| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0857/Э |
| Дугаар | 297 |
| Огноо | 2020-04-03 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | П.Э |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 297
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч П.Ганбаатар,
Шүүгдэгч Я.А, түүний өмгөөлөгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Я-н А-т холбогдох эрүүгийн 1909026220816 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 21 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 240 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хугацаагаар хорих,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 392 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих,
Баянгол дүүргийн шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 04 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, / РД: / ... овогт Я-н А нь:
- 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хохирогч ******* эзэмшлийн Сүхбаатар дүүргийн .. дүгээр хороо ******* төвийн 3 давхар 309 тоотод үйл ажиллагаа явуулдаг ******* банк бус санхүүгийн байгууллагын өрөөний хаалгыг хөшиж буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн орж, тус өрөөнд байсан төмөр сейфнээс 886,000 төгрөг хулгайлж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
- Үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* төвийн 2 давхарт байрлах ******* ХХК-ний 201 тоот өрөөний хаалганы нугасыг эвдэн үйл ажиллагаа байнга явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, сейф 1 ширхэг, Хард /DVR/ 1 ширхэг, бэлэн 20,000 төгрөг тус тус хулгайлж хохирогч ******* нийт 260,000 төгрөгийн буюу нийт 2 удаагийн үйлдлээр бусдад 1,146,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 8-16 /
Хохирогч Т.******* мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би ******* банк бус санхүүгийн байгууллагын захирлаар ажилладаг юм. Би 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ажлаад амраад явсан. 2019 оны 07 дугаар сарын 08-ны өглөө манай ажлын нягтлан *******аас дуудлага ирсэн байсан бөгөөд удалгүй залгахад манай ажлын байранд хулгай орсон байна гэж хэлсэн. Манай үйл ажиллагаа явуулж байгаа өрөөнд байсан сейфнээс бэлэн 886.000 төгрөг алдагдсан байсан. Хяналтын камерын бичлэгийг харсан. Уг хүнийг танихгүй гэжээ. / хх 20- 21 /
Гэрч Г.******* мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирал Т.******* нь амралтаа аваад Хөвсгөл аймаг руу явахаар болоод надад сейфний түлхүүр, тамга тэмдгээ үлдээсэн. Би захирлаасаа уг сейфний нууц үг, түлхүүрийг хүлээж аваад нууц үг бичсэн цаасыг компьютерийн доод хэсэгт, түлхүүрийг нь ширээний доод талын шүүгээнд цоожилж үлдээсэн. Уг ширээний түлхүүрийг ширээн дээр байх үзэг савны хайрцганд хийж үлдээгээд орой 17 цаг 20 минутын үед ажлаа тараад 309 тоотыг түгжээд эдийн засагч агийн хамт ажпаа тараад өрөөгөө түгжээд гарсан. Хамгаалалтын албаны хяналтын камерыг шүүж үзэхэд 2019 оны 07 дугаар сарын 05-ны 20 цаг 30 минутад хар өнгийн малгай өмссөн эрэгтэй хүн орж байгаа бичлэг байсан. Өрөөнд ороод 10 минут орчим болоод гараад явж байгаа бичлэг байсан. Мөн манай өрөөнд байдаг ухаалаг камерт 2019 оны 07 дугаар сарын 05-ны 20 цаг 33 минутад гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирээд хаалганы хажууд хэсэг зогсож байгаад манай хяналтын камерын бичлэг тасарсан байсан гэжээ. / хх 24-26 /
Гэрч М. мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Манай 10 гэсэн дугаартай цүнхийг хүргэлтийн жолооч Я-н А- гэдэг залуу ашиглаж байгаа бөгөөд код нь 67 гэсэн кодтой гэжээ. / хх 27 /
Гэрч Э. мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...”Микс” пицца гэсэн бичигтэй хар өнгийн малгай, хар өнгийн өмд цамцтай, хар өнгийн нүдний шил малгай дээрээ тавьсан, хууз сахалтай, дөрвөлжин эрүүтэй эрэгтэй хүний дүрс байсан. Улаан өнгийн түгээлтийн цүнх маягийн зүйл барьсан байсан. Уг хүн нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны 17:42 цагт мөн манай давхарт гарч ирээд коридорт байсан хяналтын камерыг доош нь болгочихоод гарч байгаа дүрс байсан бөгөөд тухайн үедээ 11-300-300 гэсэн микс пицца гэсэн бичигтэй хар өнгийн пицца түгээлтийн цүнх байсан. Уг цүнхэн дээр 10 гэсэн дугаар байсан. Би уг хүнийг танихгүй гэжээ. / хх 28-30 /
2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөгч Д.ын “... *******” ББСБ-ын ажилтнуудын ,, дугааруудын 2019 оны 05 дугаар сарын 01-ээс 07 дугаар сарын 24-ний хооронд орсон гарсан дуудлагын лавлагаа болох 43 хуудас материалд яллагдагч Я.Аын дугаарын утас руу дуудлага хийсэн эсэхийг шалгахад орсон, гарсан дуудлагад бүртгэгдээгүй байна гэсэн тэмдэглэл / хх 82 /
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 230-234 /
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 238-246 /
Сэжигтний явсан замын маршрут болон УНЧ улсын дугаартай Приус-20 маркийн автомашины үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт / 2 дугаар хавтас 1-5 /
Хохирогч Ж. мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Манай компанийн байр руу орж сейф авсан байсан. Тэр сейф авсан хүн сейфен дотор бэлэн мөнгө байгаа гэж бодсон юм шиг байна лээ. Сейфенд ямар нэгэн бэлэн мөнгө төгрөг байгаагүй. Дандаа компанийн бичиг баримтууд байсан. Сейфыг маань хулгай хийсэн хүн бичиг баримтуудыг маань бүгдийг нь буцааж авчирч өгсөн. Харин сейфийг маань эвдсэн байсан. Мөн камерын бичлэг хийдэг төхөөрөмж хардыг маань аваад явсан байсан ч буцаагаад олоод авсан. Алдагдсан бичиг баримтууд бүгд бүрэн байгаа гэжээ. / 2-р хавтас 6-9 /
Гэрч М. мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Тухайн өдөр нэг эрэгтэй хүн машинаа шүргүүлсэн тул хяналтын камераа шүүгээд өгөөч гэж хэлэхээр нь цагдаагийн зөвшөөрөл байгаа юу, цагдаагийн зөвшөөрөлтэй бол шүүж өгнө гэж хэлээд гаргасан. Хар ногоон өнгийн малгайтай куртиктэй, хар ноосон малгайтай, нүүрэндээ нэг удааийн маск зүүсэн, дотуураа улаан өнгийн захтай цамцтай, хар хөх өнгийн өмдтэй, шар өнгийн гуталтай 35-40 орчим насны 170-175 орчим өндөртэй эрэгтэй хүн байсан гэжээ. / 2-р хавтас 12-14 /
“Дамно” ХХК-ний хөрөнгө үнэлгээний тайлан / 2-р хавтас 29-34 /
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 0005 дугаар дүгнэлтэнд:
... Ноосон малгайтай юүдэнтэй үстэй захтай, зүүн гарын бугалгын хэсэгт өөр материалаар хийгдсэн лого байж болох дүрслэлтэй, өмдний шуумгийг дотуур нь хийсэн хагас түрийтэй гуталтай үйл хөдлөлийн шинжээрээ эрэгтэй хүн дүрслэгдсэн байна гэжээ. / 2-р хавтас З6-38 /
Шүүгдэгч Я.А-ыг 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 2 дугаар хавтас 112-114 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / 2-р хавтас 52 / зэрэг болно.
Шүүгдэгч Я.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би түгээлтийн компанид ажиллаад лизингээр машин авсан байсан. Машин мөргөсөн хохирол зэргийг төлөхөөр хулгай хийсэн. Лизингийн машиныг буцааж өгсөн. Хохирол 1.146.000 төгрөгийг төлж барагдуулсан гэв.
Шүүгдэгч Я.А нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хохирогч ******* эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо ... /*******/ төвийн 3 давхар 309 тоотод үйл ажиллагаа явуулдаг “*******” банк бус санхүүгийн байгууллагын өрөөний хаалгыг хөшиж буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн орж тус өрөөнд байсан төмөр сейфнээс 886,000 төгрөг хулгайлж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вайт хоорс” /*******/ төвийн 2 давхарт байрлах “*******” ХХК-ний 201 тоот өрөөний хаалганы нугасыг эвдэн үйл ажиллагаа байнга явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж сейф 1 ширхэг, Хард /DVR/ 1 ширхэг, бэлэн 20,000 төгрөг тус тус хулгайлж, хохирогч ******* 260,000 төгрөгийн буюу нийт 2 удаагийн үйлдлээр бусдад 1,146,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: ... Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 8-16 /, ... Манай үйл ажиллагаа явуулж байгаа өрөөнд байсан сейфнээс бэлэн 886.000 төгрөг алдагдсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч ******* мэдүүлэг / хх 20- 21 /, ... Хамгаалалтын албаны хяналтын камерыг шүүж үзэхэд хар өнгийн малгай өмссөн эрэгтэй хүн орж байгаа бичлэг байсан. ...Манай өрөөнд байдаг ухаалаг камерт 2019 оны 07 дугаар сарын 05-ны 20 цаг 33 минутад гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирээд хаалганы хажууд хэсэг зогсож байгаад манай хяналтын камерын бичлэг тасарсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.*******ын мэдүүлэг / хх 24-26 /, ... Манай 10 гэсэн дугаартай цүнхийг хүргэлтийн жолооч Я-н А- гэдэг залуу ашиглаж байгаа бөгөөд код нь 67 гэсэн кодтой гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч М.ын мэдүүлэг / хх 27 /, ....”Микс” пицца гэсэн бичигтэй хар өнгийн малгай, хар өнгийн өмд цамцтай, хар өнгийн нүдний шил малгай дээрээ тавьсан, хууз сахалтай, дөрвөлжин эрүүтэй эрэгтэй хүний дүрс байсан. Улаан өнгийн түгээлтийн цүнх маягийн зүйл барьсан байсан. Уг хүн нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны 17:42 цагт мөн манай давхарт гарч ирээд коридорт байсан хяналтын камерыг доош нь болгочихоод гарч байгаа дүрс байсан бөгөөд тухайн үедээ 11-300-300 гэсэн микс пицца гэсэн бичигтэй хар өнгийн пицца түгээлтийн цүнх байсан. Уг цүнхэн дээр 10 гэсэн дугаар байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Э.Уянгын мэдүүлэг / хх 28-30 /, ...Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 230-234 /, ...Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 238-246 /, ...Сэжигтний явсан замын маршрут болон УНЧ улсын дугаартай Приус-20 маркийн автомашины үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт / 2 дугаар хавтас 1-5 /, ... Манай компанийн байр руу орж сейф авсан байсан. Сейфенд ямар нэгэн бэлэн мөнгө төгрөг байгаагүй. Дандаа компанийн бичиг баримтууд байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ж. мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:/ 2-р хавтас 6-9 /, ... Хар ногоон өнгийн малгайтай куртиктэй, хар ноосон малгайтай, нүүрэндээ нэг удаагийн маск зүүсэн, дотуураа улаан өнгийн захтай цамцтай, хар хөх өнгийн өмдтэй, шар өнгийн гуталтай 35-40 орчим насны 170-175 орчим өндөртэй эрэгтэй хүн байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч М.гийн мэдүүлэг / 2-р хавтас 12-14 /, ...“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / 2-р хавтас 29-34 /, ... Ноосон малгайтай юүдэнтэй үстэй захтай, зүүн гарын бугалгын хэсэгт өөр материалаар хийгдсэн лого байж болох дүрслэлтэй, өмдний шуумгийг дотуур нь хийсэн хагас түрийтэй гуталтай үйл хөдлөлийн шинжээрээ эрэгтэй хүн дүрслэгдсэн байна гэсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 0005 дугаар дүгнэлт / 2-р хавтас З6-38 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Я.А-ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх, нөхцөл байдал тогтоодоогүй, энэ хуулийн тусгай ангийн 1 бүлэгт санаатай гэмт хэргийг хоёроос дээш үйлдсэнг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Я.А нь өмнөх гэмт хэрэгт шийтгүүлэхдээ сэтгэцийн өвчтэй мэтээр жүжиглэж, сэтгэцийн дүгнэлт гаргуулах явцдаа дахин гэмт хэрэг үйлдсэн, ойр хавийн байруудаар хяналтын камер байгаа эсэхийг судалсан, удаа дараа хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан, мөн хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Я.А нь төлөх төлбөргүйг дурьдаж, түүний цагдан хоригдсон 119 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Я-н А-ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Я-н А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 / гурван / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Я.А-ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Я.А нь төлөх төлбөргүйг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Я.А-ын цагдан хоригдсон 119 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Я.А-т авсан авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Я.А-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ