Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 00562

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, О.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1983 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6 дугаар багийн Согоот 6 дугаар хороолол 5 дугаар байрны 3 тоотод оршин суух, Нийгмийн хонгор овогт Энхтулгын Энхбаяр /РД:ФА83111077/-ын төлөөлөн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1975 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Булган аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 6б-10-3 тоотод оршин суух, Боржигин овогт Дамбажанцангийн Дарханбаатар /РД:ЙЮ75060711/-т холбогдох

эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 10000000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00422/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Энхбаяр, хариуцагч Д.Дарханбаатар, түүний өмгөөлөгч Г.Гочоо, иргэдийн төлөөлөгч М.Энхцэцэг, нарийн бичгийн дарга Г.Ангирмаа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Төлөөлөн нэхэмжлэгч Б.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 73-51 УНУ улсын дугаартай ВенВэй маркийн өөрөө буулгагч авто машин нь миний эзэмшлийн машин бөгөөд би зээл авах шаардлага гараад Д.Оргодолын нэр дээр уг машиныг шилжүүлсэн байсан. Д.Дарханбаатар бид хоёр харилцан тохиролцож 1 удаагийн явалтанд 20 000 төгрөгийн хөлс өгөхөөр тохирч жолооч хийж байсан. 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн орой 20 цагийн орчим Д.Дарханбаатар нь Баянгол дүүрэгт байрлах Суурь ХХК-ийн хашаанд хайрга буулгаж байгаад өөрийн буруутай үйлдлээс болж дээрх машиныг унагаасан. Машин засварт байх хугацаанд тэрээр 33-96 дугаарын улсын бүргтгэлтэй ХОВО маркийн машинаар хайрга зөөж байсан. Засварын хөлс 10000000 төгрөгийн хохирол учруулсан, хэн хэн нь хариуцлага хүлээх ёстой гэж ярьж тохироод нотариат дээр очоод тохиролцсон байдлаа батлуулсан. Д.Дарханбаатар 20 гаруй хоногийн дараа нутаг яваад ирье гэж хэлээд тэр чигээрээ эргэж ирээгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2000000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Утсаа огт авдаггүй байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 8000000 төгрөгийн хохирлыг гаргуулахаар нэхэмжилж байна. Миний машины тэвш, кабин, тэнцүүлэгч, толь, суурь, бариул, салхины шил зэрэг эд ангиуд эвдэрсэнээс гадна цилиндрийн шингэн, түлш зэрэг асгарч хохирол учирсан. Тэвшийг 3500000 төгрөг, кабин 900000 төгрөг, тэнцүүлэгч 300000 төгрөг, урд 3 шил 250000 төгрөг, толь, суурь 100000 төгрөг, цоож, бариул 60000 төгрөг тус тус худалдаж авсан. Гагнуулахад 2000000 төгрөг болсон. Мөн машиныг унасан газраас нь зайлуулах гэж 450 000 төгрөгөөр кран хөлсөлсөн. Асгарсан түлшний үнэ 500 000 төгрөг, цилиндрийн шингэн 10 савыг авсан бөгөөд нэг бүрийг нь 110 000 төгрөгөөр авсан. Ингээд надад 10 гаруй сая төгрөгийн хохирол учирсан. Д.Дарханбаатар бид хоёрын хооронд бичгээр хийгдсэн гэрээ байхгүй. Хөдөлмөр, аюулгүй ажиллагааны зааварчилгааг ажилд гарах бүрт нь өгч байсан хэдий ч бичиг баримт үйлдэж гарын үсэг зуруулж байгаагүй. Ослын талаар ямар нэгэн акт, дүгнэлт гараагүй. Даатгалд хамрагдаагүй байсан гэв.

Хариуцагч Д.Дарханбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Э.Энхбаярын эзэмшлийн 73-51 УНУ улсын дугаартай ВенВэй маркийн өөрөө буулгагч авто машиныг жолоодож яваад унагаасан нь үнэн. 1 удаа явахад 5000 төгрөг өгөхөөр хөлсөө тохирсон байсан. 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хайрга ачаад явж байтал замд машин эвдэрсэн. Ингээд машинаа янзлаад орой Суурь ХХК-ийн хашаанд хайргаа буулгах гэтэл машин унасан. Машин унасан нь миний буруугаас болоогүй. Ачиж явсан хайрга нь устай байсан, машин эвдэрч удсанаас болоод ус нь гоожиж лаг болсон байсан. Үүнээс болж машин хайрга буулгах үед унасан. Иймд би энэ хохирлыг хариуцахгүй. Нотариат дээр очоод надаар хүчээр гарын үсэг зуруулж баталгаа гаргуулсан. Ослын ямар нэгэн акт, дүгнэлт гараагүй байхад хохирол тооцсон. Би Э.Энхбаярт 2000 000 төгрөг дансаар шилжүүлсэн нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөшөөрөхгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй бөгөөд Э.Энхбаяр нь мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар итгэмжлэлийн үндсэн дээр Д.Оргодолыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Төлөөлөн нэхэмжлэгч Э.Энхбаяр нь Д.Дарханбаатараас эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 10000000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 8000000 төгрөг болгож багасгасан байна.

Хариуцагч Д.Дарханбаатар нь Д.Оргодолын эзэмшлийн 73-51 УНУ улсын дугаартай ВенВэй маркийн өөрөө буулгагч авто машиныг жолоодох үйлчилгээ үзүүлж төлөөлөн нэхэмжлэгч Э.Энхбаяр нь түүнд хөлс төлөхөөр харилцан тохиролцсон нь тэдний тайлбараар тогтоодож байх бөгөөд талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ хийгдсэн байна.

2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Д.Дарханбаатар нь дээрх авто машиныг жолоодож яваад Баянгол дүүрэгт байрлах Суурь ХХК-ийн хашаанд хайрга буулгахдаа машиныг унагаасан үйл баримт тогтоогдсон ба энэ үйл баримтын талаар талууд маргаагүй байна. Харин төлөөлөн нэхэмжлэгч Э.Энхбаяр нь дээрх үйл явдлаас үүдэн машин эвдэрч эд ангийг худалдан авч засварлахад гарсан зардлыг Д.Дарханбаатараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан хэдий ч Д.Дарханбаатарын буруугаас болж уг осол гарсан гэдэг нь баримтаар тогтоогдоогүй, мөн уг ослын улмаас машины ямар эд анги эвдэрч хэдий хэмжээний хохирол учирсан гэснийг нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд Д.Дарханбаатараас 8000000 төгрөг гаргуулахыг хүссэн төлөөлөн нэхэмжлэгч Э.Энхбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Дарханбаатараас 8000000 /найман сая/ төгрөгийг гаргуулахыг хүссэн төлөөлөн нэхэмжлэгч Э.Энхбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Энхбаярын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 174950 /зуун далан дөрвөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН

О.ОДОНЧИМЭГ