Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 657

 

 

 

 

 

   2020         04         10                                      2020/ШЦТ/657

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Хохирогч В.Энхчимэг,

Шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Мд холбогдох 2006 00000 0224 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баян суманд 1987 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хорооллын 71 дүгээр байрны 142 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 3, эхнэр, охины хамт амьдараг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Х овогт Нгийн Мэ /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Н.М нь 2018 оны 11 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Сутай барьцаалан зээлдүүлэх газарт ажиллах хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад 11.521.500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Мийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч В.Энхчимэгийн өгсөн: “Н.М 2018 оны 11 дүгээр сараас эхлэн ажилд орсон. Нийт 1 жил 2 сарын хугацаанд ажилласан. Эхний 9 сарын хугацаанд сейфний түлхүүрээ өгөхгүйгээр ажиллуулсан. Орой 17:00 цагаас 20:00 цагийн хооронд очиж тооцоо хийдэг байсан. Энэ хугацаанд нэг ч ажил таслаагүй, ажлаас хоцорч байгаагүй. 10:00 цагт ломбард нээхэд 09:15 минут гэхэд ирчихсэн байдаг. Байнгын харилцагч нар татаж өгсөн. Тиймээс маш их итгэсэн. Би Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд багш, тэнхимийн эрхлэгч хийдэг бөгөөд номон дээр ажиллах хэрэг гараад 09 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл Н.Мд итгээд ломбардны ажлаа хариуцуулсан. Уг асуудал сүүлийн 3 сарын асуудал. Хадам аав нь элэгний хорт хавдартай байсан талаар мэдэж байсан. Аавынх нь бие муудаад мөнгөний асуудал гарсныг сая эрүүгийн хэрэг үүсээд явж байхад мэдсэн. Намрын 3 сарын хугацаанд 3 хоногт 1 удаа ирээд тооцоо хийх хооронд би анхаарлаа сулруулсан, энэ байдал маань Н.Мийг иймэрхүү үйлдэл гаргахад нөлөөлчихлөө гэж бодож байна. Өөрийн анхаарал сулруулсан байдалдаа харамсаж байна. Н.Мийн нийт учруулсан хохирол 17.662.550 төгрөг бол бид хоёр хоорондоо тохиролцоод өгч авсан утасны мөнгө, бэлэн мөнгө нийлээд ийм дүнтэй байсан. Үүнийг эрүүгийн болон иргэний журмаар хянан шийдвэрлэхээр нь хуваасан. Улсын яллагчийн зүгээс 11.521.500 төгрөг гэж байгаа нь миний хассан хүүг оруулаагүй мөнгөн дүн байна. Энэ дүнгээс Н.М зээл гаргаад заримыг нь таван удаа сунгасан тохиолдол байгаа. Нийт сунгалтын дүн нь 2.783.800 төгрөг юм. Үүнийг 11.521.500 төгрөгнөөс хасахаар 8.731.000 төгрөгний хохирол учруулсан. 8.731.000 бол анхандаа хэлэхгүй авч явсан 1.500.000 төгрөг, 450.000 төгрөг багтсан дүн байна. Үүнийг надад хэлээд цалингаараа төлөхөөр болсон. Би 6.787.700 төгрөг авсныг мэдээгүй байж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 10-ны үед Н.М ажилдаа ирээгүй, сейфний түлхүүр үлдээгээд явсан үед мэдсэн. Одоогийн байдлаар Н.М 6.000.000 төгрөгөнд өөрийн унаж байсан автомашиныг үнэлээд надад өгсөн би уг үнээр нь хүлээн авсан. Мөн Н.Мийн эгч 1.300.000 төгрөгийг төлсөн. Миний ХААН банкны 5070104342 дугаарын дансанд үлдэгдэл мөнгийг Н.Мийн ээж, аав, ах нар нь шилжүүлсэн. Н.Мэс авах төлбөр байхгүй, миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан” гэх мэдүүлэг,

Цагдаагийн байгууллагад иргэн В.Энхчимэгийн гаргасан өргөдөл /хх.5-6/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч В.Энхчимэгийн өгсөн: “... би хувиараа Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сутай нэртэй барьцаалан зээлдүүлэх төв ажиллуулдаг юм. Уг газартаа 2018 оны 11 дүгээр сард “Үнэгүй.мн” сайтад зар тавьж Н.М гэгч залууг ажилтнаар авсан юм. Уг хүн ажиллах хугацаандаа 17.6 сая төгрөгний хохирол учруулаад байна. Ийм учраас энэ яагаад ийм хэмжээний хохирол учирсан бэ гэдгийг тогтоолгохоор цагдаад хандаад байна...” гэх мэдүүлэг /хх.8-9/,

“... Миний хувьд 2017 оноос хойш Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 1 дүгээр байрны 145 тоотод "Сутай CM” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулж байгаа юм. Тэгээд 2018 оны11 дүгээр сард ломбардны ажилтан авах гээд “Үнэгүй.мн” сайт дээр зар тавьсан юм. Миний тваьсан зарын дагуу Н.М гэх залуу надтай ирж уулзаад сарын 750.000 төгрөгийн цалинтайгаар ажилд орсон юм. Анх ажилд орох үед нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ба бид хоёр харилцан тохиролцож ломбардны ажилтнаар авсан юм. Түүнд ажил байдлын буюу албан тушаалын тодорхойлолт гэх зүйл байхгүй ба ломбардын ажилтны хувьд иргэдээс барьцаанд тавьж байгаа эд зүйлийг үнэлж зээл олгох, барьцаалсан эд зүйлийн хугацааг сунгах, зээлээс чөлөөлөх, барьцаанаас чөлөөлөгдсөн эд зүйлийг зарж борлуулах ажлыг хариуцаж хийдэг юм... Ингээд ажлаа хийж байгаад 2020 оны 01 сарын 07-ны өдөр Мэ нь сэйфний түлхүүрээ орхиод ажилдаа ирээгүй алга болсон байх үед нь би өөрөө барьцаанд авагдсан, сэйфэнд байгаа эд зүйлсийг шүүж үзээд зээлийн хугацаа хэтэрсэн эд зүйлсийн эзэн буюу зээлдэгч иргэдтэй холбоо барих үед утсаар ярьсан хүмүүс “тийм хүн байхгүй” гээд байсан юм. Тэгэхээр нь би сэжиг аваад Сэйфтэй эд зүйлсийг барьцааны гэрээтэй тулгаж үзэхэд зээлийн гэрээ үйлдэгдэж зээл олгогдсон боловч барьцаат эд зүйлс буюу 45 ширхэг бөгж бодитоор байхгүй байсан юм. Энэ тухай Мэ рүү холбоо барьж “эд зүйл яасан бэ” гэж асуухад Мэ нь “өө 45 ширхэг бөгж нь миний өөрийн бөгжнүүд байгаа юм, надад мөнгөний хэрэг гарсан учир ах дүү нараасаа бөгж цуглуулж аваад зээлийн барьцаанд тавьсан байсан юм. Гэтэл ах дүү нар буцаагаад бөгжөө нэхээд байхаар нь би бөгжнүүдийг аваад өгчихсөн юм. Одоо зээлийн мөнгийг би өөрөө төлнө” гэж хэлсэн юм. Тэгээд нягталж харахад Мэ нь тодорхой тооны цөөхөн бөгж гаргаж ирээд барьцаанд тавиад, намайг зээлийн гэрээтэй тулгалт хийх үед тэр бөгжөө надад харуулж сэйф рүү хийчихээд, намайг явангуут сэйфэнд хийсэн бөгжөө гаргаж ирээд дахин барьцааны гэрээ үйлдэж, дахин дахин зээл авсан байх асуудал гарсан байсан юм. Мөн энэ аргаараа Самсунг эс 7 эдж, Ай фоне 6 эс, Самсунг а-8 маркийн гар утаснуудыг тус тус 1 удаа барьцаанд тавьж зээл авсан. Самсунг эс 7 маркийн гар утсыг 2 удаа барьцаалж зээл авсан. Ай фоне 6 маркийн гар утсыг 5 удаа барьцаалж зээл гаргасан байсан юм. Ингээд нийт бөгж 45 удаа, гар утас 10 удаа, нийт 55 удаа хуурамч барьцаат зээлийн гэрээ үйлдэж өөртөө зээл гаргаж, 8.921.500 төгрөгийн хохирол учруулсан байдаг. Тэгээд би хугацаа нь дуусаагүй байх эд зүйлсийг шалгаж үзэхэд дотроос нь 4 ширхэг хуурамч монетон бөгж гарч ирсэн ба 2019 оны 12 сарын 07-ны өдөр 3478 дугаарын гэрээтэй, 2 граммтай бөгж 1 шихэгийг 80.000 төгрөгөөр, 12 сарын 20-ны өдөр 3520 гэрээний дугаартай, 5.8 граммттай бөгж 1 ширхэгийг 250.000 төгрөгөөр, 2020 оны 01 сарын 03-ны өдөр 5483 гэрээний дугаартай, 3.4 граммтай хуурамч бөгж 1 ширхэгийг 150.000 төгрөгөөр, 2020 оны 01 сарын 06-ны өдөр 5497 гэрээний дугаартай, 3.8 грамттай бөгж 1 ширхэгийг 170.000 төгрөгөөр барьцаалсан нийт 4 ширхэг хуурамч монетон бөгж гарч ирсэн юм. Энэ нь нийт 650.000 төгрөгийн хохиролтой байгаа юм. Энэ талаар Мээс асуухад “би өөрөө иргэдээс эд зүйл барьцаанд авахдаа хуурамч гэдгийг нь мэдэхгүй авчихсан байна” гэж хэлж байсан юм. Мөн Мэ нь ажиллаж байх хугацаандаа буюу миний зөвшөөрлөөр 4 ширхэг гар утсыг хүнд зарна гэж авч явчихаад буцааж өгөхгүй хувьдаа завшсан юм. Эхнийх нь 2019 оны 07 сарын 09-ны өдрийн 5053 зээлийн дугаартай, 230.000 төгрөгний барьцаанд авч барьцаанаас чөлөөлөгдсөн Самсунг А-6 маркийн 2018 оны загварын гар утсыг зарна гэж авсан. Мөн 2019 оны 08 сарын 06-ны өдрийн 5118 гэрээнийи дугаартай, 250.000 төгрөгөөр барьцаанд авагдаж барьцаанаас чөлөөлөгдсөн байсан Самсунг жи-6 плас маркийн гар утас, 2019 оны 10 сарын 13-ны өдрийн 3299 гэрээний дугаартай, 300.000 төгрөгний барьцаанд авагдаж барьцаанаас чөлөөлсөн байсан Хонор 8 икс маркийн гар утас, 2019 оны 10 сарын 27-ны өдрийн 3338 гэрээний дугаартай, 200.000 төгрөгийн барьцаанд авагдаж барьцаанаас чөлөөлсөн байсан Самсунг эс-8 маркийн гар утаснуудыг зарна гэж хэлээд авч явчихаад эргүүлж өгөөгүй юм. Дээрх утаснууд бүгд хуучин хэрэглэж байсан утаснууд байгаа. Мөн 2019 оны 11 сарын 28-ны өдөр ломбардны орлогын мөнгөнөөс бэлнээр 1.500.000 төгрөг, 12 сарын 24-ний өдөр мөн 450.000 төгрөг, нийт 1.950.000 төгрөгийг миний зөвшөөрөлгүйгээр авч явсан байсан юм. /Энэ мөнгийг авсан гэдгээ Мэ өөрөө хүлээн зөвшөөрч бичиг хийж өгсөн байгаа/ Мөн Мэ нь ажилд орсон цагаасаа хойш цалингаас төлнө гээд миний зөвшөөрлөөр ломбардны барьцаанаас чөлөөлөгдсөн утаснуудаас хувьдаа авч байсан ба мөнгийг нь cap болгоны цалин дээрээсээ суутгуулж төлдөг байсан юм. 2018 оны 12 сарын 10-нд Самсунг А-8 плас маркийн гар утсыг 750.000 төгрөгөөр, 2018 оны 12 сард Жи-7 маркийн гар устыг 450.000 төгрөгөөр, 2019 оны 03 сарын 30-нд Ай фоне 8 маркийн гар утсыг 960.000 төгрөгөөр, 2019 оны 03 сарын 09-нд Ай фоне 7 плас маркийн гар утсыг 800.000 төгрөгөөр, 2019 оны 02 сарын 02-нд Ай фоне 6 маркийн гар утсыг 220.000 төгрөгөөр, 2019 оны 06 дугаар сарын 19-ны өдөр Самсунг А-8 плас маркийн гар утас 630.000 төгрөгөөр, 2019 оны 06 сарын 29-ны өдөр Ай фоне 6 эс маркийн гар утсыг 300.000 төгрөгөөр, 2019 оны 11 сард самсунг А-50 маркийн гар утсыг 450.000 төгрөгөөр, 2019 оны 09 сарын 01-ний өдөр Самсунг нөт 8 маркийн гар утсыг 400.000 төгрөгөөр, 2019 оны 09 сарын 21-ний өдөр Самсунг жи-6 плас маркийн гар утсыг 380.000 төгрөгөөр, 2019 оны 10 сарын 19-нд Ай фоне XR маркийн гар утсыг 1.450.000 төгрөгөөр, бодож зээлээр авсан юм. Тэгээд cap болгоны цалин дээрээсээ тодорхой хэмжээний мөнгө суутгуулж байсан ба дээрх утаснуудын төлбөрөөс 5.161.000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн байгаа юм. Ингээд нийт 17.662.550 төгрөгний хохирол учирсан байгаа ба үүнээс Мэ нь 45 ширхэг монетон бөгж болон 10 ширхэг утас барьцаалахдаа зээлийн хугацаа дуусмагц зээлийг сунгаж тодорхой хэмжээний мөнгөнүүдийг төлсөн байгаа ба нийт 2.783.800 төгрөгийн хүү төлсөн байна. Нийт учирсан 17.662.550 төгрөгнөөс хүү төлсөн байх, 2.783.800 төгрөгийг хасаад 14.878.750 төгрөгийг одоо гаргуулж авах юм. Үүнээс Мэ нь 2020 оны 02 сарын 04-ний өдөр миний 5070104342 тоот данс руу 2.300.000 төгрөгийг 3 хувааж шилжүүлж хохирол төлсөн байгаа. Мөн өнөөдөр надад 2002 онд үйлдвэрлэж 2011 онд Монголд орж ирсэн Гранд марк 2 маркийн автомашиныг 6.000.000 төгрөгөөр бодож өгөх гэж байна. Хэрэв энэ машиныг шилжүүлээд өгчихвөл үлдэгдэл 6.578.750 төгрөгийг нэхэмжлэх юм...” гэх мэдүүлэг /хх.10-11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч В.Энхчимэгийн өгсөн: “... Мийн аав, ээж нь миний хохирол барагдуулж бэлэн 5.580.000 төгрөг надад өгсөн, үүн дээр нэмж Гранд марк 2 загварын машиныг 6.000.000 төгрөгөнд бодож өгч байгаа юм. Тэгэхээр миний хувьд одоо эрүүгийн журмаар нэхэмжлэх мөнгө байхгүй болсон гэсэн үг. Харин Иргэний журмаар нэхэмжлэх мөнгийг би Мэтэй харилцан тохиролцож иргэний журмаар хуулийн дагуу шийднэ...” гэх мэдүүлэг /хх.13-14/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч В.Энхчимэгээс гарган өгсөн баримтыг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх.32-115/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч В.Энхчимэгээс гарга өгсөн эд зүйлийн хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх.116-117/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Мийн яллагдагчаар өсгөн: “... Миний хувьд 2018 оны 10 дугаар сард “Unegui.mn” сайтад байсан ажлын зарын дагуу утсаар ярьж байгаад 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Сутай CM” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн ажилтнаар ажилд орсон юм. Ажилд орохдоо уг ломбардны эзэн Энхчимэг гэх хүнтэй биечлэн уулзаад хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр сарын 750.000 төгрөгний цалин авахаар тохирч зээлийн ажилтнаар орсон юм. Уг “Сутай см” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар нь алт, монетон эдэл, гар утас, нөүтбүүк зэрэг эд зүйлийг 7-21 хоногийн хугацаатай, 9 хувийн хүүтэйгээр барьцаанд авдаг бөгөөд мөнгөн эдлэл болон автомашин, үнэт эдлэл зэргийг барьцаанд авдаггүй юм. Анх намайг ажлаа хүлээн авсан өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Энхчимэг нь надад барьцаанд авагдсан байсан эд зүйлсийг хариуцуулж хүлээлгэн өгсөн юм. Тэгээд тэр өдрөөс эхлэн эд зүйл барьцаанд тавихаар ирсэн иргэнд би үйлчилж эд зүйлийг нь барьцаалан журмын дагуу зээл олгох, барьцаалдагдсан эд зүйлийнхөө төлбөр тооцоог төлж дуусгасан үйлчлүүлэгчийн эд зүйлийн буцаан олгох зэрэг ажлыг хийж эхэлсэн ба Энхчимэг эгч 3-4 хоногт 1 удаа ломбард дээр ирж надтай төлбөр тооцоог бодож барьцаанд авагдсан болон барьцаанаас чөлөөлөгдсөн эд зүйлийн тулгалт хийдэг байсан юм. Ингээд би ажиллах хугацаандаа буюу 2018 оны 10 дугаар сарын сүүлээр би Энхчимэг эгчид хэлээд өөртөө Самсунг А8 плас маркийн гар утсыг 800.000 төгрөгөөр бодож зээлээр авсан ба утасны төлбөрийг cap болгоны цалин дээрээсээ суутгуулж байхаар тохирсон юм. Тэгээд би тэр А8 утсаа зарчихаад дахин Энхчимэг эгчид хэлж зээлээр гар утас авч байсан юм. Ингээд явж байх хугацаанд буюу 2019 оны 06 дугаар сард надад мөнгөний хэрэг гарсан учир ломбардны барьцаанд тавигдсан монетон бөгж болон гар утаснуудын хугацаа дуусч ломбарданд хураагдахаар нь би өөрөө авч уг бөгж болон гар утаснуудыг авч байгаад буцааж ломбардны барьцаанд тавихаар хуурамч гэрээ үйлдэж барьцааны гэрээнд иргэдийн овог нэр регистрийн дугаарыг санаагаараа зохиож бичээд өөр дээрээ зээл гаргаад авчихдаг байсан юм. Ер нь бол нэг 7-8 ширхэг монетон бөгжийг ашиглаад 1 бөгж дээр 5-7 ширхэг барьцааны хуурамч гэрээ үйлдэж зээл гаргаж мөнгийг нь хувьдаа аваад байсан юм. Тэгээд Энхчимэг эгч ирж тооллого хийх үед нь барьцаанд тавьсан бөгж харуулчихаад тооллого хийгээд явангуут нь нөгөө тоолуулсан бөгжөө буцаан авч байгаад дахин барьцаанд тавих байдлаар явсаар байгаад нийт 56 удаагийн үйлдлээр бөгж барьцаалж зээл авсан. Мөн адил аргаар 5-6 удаагийн үйлдлээр гар утас барьцаалсан тухай гэрээ үйлдэж өөр дээрээ мөнгө гаргаж авч байсан юм. Нийт 58-62 орчим удаагийн үйлдлээр хуурамч барьцааны гэрээ үйлдэж өөр дээрээ зээл гаргаж авснаар нийт 17.600.000 орчим төгрөгийг хувьдаа авч хувийн хэрэглээндээ үрж дуусгасан...” гэх мэдүүлэг /125-126/,

“... Гэрээнүүдийг бол би өөрөө үйлдсэн бөгөөд миний гарын үсэг, бичиг мөн байна. Дээрх 4 бөгжийг хэн нэгэн иргэн авч ирж барьцаанд тавиагүй. Би өөрөө урт цагааны тэнд явж байгаад үл таних 1 хүнээс 4 ширхэг хуурамч монетон бөгжийг 1 ширхэг тус бүрийг нь 150.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тэгээд өөрийн ажиллаж байсан “Сутай” ломбард дээр авч очоод бөгжнүүд дээр нь өөр иргэний овог нэр, регистрийн дугаарыг зохиож бичээд барьцаанд тавьж өөртөө мөнгө авсан юм. Тэр 4 бөгжийг тус бүр 3-5 удаа дахин дахин барьцаанд тавьж өөртөө мөнгө гаргаж авсан байгаа. Урт цагааны тэнд явж байгаад танихгүй эрэгтэй хүнээс л худалдаж авсан юм. Одоо тэр хүнийг танихгүй шүү дээ. Би бөгжийг анх худалдан авахдаа хуурамч гэдгийг мэдэж байсан, хэргээр хуурамч бөгж авсан юм. Угаасаа грамм, сорьц тодорхойгүй, хуримын хос бөгжнүүд байгаа...” гэх мэдүүлэг /хх.127/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Н.М нь 2018 оны 11 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Сутай барьцаалан зээлдүүлэх газарт ажиллах хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад 11.521.500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Иргэн В.Энхчимэгийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх.5-6/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч В.Энхчимэгийн өгсөн: “... нийт бөгж 45 удаа, гар утас 10 удаа нийт 55 удаа хуурамч барьцаат зээлийн гэрээ үйлдэж өөртөө зээл гаргаж 8.921.500 төгрөгийн хохирол учруулсан байдаг. Тэгээд би хугацаа нь дуусаагүй байх эд зүйлсийг шалгаж үзэхэд дотроос нь 4 ширхэг хуурамч монетон бөгж гарч ирсэн... Энэ нь нийт 650.000 төгрөгний хохиролтой байгаа юм... Мөн Мэ нь ажиллаж байх хугацаандаа буюу миний зөвшөөрлөөр 4 ширхэг гар утсыг хүнд зарна гэж авч явчихаад буцааж өгөхгүй хувьдаа завшсан... Мөн 2019 оны 11 сарын 28-ны өдөр ломбардны орлогын мөнгөнөөс бэлнээр 1.500.000 төгрөг, 12 сарын 24-ний өдөр мөн 450.000 төгрөг, нийт 1.950.000 төгрөгийг миний зөвшөөрөлгүйгээр авч явсан байсан... cap болгоны цалин дээрээсээ тодорхой хэмжээний мөнгө суутгуулж байсан ба дээрх утаснуудын төлбөрөөс 5.161.000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн байгаа юм. Ингээд нийт 17.662.550 төгрөгний хохирол учирсан...” гэх мэдүүлэг /хх.8-9, 10-11/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч В.Энхчимэгээс гарган өгсөн баримтыг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх.32-115/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч В.Энхчимэгээс гарга өгсөн эд зүйлийн хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх.116-117/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Мийн яллагдагчаар өсгөн: “... Ер нь бол нэг 7-8 ширхэг монетон бөгжийг ашиглаад 1 бөгж дээр 5-7 ширхэг барьцааны хуурамч гэрээ үйлдэж зээл гаргаж мөнгийг нь хувьдаа аваад байсан юм. Тэгээд Энхчимэг эгч ирж тооллого хийх үед нь барьцаанд тавьсан бөгж харуулчихаад, тооллого хийгээд явангуут нь нөгөө тоолуулсан бөгжөө буцаан авч байгаад дахин барьцаанд тавих байдлаар явсаар байгаад нийт 56 удаагийн үйлдлээр бөгж барьцаалж зээл авсан. Мөн адил аргаар 5-6 удаагийн үйлдлээр гар утас барыдаалсан тухай гэрээ үйлдэж өөр дээрээ мөнгө гаргаж авч байсан юм. Нийт 58-62 орчим удаагийн үйлдлээр хуурамч барьцааны гэрээ үйлдэж өөр дээрээ зээл гаргаж авснаар нийт 17.600.000 орчим төгрөгийг хувьдаа авч хувийн хэрэглээндээ үрж дуусгасан...” гэх мэдүүлэг /125-126/,

“... Гэрээнүүдийг бол би өөрөө үйлдсэн...” гэх мэдүүлэг /хх.127/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч В.Энхчимэгийн өгсөн: “... Н.Мийн нийт учруулсан хохирол 17.662.550 төгрөг бол бид хоёр хоорондоо тохиролцоод өгч авсан утасны мөнгө, бэлэн мөнгө нийлээд ийм дүнтэй байсан. Үүнийг эрүүгийн болон иргэний журмаар хянан шийдвэрлэхээр нь хуваасан. Улсын яллагчийн зүгээс 11.521.500 төгрөг гэж байгаа нь миний хассан хүүг оруулаагүй мөнгөн дүн байна. Энэ дүнгээс Н.М зээл гаргаад заримыг нь таван удаа сунгасан тохиолдол байгаа. Нийт сунгалтын дүн нь 2.783.800 төгрөг юм. Үүнийг 11.521.500 төгрөгнөөс хасахаар 8.731.000 төгрөгний хохирол учруулсан. 8.731.000 бол анхандаа хэлэхгүй авч явсан 1.500.000 төгрөг, 450.000 төгрөг багтсан дүн байна. Үүнийг надад хэлээд цалингаараа төлөхөөр болсон. Би 6.787.700 төгрөг авсныг мэдээгүй байж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 10-ны үед Н.М ажилдаа ирээгүй, сейфний түлхүүр үлдээгээд явсан үед мэдсэн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт Н.Мийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Мийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Н.Мийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Н.М нь хохирлыг нөхөн төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч В.Энхчимэг нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Н.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Н.Мийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Н.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Н.Мд оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Н.М нь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 4 ширхэг бөгжийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Х овогт Нгийн Мийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мд 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.Мд сануулсугай.

          4. Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч В.Энхчимэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 4 ширхэг бөгжийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

                                                 ШҮҮГЧ                         С.ӨСӨХБАЯР