Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 124/2021/0002/З |
Дугаар | 221/МА2021/0337 |
Огноо | 2021-06-23 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2021/0337
Б.Гын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, цахимаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З, хариуцагчийн өмгөөлөгч А.Б нарыг оролцуулан Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Зын давж заалдах гомдлоор, Б.Гын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг дарга болон Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр:
“...1.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн дотоод аудитын хорооны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоол, Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/108 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, Б.Гыг Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,
2.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Гын ажилгүй байсан 2 сар 13 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох болон холбогдох хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг хариуцагч Увс аймгийн Засаг даргад даалгаж” тус тус шийдвэрлэжээ.
Хоёр. Хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д “сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгох”-оор заасан, тухайн тохиолдолд Увс аймгийн дотоод аудитын хорооны 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 33 дугаартай спорт заал ашиглах гэрээний 1 хувийг санхүүгийн баримтад хавсаргаж тухайн байгууллагын тоглосон ирцийн бүртгэлийн дагуу дүгнэж орлогыг дансанд төвлөрүүлж байх, фитнесийн танхимын түрээсийн орлогыг албан тушаалтнуудаар төлүүлэх, орлогод авагдаагүй 5.120.000 төгрөгийн хөрөнгө, материалыг няравт хүлээлгэн өгч орлогод тооцуулан тооллогод хамруулах, тендер зарлагдаагүй 28.000.000 төгрөгийн эрх бүхий байгууллагад буцаан шилжүүлэх, биеийн тамир спортыг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллахыг үүрэг болгож, төсвийн ерөнхийлөн захирагчид Биеийн тамир, спортын газрын дарга болон холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох, гэрээний дагуу нийлүүлэгдээгүй байгаа тоног төхөөрөмжийн асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, хууль болон Засгийн газрын тогтоолыг мөрдөж ажиллах зэргийг зөвлөмж болгож, тогтоолын 2 дахь заалтаар Биеийн тамир, спортын газрын албан тушаалтанд тавьсан улсын байцаагчийн 7.370.000 төгрөгийн актыг баталж шийдвэрлэсэн маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч Б.Год чиглээгүй, түүнд ямар нэг үүрэг бий болгоогүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан шийдвэр биш байх тул Увс аймгийн дотоод аудитын хорооны 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 33 дугаартай тогтоол нь нэхэмжлэгчийн хувьд “сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт” гэх боломжгүй.
Иймд нэхэмжлэгч Б.Г нь өөрт хамааралгүй захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзнэ. Тодруулбал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “... нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар... үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд ...нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”-ийг гэж тус тус ойлгоно.
Нэхэмжлэгчийн “Увс аймгийн дотоод аудитын хорооны 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 33 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах...” гэх зэрэг шаардлагын үндэслэлүүд нь “захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах” зорилгоор нэхэмжлэл гаргах хуулийн шаардлагыг хангахгүй, Увс аймгийн дотоод аудитын хорооны 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоол буюу маргаан бүхий “захиргааны акт” нь нэхэмжлэгч Б.Год чиглээгүй, түүнд шууд эрх зүйн үр дагавар үүсгээгүй байхад Б.Гын нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлгүй, анхан шатны шүүх тухайн тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглээгүй нь буруу байна.
Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 5 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “...урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг баримтлаагүй гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэжээ. Гэвч Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар Б.Год 2020 оны 12 сарын 24-ний өдөр мэдэгдлийг гардуулсан тул захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө “...хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд урьдчилан мэдэгдэж, оролцоог нь хангасан” гэж үзэхээр байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дараах тохиолдолд түдгэлзүүлнэ”, 65.1.3-т “Эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг шийдвэрлэх боломжгүй” гэж зааснаар тухайн захиргааны хэрэгт шууд холбоотой, эрүү, иргэний өөр хэрэг, маргаан хянан шийдвэрлэгдэж байгаа бөгөөд уг хэргийг шийдвэрлэхийн өмнө захиргааны хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн нь тогтоогдвол шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх журамтай.
Нэхэмжлэгч Б.Год холбогдуулан хяналт шалгалтаар илэрсэн фургон автомашинтай холбоотой гэмт хэргийн шинжтэй үйлдлийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь баримтаар нотлогдсон.
Дээрх эрүүгийн хэрэг хэрхэн шийдвэрлэгдэхээс шалтгаалан тухайн захиргааны хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх нь тодорхой болохоор байхад анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан нөхцөл байдалтай холбоотой ач холбогдол бүхий тайлбар, лавлагааг холбогдох байгууллагаас аваагүй, хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын хүсэлтийг харгалзахгүйгээр Б.Гоос гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “Шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” шийдвэр гаргана гэж хуульчилсан.
Анхан шатны шүүх нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэсэн хуулийн заалтыг удирдлага болгон 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 5 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Б.Год ногдуулсан ажлаас халах сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж байдалд тохирсон гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэжээ. Энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх хуулийн зохицуулалтай.
Гэтэл Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Мөн Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 5 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “...урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг баримтлаагүй гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно” гэж заасан. Нэхэмжлэгч Б.Год 2020 оны 12 сарын 24-ний өдөр мэдэгдлийг гардуулсан учир захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө ...хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд урьдчилан мэдэгдэж, оролцоог нь хангасан гэж үзэхээр байна.
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт “...Улсын ерөнхий байцаагчид гомдол гаргаагүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хангаагүй” гэсэн тайлбар үндэслэлгүй болно гэж тайлбарласан ба ямар үндэслэлээр, яагаад гэдгийгээ тайлбарлаагүй. Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолыг яагаад хэрэглэхгүй байх тухай үндэслэл бүхий тайлбар хийгээгүй.
Увс аймгийн Засаг даргын 2016 оны 7 сарын 25-ны өдрийн А/438 дугаартай “Дотоод аудитын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” захирамжийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/158 дугаар захирамжаар хүчингүй болгосон байхад нотлох баримтаар үнэлж шийдвэр гаргахад ашигласан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “....нотлох баримт цуглуулах, үнэлэх” үүргээ шүүх хэрэгжүүлээгүй.
Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д заасныг удирдлага болгон хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, Сангийн сайдын 2019 оны 29 дүгээр тушаалаар батлагдсан Дотоод аудитын дүрмийн 3.6-д заасан “нийт гишүүдийн 50-иас дээш хувь нь биечлэн оролцсоноор хүчинтэйд тооцох” шаардлагыг Увс аймгийн дотоод аудитын хорооны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хурал ирцийн хувьд хангаагүй, өөрөөр хэлбэл гишүүн А.Ч-От хэлэлцэх асуудлын материалыг урьдчилан танилцуулж, хуралд цахимаар оролцуулсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Заас тайлбарлах боловч тэмдэглэлд энэ талаар тусгагдаагүй, А.Ч-От хурлын материалыг урьдчилан хүргүүлж, санал авсан нь тэмдэглэлд тусгагдсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н тайлбарлах боловч мөн л ямар санал ирүүлсэн болох нь тодорхойгүй, гэтэл А.Ч-О шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ дээрх өдрийн хурлын товыг өөрт нь мэдэгдээгүй, хуралд суух талаар ч хэлээгүй, материал танилцуулж дараа нь тогтоолд гарын үсэг зуруулсан гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд түүнийг хуралд оролцсонд тооцохгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт холбогдох хууль, тогтоомжид нийцжээ.
Түүнчлэн Б.Год 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ажлаас халахаар шийдвэрлэсэн талаар мэдэгдэж, хариу тайлбар гаргах боломж олголгүйгээр 1 хоногийн дараа тушаал гаргасныг Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагааг хэрэгжүүлсэн гэж үзэхгүй.
Дотоод аудитын хорооны 33 дугаар тогтоолд “…Спорт заал ашиглах гэрээний 1 хувийг санхүүгийн баримтад бүрэн хавсаргаж гэрээг тухайн байгууллагын зааланд тоглосон ирцийн бүртгэлийн дагуу дүгнэж орлогыг дансанд төвлөрүүлэх, фитнесийн танхимын түрээсийн орлогын гэрээг нөхөн байгуулж дутуу орлогыг холбогдох албан тушаалтнуудаар төлүүлэх, орлогод аваагүй 5.120.000 төгрөгийн хөрөнгө, материалыг няравт хүлээлгэн өгч, жилийн эцсийн орлогод хамруулах, тендер зарлагдаагүй 28.000.000 төгрөгийг эрх бүхий байгууллагад буцаан шилжүүлэхийг үүрэг болгосон…” нь нэхэмжлэгч Б.Гыг аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалаас халах хэмжээний зөрчил биш, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “… тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан байдаг.
Мөн дээрх тогтоолд биеийн тамир, спортыг хөгжүүлэх хөтөлбөрийг хангалтгүй хэрэгжүүлж ажилласан гэж нэхэмжлэгчийг буруутгах боловч аймгийн Биеийн тамир, спортын газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт төрөл тус бүрд 80-100 хувь, дунджаар 92.2 хувьтай үнэлэгдсэн байгааг үгүйсгэх нотлох баримтыг хариуцагчаас гаргаж өгөөгүй байна. Ийнхүү дүгнэхийн учир нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий шийдвэртэй холбоотой нотлох баримт гаргаж ирүүлэхийг хариуцагчаас хангалттай шаарджээ.
Харин Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 73.4 дэх заалтыг зөрчсөн гэдэгт хамаарах 1 сая төгрөгөөр актлахаар шийдвэрлэсэн байгууллагын фургон автомашинтай холбогдох асуудлын талаар хуулийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн боловч энэ нь эцэслэн шийдвэрлээгүй байхад нэхэмжлэгчийн ажлаас халах нэг үндэслэл болгосон нь буруу.
Түүнчлэн Б.Гыг ажлаас халахдаа Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8-д заасны дагуу биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөөгүй талаар шийдвэрт зөв дүгнэсэн байна.
Дотоод аудитын хорооны тогтоол нь Б.Гыг ажлаас халах Засаг даргын захирамжийн үндэслэл болсон байх тул үүнийг нэхэмжлэгчид чиглээгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, тогтоолтой холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй гэж дүгнэх боломжгүй.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, тухайлбал дээр дурдсан фургон автомашинтай холбоотой эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл гэм буруутай нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдвол Б.Гыг энэ үндэслэлээр үүрэгт ажлаас халах эрх хариуцагчид хуулиар олгогдсон төдийгүй шүүхийн шийдвэр, магадлалаар энэхүү эрх хязгаарлагдахгүй болно.
Хавтаст хэргээс үзэхэд шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн, хэргийн нөхцөл байдлыг цаашид судлан шалгах зайлшгүй шаардлага тогтоогдсонгүй. Харин хүчингүй болсон “Дотоод аудитын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Увс аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийг нотлох баримтаар үнэлсэн нь буруу боловч энэ нь шийдэлд нөлөөлөхүйц, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл болохгүй.
Аймгийн Засаг дарга Ч.Чимид нь дотоод аудитын хорооны дарга байх тул тус хорооноос итгэмжлэгдсэн төлөөлөгч заавал томилуулах шаардлагагүй. Учир нь Засаг дарга хороог итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй этгээд. Мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага аль ч утгаараа Дотоод аудитын хороонд бус нэхэмжлэгчийг үүрэг ажлаас халах шийдвэр гаргасан Засаг даргад хамаарах нь хууль зүйн гэхээс илүүтэй энгийн ухамсрын төвшний ойлголт болно.
Засаг даргын захирамжийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох үр дагаврыг үүсгэнэ, өөрөөр хэлбэл эгүүлэн томилохыг даалгах шаардлагагүй, иймд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт гаргаж болохгүй” гэснийг зөрчсөн гэж үзэхгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Зын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН