Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 727

 

 

 

 

 

 

  2020         04          21                                     2020/ШЦТ/727

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч Н.Дуламсүрэн,

Хохирогч, шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Б.Галхүү /ҮД:2131/,

Шүүгдэгч Г.Са, түүний өмгөөрөгч Л.Бурмаа /ҮД:0475/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Сыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Сыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906 02804 1589 дугаартай 2 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах, эгчийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 58 дугаар гудамжны 884 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 3 дугаар гудамжны 68 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 284 дугаартай шйитгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэн 2 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзагдсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 278 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, Б овогт Гын С /РД: /,

2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1983 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Илч чулуу” ХХК-й барьж буй Хэрлэн хотхоны барилгад арматур боогч ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Төмөр замын 15 дугаар гудамжны 6 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Х овогт Ггийн Са /РД: /,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Г.Са нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 09 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 16 дугаар байрны 5 тоотод иргэн Г.Стай муудалцан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Г.С нь эрүүгийн 1906 02804 1589 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа буюу мөрдөн шалгах ажиллагааны үед 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хохирогчоор, мөрдөн шалгах ажиллагааны үед 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хохирогчоор, шүүх хуралдааны явцад 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хохирогчоор, мөрдөн шалгах ажиллагааны үед 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хохирогчоор тус тус зориуд худал мэдүүлэг өгсөн,

2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 3 дугаар гудамжны 81 тоотод иргэн Б.Бат-Ирээдүйн толгой руу цохиж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Сын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Сын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт Г.Сын хохирогчоор өгсөн: “2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Бямбадоржтой тааралдсан. Би Сатай таараад маргасан. Тэгээд гаръя гээд гарсан. Са миний урд явж байснаа гэнэт эргэж хараад миний баруун тал руу цохисон. Айлаас гараад шат руу бууж явсан чинь цохиод авсан. Буйдан дээр цохисон асуудал байхгүй. Эмчилгээний зардал 3.000.000 төгрөг нэхэмжилж байна. Нүдэндээ болор суулгуулна...” гэх мэдүүлэг,

Г.Са нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 09 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 16 дугаар байрны 5 тоотод иргэн Г.Стай муудалцан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан хэргийн нотлох баримтууд:

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.4-8/,

Хохирогч Г.Сын өмсөж байсан цус мэт зүйлээр бохирлогдсон хөх өнгийн цагаан судалтай, ханцуйтай даавуун цамц 1 ширхэг, хохирогчийн цусыг арчсан гэх хөх өнгийн фудболк 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон буйдангийн саарал өнгөтэй бүрээс 1 ширхэг, Хараа нэртэй 0,75 граммын архины шил 3 ширхэг зэрэг эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх.1.10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Сын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “Би яг cap өдрийг нь санахгүй байна. Манай найз Бямбадорж буюу Бямбуушийн гэрт Бямбууш, Генерал Тулгаа буюу Са нарын хамт архи ууж байхад ямар шалтгаанаар гэдгийг мэдэхгүй хоёулаа уулзаадахъя гээд Генерал миний нүүр лүү цохисон, тэгээд намайг түлхэж паар луу унагаасан. Би унахдаа толгойгоо пааранд цохисон. Би тэгээд уначихаад өндийж босох гэтэл миний нүүр лүү өшиглөсөн. Тэрнээс хойш юу болсныг би санахгүй байна... миний толгой байнга өвдөж байгаа нүд харанхуйлаад юм сайн харж чадахгүй байгаа. Биеийн байдал тааруу байна” гэх мэдүүлэг /хх.1.16-17, 18-20/,

 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Эрдэнэтуяагийн өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 15 цагт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр замын 16-р байрны 1-р орц 2 давхрын айлаас 30-35 орчим насны эрэгтэй хүн 103-р ухаангүй хүргэгдэж ирсэн. Манайд ирэхдээ биеийн байдал маш хүнд ухаангүй хурхирсан байдалтай ирсэн. Мөн доошоо шээсэн байсан. Артерийн даралт 200 болон 120-той ирсэн. Одоо тархины эмлидураль геметом гэх оноштой, гэмтлийн эмнэлэг рүү 16:50-д шилжүүлсэн. Гэмтлийн гаралтай харвалт байж болзошгүй...” гэх мэдүүлэг /хх.1.21-22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Бямбадоржийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “... Шөнө 03 цаг хүртэл бид гурав хоорондоо юм ярьж суугаад би шөнийн 03 цагт ядран унтаад өгсөн. 2019 оны 05 дугаар сарын 07-ны өглөө 07 цаг 20 минутын үед сэрэхэд Са, С хоёр нь унтаагүй юм яриад сууж байсан. Саяхан манай найз болох талийгаач Аззаяа нь архины хамааралтай болж өөд болсон. Са, С хоёр нь талийгаач Аззаяагийн тухай хоорондоо ярьж байгаад муудалцаж, хэрэлдээд хоёулаа зодолдъё гээд босоод ирсэн, Са нь баруун гараараа Сын зүүн шанаа руу 1-2 удаа цохисон, С нь ойчоод, хөмсөгнөөс нь цус гарсан байсан. Тэгээд би “больцгоо, найзууд байж нэг нэгнийгээ гэмтээлээ” гэж хэлээд тэр хоёр нь болиод доошоогоо сууцгаасан. Сууж байхдаа тэр хоёр дахин юунаас ч юм болж хоорондоо маргалдаад С нь Сын хүзүү хэсэг рүү гар нь хүрээд байсан. Би бас болилдоо гэж хэлээд тэр хоёр больцгоосон. Би Сын данс руу 20.000 төгрөг мобайл банкаар шилжүүлээд Са бид хоёр гарч дэлгүүр ороод 0.75 литрийн хараа архи 1 ширхэг, жимсний ундаа, нэг хайрцаг West нэртэй тамхи аваад манай гэр лүү ороод дахиж бид гурав тэр авсан Хараа нэртэй архиа хувааж уусан. Тэр архинаас найз болох С нь хоёр, гурав удаа уугаад унтлаа гээд унтсан. Са бид хоёр нөгөө архиа хувааж ууж байгаад Сын эхнэр нь залган 10 цагийн үед манай гэрт ирж Саас автомашины түлхүүр ирж аваад... Тэгээд удалгүй Сын эхнэр нь хүүхэдтэйгээ манай гэрт ирээд Сыг авч гарах гэж байхад нь би цуг гарчихъя гээд мобайл банкаар Сын данс руу 20.000 төгрөг шилжүүлээд би дэлгүүрээс 0.75 литрийн нэг шил архи аваад, найз болох Са нь эхнэр хүүхдээ аваад яваад өгсөн. Би тэгээд гэртээ ороод унтах гээд хэвтэж байсан удалгүй хаалга тогшоод Шар хаданд гэр нь байрлах Нэргүйбаатар, Магнай ах хоёр орж ирээд нөгөө авсан нэг шил архиа хувааж ууж дуусгасан. Нэргүйбаатар, Магнай ах хоёр нь гаръя, Шар хад руу алхъя гээд тэгэхээр нь би 4-үүлээ гаръя гээд Сыг унтаж байхад нь сэрээх гэсэн чинь Сын гар, хөл нь чичигнээд байхаар нь би сандраад 103-т дуудлага өгсөн. Тэгээд түргэн тусламж ирээд Сыг үзэж байгаад эмнэлэг аваад явсан. Би тэгээд ер нь гэртээ байж байя гэж бодоод гэртээ үлдээд Нэргүйбаатар, Магнай ах яваад өгсөн... Бид гурав Баянзүрх дүүрэг 9 дүгээр хороо, Шар хаданд анх танилцаж байсан. Тэнд бүгд гэр оронтой байсан. Хүүхэд байхаасаа бид хэд тоглож өсөж явсан найзууд юм. Нэг нэгнийгээ багаасаа сайн мэднээ... Са, С бид гурав хараа нэртэй 0.75 литрийн хараа нэртэй архи 3 ширхгийг хувааж уусан. Ер нь бид гурав нэлээн халсан байсан... Бид гурав л байсан. Са нь үүрээр 07 цаг 20 минутын үед хоорондоо хэрэлдээд Са нь баруун гараараа Сын шанаа хэсэг рүү хоёр удаа цохисон. Тэгэхэд Сын хөмсөгнөөс нь цус гарсан байсан. С нь өөдөөс босож зодолдоогүй би боль гээд тэр хоёр больсон юм. Сын хамраас нь бас цус гарсан...” гэх мэдүүлэг /хх.1.23-24/,

2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “Манай гэрт шөнө 01 цаг 30 минутын орчим С, Са бид гурав ирсэн юм. Манай гэрт ирэхдээ С, Са нар архи уугаагүй эрүүл байсан бөгөөд би Шар хаданд архи уучихсан дунд зэргийн согтолттой байсан бөгөөд бид гурав 0.75 литрийн 1 бүтэн шил архи, нэг тал шил архитай ирсэн. Гэрт ирээд авчирсан архиа бид гурав хувааж уусан бөгөөд би архи дуусаагүй байхад 03 цаг өнгөрч байхад унтаад өгсөн нөгөө хоёр үлдсэн архиа уугаад үлдсэн. Намайг унтахад тэр хоёр хэрэлдэж маргалдсан зүйл байгаагүй ажил төрөл, ойр зуурын юм ярьж байсан. Би өглөө 07 цаг өнгөрч байхад сэрсэн бөгөөд намайг сэрэхэд С, Са 2 унтаагүй юм ярьчихсан сууж байсан бөгөөд би та 2 яагаад унтаагүй юм гэхэд буу халаад унтсангүй гээд хэлж байсан. Тэгээд бид нар дахиж архи уухаар болоод Са бид хоёр гарч дэлгүүрээс архи авахаар гарахад С гадаа гарахгүй гээд гэрт үлдсэн ба Сын эхнэр Сугараатай орцон дотор тааралдсан. Сугараа Саас хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд хүргэж өгнө гээд машинаа аваад явсан. Са бид хоёр манай гэрийн ойролцоо байдаг Чонос гэдэг дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн Хараа архи, тамхи ундаа аваад ирсэн. Тэгээд бид гурав авчирсан архиа хувааж уугаад дууссан байхад 09 цаг өнгөрч байхад С Са 2 хоорондоо маргаад эхэлсэн. Тэр хоёр Аззаяа гээд манай нас барсан найзаас болоод маргасан юм. Са Сад Аззаяаг дагуулж архи ууж явж байгаад үхүүлчихсэн гэсэн утгатай зүйл хэлэхэд С би ямар алчихсан юмуу гэж хэрэлдээд байсан. Тэр хоёр буйдан дээр зэрэгцээд сууж байсан бөгөөд С нь Сыг эхлээд хоолой хавьцаа гараараа цохьчихсон. Тэгсэн С, Са 2 барьцалдаж аваад С Сыг буйдан налуулаад дээр нь гараад дарчихсан Са Сын нүүр рүү 2-3 удаа гараа атгаж байгаад цохьсон, С бас Сыг 1-2 удаа цохиж байсан тэгээд тэр хоёр буйдан дээрээс зууралдаад газар унасан. Тэгэхэд би очиж тэр хоёрыг салгасан. Тэр хоёрыг салгахад Сын хамраас цус гарчихсан, баруун хөмсөгний дээд хавьцаа шалбарчихсан байсан. Тэгээд С хамрын цусаа угаалгын өрөөнд орж угаагаад том өрөөнд орж ирсэн. Тэгээд буйдан дээр С суугаад ширээний эсрэг талд Са конестер дээр суугаад байж байсан тэгэхдээ тэр хоёр өөрсдийгөө мундаг хурдан зодолддог ална тална гээд хэрэлдэж байснаа халз үзье гээд хоёулаа босоод ирсэн, тэгэхэд Са, Сын зүүн шанаанд нэг удаа гараа атгаж байгаад цохьсон тэгэхэд буйдан дээр буцаад суусан. С, Сыг зөрүүлж цохиогүй. Тэгээд тэр хоёр тэрнээс хойш нэг их хэрэлдээгүй 10 цаг өнгөрч байхад хэрүүл намжсан. Тэгээд хэрүүл хийхээ больсноос хойш С 10 орчим минутын дараа би унтлаа гээд хэвтээд унтаад өгсөн, тэгэхэд цаг 10 цаг 30 минут орчим болж байсан байх. Сүбатыг унтсаны дараа Са бид хоёр дэлгүүрээс архи авах гээд явж байхад Сын эхнэр хүүхэд хоёр Сыг авч явахаар ирсэн байсан бөгөөд дэлгүүрээс архи аваад манай гэрт бүгдээрээ цуг орсон. Тэгээд нөгөө архиа задлаад Са, Сыг сэрээж нэг татах уу гэхэд С үгүй гээд толгойгоо сэгсэрч байсан. Тэгэхээр нь би наадахаа сэрээж яах гэж байгаан унтуулаач гээд Сад хэлсэн. Тэгээд Са бид хоёр нэг нэг архинаасаа татаад байж байхад гаднаас Магнай, Нэргүй хоёр орж ирсэн. Тэр хоёрыг орж ирэхэд Са уух гэж байсан архиа Магнай ахад өгчихөөд эхнэр хүүхдэтэйгээ явлаа гээд 11 цаг 30 минутаас 12 цагийн хооронд явсан. Тэгээд үлдсэн архийг нь Нэргүй, Магнай ах бид гурав хувааж уугаад 12 цаг 30 минутын орчим дууссан байх, тэгээд Шархад явах гээд Сыг сэрээх гэхэд С сэрэхгүй гар хөл нь чичирч салгалаад байсан, тэгэхээр нь түргэн дуудсан ба түргэн 30 минут орчмын дараа ирээд эмч нь Сын даралтыг уначихсан байна гэж хэлээд эмнэлэг рүү аваад явсан. Магнай, Нэргүй нарыг манай гэрт ирэхэд С хурхираад унтаж байсан. Са, С нар нэлээд согтсон байсан тэгэхэдээ ухаанаа алдаад согтсон зүйл байгаагүй. Би бол тэр хоёроос согтолт арай гайгүй байсан. С манай гэрт ирэхдээ ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Харин барилга дээр 2 хоног ажиллаад ядарсан байдалтай байсан барилга дээр ажиллахын өмнө нэлээд хэд хоног архи уучихсан байж байгаад барилгын ажил хийгээд ядарсан байх. Сын хамарны гол хэсэгт шалбарсан, баруун хөмсөгний дээд хэсэгт бага зэрэг шалбарсан, зүүн талын шанаа хавдчихсан, хамраас нь цус гарсан байсан өөр ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Сын хүзүү нь бага зэрэг улайсан байсан, өөр ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Сын биед учирсан ил харагдах гэмтлүүдийг Са нийт 3-4 удаа цохиж учруулсан. Сыг Са гараараа цохьсоноос ямар нэгэн эд зүйлээр цохьсон зүйл байхгүй. С цохиулаад газар унах юмуу хана мөргөсөн зүйл байхгүй. С, Са нар зууралдаад буйдан дээрээс хоёулаа газар унасан. Тэгэх үед Сын хөмсөгний дээд талын шарх үүссэн. Харин өмнө ямар нэгэн ил харагдахгүй гэмтлүүд Сад байсан эсэхийг мэдэхгүй байна. Манай гэрт С, Са нар хоорондоо хэрэлдэж маргалдсанаас өөр хүн Стай хэрэлдэж маргалдсан түүнд халдсан зүйл байхгүй. С, Са нар Шар хаданд багаасаа бие биенээ мэдэх залуучууд байгаа юм. Энэ хоёр найзууд бөгөөд С ер нь архи уудаг бөгөөд согтсон үедээ түргэн зантай, тогтсон ажил төрөл байдаггүй ээжтэйгээ амьдардаг. Са бол хааяа нэг архи уудаг, эхнэр 5 хүүхэдтэйгээ амьдардаг, архи уугаад согтсон үедээ түргэн зантай. Эрүүл үедээ бол энэ хоёр ямар нэгэн элдэв ааш байхгүй байдаг...” гэх мэдүүлэг /хх.1.33-35/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Сын гэрчээр 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “2019 оны 05-р сарын 06-ны өдрийн орой 23:30 цагийн орчим манай найз Бямбадорж надруу утсаар залгаад “чи виза картаа аваад хүрээд ир, надад Карт байхгүй байна, чиний карт руу мөнгө мобайл банкаар шилжүүлж авъя, чи ирэх замдаа дэлгүүр ороод 0.75 гр Хараа архи аваад хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгээд би Шар хаданд Бат-Ирээдүйн гэрт очсон. Бат-Ирээдүйн гэрт Бямбадорж нь Бат-Ирээдүй, С, Нэргүй, үл таних нэг эмэгтэйн хамт байж байсан. Би Бямбадоржийн хэлснээр замаараа дэлгүүр орж нэг шил 0,75 гр Хараа архи аваад очсон. Миний авч очсон архинаас Бямбадорж тэнд байсан хүмүүст нэг нэг хундага архи хийж өгөөд үлдсэн тал шил архиа аваад Бямбадорж, С бид гурав Баянзүрх дүүргийн 10-р хороо, төмөр замын ногоон байранд байх Бямбадоржийн гэрт ирсэн. Бямбадоржийн гэр лүү явах замдаа дэлгүүрээс дахин 0,75 гр Хараа архи 1 шилийг авсан. Тэгээд Бямбадоржийн гэрт очоод С бид гурав авсан архиа уусан. Тэгээд бид гурав миний гар утасаар дуу сонсоод, дагаж дуулж байгаад саяхан архины хамаарлаас болоод нас барсан найз Аззаяагийн тухай яриад, найзыгаа ярьж дурссан. Тэгээд нөгөө авсан архи ууж байсан. Нэг мэдсэн гэртээ ирчихсэн унтаж байхад цагдаа нар ирээд намайг сэрээгээд аваад явсан. Би өөрөө юу ч санахгүй байна. Согтоод тасарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.1.25-27/,

2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “... Би найз болох С, Бямбадорж нарын хамт Шархаднаас Бямбадоржийн гэрт шөнө 02 цагийн орчим ирсэн. Шар хаднаас ирэх замаараа 1 шил 0.75 граммын Хараа архи, Шар хаданд ууж байсан тал шил 0.75 граммын архиа аваад ирсэн. Шар хаднаас ирэхдээ С, Бямбадорж нар дунд зэргийн согтолттой, би архи уугаагүй эрүүл байсан. Тэгээд Бямбадоржийн гэрт ирээд бид гурав архиа ууцгаасан. Үүр цайгаад гэгээ орж байхад архи дууссан бөгөөд Бямбадорж матрас дээр унтаад өгсөн С бид хоёр нас барсан найз Аззаяагийн талаар ярьж байгаад маргалдсан юм. Тэгсэн С над руу гал тогооны өрөөнөөс заазуур авч бариад “чамайг сийчээд хаячихъя ална” гээд байсан. Тэгэхээр нь би гар утсаа гаргаж ирээд бичлэг хийнэ гэхэд С агсрах нь гайгүй болсон. Тэгэхээр нь би заазуурыг нь авч буцаагаад гал тогооны өрөөний шүүгээнд хийсэн. Тэгээд дахиж маргахгүй юм яриад байж байхад 08 цагийн орчим Бямбадорж сэрсэн. Бямбадорж сэрээд миний карт руу мобайлаар 20.000 төгрөг хийгээд Бямбадорж бид хоёр гарч гэрийнх нь ойролцоо дэлгүүрээс 0.75 граммын нэг шил хараа архи аваад буцаж орсон. Тэгээд Бямбадоржийн гэрийн гадаа манай эхнэр Сугармаа хүүхдүүд хичээл сургуульд нь хүргэж өгнө гээд машины түлхүүр аваад явсан. Бямбадоржийн гэрт ороод С бид гурав авч орсон архиа хувааж уугаад байж байхад С хэл амаараа намайг өдөөд байсан. Архинд гарахдаа Сыг чи байж бай гэж үлдээгээд гарсан юм. Тэрнээс болоод намайг янз бүрээр хэлээд хутгална гээд байсан. С бид хоёр буйдан дээр зэрэгцээд сууж байсан юм. Тэгснээ С гарынхаа ар хэсгээр гүрээ хэсэг рүү цохиод миний өмсөж байсан хувцсаар боосон, тэгээд тавиач гэсэн чинь тавихгүй боогоод боолт нь ороод байсан тэгэхээр нь би боолтыг нь тавиулах гэж Сын нүүр лүү 2 удаа цохьсон. Тэгсэн Сын хамраас нь цус гараад Бямбадорж ирж Сыг татаж салгасан. Би ариун цэврийн өрөөнөөс саванд ус хийж ирээд том өрөөнд орж Сын хамрыг угааж цусыг нь цэвэрлэсэн. Сын цусыг нь цэвэрлэж байхад С намайг баасыг чинь гартал хутгалнаа гээд байсан. Тэгээд маргалдахаа болиод дэлгүүрээс архи авахаар Бямбадорж бид хоёр гарч байхад манай эхнэр намайг авахаар Бямбадоржийн гадаа тааралдсан. Тэгээд дэлгүүрээс 1 шил 0.75 граммын хараа нэртэй архи аваад буцаж гэрт нь ороод архиа задлаад С, Бямбадорж хоёр нэг нэг татаад би уух гээд байж байхад гаднаас Нэргүй, Магнай хоёр ороод ирсэн. Тэгэхээр нь би уух гэж байсан архиа Магнайд өгөөд дүү нь явлаа гээд эхнэр Сугармаагийн хамт явахаар болоод буйдан дээр хэвтэж байсан С дээр очоод би явлаа гэж хэлэхэд С за за гээд уурлаж байсан. Тэгээд би 11 цагийн орчим гараад явсан. Бямбадорж, С, Нэргүй, Магнай нар архиа уугаад үлдэцгээсэн. С бид хоёр 09 цагийн орчим маргалдаж зодолдсон байх. С нэлээд согтсон өөрийгөө хянах чадвар нь алдагдсан, хүн рүү үсчиж дайрсан байдалтай байсан. Би согтуу байсан гэхдээ өөрийгөө хянах чадвартай байсан. Би Стай талийгаач найзаасаа болж маргалдсан. С надаас гадна Бямбадорж руу байс үсчиж дайрч хэрүүл өдөөд байсан. Тэр хоёр бас үнсний савнаас болж нэг хальт маргалдсан гэхдээ хоорондоо зодолдож цохилцсон зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.1.28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Нэргүйбаатарын өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гудамжинд Магнай ахтай тааралдаад Амгалан руу Бямбадоржийн гэр лүү явсан. Магнай ах надад Бямбадоржоос мөнгө зээлэх гэсэн юм цуг яваад ирье гээд цуг явсан юм. Магнай ах бид хоёр Бямбадоржийн гэрт 12 цагийн орчим ирэхэд Бямбадорж хаалга тайлж өгсөн ба гэрт нь С буйдан дээр хэвтчихсэн унтаж байсан, хажууд нь Тулгаа сууж байсан, хажууд нь Тулгаагийн эхнэр хүүхэд хоёр нь байсан. Тулгаа буюу Са, Магнай ах бид хоёрыг ороод 5 орчим минутын дараа эхнэр хүүхэдтэйгээ гараад явсан. Магнай ах Бямбадорж бид гурав ширээн дээр задалчихсан байсан 0.75 граммын хараа архи байсныг хувааж уучихаад Шар хад руу явъя гээд Сыг сэрээх гэхэд сэрэхгүй хурхирч унтаад байсан. Тэгээд бүр сэрэхгүй болохоор нь түргэн дуудаад түргэн ирээд эмч нь Сын даралтыг үзсэнээ дамнуурга аваад ир гээд Сыг аваад явсан. Эмч Сыг үзэж байхад хурхирч унтаад байсан... Магнай ах бид хоёрыг ороход С хурхираад унтаад байсан, архи уугаад байж байхад хурхирч унтаад байсан. Тэгэхээр нь Сүхбтаыг унтаж байг, архи нь гарах байх гэж бодон унтуулаад байсан. Сын нүүр ам нь цус болсон зүйл байгаагүй, зүгээр л унтаад байсан... Бямбадоржийн гэрт зодоон болсон зүйл ажиглагдаагүй. Бямбадорж зодоон болсон талаар ямар нэгэн зүйл яриагүй. Магнай ах бид хоёрыг орсны дараа ямар нэгэн зодоон болоогүй, Са удаа ч үгүй эхнэр хүүхэдтэйгээ гараад явсан... Са, С нар архи уусан үедээ аль аль нь агсам зантай, Бямбадорж агсраад байх нь гайгүй...” гэх мэдүүлэг /хх.1.30/,

Мөрдөн шалгах ажиллгаанд гэрч Б.Баярмагнайн өгсөн: “Би 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Бямбадоржоос мөнгө зээлэхээр Нэргүйгийн хамт Шархаднаас алхаад 12 цагийн орчим Бямбадоржийн гэрт ирсэн юм. Бямбадоржийн гэрт ирэхэд С буйдан дээр унтаж байсан хажууд нь Са аягатай архи барьчихсан, сууж байсан Бямбадорж матрас дээр сууж байсан. Нэг танихгүй эмэгтэй 4-5 орчим насны хүүхэд хоёр том өрөөнд зогсож байсан, Нэргүй бид хоёрыг ороход Са уух гэж байсан архиа надад өгөөд “та татчих” гэсэн, тэгэхэд тэр эмэгтэй Сыг явъя гэж дагуулан хүүхэдтэйгээ гараад явцгаасан. Тэр эмэгтэй хүүхэд хоёр Сын эхнэр хүүхэд байсан юм байна лээ. Тэгээд Бямбадорж, Нэргүй бид гурав ширээн дээр байсан задлаад нээх уугаагүй бололтой 0.75 граммын хараа нэртэй архийг хувааж 1 цаг гарны хугацаанд ууж дуусгаад Шархад явахаар Сыг сэрээх гэхэд сэрэхгүй байсан. Бид гурвыг архи ууж байхад С хурхираад унтаад байсан бөгөөд унтаад архи нь гараг гэж бодоод сэрээгээгүй юм. С сэрэхгүй 2 гар нь чичрээд цэрэндээ хахах гэж байгаа юм шиг хэржигнээд дуугараад байсан. Тэгэхээр нь Бямбадорж миний утсаар түргэн дуудаад түргэн 30 минут орчмын дараа ирээд даралт нь уначихсан байна гэж хэлээд эмнэлэг рүү аваад явсан... С буйдан дээр дээшээ харчихсан хурхираад унтаж байсан. Сын нэг шанаа нь хавдчихсан, духны дээд хэсэгтээ бага зэрэг зулгарсан байсан. Би аль шанаа, дух гэдгийг санахгүй байна. Өөр ямар нэгэн гэмтэл шарх Сад байгаагүй хувцас хунар нүүр ам нь цус болсон зүйл байгаагүй... Нэргүй бид хоёр Бямбадоржийн гэрт эрүүл очсон бөгөөд Бямбадорж, Са нар согтолттой гэхдээ ухаанаа алдталаа согтоогүй хүнтэй харьцах чадвартай байсан...” гэх мэдүүлэг /хх.1.31/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Дүүрэнбаярын өгсөн: “... Би Сын төрсөн дүү байгаа юм. Манай ах Г.С нь хагалгаанд орсон тархинаас нь цус соруулж авсан гэсэн, тэгээд үлдсэн цусыг нь шимэгдүүлэх эмчилгээ хийлгээд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд ухаангүй эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд манай ээж С.Отгон, эгч Г.Сувдаа нарын хамт ээлжлэн сахиж байгаа. Биеийн байдал хүнд байна. Г.Сад цус төлжүүлэх, цус шимэгдүүлэх эм тариа гаднаас өөрсдийн зардлаар авч хэрэглэж байгаа. Тэрнээс гадна удаан хэвтсэн болохоор ахар сүүл, ташаа хэсэг нь цоорох гээд байгаа түүнд нь тос авч хэрэглэж байгаа мөн ухаангүй учраас өтгөн шингэнээ гаргаад байгаа болохоор памперас авч хэрэглэж байгаа гэх мэтээр одоогоор 700.000-800.000 төгрөгийн зардал гараад байна... манай ар гэрийн зүгээс гомдолтой байна. Одоо гарсан болон цаашид гарах эмчилгээний зардлаа буруутай этгээдээр гаргуулах хүсэлтэй байна. Эм тариа болон бусад зүйл авсан баримтаа одоогоор авчраагүй бөгөөд дараа нь авч ирж өгье...” гэх мэдүүлэг /хх.1.32/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Бадмаарагийн өгсөн: “... Г.С нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс ухаангүй, биеийн байдал хүнд, орчиндоо харьцаагүй, комын байдалтай ирсэн бөгөөд холбогдох оношлогоо бүрдүүлээд амь насны заалтаар яаралтай хагалгаанд орсон. Хагалгаанд орж гавлын хөндийд хурсан цусыг авч тархины даралтыг чөлөөлсөн. Хагалгааны дараа зохиомол амьсгалын аппараттай эмийн эрчимт эмчилгээ, эрчимт эмчилгээний тасагт хийгдэж байгаад 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр анх ирснээсээ биеийн байдал тогтворжсон учир гавал тархины гэмтлийн тасагт шилжсэн...” гэх мэдүүлэг /хх.1.36/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Долгормаагийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 5719 дугаартай:

“1. Г.Сын биед тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дух, зулайн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус  харвалт, баруун хацар яс, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3.4. Г.Сын биед учирсан тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дух, зулайн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун хацар ясны хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун нүдний гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хх.1.60/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч А.Амгаланболдын өгсөн: “... эдгээр гэмтлүүд нь хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... гавал тархины гэмтлүүд нь толгойн хэсэгт үйлчилсний улмаас үүсгэгдэх боломжтой гэмтэл, хамар яс, ухархайн хананы хугарал үүсгэсэн хүчний үйлчлэлээр дээрх гэмтэл нь үүсгэгдэх боломжтой... дээрх гэмтэл нь түлхэх, цохих, паар мөргөж унах аль ч тохиолдолд үүсэх боломжтой гэмтэл...” гэх мэдүүлэг /хх.1.66/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Сын яллагдагчаар өгсөн: “Яллагдагчийн эрх үүргээ уншиж танилцлаа. Эрх үүргээсээ асууж тодруулах зүйл байхгүй. Би 4 дүгээр анги төгссөн бичиг үсэг мэднэ. уншиж бичиж чадна. Өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө... Би дээрх ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна... Бямбадорж, С хоёртой хамт Бямбадоржийн гэрт очих замдаа дэлгүүрээс дахиад нэг шил архи аваад гэрт нь ирсэн. Тэр архиа Бямбадорж, С бид гурав хувааж уусан. Өглөө үүр цайж байхад 06:00 цагийн үед С, Бямбадорж хоёр үнсээ шалан дээр хаялаа гэж маргалдсан. Дараа нь С бид хоёр нас барсан найз Аззаяагийн тухай ярьж байгаад маргалдахад С гал тогооны өрөө рүү ороод заазуур авч гарч ирээд намайг “баасыг чинь гартал хутгална” гээд байхаар нь би утсан дээрээ бичлэг хийсэн байсан юм. Тэр бичлэг нь миний утсан дээр байгаа. Тэгээд би Саас заазуурыг нь аваад гал тогооных нь өрөөний тавилганых нь араар шидсэн. С миний хажууд сууж байгаад баруун гараараа миний хоолой түнх рүү цохин миний дээр гараад миний өмсөж явсан хар эрээн өнгийн цамцны захаар хоолой боогоод тавихгүй байхаар нь амьсгаа давчдаад өөрийгөө тавиулах гэж нүүр лүү баруун гараараа түлхээд хамар луу нь нэг удаа цохисон. Тэгтэл Бямбадорж цаанаас ирээд Сыг татаж авсан. Тэгээд Бямбадорж бид хоёр Сын хамраас гарсан цусыг нь угааж өгөөд Бямбадорж бид хоёр хамт архинд явсан. Гэрт С ганцаараа үлдсэн. Тэгээд нэг 0.75 литрийн Хараа нэртэй архи авч ирээд С, Бямбадорж бид гурав хувааж уугаад хоорондоо эвлэрээд байж байтал манай эхнэр Сугармаа ирж надаас машины түлхүүр авч явсан. Дахиад Бямбадорж бид хоёр дэлгүүрээс нэг 0.75 Хараа нэртэй архи авч ирээд уух гэж задлаад байж байтал манай эхнэр орж ирээд намайг авч явах гээд байж байхад гаднаас Шар хаданд гэр нь байдаг Магнай, Нэргүй хоёр орж ирсэн. Тэр архинаас Бямбадорж дээрээс нь нэг хундага уугаад би өөрөө уух гээд хийчихсэн байсан архиа Магнай ахад өгөөд 11:00 цагийн үед эхнэртэйгээ хамт гарч явсан. Дараа нь хэрэг цагдаа дээр шалгагдаж байхад Бямбадорж надад би тэр заазуурыг нь гал тогооны шүүгээний араас аваад цонхоор гаргаад шидчихсэн гэж хэлсэн... Яллах дүгнэлттэй танилцахад хохирогч С нь өгсөн мэдүүлэгтээ намайг Са түлхэж паар луу унагаасан, нүүр лүү өшиглөсөн гэж худлаа мэдүүлэг өгсөн байна. Тухайн үед тийм зүйл болоогүй. С бид хоёрын дээр доороо орсон буйдангаас паар нь хол байдаг. Бид хоёр босоогоороо цохилцож зодолдсон асуудал байхгүй. Намайг дээрээс боож байхад Бямбадорж нь Сыг салгаж авсан болохоор паар мөргөх боломжгүй. Намайг эхнэртэйгээ Бямбадоржийн гэрээс явснаас хойш Бямбадорж С хоёр хоорондоо маргалдаж зодолдсон гэж би Сын ээжээс сонссон. Энэ талаар хүмүүсийн өгсөн мэдүүлэгт байхгүй байна. Миний хувьд зүгээр гэртээ байж байхад хүн дуудаад архи аваад ир шагналд нь 10.000 төгрөг өгнө гэхээр нь хүүхдүүдийнхээ талхны мөнгийг бодоод очиж ийм байдалд орсондоо их харамсалтай байна...” гэх мэдүүлэг /хх.1.74-75/,

Г.С нь эрүүгийн 1906 02804 1589 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж , батлагаа гаргасны дараа буюу мөрдөн шалгах ажиллагааны үед 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хохирогчоор, мөрдөн шалгах ажиллагааны үед 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хохирогчоор, шүүх хуралдааны явцад 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хохирогчоор, мөрдөн шалгах ажиллагааны үед 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хохирогчоор тус тус зориуд худал мэдүүлэг өгсөн хэргийн нотлох баримтууд:

Мөрдөн шалгах ажиллгаанд Г.Сын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хохирогчоор өгсөн: “... Би яг cap өдрийг нь санахгүй байна. Манай найз Бямбадорж буюу Бямбуушийн гэрт Бямбууш, Генерал Тулгаа буюу Са нарын хамт архи ууж байхад ямар шалтгаанаар гэдгийг мэдэхгүй хоёулаа уулзаадахъя гээд Генерал миний нүүр рүү цохисон тэгээд намайг түлхэж паар руу унагаасан. Би унахдаа толгойгоо пааранд цохисон. Би тэгээд уначихаад өндийж босох гэтэл миний нүүр лүү өшиглөсөн. Тэрнээс хойш юу болсныг би санахгүй байна..., миний толгой байнга өвдөж байгаа нүд харанхуйлаад юм сайн харж чадахгүй байгаа. Биеийн байдал тааруу байна...” гэх мэдүүлэг /хх.1.16-17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Сын 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хохирогчоор өгсөн: “... Тухайн үед Са миний нүүрлүү гараараа нэг удаа цохиод, паар луу түлхэж толгойгоор унагаасан. Тэгэхэд миний тархи толгой гэмтээгүй. Тэгээд дараа нь Са, Бямбадорж хоёр архинд яваад ирэхгүй байхаар нь араас нь гарах гэж явж байгаад шатан дээрээс толгойгоороо унасан юм. Тэгэхэд миний тархи гэмтэж шинжээчийн дүгнэлт дээр бичигдсэн гэмтлүүд учирсан... Хүн байгаагүй. Би ганцаараа байсан... Би Сатай уулзсан. Са надад цувуулж 400.000 төгрөгийг эм тариа худалдан аваарай гэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх.1.19-20/,

Шүүхийн хэлэлцүүлэгт Г.Сын 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хохирогчоор өгсөн: “... Са бид хоёр нас барсан найзынхаа талаар ярилцаж байгаад ам зөрсөн. Би Сыг л гэж хэлээд цамцныхан захаар боосон. Гэтэл миний хамар луу цохиход цус гарсан. Миний цусыг угааж өгөөд Са, Бямбадорж нар дахин архинд гарсан. Би тэр үед байшингаас гарах гэж байгаад шатан дээр хальт гишгэж унасан. Са, Бямбадорж нарыг ирээд удаагүй байхад Сын эхнэр нь ирээд авч явсан. Би Саас цувуулж 800.000 төгрөгийг авсан. Би баруун талаараа шатнаас унасан. Шатнаас унахад гэмтэл үүссэн...” гэх мэдүүлэг /хх.1.196/,

Мөрдөн шалгах ажиллгаанд Г.Сын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хохирогчоор өгсөн: “... би худлаа мэдүүлэг өгчихсөн юмаа. Одоо цагдаагийн байгууллагад үнэн зөвөөр нь мэдүүлэг өгнө. Би Сайтай найзлаад 10 гаран жил болж байгаа юм. Би Сын амьдралыг мэддэг болохоор Сыг хэрэгт оруулахгүй гэж худлаа мэдүүлэг өгчихсөн юм. Са бага насны 5 хүүхэдтэй тул хүүхдүүдийг нь өрөвдөөд өмнө өгсөн мэдүүлэгтээ Са миний биед гэмтэл учруулаагүй гэж худлаа мэдүүлэг өгсөн юм. Би шатнаас унаагүй. Са миний нүүр лүү цохиж, толгойгоор паар мөргүүлж, шинжээчийн дүгнэлт дээр бичигдсэн гэмтлүүдийг учруулсан...” гэх мэдүүлэг /хх.1.221-222/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Сын яллагдагчаар өгсөн: “... би дээрх ялыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хохирогчийн мэдүүлэг өгөхдөө тухайн үед болсон зүйлсийг бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Би өмнө нь өөрөө шатнаас унаж өөртөө гэмтэл учруулсан гэж мөн шүүх хурал өөрөө шатнаас унаж өөртөө гэмтэл учруулсан гэж худлаа мэдүүлэг өгсөн нь үнэн. Би Сатай багаасаа найзалсан болохоор найзыгаа хэрэгт оруулахгүй гэж худлаа мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг /хх.1.233/,

Г.С нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлгийн 3 дугаар гудамжны 81 тоотод хохирогч Б.Бат-Ирээдүйн толгой руу цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нотлох баримтууд:

Мөрдөн шалгах ажиллагаад хохирогч Б.Бат-Ирээдүйн өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 22:00 цагийн үед гэртээ хоол хийгээд байж байтал гаднаас С манай гэрт орж ирээд орон дээр хэвтэж байгаад гэнэт босч ирээд архины шилээр миний толгой руу нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би Сыг түлхээд гэрээс гаргах гэтэл миний баруун талын нүд рүү тохойгоороо нэг удаа цохьчихоод гэрээс гараад явсан. Саас өөр намайг цохиж зодсон хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх.2.4-5/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1828 дугаартай:

“1. Б.Бат-Ирээдүйн биед баруун нүдний дээд зовхины цус хуралт, зүүн хөмсөг, зүүн чихний дэлбээний зулгаралт гэмтэл тогтоогдлоо

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.2.12-13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Сын гэрчээр өгсөн: “... би тэр өдөр архи уучихсан байсан. Бат-Ирээдүйн гэрт орсноо л санаж байна. Өөр зүйл санахгүй байна. Би Цэнгэлийг танина. Цэнгэл гэр орон байхгүй. Манай тэр хавийн айлуудаар хоног төөрүүлдэг залуу байгаа юм. Намайг Бат-Ирээдүйн гэрт ороход Цэнгэл байсан...” гэх мэдүүлэг /хх.2.7/,

Г.Сын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх.173/,

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх.1.81/,

Хүүхдийн гэрчилгээний хуулбарууд /хх.1.88-92/,

Хохирлоос нөхөн төлсөн баримтууд /хх.1.160, 192/,

Ажил байдлын тодорхойлолт /хх.1.161/,

Хохирлын баримтууд /хх.1.185-189/,

Г.Сын хувийн байдлын талаар баримтууд /шинээр гаргасан 3 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Г.Са нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 09 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 16 дугаар байрны 5 тоотод иргэн Г.Стай муудалцан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.4-8/,

Хохирогч Г.Сын өмсөж байсан цус мэт зүйлээр бохирлогдсон хөх өнгийн цагаан судалтай, ханцуйтай даавуун цамц 1 ширхэг, хохирогчийн цусыг арчсан гэх хөх өнгийн фудболк 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон буйдангийн саарал өнгөтэй бүрээс 1 ширхэг, Хараа нэртэй 0,75 граммын архины шил 3 ширхэг зэрэг эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх.1.10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Сын өгсөн: “... Генерал миний нүүр лүү цохисон, тэгээд намайг түлхэж паар луу унагаасан. Би унахдаа толгойгоо пааранд цохисон. Би тэгээд уначихаад өндийж босох гэтэл миний нүүр лүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.1.16-17, 221-222, 233/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Эрдэнэтуяагийн өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 15:00 цагт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр замын 16-р байрны 01-р орц 2 давхрын айлаас 30-35 орчим насны эрэгтэй хүн 103-т ухаангүй хүргэгдэж ирсэн. Манайд ирэхдээ биеийн байдал маш хүнд ухаангүй хурхирсан байдалтай ирсэн. Мөн доошоо шээсэн байсан. Артерийн даралт 200 болон 120-той ирсэн. Одоо тархины эмлидураль геметом гэх оноштой, гэмтлийн эмнэлэг рүү 16:50 цагт шилжүүлсэн. Гэмтлийн гаралтай харвалт байж болзошгүй...” гэх мэдүүлэг /хх.1.21-22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Бямбадоржийн өгсөн: “... үүрээр 07 цаг 20 минутын үед хоорондоо хэрэлдээд Са нь баруун гараараа Сын шанаа хэсэг рүү хоёр удаа цохисон. Тэгэхэд Сын хөмсөгнөөс нь цус гарсан байсан... Сын хамраас нь бас цус гарсан... С, Са хоёр барьцалдаж аваад С Сыг буйдан налуулаад дээр нь гараад дарчихсан Са, Сын нүүр лүү 2-3 удаа гараа атгаж байгаад цохьсон, С бас Сыг 1-2 удаа цохиж байсан, тэгээд тэр хоёр буйдан дээрээс зууралдаад газар унасан. Тэгэхэд би очиж тэр хоёрыг салгасан. Тэр хоёрыг салгахад Сын хамраас цус гарчихсан, баруун хөмсөгний дээд хавьцаа шалбарчихсан байсан... Са Сын зүүн шанаанд нэг удаа гараа атгаж байгаад цохьсон, тэгэхэд буйдан дээр буцаад суусан...” гэх мэдүүлэг /хх.1.23-24, 34/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баярмагнайн өгсөн: “... С сэрэхгүй 2 гар нь чичрээд цэрэндээ хахах гэж байгаа юм шиг хэржигнээд дуугараад байсан, Тэгэхээр нь Бямбадорж миний утсаар түргэн дуудаад түргэн 30 минут орчмын дараа ирээд даралт нь уначихсан байна гэж хэлээд эмнэлэг рүү аваад явсан... Сын нэг шанаа нь хавдчихсан, духны дээд хэсэгтээ бага зэрэг зулгарсан байсан...” гэх мэдүүлэг /хх.1.31/,

Мөрдөн шалгах ажиллгаанд гэрч А.Бадмаарагийн өгсөн: “...Г.С нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс ухаангүй, биеийн байдал хүнд, орчиндоо харьцаагүй комын байдалтай ирсэн бөгөөд холбогдох оношлогоо бүрдүүлээд амь насны заалтаар яаралтай хагалгаанд орсон. Хагалгаанд орж гавлын хөндийд хурсан цусыг авч тархины даралтыг чөлөөлсөн...” гэх мэдүүлэг /хх.1.36/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Долгормаагийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 8719 дугаартай:

“1. Г.Сын биед тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дух, зулайн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, баруун хацар яс, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.4. Г.С-н биед учирсан тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дух, зулайн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун хацар ясны хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хх.1.60/,

Хохирогч Г.Сын өвчний түүх /хх.1.106-138/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дэд дарга, хүний их эмч, шинжээч эмч А.Амгаланболдын өгсөн: “... эдгээр гэмтлүүд нь хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Мохоо зүйлийн
үйлчлэлээр үүсгэгдэнэ... гавал тархины гэмтлүүд нь толгойн хэсэгт үйлчилсний
улмаас үүсгэгдэх боломжтой гэмтэл, хамар яс, ухархайн хананы хугарал үүсгэсэн
хүчний үйлчлэлээр дээрх гэмтэл нь үүсгэгдэх боломжтой... дээрх гэмтэл нь түлхэх, цохих, паар мөргөж унах аль ч тохиолдолд үүсэх боломжтой гэмтэл...” гэх мэдүүлэг /хх.1.66/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Нэргүйбаатарын өгсөн: “... Сыг сэрээх гэхэд сэрэхгүй хурхираад унтаад байсан. Тэгээд бүр сэрэхгүй болохоор нь түргэн дуудаад түргэн ирээд эмч нь Сын даралтыг үзсэнээ дамнуурга аваад ир гээд Сыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх.1.30/,

Г.С нь эрүүгийн 1906 02804 1589 дугаартай хэрэгт хохирогчоор мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа буюу мөрдөн шалгах ажиллагааны үед 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр, 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр, шүүхийн хэлэлцүүлэгт 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр тус тус зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллгаанд Г.Сын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хохирогчоор өгсөн: “... Генерал миний нүүр лүү цохисон, тэгээд намайг түлхэж паар руу унагаасан. Би унахдаа толгойгоо пааранд цохисон. Би тэгээд уначихаад өндийж босох гэтэл миний нүүр лүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.1.16-17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Сын 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хохирогчоор өгсөн: “... Тухайн үед Са миний нүүр лүү гараараа нэг удаа цохиод, паар луу түлхэж толгойгоор унагаасан. Тэгэхэд миний тархи толгой гэмтээгүй. Тэгээд дараа нь Са, Бямбадорж хоёр архинд яваад ирэхгүй байхаар нь араас нь гарах гэж явж байгаад шатан дээрээс толгойгоороо унасан юм. Тэгэхэд миний тархи гэмтэж шинжээчийн дүгнэлт дээр бичигдсэн гэмтлүүд учирсан...” гэх мэдүүлэг /хх.1.19-20/,

Шүүхийн хэлэлцүүлэгт Г.Сын 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хохирогчоор өгсөн: “... Би тэр үед байшингаас гарах гэж байгаад шатан дээр хальт гишгэж унасан... Би баруун талаараа шатнаас унасан. Шатнаас унахад гэмтэл үүссэн...” гэх мэдүүлэг /хх.1.196/,

Мөрдөн шалгах ажиллгаанд Г.Сын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хохирогчоор өгсөн: “... Са бага насны 5 хүүхэдтэй тул хүүхдүүдийг нь өрөвдөөд өмнө өгсөн мэдүүлэгтээ Са миний биед гэмтэл учруулаагүй гэж худлаа мэдүүлэг өгсөн юм. Би шатнаас унаагүй. Са миний нүүр лүү цохиж, толгойгоор паар мөргүүлж, шинжээчийн дүгнэлт дээр бичигдсэн гэмтлүүдийг учруулсан...” гэх мэдүүлэг /хх.1.221-222/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Сын яллагдагчаар өгсөн: “... Би өмнө нь өөрөө шатнаас унаж өөртөө гэмтэл учруулсан гэж мөн шүүх хурал өөрөө шатнаас унаж өөртөө гэмтэл учруулсан гэж худлаа мэдүүлэг өгсөн нь үнэн. Би Сатай багаасаа найзалсан болохоор найзыгаа хэрэгт оруулахгүй гэж худлаа мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг /хх.1.233/,

Г.С нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлгийн 3 дугаар гудамжны 81 тоотод хохирогч Б.Бат-Ирээдүйн толгой руу цохиж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаад хохирогч Б.Бат-Ирээдүйн өгсөн: “... С манай гэрт орж ирээд орон дээр хэвтэж байгаад гэнэт босч ирээд архины шилээр миний толгой руу нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би Сыг түлхээд гэрээс гаргах гэтэл миний баруун талын нүд рүү тохойгоороо нэг удаа цохьчихоод гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг /хх.2.4-5/,

   Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1828 дугаартай:

“1. Б.Бат-Ирээдүйн биед баруун нүдний дээд зовхины цус хуралт, зүүн хөмсөг, зүүн чихний дэлбээний зулгаралт гэмтэл тогтоогдлоо

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.2.12-13/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Са, Г.С нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт заасан гэмт хэрэгт Г.Сыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Сыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Г.Сыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирогч санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь, шүүгдэгч Г.Сыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, “Мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа хохирогчоор зориуд худал мэдүүлэг өгөх” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь тус тус гэм буруутайд тооцов.

Г.Са, Г.С нарын үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Хохирогч Г.С нь эмчилгээний зардалд 536.538 төгрөг нэхэмжилсэн боловч 383.444 төгрөгөөс бусад нь нотлох баримт хангалтгүй байх бөгөөд, харин Г.Са нь хохиролд 800.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Г.Сын цаашид гарах эмчилгээний зардалд нэхэмжилсэн 3.000.000 төгрөгийг нотлох баримтгүй учир хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.

Улмаар хохирогч Г.С нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Г.Саас жич нэхэмжлэх эрхтэй болно.

Хохирогч Б.Бат-Ирээдүй нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Г.Сыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Г.Сад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, шүүгдэгч Г.Сад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэг, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Г.Са, Г.С нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын ар гэрийн болон хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон өмгөөлөгч нарын дүгнэлт, хохирогч гомдолгүй гэсэн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч нарт торгох ял оногдуулж, Г.Сад оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, нийт эдлэх торгох ялын хэмжээг тогтоон шийдвэрлэв.

Г.Сад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоодсонгүй, харин Г.Сад эрүүгийн хариуцлага оногдуулахад санаатай гэмт хэрэг хоёр удаа үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Са, Г.С нарт тус бүр оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.

Г.Са, Г.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн эд зүйлсийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Х овогт Ггийн Сыг “Хүнийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б овогт Гын Сыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, “Мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа хохирогчоор зориуд худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сад 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Сад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, Г.Сад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх торгох ялын хэмжээг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Г.Са, Г.С нарт тус бүр оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Са, Г.С нарт тус тус сануулсугай.

6. Г.Са, Г.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, Г.Са нь 800.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Б.Бат-Ирээдүй нь гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн, Г.С нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хохирогч Г.Сын өмсөж байсан цус мэт зүйлээр бохирлогдсон хөх өнгийн цагаан судалтай, ханцуйтай даавуун цамц 1 ширхэг, хохирогчийн цусыг арчсан гэх хөх өнгийн фудболк 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон буйдангийн саарал өнгөтэй бүрээс 1 ширхэг, Хараа нэртэй 0,75 граммын архины шил 3 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

          8. Төрийн сангийн 100900005406 тоот дансанд шүүгдэгч Г.Саас урьдчилан байршуулсан 400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Сад олгосугай.

          9. Хохирогч Г.С нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Г.Саас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Са, Г.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР