Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 21

 


                  

М.Агийн нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1406 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч М.Агийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Од холбогдох

“83.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Б.Оы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Би хариуцагч Б.Од 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 50 000 000 төгрөгийг сарын 8%-ийн хүүтэй 60 хоногийн хугацаатай буюу 2016 оны 07 дугаар сарын 10-нд хүү 8 000 000 төгрөг нийт 58 000 000 төгрөгийг авахаар тохиролцож гэрээ хийсэн билээ. Зээлийн барьцаанд Зэст баг 1-3-118 тоот 2 өрөө байр, мөн 1-17-52 тоот 3 өрөө байрыг тус тус барьцаалж Орхон аймгийн үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлсэн. Зээлээ төлөх хугацаа болоход Б.О нь их хэмжээний зээл хөөцөлдөж байгаа гэх нэрийдлээр өнөөдрийг хүртэл хүү болон үндсэн мөнгөнөөс нэг ч төгрөг өгөөгүй явж байна. Зээлээ төлж чадахгүй тохиолдолд тавьсан барьцааны байрнуудыг зарж борлуулан мөнгөө авч болно гэж хариуцагч Б.О нь надад 1 жилийн хугацаатай итгэмжлэл хийж өгсөн болно. Үүний дагуу байрыг нь худалдаж авах хүн олсон ч бид 2 үнээ тохиролцож чадахгүй өнөөдрийг хүрлээ. Бид 2-ын хооронд хийсэн зээлийн гэрээний 2.7-д зааснаар зээлдэгч зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-аар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх заалт байгаа болно. Үүний дагуу хариуцагч Б.О нь зээлээ төлөхгүй 104 хоног хэтэрсэн алдангийн хэмжээ 26 000 000 төгрөг болж байна. Гэвч хуулийн хүрээнд нийцүүлэн үндсэн мөнгөний 50% болох 25 000 000 төгрөгний алданги гарч байна. Иймд хариуцагч Б.Оаас үндсэн зээл 50 000 000 төгрөг, хүү 8 000 000 төгрөг, алданги 25 000 000 төгрөг нийт 83 000 000 төгрөгийг барьцаанд тавьсан 1-3-118 тоот 2 өрөө, 1-17-52 тоот 3 өрөө байруудаас гаргуулан өгч нэхэмжлэгч М.А намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.О шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Миний бие Базаррагчаа овогтой О би 2016.05.10-нд өөрийн өмчлөлийн 1-17-52 тоот 3 өрөө байр, 1-3-118 тоот 2 өрөө байрыг А эгчид барьцаалж итгэмжлэл бичиж өгөн 50 000 000 төгрөгийг сарын 8%-ийн хүүтэйгээр 2 сарын хугацаатай зээлсэн юм. Би ихэвчлэн банкнаас зээл авдаг бөгөөд зээл гарч шийдэгдтэл ломбарднаас богино хугацаатай зээлийг авдаг байсан. Би 2004 оноос Эрдэнэт хотдоо тасралтгүй хувиараа хөдөлмөр эрхэлж явуулсан. Миний банкин дахь зээл 8 сарын өмнө дууссан. Дууссанаас хойш зээл хөөцөлдөж байгаа боловч санхүүжилт орж ирээгүй, татгалзсан, хойшлуулсан гэх хариу өгч байгаа билээ. Мөн 2016.07 сараас хойш эргэлтийн хөрөнгө тоног төхөөрөмж зэргийг борлуулж дүүгийнхээ эмчилгээний зардалд зарцуулсан учир 4 сарын турш үйл ажиллагаа явуулахгүй орлогогүй болсон байгаа юм. Гэвч би хүү багатай урт хугацааны гадаад, дотоодын зээлийг тасралтгүй хөөцөлдөж яваа. Одоогийн нөхцөл байдлаас болоод би А эгчийн үндсэн мөнгө хүүг өгч чадахгүй байгаа бөгөөд өөрийн амьдарч байгаа 1-17-52 тоот 3 өрөө байрыг зарж борлуулж өр төлбөрөө барагдуулах шийдвэр гаргасан юм. 1-3-118 тоот 2 өрөө байранд миний дүү гэр бүлийн хамт амьдардаг миний нэр дээрх байр юм. А эгчийн нэхэмжилж байгаа алданги болох төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь би 2013 оноос хойш нийт 125 000 000 төгрөгийг сарын 10%-ийн хүүтэй дүү О-Эрдэнэ эгчээс зээлээд одоо үлдэгдэл 17 000 000 төгрөг байгаа бөгөөд энэ төлбөрийг төлж барагдуулахын тулд орон сууцаа 90 000 000 төгрөгнөөс ярьж зарж байгаа тул ахин алданги, зээлийн хүүг төлж чадахгүй байдалд орж байгаа юм гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1406 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Б.Оаас үндсэн зээл 50 000 000 төгрөг, зээлийн хүү 8 000 000 төгрөг, алданги 25 000 000 төгрөг, нийт 83 000 000 төгрөгийг гаргуулан М.Ад олгож,

Хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх 83 000 000 төгрөгийг сайн дураараа эс төлбөл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны зүйл Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1 дугаар хороолол 3 дугаар байрны 118 тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү-2101000494 дугаарт бүртгэгдсэн 26.9 м2 талбай бүхий 2 өрөө орон сууц, Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1 дугаар хороолол 17 дугаар байрны 52 тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү-2101010319 дугаарт бүртгэгдсэн 38 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцуудыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 573 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 573 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Ад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.О давж заалдсан гомдолдоо: Миний бие 2016.05.10 нд дүү Эрдэнэбатын бие муудаад түүнээс эмчилгээний мөнгө 50.000.000 төгөрг зээлж авсан зээлэхдээ дүүгийн байр болон өөрийн байрыг барьцаалж байсан.. Дүү маань маш хүнд байсан учраас гэрээний нөхцөл бүрийг тунгааж хараагүй гарын үсэг зураад л авсан.Гэтэл уг гэрээний нөхцлийн дагуу гээд маш их хэмжээний мөнгө нэхэмжилсэн. Миний бие урьд нь түүний дүү О-эрдэнээс их хэмжээний зээл авдаг байсан бөгөөд байнгын үйлчлүүлэгч нь байсан.Тухайн үед О-эрдэнэд мөнгө байгаагүй учраас эгчээс нь авсан юм. Гэрээг богино хугацаатай төлөхөөр хийсэн талаар ч бүрэн ойлголтгүй гэрээнд ' гарын үсэг зурсан шалтгаан нь байнга зээл авдаг байсан болохоор үнэхээр анзаараагүй. Дүү маань 2016.07.15 нд” нойр булчирхайн үрэвсэл гэх оношоор “ нас барж уг эмчилгээнд бүх мөнгийг зарцуулсан. Энэ үеэр дүү маань охинтой болж өөрөө хэвтэрч эхнэр нялх биетэй байсан учир гэр бүлийг асрах үүрэг надад оногдож байсан. Энэ бүхэнд уг мөнгийг зарцуулсан. Дээрх хүнд байдал учирснаа хэлж байсан. Ингээд дүүгийнхээ ажил явдлыг дуусгаад эхнэрийг жаахан тэнхэртэл хажууд нь харж хандаж байгаад 2016.09 сарын эхээр ирсэн. Ингээд би ажилдаа орж уг мөнгийг төлөх санаатай өөрийн байгууллагын үйл ажиллагаанд тулгуурлан зээлээ төлөх санаатай эхлүүлсэн боловч удаан хугацаагаар бизнесээ орхисноос болж эргэлтийн хөрөнгө шийдвэрлэгдэхгүйд хүрч бэрхшээлтэй байдал үүссэн. Энэ байдлаа нотлох боломжийг шүүх олгосонгүй гэж үзэж байна. Учир нь би нэхэмжлэгч надад холбогдуулсан нэхэмжлэл гаргасныг 2016.11 сард өгсөн бөгөөд хуулийн хугацаанд нь тайлбараа өгсөн. Энэ байдлаа нотлох баримтаа хот хүрээгүй явж бүрдүүлэх боломжит хугацаа олголгүй шүүх хуралдааныг зарласан. Ингээд шүүх хуралд ийм шалтгаантай төлбөрийн хүнд байдалд орсноо хэлэхэд намайг нотлоогүй гэсэн. Би А эгчээс зээл авсан нь үнэн ч санаатай төлөхгүй байгаагүй үнэхээр хүнд нөхцөл байдалд орсон байсан учраас дээрх нотолгооны байдлыг харгалзан үзэж зээлийн хүүгийн хүү болон алданги багасгах хуулийн . зохицуулалтыг хэрэглэж болох эсэхийг шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Мөн би Оэрдэнэ А нараас олон жил өндөр хүүтэй мөнгө зээлж түүнийгээ төлдөг байсныг нотлох зэрэг асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байсан боловч шууд хурал зарлаж хийсэн нь миний эрх ашгийг шүүх бүрэн анхаарсангүй гэж үзэж байна. Иймд хууль ёсны эрх ашгийг хангаж нотлох баримтыг бүрдүүлэх боломжийг олгож хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж, Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч М.А нь хариуцагч Б.Оаас үндсэн зээл 50 000 000 төгрөг, зээлийн хүү 8 000 000 төгрөг, алданги 25 000 000 төгрөг, нийт 83 000 000 төгрөгийг гаргуулах, барьцаа Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1 дугаар хороолол 3 дугаар байрны 118 тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү-2101000494 дугаарт бүртгэгдсэн 26.9 м2 талбай бүхий 2 өрөө орон сууц, Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1 дугаар хороолол 17 дугаар байрны 52 тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү-2101010319 дугаарт бүртгэгдсэн 38 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцуудыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг  хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч  нэхэмжлэлийн шаардлагаас зээл, зээлийн хүү төлнө, харин  алдангийг төлөх боломжгүй гэж маргажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь хуульд  заасны дагуу  үнэлсний үндсэн дээр  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281, 282, 232, 175 дугаар зүйлийн 281.1, 282.1, 232.6, 175.1-д заасантай нийцсэн байна.

 Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Б.О нэхэмжлэгчээс 50.000.000 төгрөгийг зээлж аваад зээл, зээлийн хүүгийн төлбөрөөс огт төлж байгаагүй, зээлийг буцааж төлөхгүй болсон шалтгаан нөхцөл байдал болон санхүүгийн хувьд хүндрэлтэй байдалд орсон эсэх нь тодорхойгүй байх тул шүүхээс үндсэн зээл, хүү, алданги нийт 83.000.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэнг буруутгах боломжгүй ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасны дагуу анзын хэмжээг багасгах үндэслэл тогтоогдоогүй байна.

Хариуцагч Б.О шүүх нотлох баримт бүрдүүлэх хугацаа олголгүй  шүүх хуралдаан зарласан тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд авч үзвэл:

Хариуцагч Б.О хуулинд заасан хугацаанд буюу 14 хоногийн дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсантай холбоотой нотлох баримтыг бүрдүүлэх үүрэгтэй, хэрэв энэ хугацаанд нотлох баримтаа бүрдүүлж чадаагүй тохиолдолд шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх үед  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 -т “Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно” гэж заасны дагуу хариуцагч хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтаа бүрдүүлэх талаар хүсэлт гаргавал шүүх түүний хүсэлтийг хэлэлцэж шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болохоор хуульд зохицуулагдсан ба тэрээр  энэ талаар хүсэлт гаргаагүй тул шүүхээс хариуцагчид татгалзлалтай холбоотой нотлох баримт бүрдүүлэх хугацаа олгоогүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Оы гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1406 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Оы давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Б.Оы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД                                               Б.БАТТӨР

                                                                Б.ОЦЭЦЭГ