Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2021/0366

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Дын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, цахимаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.З, А.Бнарыг оролцуулан Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүүгийн давж заалдах гомдлоор, Х.Дын нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр:

“...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4, 52.5.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Х.Дын гаргасан “Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн а/342 дугаар “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай” захирамжийн дөрөвдүгээр заалтын иргэн Х.Д болон “Х у г д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хоёр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гдээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Дээрх шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлд заасан “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэх зарчим, уг зарчмын дагуу бусад хуулиудад тусгагдсан заалт, зохицуулалтуудыг илт буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаатай, нэхэмжлэгчийн өмчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.   

“Өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэдэг нь хууль буюу гэрээний үндсэн дээр шударгаар эзэмшиж байгаа хувийн өмч, эрхийг гэмт этгээдийн халдлагаас хамгаалахаас гадна төрийн байгууллага албан тушаалтны дур зорго, алдаатай шийдвэрийн улмаас хөрөнгө, эрхэд зүй бус хохирол үүсэхээс сэргийлэх, эрхийг сэргээн тогтоох үүргийг төрд хүлээлгэсэн зарчим юм. 

Төрийн энэхүү үүрэг нь маш өргөн хүрээнд хэрэгжих бөгөөд газар эзэмших эрхийг баталгаажуулан иргэнтэй гэрээ байгуулж, Улсын бүртгэлийн байгууллагаас үнэт цаасанд хэвлэсэн гэрчилгээ олгож байгаа газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх журмыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан нь үүний нэг илрэл юм.

Улсын бүртгэлийн байгууллагаас олгосон хүчин төгөлдөр газар эзэмших болон өмчлөх эрхийн гэрчилгээг өөртөө хадгалж байгаа нөхцөлд зөвхөн Х.Д гэхгүйгээр иргэн хэн бүхэн өөрийнх нь эрх хуулиар хамгаалагдсан гэж итгэдэг.

Гэтэл маргаан бүхий газарт “Х у г д” ХХК-ийн барилга байрлаж байгаа үндэслэлээр шалгуур болгож Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл болон бусад хууль тогтоомжийг илтэд зөрчсөн шийдвэр гаргасан байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Газар эзэмших эрхийн гэрчилгээг эзэмшүүлэх гэрээ, хүсэлтгүйгээр газар эзэмшүүлсэн гэх Засаг даргын 2015 оны а/342 дугаар захирамжид хамаарах шийдвэр гаргах ажиллагаа хэлбэрийн шаардлагуудыг биелүүлээгүй нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох эрх зүйн зөрчилд хүргэх үр дагавартай боловч энэ тохиолдолд маргаан бүхий газарт газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлэхдээ уг газрыг хэн бодитоор эзэмшиж, ашиглаж байгааг захиргааны байгууллага харгалзан хүсэлтийг шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “Газар өмчлөх эзэмших, ашиглахад шударга, тэгш байдлыг хангах” зарчимд нийцсэн байх бөгөөд” гэх дүгнэлт, маргаан бүхий газрыг “Х у г д” ХХК бодитоор ашиглаж байгаатай маргаагүй гэх дүгнэлтээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “Газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” нь “Төрөөс газрын талаар баримтлах зарчим”-ыг тодорхойлж тогтоосон заалт юм.

Үүнийг анхан шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн. “Х у г д” ХХК-ийн барилга тухайн газарт байрлаж байгаа тул “Х у г д” ХХК газрыг эзэмшигч байх ёстой гэж тайлбарлахаас илүү Х.Д хууль журмын дагуу өмнөх эзэмшигчээс шилжүүлэн авсан тул Х.Д тухайн газрын эзэмшигч мөн гэж тайлбарлах нь шударга ёсны байх, тэгш байдлыг хангах зарчимд нийцнэ.

Х.Д бусад иргэдийн адил газрын эзэмших эрхийг олж авахын тулд өмнөх эзэмшигчтэй гэрээ байгуулж, төлбөр төлж, төрийн байгууллагатай гэрээ байгуулан өөрийн олж авсан эрхийг бүртгүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд уг үүргээ хэрэгжүүлсэн.

Газар эзэмших эрхийг олж авахын тулд төлсөн төлбөр, тухайн мөнгөн хөрөнгийг олж авахын тулд зарцуулсан хүч хөдөлмөр, цаг хугацаа, ирээдүйд олж болох орлого, боломж бүгдийг нь “Х у г д” ХХК-ийн худал агуулгатай хүсэлт, а/342 дугаартай захирамж зэргээр үгүй хийж байгаа нь шударга бус байна.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан зохицуулалт болон уг хуулийн бусад заалтууд бүхэлдээ “Төрөөс газрын талаар баримтлах зарчим”-ыг тодорхойлж, хамгаалах зорилготой цогц систем юм.

Гэтэл Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг илэрхий зөрчсөн захирамж, “уг хуулийн 4 дэх хэсэгт заасан зарчимд нийцнэ” гэж үзсэн нь буруу дүгнэлт болно.

Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 сарын 19-ний өдрийн 6 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэж шүүхийн практикт хууль хэрэглээний эдгээр алдаа нутагшсан тохиолдолд цаашид Монгол улсад өмчийн эрхийн хамгаалалт гэх ойлголт, итгэл устана.

Манай улс чөлөөт эдийн засгийг дэмжих бодлого баримталж, иргэний эрх зүйн харилцаандаа чөлөөт байдлын зарчмыг тусгасан тул иргэн хуулийн этгээдүүд зах зээл дээр маш өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.

Газрын өмчлөх, эзэмших эрхийг бусдад хугацаатайгаар, төлбөртэй болон төлбөргүйгээр ашиглуулж, барьцаалж, арилжааны хэрэгсэл хэлбэрээр ашиглаж олон хэлбэрээр газрын эрхийн үр шимийг хүртэж байдаг. Зөвхөн дээр нь барилга барьж байж тухайн газрын үр шимийг хүртдэг гэж хязгаарлагдмал хүрээнд сэтгэж болохгүй.

Шүүхийн шийдвэрээс үзэхэд “Х у г д” ХХК нь тухайн газрыг бодитоор ашиглаж байгаа тул а/342 захирамжаар түүнд газрын эрхийг шилжүүлсэн гэдэг. Гэвч захирамж болон хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарт энэхүү үндэслэлийн талаар дурдагдсан зүйлгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт маргаан бүхий а/342 дугаартай захирамж Газрын тухайн хуулийн 38 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн нь “хэлбэрийн шаардлагуудыг зөрчсөн” гэж тайлбарласан байна.

Гэвч энэ нь хэлбэрийн шаардлага зөрчсөн бус хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн үндэслэлгүй шийдвэр болно.

Анхан шатны шүүх хоёр үндсэн дүгнэлт хийсэн байдаг. Үүнд:

1.“Х у г д” ХХК газрын бодитоор ашиглаж, эзэмшиж байгаа, энэ талаар талууд маргаагүй гэх.

2.Х.Дын эрх ашиг зөрчигдөөгүй гэх “Х у г д” ХХК маргаан бүхий газрыг эзэмших эрхийг хууль бусаар өөртөө шилжүүлэн авч эзэмших болсон тул Х.Д нэхэмжлэл гаргасан. Ерөнхийдөө газартай холбоотой маргаан бол нэхэмжлэгчийн зүгээс өөрийнх нь эзэмшил, өмчлөлийн газарт өөр этгээд эрх хэрэгжүүлээд байгаагаас үүдэх тохиолдол нийтлэг байдаг.

“Х у г д” ХХК газрыг хууль бусаар эзэмшээгүй бол нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахгүй. Маргааны энэ шинжийг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгож байгаа нь өөрөө үндэслэлгүй дүгнэлт.

Мөн анхан шатны шүүх маргаан бүхий актыг эрх зүйн зөрчилтэй акт болохыг дүгнэсэн боловч газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ уг газрыг хэн бодитоор эзэмшиж, ашиглаж байгааг захиргааны байгууллага харгалзан хүсэлтийг шийдвэрлэсэн нь “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцнэ гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Маргаан бүхий захиргааны актаар Х.Дт анх газар эзэмших эрх олгосон 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 567 дугаар захирамжийн түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Х у г д” ХХК-д түүний газрыг хууль бусаар шилжүүлэн, гуравдагч этгээдэд 2000 м.кв газрыг олгож шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжийг гаргахдаа “Х у г д” ХХК-ийн 2015 оны газрын хэмжээг сунгах, газрын гэрчилгээнүүдийг нэгтгэх тухай хүсэлтүүдээс өөр хүсэлтүүдэд үндэслээгүй нь тогтоогдсон.

Тус хүсэлтүүдэд “Х у г д” ХХК нь 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 567 дугаар захирамжаар газар эзэмшдэг, Х.Дын эзэмшилд байгаа газрыг өөрийн компанийн нэр дээр шилжүүлж байгаа. Гэрчилгээнүүдийг нэгтгэж нэг гэрчилгээ болгон өгнө үү гэх агуулга л байдаг.

Маргаан бүхий актыг гаргахдаа хэн бодитоор тухайн газрыг эзэмшиж, ашиглаж байгааг харгалзан шийдвэрлэсэн гэх үйл баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеэр нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд тус маргаан бүхий баримт, захирамжийн үндэслэл болсон хүсэлтүүдийг харахад энэ үйл баримт тогтоогдоогүй нь илэрхий байхад шүүх ийнхүү дүгнэсэн нь үндэслэлгүй.

Шүүхээс эрх зүйн зөрчилтэй маргаан бүхий актыг хүчингүй болгосноор Х.Дын газар эзэмших эрх, уг эрхээсээ үр шим хүртэх хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн сэргэх нь ойлгомжгүй. Бодит байдал дээр эрх, ашиг сонирхол нь сэргэхгүй, нэгэнт өөр этгээд байшин барьчихсан гэдэг нь өмчлөх, эзэмших эрхийг хэт явцууруулж дүгнэсэн дүгнэлт болно.

2008 онд 100.000.000 төгрөгөөр худалдан авсан газрын зах зээлийн төлөвөөс дүгнэхэд 2015 оны байдлаар 300.000.000 төгрөгөөр үнэлэгдэх боломжтой.

Иргэнийхээ 300.000.000 төгрөгийн үнэлгээтэй байж болох хөрөнгийн эрхийг хууль бусаар шилжүүлсэн хэрнэ “Чамд хохирол учраагүй” гэж хэлэх нь хэр шударга вэ.

Мөн анхан шатны шүүх А.Жы Х.Дт газар эзэмших эрх шилжүүлсэн гэрээнд Х.Д гарын үсэг зураагүй болох нь хэлбэрийн хувьд илэрхий гэж дүгнэсэн.

Захиргааны хэргийн шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх бөгөөд тус маргааны хувьд Х.Дын газар эзэмших эрх ямар үндэслэлээр дуусгавар болсон, тэр нь үндэслэлтэй эсэх, гуравдагч этгээд “Х у г д” ХХК-ийн газар эзэмших эрх, хэзээ, юуг үндэслэж үүссэн болох, тэр нь хуульд заасан газар эзэмшүүлэх журамд нийцсэн эсэх талаарх дүгнэлт хийх хүрээ хязгаартай байх ёстой боловч маргааны үйл баримтад хамааралгүй асуудлаар дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 6 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

Газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар зөвхөн газар эзэмшигчийн эрх бөгөөд харин ийнхүү шилжүүлэх хүсэлтийг хүлээн авсан Засаг дарга тухайн эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргасан болон хуульд заасан бусад шаардлагыг хангасан эсэхийг тодруулах үүрэгтэй.

   Гэтэл маргаан бүхий захирамжаар нэхэмжлэгч Х.Дын эзэмшлийн 300 м.кв газрыг “Х У д” ХХК-д шилжүүлэхдээ хариуцагчаас хуульд заасан дээрх шаардлага хангагдсан эсэхийг нягтлаагүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэнгүй.

   Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 567 дугаар захирамжаар нэгж талбарын 150502674 дугаартай 300 м.кв газрыг анх үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар Х.Дт эзэмшүүлж, мөн оны 10 дугаар сарын 1-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, гэрээ байгуулжээ.

   Анхнаасаа газрын гэрээ, гэрчилгээ дээрх гарын үсэг Х.Дынх биш, уг газрыг түүний дүү нар нь иргэн А.Жаас худалдан авч, түр хугацаанд ахынхаа нэр дээр шилжүүлсэн, мөн бодит байдалд уг газарт зочид буудал, зоогийн газар бүхий 6 давхар барилга баригдан “Х У д” ХХК үйл ажиллагаа явуулж байгаа гэх зэрэг үйл баримтууд нь Засаг даргын Газрын тухай хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж, газар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр өөр этгээдэд газар шилжүүлсэн маргаан бүхий захирамжийг хууль зүйн хувьд зөвтгөх үндэслэл болохгүй.

Энэ талаар шүүхийн шийдвэрт ч “…захирамж гарахдаа газар эзэмшигчийн хүсэлтийг авалгүйгээр газрын эрхийг шилжүүлсэн…” гэх нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгээгүйгээр үл барам “…шийдвэр гаргах ажиллагаа дахь хэлбэрийн шаардлагуудыг биелүүлээгүй алдаа нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох эрх зүйн зөрчилд хүргэх үр дагавартай…” гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлдээ “…уг газрыг хэн бодитоор эзэмшиж байгааг харгалзан хүсэлтийг шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцнэ…” гэх зэргээр хуулийг буруугаар тайлбарлаж хэрэглэсэн байна.

Гуравдагч этгээд “Х У д” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Х.Дт газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамжтай маргадаггүй, шүүхэд гаргасан хариу тайлбартаа ч уг захирамжаар 300 м.кв газар Х.Дт олгосныг хүлээн зөвшөөрдөг төдийгүй харилцан тохиролцсоны дагуу газрын эрхийг компанийн нэр дээр шилжүүлэхээр болж, газрын эрхийг шилжүүлэх, гэрээнд гарын үсэг зурах эрхийг хүү Д.Х-Эдээ итгэмжлэлээр олгосон…” гэдэг. 

Гэвч бодит байдалд газар эзэмших эрхийг шилжүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй, өөрөөр хэлбэл газар эзэмшигч Х.Дын хүсэлт, талуудын хооронд байгуулсан нотариатаар гэрчлүүлсэн гэрээ хийгдээгүй байхад зөвхөн нэг талын буюу шилжүүлэн авагч “Хан-Уул дисковери” ХХК-ийн хүсэлтийг үндэслэж гарсан захирамжийг хүчингүй болгох нь Газрын тухай хуульд нийцнэ.

Гуравдагч этгээдийн тайлбарт буй Х.Даас хүү Д.Х-Эд олгосон итгэмжлэл 1-р хавтаст хэргийн 71 дүгээр талд авагдсан байх бөгөөд уг итгэмжлэлийг 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр олгосон, мөн олгосон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хүчинтэй байна. Гэтэл Засаг даргын А/342 дугаар захирамж үүнээс хойш 2 жилийн дараа буюу 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гарсан байх тул газрын хувийн хэрэгт авагдаагүй энэхүү итгэмжлэлийг нотлох баримтаар үнэлэх шаардлагагүй.  

Магадгүй төрсөн ах дүү нарын хооронд тухайн үед зохих хэлцэл хийгдсэн байхыг үгүйсгэхгүй боловч Засаг даргын захирамжтай маргаж буй энэ тохиолдолд захиргааны хэргийн шүүх иргэний журмаар шийдвэрлэгдвэл зохих үйл баримтыг бус Газрын тухай хуулийг баримтлан хэргийг шийдвэрлэх ёстой. Тухайлбал 300 м.кв газрыг бодит байдалд хэн, хэрхэн, ямар хугацаанд ашиглаж байгаагаас үл хамаарч тухайн газрын хууль ёсны эзэмшигч нь Х.Д байна.

 

Учир нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрын энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж зааснаас үзэхэд тухайн газар дээр үйл ажиллагаа явуулж буй гуравдагч этгээдээс илүү нэхэмжлэгч хууль заасан шаардлага хангасан газар эзэмшигч байх тул түүний газар эзэмших эрхийг шилжүүлэх харилцаа зөвхөн нэхэмжлэгчийн зөвшөөрлийн үндсэн хийгдэх нь хуулийн шаардлага болно.

Анхнаасаа нэхэмжлэгчид газар эзэмших эрх бодитоор үүсээгүй, тийм ч учраас газрын эрхийг шилжүүлэхэд хүсэлтийг нь авах шаардлагагүй байсан гэж үзвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгох эрх хариуцагчид бий. Гэтэл хариуцагчаас шүүх гаргасан бичгийн тайлбартаа энэ талаар бус харин ямар баримтуудыг үндэслэж захирамж гаргасан болохыг дурдахын сацуу газрын хувийн хэрэгт Х.Дын хүсэлт, газар эзэмшүүлэх гэрээ авагдаагүйг, мөн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй болохыг тус тус хүлээн зөвшөөрчээ.   

Нэхэмжлэгч, гуравдагч этгээд болон гэрчүүд бүгд төрсөн ах дүүс байх тул дан гэрчийн мэдүүлгээр маргааныг шийдвэрлэх нь хангалтгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3.1-д заасныг баримтлан Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, Х.Дын нэхэмжлэлийг хангаж, Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн а/342 дугаар захирамжийн 4 дэх заалтын “…2009 оны 567 дугаар захирамжийн хавсралтаас Х.Д…,” гэснийг; хавсралтын “Х У д” ХХК-д эзэмшүүлсэн 2000 м.кв газраас 300 м.кв-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүүгийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН