Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 747

 

 

 

 

 

 

   2020         04          23                                      2020/ШЦТ/747

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч Д.Ариунжаргал,

Хохирогч, шүүгдэгч Б.М, түүний өмгөөрөгч Б.Ганбат /ҮД:0346/,

Хохирогч, шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа /ҮД:2136/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М, Д.Т нарт холбогдох 2006 00526 0540 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2000 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Төрийн
удирдлагын академид төрийн удирдлага хүний нөөцийн менежерээр суралцдаг, ам бүл 4, эх, 2 дүүгий хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачны 5 дугаар гудамжны 80 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Д овогт Бийн М /РД: /,

2. Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймагт 1982 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Бизнесийн удирдлага, гадаад аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 66 дугаар гудамжны 890 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага Дарь-Эхийн 1533 тоотод түр оршин суух, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Э овогт Дгийн Т /РД: /,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.М, Д.Т нар нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сэлбийн 5 дугаар гудамжны 116 тоот нийтийн байранд харилцан зодолдож, улмаар бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мн өгсөн: “Тухайн үед зодох нөхцөл байгаагүй. Манай ээж эмнэлгийн хяналтад байсан. Тэр үед ээж татаад гэртээ уначихсан байсан. Манай дүү нар бүгд ээж рүү явчихсан. Би энэ эгчтэй байж байсан. Сүүлд нь манай дүү гарч ирээд аниа ээж татаад байна гээд намайг дуудсан. Манай ээж оролцсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Тын өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр намайг нойлд байхад Мн дүү Төрбат хаалга онгойлгон орж ирэх гээд байхаар нь “би бие засаж байна” гэсэн чинь намайг “архичин хүүхэн, архи уудаг” гээд доромжлоод байсан. Тэгэхээр нь “чи эмэгтэй хүнийг доромжлохоо боль, энэ нойлын хаалга түгжигддэггүй, онгорхой хаалга чи нөгөө талд бие засаж болно” гэсэн чинь олон долоон юм хэлээд байсан. Тэгээд орхичихсон. 2020 оны 01 дүгээр сарын 05-ны би нөхөртэйгээ гэртээ орох гээд явж байхад коридорт Төрбат явж байсан. Би нөхөртөө “намайг доромжлоод байсан хүн энэ байна” гээд хэлсэн чинь манай нөхөр “чи наашаа хүрээд ирдээ, яагаад эмэгтэй хүнийг янз бүрээр доромжилсон юм” гэсэн чинь М, ээж, 2 дүү, Мн найз залуу нь бөөнөөрөө гарч ирээд намайг үсдэж дараад М миний долоовор хурууг хазсан.   Надад өндийх ямар ч боломж байгаагүй. Миний үс туг тугаараа унасан. Би өөрийнхөө утсаар цагдаа дуудсан. Цагдаа ирэхэд М болон ээж нь над руу дайрсаар л байсан. Надад энэ хүнийг цохих ямар ч боломж байгаагүй. Би гомдолтой байна. Би зодуулсан хохирогч байж энд яллагдагч гээд зогсож байгаадаа харамсаж байна. Би энэ хүнд гар хүрээгүй. Надад ямар ч гэм буруу байхгүй. Нөхөр бид хоёрыг зодсон. Ээж нь охинтойгоо хамт миний үснээс зулгаасан. Цагдаа дээр очиж мэдүүлэг өгөхөд намайг Шүүх эмнэлэгт үзүүлэх үү гэхээр нь би ядарч байна гэж мэдүүлгээ өгөөд явсан. Тэгээд 20 гаруй хоногийн дараа намайг дуудаж гэрчээр мэдүүлэг авсан. Тэгээд шүүх эмнэлгийн дүгнэлт нь гээд харуулсан. Намайг явж дүгнэлт гаргуул гэсэн. Энэ хүний дүү Төрбат нь саяхан манай гэр лүү 2 удаа согтуу ирсэн гэсэн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Мн хохирогчоор өгсөн: “Гарыг бол тэр ах гарах гэж байхдаа хавчсан. Одоо 128.000 төгрөг нэхэмжилж байна. Одоо гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Тын хохирогчоор өгсөн: “Үс туг тугаар нь авч хаясан. М ээжтэйгээ нийлж миний толгойг дарсан. Би нүүрээ маажуулахгүй л гэж байсан. Миний хурууг хазсан. Одоо сорвинууд нь байгаа. Толгой байнга өвдөлттэй байгаа. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

Цагдаагийн байгууллагад иргэн Д.Тын гаргасан өргөдөл /хх.4/,

Цагдаагийн байгууллагад иргэн Б.Мн гаргасан өргөдөл /хх.5/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Мн хохирогчоор өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ ирэхэд манай дүү Төрхүү хажуу талын айлын эгчтэй маргалдсан гэхээр нь “юунаас болж маргалдсан бэ” гэхэд тэр эгчийг нойлын өрөөнд байхаар нь мэдэхгүй хаалгыг нь татсан, тэгтэл тэр эгч элдвээр хэлж доромжилсон гэсэн, яг юу гэж хэлж байсныг одоо санахгүй байна... манай дүүг алгадсан эмэгтэй гэрийнхээ хаалгыг онгойлгоод зогсож байхаар нь дөхөж очоод “яагаад манай дүүг” гээд ярьж байхад уг эмэгтэй миний зүүн талын хацар луу алгадсан, би сайн санахгүй байна, ямар ч байсан миний үснээс зулгаах гэхээр нь гарыг нь доошоо дараад өөрөөсөө холдуулж түлхсэн. Хэсэг маргалдаж зогссон. Би үл таних эмэгтэй намайг яаж зодсон талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх.12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Тын хохирогчоор өгсөн: “... шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлийг миний биед нийтийн байрны М гэх эмэгтэй зүүн долоовор хуруунд сорви гэх гэмтлийг хазаж учруулсан. Зүүн бугуйнд нөсөөжилт гэмтлийг М миний үснээс зулгаагаад газарт дарсан байхдаа маажиж учруулсан...” гэх мэдүүлэг /хх.17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Энхбатын өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ 23 цагийн орчимд амарч байхад манай нийтийн байрны 2 давхарт хүмүүс маргалдан зодолдоод байхаар нь гарч харахад 17, 19 тоотын хүмүүс хоорондоо зодолдоод байхаар нь 17 тоотын эхнэр, нөхөр 2-ыг гэр лүү нь оруулж хаалгыг нь гаднаас татсан. Эхнэр, нөхөр 2 хаалга дотроосоо татаад байсан. Энэ үед 19 тоотын хүмүүс 17 тоотын хүмүүстэй дахин зодолдох гээд байсан... уг хүмүүс эхэлж 19 тоотын үүдэнд хоорондоо маргалдаж зодолдсоор байгаад 17 тоотын үүдэнд ирэхээр нь би салгасан. Тухайн үед нэг эмэгтэй татаж унаад байх шиг байсан. Уг хүмүүс олуулаа бие биенийгээ зулгаагаад зодолдсон болохоор хэн нь хэнийгээ яаж цохисныг сайн хараагүй...” гэх мэдүүлэг /хх.26-27/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1167 дугаартай:

“1. Б.Мн биед тархи доргилт, эрүү, цээжний зулгаралт, баруун шууны цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдантанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.33-34/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Ганболдын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2003 дугаартай:

“1. Д.Тад зүүн долоовор хуруунд сорви, зүүн бугуйд нөсөөжилт гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, үрэх үйлдэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдантанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.38/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Бийн өгсөн: “... намайг гэрээс гарахад охин Мг Д.Т үснээс нь зулгаасан, түүний нөхөр хоолойноос нь боосон байдалтай байхад хүү Төрхүү тэр хоёрыг салгаад гэр лүү нь түлхэн оруулж хаалгыг алдлаад зогссон...” гэх мэдүүлэг /хх.68/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Төрхүүгийн өгсөн: “... үл таних Д.Т эгч, манай эгч Д.Мн үснээс зулгаахад М эгч зөрүүлж үснээс нь зулгаан үсдэлцээд дарсан байхад хэн нь мэдэхгүй нэг нь ирээд салгасан...” гэх мэдүүлэг /хх.72/,

Б.Мн хохирлын болон хувийн байдлын талаарх баримтууд /шинээр гаргасан 6 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Б.М, Д.Т нар нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сэлбийн 5 дугаар гудамжны 116 тоот нийтийн байранд харилцан зодолдож, улмаар бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Цагдаагийн байгууллагад иргэн Д.Тын гаргасан өргөдөл /хх.4/,

Цагдаагийн байгууллагад иргэн Б.Мн гаргасан өргөдөл /хх.5/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Мн хохирогчоор өгсөн: “... уг эмэгтэй миний зүүн талын хацар луу алгадсан, би сайн санахгүй байна, ямар ч байсан миний үснээс зулгаах гэхээр гарыг нь доошоо дараад өөрөөсөө холдуулж түлхсэн...” гэх мэдүүлэг /хх.12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Тын хохирогчоор өгсөн: “... миний биед нийтийн байрны М гэх эмэгтэй зүүн долоовор хуруунд сорви гэх гэмтлийг хазаж учруулсан. Зүүн бугуйнд нөсөөжилт гэмтлийг М миний үснээс зулгаагаад газарт дарсан байхдаа маажиж учруулсан...” гэх мэдүүлэг /хх.17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Энхбатын өгсөн: “... уг хүмүүс эхэлж 19 тоотын үүдэнд хоорондоо маргалдаж зодолдсоор байгаад 17 тоотын үүдэнд ирэхээр нь би салгасан...” гэх мэдүүлэг /хх.26-27/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1167 дугаартай:

“1. Б.Мн биед тархи доргилт, эрүү, цээжний зулгаралт, баруун шууны цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдантанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.33-34/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Ганболдын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2003 дугаартай:

“1. Д.Тад зүүн долоовор хуруунд сорви, зүүн бугуйд нөсөөжилт гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, үрэх үйлдэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдантанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.38/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Бийн өгсөн: “... Мг Д.Т үснээс нь зулгаасан, түүний нөхөр хоолойноос нь боосон...” гэх мэдүүлэг /хх.68/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Төрхүүгийн өгсөн: “... Д.Т эгч, манай эгч Д.Мн үснээс зулгаахад М эгч зөрүүлж үснээс нь зулгаан үсдэлцээд дарсан...” гэх мэдүүлэг /хх.72/,

Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Тын хохирогчоор өгсөн: “... Миний хурууг хазсан. Одоо сорвинууд нь байгаа...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мн өгсөн: “Тухайн үед зодох нөхцөл байгаагүй...” гэх мэдүүлэг нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Тын өгсөн: “... Би энэ хүнд гар хүрээгүй. Надад ямар ч гэм буруу байхгүй...” гэх мэдүүлэг зэрэг нь дээрх нотлох баримтуудаар тус тус үгүйсгэгдэн няцаагдана.

Харин Б.Мн биед учирсан баруун шууны цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг шүүгдэгч Д.Тын нөхөр Батхүү болгоомжгүй учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт тухайн хохирогчийн өгсөн мэдүүлэг /хх.12/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Төрхүүгийн өгсөн мэдүүлэг /хх.72/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон болно.

Иймд мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах тухай шүүгдэгч Д.Тын өмгөөлөгчийн хүсэлтийг хангах үндэслэлгүй юм.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт заасан гэмт хэрэгт Б.М, Д.Т нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцов.

Б.М, Д.Т нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Шүүгдэгч Б.Мгаас 56.500 төгрөг гаргуулж хохирогч Д.Тад,  шүүгдэгч Д.Таас 128.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Мд тус тус олгох нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Б.М нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Таас, хохирогч Д.Т нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Мгаас тус тус жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.М, Д.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.М, Д.Т нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Д.Т нарт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

Б.М, Д.Т нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хохирогчийн хууль бус үйлдлээс шалгаалж гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.М, Д.Т нарт тус бүр оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.

Б.М, Д.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Д овогт Бийн М, Э овогт Дгийн Т нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Д.Т нарт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.М, Д.Т нарт тус бүр оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж тус тус хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.М, Д.Т нарт тус тус сануулсугай.

5. Б.М, Д.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Мгаас 56.500 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Тад, шүүгдэгч Д.Таас 128.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Мд тус тус олгосугай.

7. Энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Б.М нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Таас, хохирогч Д.Т нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Мгаас тус тус жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Т, Б.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

      ШҮҮГЧ                        С.ӨСӨХБАЯР