Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 134/ШШ2017/00012

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1971 онд төрсөн, 46 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 7 дугаар байрны 2-19 тоотод оршин суух, Даа овогт Шарын Адъяамаагийн /РД:ЕВ71060607, утас:95280863/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвд /Хуулийн этгээдийн РД:9018433 , утас:96065516, 99833534/ холбогдох

 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/09 тоот, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/11 тоот тушаалуудыг хүчингүй болгуулж, тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Адъяамаа, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, хариуцагч П.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Энхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Адъяамаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвд тогоочоор ажиллаж байгаад 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр авто осолд орж удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлсэн бөгөөд актаа цаг хугацаанд нь байгууллагадаа өгч, 2014 оны 04 дүгээр сарын 13-наас хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан гэж 6 сарын хугацаатай группт орсон. Энэ тухай дарга Ц.Даваасүрэнд мэдэгдэхэд “чи эдгэрсэн тохиолдолд буцаад ажилдаа орж болно, чиний ажлын байр хэвээр хадгалагдана” гэсэн тул би группээ сунгуулан эмчилгээ хийлгэж байгаад 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ажилдаа буцаж орох тухай өргөдлөө гаргасан. Тухайн үед чиний оронд түр хүн ажиллуулж байгаа хөдөлмөрийн гэрээ нь дуусаагүй байгаа тул хүлээж бай гэрээ нь дуусахаар ажилдаа ор гээд 3 сарын дараа буюу 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Эрүүл мэндийн төвийн даргын Б/01 тушаалаар тус төвийн тогоочоор ажиллах болсон. Гэтэл Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Биндэръяагийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/11 тушаалаар дахин ажлаас чөлөөлсөн. Уг тушаал нь хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчсөн тушаал тул би зөвшөөрөхгүй байна. Учир нь би хөдөлмөрийн гэрээг зөрчөөгүй, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж арга хэмжээ авахуулж байгаагүй, үйлчлүүлэгч болон хэвтэн эмчлүүлэгч нараас гомдол гарч байгаагүй тул хөдөлмөрийн сахилга алдаагүй. Миний ажлын байр Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар намайг өвчтэй байх хугацаанд хадгалагдаж байх ёстой.

Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д зааснаар ажлаас чөлөөлсөн атлаа, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчин надад ямар нэгэн ажил санал болгоогүй халсан. Харин энэ тухай маргаан үүсгэхээр архивын холбогдох баримтыг хуулбарлан авах үед Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Даваасүрэнгийн 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/09 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг олж мэдлээ. Уг тушаалд Хөдөлмөрийн хуулийн 40.1.2, 38.1.3 дахь заалтуудыг үндэслэн намайг “...гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тул 2014 онд 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалсугай” гэсэн байна. Уг тушаалыг надад хэн ч мэдэгдээгүй, танилцуулаагүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.3 гэсэн заалт байдаггүй. Хөдөлмөрийн хуулийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон талаар тусгай мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан байхыг шаарддаг. Гэтэл миний бие нь 60 хувийн группт орсон. Тус Эрүүл мэндийн төв нь надад мэдэгдэлгүйгээр 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/09 тушаал гаргасан нь намайг өвчтэй байхад ажлаас халсан байна. Мөн Эрүүл мэндийн төвийн даргын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар надад тэтгэмж өгсөн гэж байгаа нь үндэслэлгүй. Эрүүл мэндийн төвөөс надруу залгаад үр дүнгийн мөнгө өгсөн гэж хэлсэн тул үүнийг би үр дүнгийн мөнгө орж ирлээ гэж их баярласан.  

Иймд 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/09 тоот тушаал, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/11 тоот тушаалыг хүчингүй болгуулж, тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэв. 

Хариуцагч Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ажилтай П.Ганчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Ш.Адъяамаа нь 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/09 тоот тушаалыг мэдээгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2014 оны 12 дугаар сарын 16 ны өдрийн Б/45 дугаар тушаалаар түүнд 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон байгаа нь ажлаас чөлөөлсөн тушаалыг мэдээгүй гэдгийг үгүйсгэж байна. Тэрээр 2014 оны Б/09 тоот тушаалыг авахдаа албан ёсоор байгууллагад хүсэлт гаргаж аваагүй, харин хувийн журмаар 2016 оны 07 дугаар сард хуулбарлаж авсан. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс Ш.Адъяамааг хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан тул ажил хийж чадахгүй гэсэн дүгнэлт гаргасан. Иймд 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/09 тоот тушаал үндэслэлтэй. Уг тушаалын талаар одоо 2 жилийн дараа маргаан гарч байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн ч бид тушаалыг гардуулж өгсөн гэдэг нотлох баримтыг гаргаж өгч чадахгүй байна. Нэхэмжлэгч өмнөх хуралдаанд тайлбарлахдаа 2015 оны 03, 04 дүгээр сард мэдсэн гэж хэлдэг. Тиймээс тухайн үед энэ тушаалыг эсэргүүцээд нэхэмжлэл гаргах боломжтой байсан.   

Р.Тунгалагийн нэхэмжлэлийн дагуу Говьсүмбэр, Дорноговь аймгийн иргэний хэргийн давж заадах шатны шүүхийн 202/МА2016/00024 дугаартай магадлалыг үндэслэн Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/11 тоот тушаалаар Ш.Адъяамааг ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу ажил олж өгөх ёстой байсан боловч тус төвд Ш.Адъяамааг ажиллуулах орон тоо, цалин сан байхгүй учраас ажлын байр санал болгоогүй. Ш.Адъяамааг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ажилд авсан тушаал нь Хөдөлмөрийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасныг баримталсан байна. Гэтэл энэ заалт нь эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа тохиолдолд ажлын байрыг хадгална гэсэн заалт юм. Нэхэмжлэгч магадлагаатай байгаагүй тул хуулийн заалтыг буруу баримталж гаргасан тушаал байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                               

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Адъяамаа нь Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/09 дугаартай тушаал, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/11 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгуулж, тус Эрүүл мэндийн төвийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хойш хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь Р.Тунгалагийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийн дагуу тогоочийн ажилд авсан тул Ш.Адъяамааг ажиллуулах орон тоо, цалин сан байхгүй үндэслэлээр түүнд ажлын байр санал болгоогүй, харин 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/09 тоот тушаалыг Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлтийг үндэслэн гаргасан. Мөн ажлаас халагдсаны тэтгэмж олгосон тул үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.

Шүүх Ш.Адъяамааг ажлаас халах тухай тушаалуудын үндэслэлийн талаар дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:  

  1. Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд:

1.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэжээ. Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/09 дугаартай тушаалыг нэхэмжлэгч архиваас 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээж авсан гэж тайлбарлаж, үүнийгээ хэргийн 129-130 дугаар талд авагдсан тушаалын ар талын бичилтийг үндэслэж байгаа боловч шүүх үүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно. Учир нь “тушаалыг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Д.Ууганбат хүлээлгэж өгсөн” гэж байгаа ба Д.Ууганбат нь хаана, ямар ажил, албан тушаал эрхэлдэг талаар холбогдох баримт болон тушаалыг энэ өдөр хүлээлгэж өгсөн талаар өөр бусад нотлох баримтаар нотлогдоогүй.

Гэвч хариуцагч 2014 оны Б/09 дугаартай тушаалыг гармагц, эсхүл 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс өмнө гардуулж өгсөн, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар нотолж чадаагүй болно.  

Гэрч Ц.Даваасүрэн “би өөрөө даргын хувьд тушаалыг заавал өгөх албагүй, дүн бүртгэгч тушаалын хувийг нь өгсөн байх ёстой” гэж мэдүүлсэн /хх-47/ нь тушаалыг гардуулж өгсөнийг нотолж чадахгүй байгаагаас гадна өөр бусад бичгийн нотлох баримт байхгүй байна.

Иймд нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн тухай 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/09 дугаартай тушаалыг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, ажлаас буруу халсан талаарх гомдлоо тус шүүхэд 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан  гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг /нэг сар/ хэтрүүлээгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч уг тушаалыг мэдсэн байх боломжтой, цаг хугацааны хувьд 2 жил гаруй хугацаа өнгөрсөн, өөрөө 2016 оны 03, 04 дүгээр сард мэдсэн гэж /хх-149/ тайлбарласан хэдий ч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “...шийдвэрийг хүлээн авсан...” гэж заасан тул үүнийг үндэслэн 2014 оны Б/09 тоот тушаалыг үндэслэлтэй эсэх талаар хянан шийдвэрлэлээ.

1.2. Нэхэмжлэгч нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/11 дугаартай тушаалыг үндэслэлгүй гэж үзэж, гомдлоо 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд гаргасан байх тул хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж шүүх дүгнэв. 

 

   2.Ш.Адъяамааг ажлаас халсан тушаалууд үндэслэлтэй эсэх талаар:

2.1. 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/09 дугаартай Ш.Адъяамааг ажлаас чөлөөлөх тухай тушаал үндэслэлтэй эсэх талаар:

Нэхэмжлэгч нь 2014 оны 01-04 дүгээр саруудад эмнэлгийн магадлагаатай /хх10-13/, ажил хийх боломжгүй байсан болох нь эмнэлгийн хуудсаар тогтоогдож байгаа бөгөөд уг хугацаанд түүнийг ажлаас халаагүй, ажлын байр нь хадгалагдаж байжээ. Энэ нь 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/03 дугаартай Д.Болор-Эрдэнийг ажилд авах тухай тушаалаар тогтоогдлоо /хх74/. 

Харин Ш.Адъяамааг 2014 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан тухай Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлт гарсан гэж ажил олгогч түүнийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан буюу эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэх үндэслэлийг баримталсан байна. Гэрч Ц.Даваасүрэн “...60 хувиар групп тогтоолгосон талаараа надад амаар хэлсэн. Тэгээд ч гар нь хугарсан хүн тогтоочийн ажил хийх боломжгүй... Групп тогтоолгосон шийдвэрээ надад албан ёсоор авчирч өгсөн юм байхгүй. Тухайн үед хүмүүсийн яриагаар 6 сарын хугацаатай групп тогтоолгосон гэж сонссон...” гэж мэдүүлсэн нь /хх-46/ Ш.Адъяамааг эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсоныг тогтоосон шийдвэр гарсан гэдгийг үгүйсгэж байна.

Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 2014 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар, 6 сарын хугацаатай тогтоож, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1 жилээр, 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 12 сараар, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 12 сараар тус тус сунгасан байна /хх124-128/. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажилтан эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон талаар Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны шийдвэр гарсан байхыг шаарддаг. Гэтэл дээрх шийдвэрт Ш.Адъяамаа нь Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн тогоочийн ажилд тэнцэхгүй болсон талаар дурдаагүй ба ажил, мэргэжилдээ тэнцэхгүй гэх албан ёсны дүгнэлт гараагүй байхад Ш.Адъяамааг ажлаас халсан нь үндэслэлгүй юм.

Нөгөө талаар нэхэмжлэгч нь 60 хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан хэдий ч Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/85/241 тоот тушаалын хавсралтын 1.4.3-т “өвчин эмгэг нь архагшин эрхтэн бие махбодын тогтоц, үйл ажиллагаанд удаан хугацаагаар нөлөөлж, хөдөлмөрийн чадвар нь алдагдсан боловч өвчтөн өөрөө өөртөө үйлчлэх чадвартай, өвчилж гэмтсэн эрхтэнд харшлахгүй ажлыг мэргэжлийн эмчийн хяналтын дор хийж болох иргэнд хөдөлмөрийн чадвар алдалтыг 50-69 хувиар тогтооно” гэсний дагуу ажил, хөдөлмөр эрхэлж болно гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байгаа боловч дээрх заавар нь Ш.Адъяамааг ажлаас халсанаас хойш буюу 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр баталсан болохыг дурдах нь зүйтэй. Харин Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 304 дүгээр тогтоолоор батлагдсан Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар 50-69 хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан бол хөдөлмөрийн чадвараа хагас /хэсэгчлэн/ алдсан гэж үзнэ.  

Я.Цэвэлийн Монгол хэлний товч тайлбар тольд дурдсанаар “тэнцэхгүй” гэдэг үгийг “нийцэхгүй, таарахгүй, зохицохгүй, тохирохгүй” гэдэг агуулгатай гэж тайлбарласан. Иймд Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрт дээрх агуулга бүхий дүгнэлт байхгүй, харин нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвараа хэсэгчлэн алдсан байна. Энэ нь ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэх агуулгыг илэрхийлэхгүй юм.  

Хэдийгээр 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ш.Адъяамаа нь нийгмийн даатгалаа сайн дураар төлж байсан нь /хх22-23/ түүний ажлын байр хадгалагдаагүй гэж үзэх үндэслэлтэй хэдий ч Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар Ш.Адъяамааг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн атлаа 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 тоот тушаалаар /хх4/ ажилд томилохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасан буюу эмчийн магадлагаагаар чөлөөтэй байгаа гэх үндэслэлийг баримтлан ажилд томилсон нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан байхад ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байсан гэж үзэж ажилд авсан нь хуульд нийцээгүй. Үүнээс дүгнэхэд ажил олгогч нь ажлын байрыг хадгалж байсан гэж ойлгуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж дүгнэхээр байна. 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй, энэ талаар холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/09 дугаартай тушаалд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авч, түүнийг Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/09 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан боловч Ш.Адъяамааг ажилд нь эгүүлэн тогтоосон тул уг тушаал нь цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй юм. Иймд шүүх тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй.

 

2.2. 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/11 дугаартай тушаал үндэслэлтэй эсэх талаар:           

   Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажилтныг урьд эрхэлж байсан албан тушаалд ажил олгогч нь эгүүлэн авах үүрэгтэй гэж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д зааснаар ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно гэж тус тус заажээ. Тус шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 134/ШШ2016/00045 дугаар шийдвэрээр Р.Тунгалагийг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд Говьсүмбэр, Дорноговь аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 202/МА2016/00024 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ /хх-164-172/.  

Хуульд зааснаар Р.Тунгалагийг шүүхийн шийдвэрээр Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн тогоочийн албан тушаалд эгүүлэн тогтоосноор Ш.Адъяамаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байх тул түүнийг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/11 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэхгүй. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэж заасан. Хариуцагч нь орон тоо, цалин сан байхгүй тул бололцооны өөр ажил санал болгоогүй гэж тайлбарласан ба Ш.Адъяамаа нь бололцооны дагуу өөр ажил олж өгөхийг даалгуулах тухай шаардлага гаргаагүйг дурдах нь зүйтэй.

   Иймд ажил олгогчийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/11 дугаартай тушаал хууль зөрчөөгүй тул уг тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй. Мөн ажилгүй байсан 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хойш хугацааны цалинг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагууд үндэслэлгүй гэж шүүх дүгнэв. 

Харин ажлаас чөлөөлөгдсөн 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс хойш Ш.Адъяамаа нь ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан талаар зохигч тайлбарласан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэр гаргасан болно.  

Энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул ажлаас халагдсан шаардлага буюу үнэлэх боломжгүй шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах үндэслэлтэй байна. Харин хариуцагч нь хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үндэслэлгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1, 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Адъяамааг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/11 дугаартай тушаал үндэслэлтэй байх тул ажилгүй байсан 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хойш хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ц.НАРАНЧИМЭГ