Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 845

 

-

 

 

 

 

 

 

 

 

Б.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Б.Зориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор А.Нямсүрэн /томилолтоор/,

шүүгдэгч Б.Г,

хохирогч М.С,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 358 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч М.С-ын гаргасан давж заалдах гомдлоор Б.Г-т холбогдох 201625030612 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж овогт Б.Г, 1969 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:.../,

Б.Г нь 2016 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 20 дугаар гудамж, 177 тоот гэрт хамтран амьдрагч М.С-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, элдүүрээр цохих, хутгаар хатгах зэрэг байдлаар олон тооны шарх гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Б.Г-ын үйлдсэн онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Г-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 552 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Г-ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 69 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, шүүхээс оногдуулсан ялыг бүрэн эдэлж дууссанд тооцож, түүнийг шүүх хуралдааны танхимаас чөлөөлж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч М.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.С би Б.Г-тай нэг гэрт амьдарч байгаад 2016 оны 3 дугаар сарын 28-нд 23 удаа хутгалуулж Цэргийн төв эмнэлэгт түргэнээр хүргүүлж очин оёдол тавиулж, цусаа тогтоолгож эмнэлэгийн төлбөргүй учраас гэрээр эмчлүүлж шархаа эдгээсэн. Мөн шүүх эмнэлэгийн дүгнэлт гаргуулсан. Дараа нь 2016 оны 6 дугаар сард Ганбаатар гудамжинд барьж аваад хүчээр гэртээ аваачин уруул, толгой, тархийг 3 удаа тоосгоор цохиж зодсон. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн байцаагч Б-г байцааж байх хугацаанд 1 жил гаруй зугатааж алга болсон. Цагдаа нь олдохгүй байна гэсэн. Хохирлыг чинь барагдуулж өгнө гээд буцааж явуулсаар энэ оны 8 сарын сүүлээр олдсон. Тэгээд намайг та “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд оч, хэрэг бараг шийдэгдэж байгаа...” гэхээр нь очсон. О гэж шүүгчийн туслах дээр очоод би эмчлүүлмээр байна гэхэд та нэхэмжлэл гаргах шаардлагагүй, удахгүй шийдийг нь өгнө гээд олон хоног болсон. Дахин дахин очсоны дараа энэ хэргийг хохирогч Саранзулыг оролцуулалгүйгээр шийдвэрлэсэн гэж хэлээд тогтоол өгсөн. Яагаад хохирогч надгүйгээр шүүх хуралдаан болдог юм бэ гэхэд “...болдог юм, гар, зайл...” гэсэн. Миний бие одоо бие муу байгаа, гомдолтой байна. Миний настай ээжийг минь хүртэл утсаар ярьж дарамталсан байсан. Та бүхэн шудрагаар шүүж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад хэлэх тайлбар байхгүй байна. Хохирол мөнгө төлөөгүй нь үнэн. Ойрын хугацаанд хохирол төлнө...” гэв.

Прокурор А.Нямсүрэн нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч М.С анхан шатны шүүх дээр хохиролтой байна гэсэн байна. Анхан шатны шүүх хуралдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлд зааснаар бичгээр оролцох хүсэлтээ өгсөн бол заавал оролцуулах шаардлагатай байдаг.  Хохирогч шүүх хуралд оролцох хүсэл гаргаагүй учраас хохирогчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

 Анхан шатны шүүхээс хохиролыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн. Харин мөрдөн байцаалтын шатанд хохирогч гомдол, саналгүй гэсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                                                     ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар ялтан болон ялтны өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Б.Г-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв гэж үзжээ.

Гэвч хавтаст хэрэгт буй баримтаас үзэхэд:

1.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиуны гаргасан 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №726 дугаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоох захирамжид /хавтас хэргийн 160 хуудас/ “...урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 11 цаг 30 минутад улсын яллагч, яллагдагч, өмгөөлөгч нарыг оролцуулан...” гэж,

Мөн Чингэлтэй дүүргийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №743 дугаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамжид /хавтас хэргийн 167 хуудас/ “...улсын яллагч, шүүгдэгч...” нарыг оролцуулан гэж  зөвхөн прокурор яллагдагч хуралд оролцохоор заасан байх бөгөөд хэргийн гол оролцогч хохирогч М.С-ын эрх буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.4 дэх заалтын хохирогч “...шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох...” гэсэн хохирогчийн хууль ёсны эрхийг нь хангалгүйгээр  хуралдааны товыг зарлаж хэргийг шийдвэрлэсэн байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр  зүйлийн 9 дэх заалтад “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явахаас 3-с доошгүй хоногийн өмнө оролцогчдод мэдэгдэнэ...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.13 дугаар зүйлийн 1 дэх заалтад “... хохирогч...  шүүх хуралд ирээгүй бол шүүх хуралдаан даргалагч түүнийг оролцуулахгүйгээр хэрэг хэлэлцэж болох эсэхийг улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нараас асууж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх, эсвэл хойшлуулах эсэхийг шийдвэрлэнэ...” гэж тус тус заасан байхад дээрх ажиллагаа огт хийгдээгүй байна.

 Дээр дурдсан баримтуудаас үзэхэд  шүүх хуралд зөвхөн прокурор, яллагдагч оролцохоор урьдчилан заасан байх бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдааны товуудыг хохирогч М.С-д  огт мэдэгдэлгүй  хуралдааныг хийж хохирогчийн эрх ноцтой зөрчигджээ.

2. 2017 оны 7 сарын 18-ны  өдрийн 38  дугаартай “яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолд  “Б.Г-т 2017 оны  7 сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтаар яллагдагчаар татаж” өөрчлөлт оруулжээ. /хх-133-134/ ,

 Гэтэл 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд ийм зүйл заалт байхгүй байна.

 Хавтас хэрэгт буй баримтуудаас үзэхэд 2017 оны 7 cарын 18-ны өдөр  дээр дурдсан хуульд байхгүй зүйл анги танилцуулж хохирогчоор тогтоож мэдүүлгүүдийг /хх-137-139/  авсан  байх бөгөөд 2017 оны 7 сарын 20-ны өдөр 2002 оны Эрүүгийн  хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3–д зааснаар хэрэг үүссэн гэж шинжээчид хэргийг  /хх-140/ гэж танилцуулж мэдүүлэг авсан, мөн 2017 оны 7 cарын 19-ний өдөр мөн зүйл ангиар ял сонсгож  яллагдагчаас мэдүүлэг авсан, /хх-141-143/ гэх мэтчилэн үүнээс хойшхи бүх ажиллагааг хоорондоо зөрчилтэй, хууль зөрчиж явагдсан байх бөгөөд Б.Г-т Шинэчлэн найруулсан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 11.2  дахь хэсгийн дахь хэсгийн 2.1, 2.8 дэх хэсэгт зааснаар буюу Эрүүгийн хуульд байхгүй ял сонсгосон  тэмдэглэл үйлдэж,  оролцогсдод хэргийг танилцуулжээ. /хх-150-152/

            Гэтэл прокурор  дээрх байдалд дүгнэлт өгөлгүй  Б.Г-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт  үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт хууль зөрчсөн ноцтой алдаа байхад  яллах дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь  хуульд нийцээгүй байна.

            Хохирогч М.С-ын хохирол төлбөр төлөгдөөгүй, хор уршиг арилаагүй, гомдол санал ихтэй байхад шүүх хуралдааны товыг мэдэгдэхгүй, түүнийг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэж, хохирогчийн эрхийг ноцтой зөрчсөн, мөн мөрдөн байцаалтын шатанд хэргийн бүрдүүлэлтийг хууль зөрчиж явуулсан байхад анхан шатны шүүх түүнд дүгнэлт өгөөгүй байна.

Иймд  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Г-т холбогдох хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 358 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Г-т холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Б.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ОЮУНЧУЛУУН

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

                                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ