| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00423/И |
| Дугаар | 00558 |
| Огноо | 2016-10-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 00558
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн би, Хөх тэнгэрийн заяа ХХК-ийг төлөөлж Г.Эрдэнэзулын төлөөлөн нэхэмжлэлтэй Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, Жаргалантын 19 дүгээр байрны 23 тоотод оршин суух, Анчин овогт Дуламын Мөнхбаяр /РД:ГЭ74012011/-т холбогдох зээл, зээлийн хүү, алданги 2880000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00423/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Хөх тэнгэрийн заяа ХХК-ийг төлөөлж Г.Эрдэнэзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөх тэнгэрийн заяа ХХК-аас Д.Мөнхбаяр нь барьцаат зээлийн гэрээ байгуулан 6000000 /зургаан сая / төгрөг 60 хоногийн хугацаатай сарын 10% хүүтэй зээлж авсан. Зээлийн эргэн төлөлтийг зээл авснаас хойш өдөрт 120000 төгрөгөөр төлж барагдуулахаар гэрээгээр тохиролцсон боловч 44-н өдрийн зээлийн төлөлт 5280000 төгрөг төлсөн боловч үлдэгдэл үндсэн зээл, зээлийн хүү болох 1920000 төгрөгийг төлөлгүй хохироож байна. Барьцаат зээлийн гэрээний 10-д зааснаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хоногт 0,5% алданги бодохоор тохиролцсон байх тул гэрээг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хооронд байгуулсан ба түүнээс хойш өнөөдрийг хүртэл 141 хоног, өдрийн алданги 9600 төгрөг нийт 141*9600=1353600 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ".... анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй " гэж заасан байх тул дээрхи 1353600 төгрөгийн алдаги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа тул хуульд нийцүүлэн алдангийг 1920000 төгрөгийн 50% буюу 960000 төгрөг болгон бууруулж тооцож байна. Иймд Д.Мөнхбаяраас зээлийн үндсэн үүрэг 1920000 төгрөг, алданги 960000 төгрөг нийт 2880000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Мөнхбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хөх тэнгэрийн заяа ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие нь Хөх тэнгэрийн заяа ХХК-ийн нэхэмжилсэн 2880000 төгрөгнөөс үндсэн зээл 1920000 төгрөг алданги 480000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна. Үлдэгдэл 480000 төгрөгийг эдийн засгийн хямралын улмаас бизнес орлого муу явагдаж байгаагаас төлөхөд хүндрэлтэй байна гэжээ.
Хөх тэнгэрийн заяа ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэзул шүүхэд гаргасан тайлбартаа: Хөх тэнгэрийн заяа ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Д.Мөнхбаярын тайлбартай танилцлаа. Мөнхбаяр нь зээл зээлийн хүү 1920000 төгрөг, алданги 480000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул татгалзах зүйлгүй байна. Манай компани алданги 480000 төгрөгөөс татгалзаж байна. Иймд зээл, зээлийн хүү, алданги нийт 2400000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны дотор Д.Мөнхбаяр төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Хөх тэнгэрийн заяа ХХК нь Д.Мөнхбаярт холбогдуулан зээл, зээлийн хүү, алданги бүгд 2880000 төгрөг гаргуулаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2880000 төгрөгөөс 2400000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь алданги 480000 төгрөг гаргуулахаас татгалзсан тайлбар ирүүлж эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Хөх тэнгэрийн заяа ХХК нэхэмжлэлтэй, Д.Мөнхбаярт холбогдох зээл, зээлийн хүү, алданги бүгд 2880000 /хоёр сая найман зуун наян мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2880000 төгрөгөөс 2400000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь алданги 480000 төгрөг гаргуулахаас татгалзан харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 61030 /жаран нэгэн мянга гучин/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 30515 /гучин мянга таван зуун арван таван мянга/ төгрөг, хариуцагчаас 26675 /хорин зургаан мянга зургаан зуун далан таван/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН