарын 10-ний өдөр дээрх зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, зээлийн үлдэгдэл 43.592.977 төгрөгийг / 1 ам долларыг 1159.3 төгрөгөөр тооцон/ 37.603 ам. долларт шилжүүлэн, жилийн буюу 360 хоногийн суурь хүүгийн хэмжээ 11 хувь байхаар тохирчээ /хэргийн 6-9, 16-17 дугаар тал/.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...барьцаат зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, ийн тогтоосны үр дагаварт уг гэрээгээр шилжүүлсэн 59.509.74 ам долларыг буцаан гаргуулах”аар шаардахдаа нэхэмжлэлийн агуулгыг “...банкны ажилтнууд зээлээ ам.долларын зээлд шилжүүлчих, ингэх нь танд ашигтай, хүү нь төгрөгийн зээлээс бага байдаг гэж ятгасан, Х.Б- тухайн үед учрыг сайн ойлголгүй гарын үсэг зурсан, гэтэл валютын ханшийн зөрүүд ихээхэн хэмжээний алдагдал хүлээж, эдийн засгийн хувьд хүнд нөхцөл орсон...” гэж тодорхойлжээ.
Тодорхой бус шаардлагыг нэхэмжлэлийн агуулгын хэмжээнд зөв тодорхойлох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 67 дугаар зүйлийн 67.1.1-т нийцэх бөгөөд ингэснээр шүүх мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэр гаргах нөхцөл бүрдэнэ.
Анхан шатны шүүх шаардлагын агуулга нэхэмжлэлийн үндэслэлтэй хэрхэн уялдаж байгааг нарийвчлан тодорхойлж чадаагүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т нийцээгүй байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, шинжээч томилж “Х.Б-ын Хинд төлсөн ам долларын хэмжээг тухайн төлсөн өдөр бүрээр нь Монгол банкны зарласан хаалтын ханшаар нь тулгалт хийх замаар төгрөгийн зээлээс нь хасч тооцох, ийнхүү тооцсоны дараах байдлаар Хнаас анх зээлсэн 43.905.247 төгрөгийн зээлийг хүүгийн хамт төлж дуусгасан эсэх, эсхүл одоогийн байдлаар хэдэн төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй эсэхийг банкны хүү, зээл бодох аргачлалын дагуу талуудын байгуулсан гэрээ болон Х.Б-ын төлсөн дансны хуулгуудыг үндэслэн тогтоох”-ыг даалгасан бөгөөд шинжээч уг асуултад хариулаагүй гэж үзэн нэмэлт шинжилгээ хийлгэхээр захирамж гаргажээ.
Шинжээч 2017 оны 7 дугаар сарын 25-ний өдөр дахин дүгнэлт гаргасан боловч захирамжид дурдсан асуултад бүрэн хариулаагүй байна /хэргийн 104-106, 123-128 дугаар тал/.
Шинжээч тавьсан асуултад хариулт өгөөгүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 47 дугаар зүйлийн 47.1-т нийцээгүй гэж үзэх ба энэхүү асуудал нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т нийцээгүй байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/02292 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2379 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 898.751 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ