Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 126

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: М А ХХК

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Газрын алба

           Нэхэмжлэлийн шаардлага: “М А ХХК-ийн эзэмших Д******* хүүхдийн зуслангийн зориулалттай газрыг 2004 оны Газар эзэмшүүлэх гэрээ, ****** дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ, Газрын баталгаат хэмжээ тогтоосон актад заасан 26 га хэмжээгээр зөвтгөн газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг Сүхбаатар дүүргийн Газрын албанд даалгуулах” 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, Н.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М А ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд болон шүүх хуралдаанд аргасан нэхэмжлэлдээ: “Нийслэлийн ногоон бүс Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Шаргаморьтын амны дээд төгсгөлд оршдог манай компанийн өмчлөлийн Д******* хүүхдийн зуслан байрладаг.

1. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1984 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 30 дугаар тогтоолоор ОХУ-ын өмч болох “Д*******” хүүхдийн зусланд 12 га газрыг эзэмших эрх олгож, “Газар эдлэх эрхийн үнэмлэх”-ийг №ГБ-12 олгосон байдаг.

М А ХХК тус хүүхдийн зусланг 2004 онд хувьчлан авч, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандан газар эзэмших эрхийг баталгаажуулахаар хүсэлт гаргасан.

Уг хүүхдийн зусланг өмчлөлдөө авсны дараа холбогдох хөрөнгийг бүртгэж үзэхэд  эзэмшил  12  га  газар  дотор  зуслангийн  амралтын байрууд, соёл, зоогийн

газар, спорт тоглоомын байгууламжууд байрлаж байсан.

Харин зуслангийн цэвэрлэх байгууламжууд, насос станц, усан сангийн гүний худгууд, зуслангийн удирдлага, харуулын байр, амрагч хүүхдүүдийг угтах, үдэх бетон талбай зэрэг инженерийн байгууламжууд нь эрүүл ахуйн шаардлагын үүднээс тусдаа хол байрлаж байсан.

Иймд дээрх 12 га газраас гадна талд байрлаж байгаа эдгээр өмч хөрөнгөө хадгалах, хамгаалах зайлшгүй шаардлагын улмаас орчин тойрны газрыг оролцуулан нэмэгдүүлэн баталгаажуулах хүсэлтийг 2004 оны 6 дугаар сарын 10- ны өдрийн 22 дугаар албан бичгээр дүүргийн захиргаанд гаргасан юм.

Энэхүү хүсэлт нь Засаг даргын Тамгын газрын 2004 оны ирсэн бичгийн бүртгэлийн 2******* дугаарт, мөн газрын албаны ирсэн бичгийн бүртгэлийн 2******* дугаарт бүртгэгдсэн болох нь нотлох баримтаар тогтоогдоно.

Манай хүсэлтийг үндэслэн Сүхбаатар дүүргийн газрын албаны мэргэжилтэн, газар зохион байгуулагч нар уг газар дээр очиж үзэж, хэмжилт хийсний үндсэн дээр дээрх байгууламжуудыг гаднах байгууламжуудын хамт оруулаад, нийт газрын хэмжээг 26 га байхыг харилцан зөвшөөрч, захирамжид оруулсан баримтууд байна.

Дээрх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 28- ны өдрийн “газар эзэмшүүлэх тухай” 154 дүгээр захирамжаар М А ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэн 26 га газар болгон эзэмшүүлэхээр баталгаажуулж, тус захирамжийг үндэслэн Газрын алба, М А ХХК-ийн хооронд 326 дугаартай Газар эзэмших, ашиглах гэрээг 2004 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр байгуулж, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2004 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ****** дугаарын гэрчилгээг олгосон.

Газрын тухай хуулийн 27-р зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасны дагуу гэрээ, гэрчилгээг үндэслэн Газрын баталгаат хэмжээ тогтоосон акт үйлдэж, газрын хилийн заагийг тогтоож баталгаажуулсан юм.

 Энэхүү Газрын баталгаат хэмжээ тогтоосон акт нь газрын байршил, хилийн зааг, хэмжээг илэрхийлсэн үндсэн баримт бичиг учраас одоогийнхоор газрын кадастрын зургийн үүргийг гүйцэтгэдэг чухал эрх зүйн үндсэн баримт бичиг мөн болно.

2004 онд манайд 26 га газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулах үед дүүргийн газрын албанд газрын кадастрын мэдээллийн цахим сан байгаагүй Газрын баталгаат хэмжээг тогтоосон акт зургийг үйлдэж өгч байсан, Уг актыг тухайн үеийн газрын албаны дарга А*******, газар зохион байгуулагч Б******* нар зурж гарын үсэг баталгаажуулсан байдаг.

Манай компани өөрийн эзэмшил 26 га газрыг гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж, газрын төлбөрийг жил бүр төлж ирсэн.

Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд 2008 оноос Нийслэл дүүргийн Газрын албууд нь өөрийн архивт байгаа газар эзэмшигч нарын хувийн хэргийн баримт, газрын баталгаат хэмжээний акт баримтуудаа үндэслэн Улаанбаатар хотын газрын мэдээллийн санд иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшиж, ашиглаж буй газрыг Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэж, газрын хил зааг, хэмжээг тогтоосон зураглалыг цахим хэлбэрт оруулж эхэлсэн байдаг.

Ийм учраас бид 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдөр эзэмшил газрын кадастрын зургийг Газар эзэмших гэрээ, гэрчилгээнд заасан 26 га хэмжээгээр хийлгүүлж, Сүхбаатар дүүргийн Газрын албанд мэдээллийн санд бүртгүүлэхээр өгсөн учир өөрийн эзэмшил газрыг цахим санд бүртгэгдсэн, холбогдох баримтууд нь ч Газрын албаны архивт хадгалагдаж байх ёстой гэж ойлгож байсан болно. Иймд газрын алба нь гэрээ, гэрчилгээг үндэслэн манай эдэлбэр газрын баталгаат хэмжээг тогтоосон акт зургийг өөрийн мэдээллийн сандаа оруулсан байх үүрэгтэй юм.

Гэтэл Сүхбаатар дүүргийн Газрын алба манай компанийн газрын хувийн хэрэгт байсан материалуудыг устгасан, мөн эзэмшил газрын хэмжээг багасгаж, 12 га болгон газрын кадастрын мэдээллийн санд оруулсан болохыг олж мэдсэн.

Энэ байдлыг М А ХХК мэдмэгцээ Сүхбаатар дүүргийн Газрын алба, Нийслэлийн газрын албанд хандан газрын хэмжээг зөвтгөн мэдээллийн санд 26 га-гаар оруулах хүсэлт, гомдлоо гаргасан боловч шүүхэд газрын маргаан байгаа гэдэг үндэслэлээр уг газрын хэмжээг зөвтгөн оруулахаас татгалзаж, хууль бус эс үйлдэхүй гаргаж байгаа болно.

Ийнхүү М А ХХК-ийн Газар эзэмших гэрээ, гэрчилгээнд заасан 26 га газрын хэмжээг хууль бусаар 12 га болгон багасган мэдээллийн санд оруулсны улмаас Газрын тухай хуульд заасны дагуу манай компанийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.

Иймд М А ХХК-ийн эзэмших Д******* хүүхдийн зуслангийн зориулалттай газрыг 2004 оны Газар эзэмшүүлэх гэрээ, ****** дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ, Газрын баталгаат хэмжээ тогтоосон актад заасан 26 га хэмжээгээр зөвтгөн газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг Сүхбаатар дүүргийн Газрын албанд даалгуулах гэсэн шаардлагыг гаргаж байна.

М А ХХК-д 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамжаар 15 жилийн хугацаатай зуслангийн газар эзэмшүүлэхээр олгож, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Э*******ын гарын үсэгтэй ****** дугаартай  гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийг баталгаажуулж өгсөн. 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасны дагуу 2004 оны 154 дүгээр захирамжийг үндэслэн 04******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж газрын төлбөрийг Газрын тухай хуульд заасны дагуу жил бүр авдаг.  

Хариуцагчийн буруугаас 154 дүгээр захирамжийг алга болгосон байдаг. Харин манайд байгаа Захирамжаар 26 га хэмжээгээр газрыг М А ХХК-д эзэмшүүлнэ гэж заасан байдаг. М А ХХК-ийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох хэргийг 2007 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 235 дугаар захирамжаар Захиргааны хэргийн шүүхийн шүүгч нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Захирамжийг харвал нэг тал Сүхбаатар дүүргийн Засаг дарга н.А*******, Сүхбаатар дүүргийн Газрын албаны дарга Ё.Э******* нарын гарын үсэгтэй эвлэрлийн гэрээ байгуулж захирамж гаргасан байдаг.

Үүнээс харахад хариуцагч нь М А ХХК-д 154 дүгээр захирамжаар 26 га газар эзэмшүүлсэн, ****** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. 2007 оны энэхүү шүүхийн шийдвэр өнөөдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа бол энэ талаар маргахгүй гэж заасан. 

Тэгэхээр 2007 оны шүүхийн шийдвэрт хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга н.А*******,  Сүхбаатар дүүргийн Газрын албаны дарга Ё.Э******* нар М А ХХК 26 га хэмжээгээр газар эзэмшдэг, газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, газрын кадастрын зурагтай байна  гэж хүлээн зөвшөөрсөн үйл баримт байгаа учраас өнөөдөр хүчин төгөлдөр захирамж, гэрчилгээ байхгүй гэж маргах үндэслэл байхгүй. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа учраас 2004 онд М А ХХК-д олгосон. ****** дугаартай гэрчилгээ, гэрээ, кадастрын зурагт байгаа 26 га газрын хэмжээгээр Газрын албаны кадастрын мэдээллийн санд бүртгэх үүргээ биелүүлэхгүй байгаа Сүхбаатар дүүргийн Газрын алба 26 га хэмжээгээр М А ХХК-ийн эзэмшдэг газрыг мэдээллийн санд бүртгэж өгнө үү.” гэв.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Газрын алба, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М А ХХК-д 2004 онд олгогдсон ****** дугаартай архивын материалыг үндэслэн хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. 

М А ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдагдсан ****** дугаар бүхий 26 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх олгогдоогүй байхад бичигдсэн хүчин төгөлдөр бус гэрчилгээ юм.

Дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамжаар М-А х ХХК-д 400 м.кв газрыг 15-р хороо, /тухайн үеийн/ Шарга морьтод эзэмшүүлснээр өөр захирамж гараагүй болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа  154 дүгээр захирамж хариуцагчийн архивт байхгүй гэж байна. Энэ захирамж  манай албаны архивт байгаа. Тус захирамжийн хавсралтад 400 м.кв газрыг М А ХХК-д эзэмшүүлэхээр заасан байна. Тиймээс 26 га хэмжээтэй газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бус гэрчилгээ гэж үзэж байна. Мөн Газрын кадастрын мэдээллийн сан анх яаж үүссэн тухай нэхэмжлэгч маш дэлгэрэнгүй тайлбарлалаа. 2007 онд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн алслагдсан зуслангийн газрыг мэдээллийн санд бүртгэх ажил явагдсан. Тухайн үед кадастрын зураг хийж байсан байгууллагыг нэхэмжлэгч мөн тодорхой дурдлаа. Уг зурагт тухайн үед газар дээрээ байгаа бүх бодит зүйл, хашаа, байшин, үл хөдлөх хөрөнгө,  малын саравч, 2, 2 хэмжээтэй айлын жорлонг хүртэл бүртгэж тусгасан тийм зураг юм. М А ХХК-ийн хуучин хүүхдийн зуслан яг байгаа хэмжээгээрээ 11.7 га хэмжээгээр мэдээллийн санд бүртгэгдэж өнөөдөр ч бүртгэлтэй хэвээрээ байна. 

2004 онд 400м.кв газар эзэмших эрх олгогдсон өнөөдрийн байдлаар эзэмших эрхгүй. Тухайн үед байгаа юмыг бүртгэсэн учир эрх олгогдоогүй боловч бүртгэл байгаа. Энэ хашаа 1980-д оноос хойш байгаа гэдгийг нотлох л юм. Тухайн үед Газрын албаны мэргэжилтэн н.Б******* энэ схем зургийг үзэж, хийгээд 2008 онд мэдээллийн санд тухайн үед хийсэн зургаар яг байгаа хэмжээгээр нь оруулсан. Илүү 26  га газар гэж дээд тал, уул тал руу гарсан, зүүн болон 3 тийш, урд талруугаа сунгасан “Т*******” ХХК-ийн 2008 оны 06 дугаар сард үйлдсэн кадастрын зургаар мэдээллийн санд бүртгэл хийх боломжгүй. Тухайн үед 26 га газар хүчин төгөлдөр байгааг схем зураг хийж баталж газар зохион байгуулагч үйлдээд оруулж байсан бол одоо 26  га газар гэж олгосон гэрчилгээний ард байгаа схем зураг харж байна. Схем зурагт  газар зохион байгуулагч Н.Б*******гийн зурсан зургаас урд талаараа байгаа хэдэн байшинг бүгдийг оруулаад, тэр дотор байсан сүүлд  хэргийн газрын үзлэгээр харсан урд талд байсан хэдэн байшинг “Т*******” ХХК хийхдээ яг голд нь цоолж аваад хасаж гаргаж 26 га болгосон байна. 

Энэ зураг схем зураг хоорондоо зөрж байгаа. 2002 оноос хойш хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн шаардлагыг хүсэлт гаргагчид тавьдаг. Тухайн үед хүсэлт гаргаж байсан бол хүсэлт гаргасан газар нь тодорхой хэсэг нь давхцаж байна. Тийм учраас 26 га газрыг хүчин төгөлдөр гэрчилгээ гэж үзэж  энэ “Т*******” ХХК-ийн хийсэн схем зургийг мэдээллийн санд оруулах боломжгүй юм.  Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М А ХХК-иас “Д******* хүүхдийн зуслангийн зориулалттай газрыг 2004 оны Газар эзэмшүүлэх гэрээ, ****** дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ, Газрын баталгаат хэмжээ тогтоосон актад заасан 26 га хэмжээгээр зөвтгөн газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг Сүхбаатар дүүргийн Газрын албанд даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

М А ХХК нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1984 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 30 дугаар  тогтоолоор 12 га газрыг түрээсгүйгээр эдлүүлэхээр шийдвэрлэсэн Зөвлөлтийн сургуулийн пионерын зусланг худалдан авч, Ү-220301 дугаартай  үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдэж, уг зуслангийн эзэмшил газар нь 117289 м.кв хэмжээтэйгээр 18******* нэгж талбарын дугаараар газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд  бүртгэгджээ.

Нэхэмжлэгчээс “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамжаар 26 га газар эзэмших эрхтэй болж, Газар эзэмших эрхийн ****** дүгээр газар эзэмших гэрчилгээ, Газар ашиглах гэрээгээр  баталгаажсан” гэж маргаж байгаа боловч М А ХХК-д 26 га газар эзэмшүүлсэн захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь шүүхэд ирүүлээгүй. 

Тус шүүхээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын архивт үзлэг хийхэд дүүргийн Засаг даргын М А ХХК-д 26 га газар эзэмшүүлсэн 2004 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамж эх хувиараа болон файл хэлбэрээр хадгалагдаагүй, мөн Нийслэлийн архивын газраас ирүүлсэн  лавлагаагаар уг захирамж хадгалагдаагүй болохыг дурджээ.   

Нэхэмжлэгчээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан С.Нд хадгалагдаж байсан гэх 154 дүгээр захирамжийг  хавсралтын хамт нотлох баримтаар гарган өгсөн боловч дүүргийн Засаг даргын тамга, тэмдэг дарагдаагүй, албажаагүй хувь байх тул  нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

М А ХХК-ийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох “Оросын хүүхдийн Д******* зуслангийн эзэмшил газар болон ойн сан бүхий эргэн тойрон эрүүл ахуйн халдвар хамгааллын 500 метр хүртэл газарт олгож буй Сүхбаатар дүүргийн Засаг даргад цаашид шинээр газар олгохгүй байх талаар зохих акт гаргахыг даалгах, ойн сан бүхий газарт хашаа сууц барьсан иргэдэд зуслангийн газар хувьчлах талаарх асуудлыг зогсоох” шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 235 дугаар  захирамжаар нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Эвлэрлийн гэрээнд  “... М А ХХК-ийн хүүхдийн Д******* зуслангийн эзэмшил 26 га газар болон түүний эргэн тойрон эрүүл ахуй халдвар хамгааллын бүс 500 метр хүртэлх ойн сан бүхий газарт 2007 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойш бусад иргэд аж ахуйн нэгж байгууллагад газар олгохгүй, эзэмшүүлж, ашиглуулахгүй байх” -аар тохиролцсон байна.

            Нэхэмжлэгчээс “дээрх шүүгчийн захирамжийн дагуу 26 га газар эзэмших эрхтэй” гэж тайлбарлан маргаж байгаа боловч уг шүүгчийн захирамжаар М А ХХК-ийн 26 га газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлээгүй, харин 26 га түүний эргэн тойрны 500 метр газарт бусдад газар эзэмшүүлэхгүй байх талаар хариуцагчтай тохиролцсон тохиролцоог баталсан байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын архивт хийсэн үзлэгээр  М А ХХК нь 2004 онд өөрийн эзэмшил газраа 26 га-аар баталгаажуулах хүсэлтээ Сүхбаатар дүүргийн Засаг даргад гаргасан нь мөн оны бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн, газрын гэрчилгээ олгох журналд 26000 м.кв гэж тэмдэглэгдсэн боловч уг хүсэлтийг шийдвэрлэж, 26 га газрыг М А ХХК-д эзэмшүүлсэн захирамж гарсан эсэх нь тогтоогдохгүй байна. 

Сүхбаатар дүүргийн Газрын албанаас ирүүлсэн хариу тайлбарт  “...М А ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдагдсан ****** дугаар бүхий 26 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ нь дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх олгогдоогүй байхад бичигдсэн хүчин төгөлдөр бус гэрчилгээ юм. Дүүргийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамжаар М-А х ХХК-д 400 м.кв газрыг эзэмшүүлснээс өөр захирамж  гараагүй” гэж тайлбарладаг бөгөөд уг захирамжийг Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр  М А ХХК-д хүргүүлж байжээ.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1.”энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан ... газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг ... тухайн шатны Засаг дарга гаргана;” 34 дүгээр зүйлийн 34.1.-т “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.” гэж заасан.

Гэтэл М А ХХК-д 26 га газрыг эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжгүйгээр 2004 оны 7 дугаар 28-ны өдөр Газар ашиглуулах гэрээ байгуулж, 2004 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ****** дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байх тул Газрын баталгаат хэмжээ тогтоосон актад заасан  26 га хэмжээгээр зөвтгөн газрын кадастрын мэдээллийн санд оруулах боломжгүй гэж үзсэн Сүхбаатар дүүргийн Газрын албаны эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх боломжгүй байна. 

Иймээс “М А ХХК-ийн хүүхдийн зуслангийн зориулалтаар эзэмшдэг газрыг 2004 оны Газар эзэмшүүлэх гэрээ, ****** дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ, Газрын баталгаат хэмжээ тогтоосон актад заасан 26 га хэмжээгээр зөвтгөн газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг Сүхбаатар дүүргийн Газрын албанд даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1-т зааснаар М А ХХК-ийн “Д******* хүүхдийн зуслангийн зориулалттай газрыг 2004 оны Газар эзэмшүүлэх гэрээ, ****** дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ, Газрын баталгаат хэмжээ тогтоосон актад заасан 26 га хэмжээгээр зөвтгөн газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг Сүхбаатар дүүргийн Газрын албанд даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АДЪЯАСҮРЭН