Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 753

 

 

 

 

 

 

  2020         04          24                                     2020/ШЦТ/753

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч Б.Ганзориг,

Хохирогч Ё.Цэцэгээ,

Шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэцэцэг /ҮД:1711/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Бт холбогдох 2006 01082 0624 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1984 оны 10 сарын 09-ний өдөр төрсөн, 36 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Еврафарм” ХХК-й төв оффист үйлчлэгч ажилтай, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, СОТ-3-ын 11 дүгээр гудамжны 6 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Угийн Б /РД:/,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

У.Б нь хохирогч Ё.Цэцэгээгийн е-баримтын 12174441 дугаартай бүртгэлийн хувийн мэдээлэл өөрчлөгдөж, буцаан олголтын мөнгө болох 714.249 төгрөг нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээний улмаас ХААН банк дахь түүний эзэмшлийн 5720264209 дугаартай дансанд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр орсныг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Бийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ё.Цэцэгээгийн өгсөн: “Е баримтын хохирлыг барагдуулах юм бол өөр зүйлгүй. Бусад хүмүүсийн Е баримтын мөнгө ороод байхад минийх орохгүй байхаар нь гайхсан. Тэгээд өөрийнхөө Е баримтын мэдээлэл рүү орж үзэхэд Б гэсэн нэр байсан. Татварын Ерөнхий газар очиж уулзахад “08 дугаар сарын 20-ны өдөр энэ хүн таны мэдээлэл рүү орсон байна” гэсэн. Тэгээд цагдаад хандсан.” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ё.Цэцэгээгийн өгсөн: “... Миний 2019 оны НӨАТ-ын буцаан олголтын 714.249 төгрөг нь орохгүй бусад хүмүүсийн мөнгө ороод байхаар нь гайхаад е-баримтын 12174441 дугаартай бүртгэлээр шалгаж үзэхэд Угийн Б /ЦД84100969/, утас:86127021, ХААН банкны 5720264209 гээд өөр хүний бүртгэлтэй болсон байсан. Тэгээд е-баримтын байгууллагын ажилтантай очиж уулзахад “таны мэдээлэл 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр У.Б гэх нэрээр өөрчлөгдөж буцаан олголтын мөнгө орсон байна” гэсэн учир ямар учраас мэдээлэл солигдсон, мөн хохирлоо нөхөн төлүүлж авахаар цагдаагийн байгууллагад хандсан юм... би е-баримтын буцаан олголтын мөнгө өөр хүний данс руу орсныг Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн ажилтнаас мэдээд У.Бийн 86127021 гэх дугаар луу 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр залгаж “эгчийнх нь мөнгө чиний данс руу орсон байна, хоёулаа Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол дээр уулзъя” гэж хэлтэл “за тэгье, ажил тараад уулзъя” гээд тасалсан. Тэгээд орой нь ажил тараад уулзахаар болтол утас нь холбогдох боломжгүй болж би түүнтэй холбогдож чадаагүй... одоогоор хохирол мөнгө хүлээж авсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх.21, 56/,

Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/81 дугаартай албан бичгээр ирүүлсэн IP хаягийн мэдээлэл /хх.26-27/,

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх.23/,

ХААН банкнаас ирүүлсэн У.Бийн дансны хуулга /хх.30/,

Ажил байдлын тодорхойлолт /х.47/,

Хувийн байдлын болон хохирол нөхөн төлсөн талаарх баримтууд /шинээр гаргасан 5 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

У.Б нь хохирогч Ё.Цэцэгээгийн е-баримтын 12174441 дугаартай бүртгэлийн хувийн мэдээлэл өөрчлөгдөж, буцаан олголтын мөнгө болох 714.249 төгрөг нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээний улмаас ХААН банк дахь түүний эзэмшлийн 5720264209 дугаартай дансанд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр орсныг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ё.Цэцэгээгийн өгсөн: “... Миний 2019 оны НӨАТ-ын буцаан олголтын 714.249 төгрөг нь орохгүй бусад хүмүүсийн мөнгө ороод байхаар нь гайхаад е-баримтын 12174441 дугаартай бүртгэлээр шалгаж үзэхэд Угийн Б /ЦД84100969/, утас:86127021, ХААН банкны 5720264209 гээд өөр хүний бүртгэлтэй болсон байсан. Тэгээд е-баримтын байгууллагын ажилтантай очиж уулзахад “таны мэдээлэл 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр У.Б гэх нэрээр өөрчлөгдөж буцаан олголтын мөнгө орсон байна гэсэн” учир ямар учраас мэдээлэл солигдсон мөн хохирлоо нөхөн төлүүлж авахаар цагдаагийн байгууллагад хандсан юм... би е-баримтын буцаан олголтын мөнгө өөр хүний данс руу орсныг Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн ажилтнаас мэдээд У.Бийн 86127021 гэх дугаар луу 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр залгаж “эгчийнх нь мөнгө чиний данс руу орсон байна, хоёулаа Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол дээр уулзъя” гэж хэлтэл “за тэгье, ажил тараад уулзъя” гээд тасалсан. Тэгээд орой нь ажил тараад уулзахаар болтол утас нь холбогдох боломжгүй болж, би түүнтэй холбогдож чадаагүй...” гэх мэдүүлэг /хх.21, 56/,

Гааль, Татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/81 дугаартай албан бичгээр ирүүлсэн IP хаягийн мэдээлэл /хх.26-27/,

ХААН банкнаас ирүүлсэн У.Бийн дансны хуулга /хх.30/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ё.Цэцэгээгийн өгсөн: “... Бусад хүмүүсийн Е баримтын мөнгө ороод байхад минийх орохгүй байхаар нь гайхсан. Тэгээд өөрийнхөө Е баримтын мэдээлэл рүү орж үзэхэд Б гэсэн нэр байсан. Татварын Ерөнхий газар очиж уулзахад “08 дугаар сарын 20-ны өдөр энэ хүн таны мэдээлэл рүү орсон байна” гэсэн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт У.Бийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

У.Бийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

У.Б нь хохирлоос 300.000 төгрөг нөхөн төлсөн, үлдэх 414.249 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ё.Цэцэгээд олгох нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

У.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ У.Бийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд нь ял шийтгүүлж байсан шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

У.Бт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.

Шүүгдэгч У.Бт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

У.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Б овогт Угийн Бийг “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, У.Бт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.           

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг У.Бт сануулсугай.

          5. У.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирлоос 300.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч У.Бээс 414.249 төгрөг гаргуулж хохирогч Ё.Цэцэгээд олгосугай.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, У.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                     С.ӨСӨХБАЯР