Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 134

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Гомдол гаргагч: Н П Г Х П, Х Ц З 

Хариуцагч: Нийслэлийн Тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.А

Прокурорын дүгнэлт: “Монгол Улсын Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь заалтыг удирдлага болгон улсын байцаагч Б.А-ийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 02-07-048/016/0274 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх”

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Хяналтын Прокурор Хууль цаазын зөвлөх Ж.Г, хариуцагч Автотээврийн хяналтын Улсын байцаагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хяналтын Прокурор Хууль Цаазын Зөвлөх Ж.Г шүүхэд бичгээр гаргасан дүгнэлтд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ж.Г би, Нийслэлийн Тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.А2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр А ХХК-ийн шалгах механик Д.Э-ыг Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15.000 төгрөгөөр торгож, шийтгэл ногдуулсан 02-07-048/016/0274 дугаартай шийтгэлийн хуудас бүхий хялбаршуулсан журмаар шалгаж шийтгэл оногдуулсан материалыг хянахад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна. 

Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.А нь 2018 оны 01дүгээр сарын 12-ны өдрийн шугам замын шалгалт хийх явцад А ХХК-ийн шалгах мехник Д.Э-ыг тус компаний 04-61 УБЯ дугаартай автобусны хойд гарааш дугааргүй, "Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага МNS 5012:2011 улсын стандартын 7.5 -д “Хотын доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээврийн автобус, угсраа автобус, тролейбусанд харьяалах аж ахуйн нэгж, байгууллагын эмблем, гараашийн дугаар, чиглэлийн нэр, дугаарыг баталсан загварын дагуу зорчигчдод ил тод харагдах газар бичиж байрлуулна. Үүнд: Гараашийн дугаарыг автобусны хоёр хажуу, ар талд болон дээвэр дээр,..." гэж заасан шаардлагыг хангалгүй үйлчилгээнд гаргасан, тээврийн хэрэгсэл, хэрэглээний болон техникийн стандартын шаардлагыг хангасан байдлыг шалгах, хангуулах, бүрэн бүтэн үйлчилгээнд гаргах үүргээ биелүүлээгүй, Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн болох нь гэрэл, тайлбар, тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогджээ.

Гэтэл хяналтын улсын байцаагч Б.Ань шийтгэл оногдуулахдаа шалгах механик Д.Э нь А ХХК-д шалгах механик ажил эрхэлдэг, хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн, Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу хуулийн этгээдийн нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 150.000 төгрөгөөр торгож шийтгэл оногдуулахаар заасан байтал хуульд зааснаас доогуур буюу хуулийн этгээдийг хүнийг торгох хэмжээгээр торгож шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Иймд Монгол Улсын Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь заалтыг удирдлага болгон улсын байцаагч Б.А-ийн 2018 оны 01дүгээр сарын 12-ны өдрийн 02-07-048/016/0274 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив” гэжээ. 

Хариуцагч Автотээврийн Хяналтын улсын байцаагч Б.А шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч Б.А миний бие 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шугам замд хяналт шалгалт хийх явцад А ХХК-ийн 0461УБЯ улсын дугаартай, 12-065 гарааш дугаартай тээврийн хэрэгслийг зорчигч тээврийн үйлчилгээнд арын гарааш дугааргүйгээр ажиллуулж байсан зөрчлийг илрүүлсэн.

Уг зөрчил нь “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 5012:2011 улсын стандартын 7.55-д "Хотын доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээврийн автобус, угсраа автобус, троллейбусанд харьяалах аж ахуйн нэгж, байгууллагын эмблем, гараашийн дугаар, чиглэлийн нэр, дугаарыг баталсан загварын дагуу зорчигчдод ил тод харагдах газар бичиж байрлуулна. Үүнд: Гараашийн дугаарыг автобусны хоёр хажуу, ар талд болон дээвэр дээр,...” гэж заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн.

Нийтийн тээврийн автобуснууд шугам замд гарахаас өмнө тухайн тээврийн хэрэгсэл, хэрэглээний болон техникийн стандартын шаардлагыг хангасан байдлыг шалгаж түүнийг хангуулах, бүрэн бүтэн үйлчилгээнд гаргахыг ажил үүргийн хуваарийн дагуу шалгах механикт тухайн компани үүрэг болгосон байдаг

Иймээс шалгах механик нь компаний өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 10.1-д заасныг зөрчсөн үндэслэлтэй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг үндэслэн тус компаний шалгах механик ажилтай Д.Э-т 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 02-07-048/016/0274 дугаартай шийтгэлийн хуудсаар 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 02 дугаар дүгнэлтээр  “Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь заалтыг удирдлага болгон улсын байцаагч Б.А-ийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 02-07-048/016/0274 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх” дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Н П Г Х П, Х Ц З  Ж.Г-ийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 02 дугаар дүгнэлтэд: “...хяналтын улсын байцаагч Б.А нь шийтгэл оногдуулахдаа “Атибус” ХХК-д шалгах механик ажил эрхэлдэг Д.Э-т Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу хуулийн этгээдийн нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 150.000 төгрөгөөр торгож шийтгэл оногдуулахаар заасантай зөрчилдөж байгаа тул өөрчлүүлэх”-ээр  дурджээ.

Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч Б.А 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02-07-048/016/0274 дүгээр  шийтгэлийн хуудсаар Атибус ХХК-ийн 0461УБЯ улсын дугаартай, 12-065 гарааш дугаартай тээврийн хэрэгслийг зорчигч тээврийн үйлчилгээнд арын гарааш дугааргүйгээр ажиллуулж байсан гэх зөрчлөөр 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Атибус ХХК-ийн шалгах механик Д.Э-т Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15.000 төгрөгөөр торгож, шийтгэл ногдуулсан байна.

Д.Э нь Атибус ХХК-тай Хөдөлмөрийн гэрээний  үндсэн дээр ажилладаг, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргийг гүйцэтгэн цалин хөлс авч, тус компанийн өмнө хариуцлага хүлээн ажилладаг ажилтан бөгөөд А компанийг төлөөлөх эсхүл компанийн нэрийн өмнөөс хариуцлага хүлээх этгээд биш юм.

А ХХК нь Нийслэлийн авто тээврийн газартай Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээ  байгуулж, гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг дүгнүүлж, зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага хүлээхээр тохиролцжээ.

Дээрх гэрээ болон Авто тээврийн холбогдох хууль, дүрэм журам, стандартыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “тээвэрлэгч” гэж заасны дагуу А ХХК хариуцлага хүлээхээр байна.

Иймд  Н П Г Х П, Х Ц З  Ж.Г-ийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 02 дугаар дүгнэлтийн дагуу 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 02-07-048/016/0274 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсныг өөрчилж, Атибус ХХК-д хууль заасны дагуу шийтгэл ногдуулах хүртэл улсын байцаагчийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 02-07-048/016/0274 дугаар шийтгэлийн хуудсыг энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн 1 сарын хугацаанд түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т захиргааны хэргийн шүүхээс гарах шийдвэрийн төрлүүдийг заасны дотор 106.3.6-д “ төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах” шийдвэрийн төрлийг тусгайлан зааж, актаар тогтоосон төлбөрийн хэмжээг ихэсгэх эрх хэмжээг шүүхэд олгоогүй тул прокурорын дүгнэлтэд дурдсанчлан шүүхээс актаар тогтоосон төлбөрийн хэмжээг ихэсгэж, улсын байцаагчийн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй байна. 

Улсын байцаагч шүүхийн шийдвэрт заасан хугацаанд шийтгэврийн хуудсыг прокурорын дүгнэлтэд заасны дагуу өөрчлөөгүй тохиолдолд шийтгэврийн хуудас хүчингүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 10.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 02-07-048/016/0274 дугаартай шийтгэлийн хуудсыг энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 сарын хугацаанд түдгэлзүүлсүгэй.

2. Шүүхийн шийдвэрт заасан хугацаанд шийтгэлийн хуудсын прокурорын дүгнэлтэд заасны дагуу өөрчлөөгүй тохиолдолд уг шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АДЪЯАСҮРЭН