| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2020/0245/Э |
| Дугаар | 282 |
| Огноо | 2020-03-31 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ж.Э |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 282
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,
Улсын яллагч Ж.Энх-Амгалан,
Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гөрөөчин овогт Б-н Цод холбогдох эрүүгийн 1809020340384 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, өрлөгчин ажилтай, ам бүл-1, Орхон аймгийн Жаргалант сумын 2 дугаар баг 6-13 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ФВ 85053113 / Гөрөөчин овогт Б-н Ц нь:
- 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо “Баатар” нэртэй үсчин гоо сайхны салоны текин дээрээс хохирогч Т.Энхзулын Айфонь 10 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2.384.000 төгрөгийн буюу бага бус хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Энхзул мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө 9 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Сайн ноён хаан Намнансүрэнгийн гудамж 1-1А байранд “Баатар” нэртэй үсчин гоо сайхны салон нээж байгаа юм. Салоны текин дээр утсаа орхиж яваад хувцсаа солиод буцаад гарч ирээд утсаа анзааралгүй юм хийж байгаад гэнэт утас байхгүй байхаар нь хайсан чинь байхгүй байсан. Би утсаа алга болсныг цагийн дараа мэдсэн гэжээ. / хх 14 /
Гэрч Т.Батшижир мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Пүрэвцогт ах бид хоёр буцаж саун руу ороод байж байтал уг саунд ажиллаж байсан эмэгтэй “Миний гар утас алга болчихлоо” гэж хэлсэн. Камер шүүж үзэхэд нөгөө Цэрэнтогтох гэх залуу уг эмэгтэйн гар утсыг текин дээрээс хулгайлаад гараад явсан байсан гэжээ. / хх 15 /
“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 24 /
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 12 /
Яллагдагч Б.Ц мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэжээ. / хх 28 /
Шүүгдэгч Б.Цыг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 55-56 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 21 / зэрэг болно.
Шүүгдэгч Б.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Согтуудаа утсыг аваад явчихсан юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо “Баатар” нэртэй үсчин гоо сайхны салоны текин дээрээс хохирогч Т.Энхзулын Айфонь 10 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2.384.000 төгрөгийн буюу бага бус хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Салоны текин дээр утсаа орхиж яваад хувцсаа солиод утсаа анзааралгүй юм хийж байгаад гэнэт утсаа хайсан чинь байхгүй байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Энхзулын мэдүүлэг / хх 14 /, ...Саунд ажиллаж байсан эмэгтэй “Миний гар утас алга болчихлоо” гэж хэлсэн. Камер шүүж үзэхэд нөгөө Цэрэнтогтох гэх залуу уг эмэгтэйн гар утсыг текин дээрээс хулгайлаад гараад явсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Т.Батшижирийн мэдүүлэг / хх 15 /, ...“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 24 /, ...Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 12 /, ...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Б.Цын мэдүүлэг / хх 28 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Цыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хохирлыг төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Ц нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хувийн байдлыг харгалзан түүнд хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Ц нь бусдад төлөх төлбөргүй дурьдаж, түүний цагдан хоригдсон 60 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гөрөөчин овогт Б-н Цыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б-н Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Цын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Ц нь төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Цын цагдан хоригдсон 60 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Б.Цод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Цод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ