Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 754

 

 

 

 

 

 

  2020         04          24                                     2020/ШЦТ/754

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч Н.Дуламсүрэн,

Хохирогч Ц.Мбат,

Шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч О.Аззаяа /ҮД:2704/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Гт холбогдох 2006 00935 0707 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Халиун суманд 1965 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, дулааны техникч мэргэжилтэй, хувиараа механик цехед ажилладаг, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Угалзын 4 дүгээр гудамжны 41 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 5 дугаар гудамжны 151 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2 дахь заалт, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан, Б овогт Мийн Г /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

М.Г нь согтуурсан үедээ нь 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 айлын орон сууцны 1-2 тоотод иргэн Ц.Мбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас эрх чөлөөнд нь халдаж заазуураар хоёр удаа цохиж зүүн хөмсөг дух, зүүн тохойд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Гын өгсөн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Мбатын өгсөн: “Бид 2 хадам аавынд маргалдсан. Сохор эгч нөхрийгөө орхиод Гтай хамт яваад өгсөн. Тэгэхээр нь нөхрийг нь оруулж өгөх гээд орсон. Тэгэхэд Г ах хэвтэж байсан. Хэвтэж байгаад орны хажуу талаас хөргөгч рүү дамжаад хөргөгчин дээрээс заазуур аваад эхлээд нэг заазуурдахаар нь гараараа хамгаалсан. Тэгээд доошоо харсан чинь дахиад зазуурдсан. Би тэгээд ухаан алдсан. Нэг мэдсэн чинь госпитальд оёулчихсан сууж байсан, цус их алдсан. Би 2 сарын ажилгүй байх хугацааны 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би 7 хоног эмнэлэгт хэвтсэн...” гэх мэдүүлэг,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.3-11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Мбатын өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хадам аав Ганболд дуудаад байхаар нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Зүүн жанжинд байх гэрт нь эхнэр Баярцэцэг бид хоёр хүүхдүүдээ аваад хамт очсон... хадам аав намайг “наад хөгшин хүнээ гэрт оруулаад өгчих” гэхээр нь би Даваажав гуайг аваад Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны байрны хажууд байдаг 69 дүгээр байрны хойшоо харсан байрны 1 давхарт ороод хойшоо харсан хаалгаар оруулж өгөхөд Нямаа хаалга онгойлгосон. Тэгсэн цаанаас нь орон дээр хэвтэж байсан Г шууд босч ирээд цагаан хөргөгчин дээр байсан хар иштэй том заазуур аваад над руу дайрахад нь би зүүн гараараа хамгаалахад тохойны үений доод талд заазуурдсан... би гараа бариад тонгойход зүүн хөмсөгний дээд талд дахин заазуурдаж миний хөмсөгнөөс дээшээ толгойны үс хүртэл газар ярагдаж цус алдсан. Гтай өмнө хадам аавынд 2-3 удаа таарч байсан. Тухайн өдөр хадам аавынд архи ууж байхдаа бага зэрэг муудалцсан байсан...” гэх мэдүүлэг /хх.27-28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Б.Батсоёмбын өгсөн: “... өвөө Ганболдын гэрт дүүгээ үлдээн Даваажав ахын гэрт буцаад ороход аав Мбат Даваажав ахын гэрийн үүдэнд усны саван дээр суугаад байж байсан. Тэгэхээр нь би “Мөө ахаа босоорой гэр лүүгээ харья” гэж хэлэхэд Мбат “үгүй ээ, би энэ хүнээс өшөө авна” гэж хэлээд сууж байсан. Тэгэхэд Ганбаяр гэх хүн гал тогооны өрөөнөөс хар өнгийн заазуур аваад Мбатын толгой хэсэгт нэг удаа заазуурдсан. Би айсандаа гүйж гараад дэлгүүр орж хүний утас гуйж цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх.33/,

Хохирогч Ц.Мбатад эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн хуудас /хх.15-16/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 381 дугаартай:

“1. Ц.Мбатын биед зүүн хөмсөг дух, зүүн тохойд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтлүүд нь ир ирмэг бүхий зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдантанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.46-47/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх.21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Гын яллагдагчаар өгсөн: “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хүний биед гэмтэл учруулсан нь миний буруу, би хохиролыг бүрэн гүйцэд барагдуулна...” гэх мэдүүлэг /хх.55-56/,

Хувийн байдлын талаарх баримтууд /хх.66-70/,

Хохирлын болон хохирол нөхөн төлсөн баримтууд /шинээр гаргасан 2 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

М.Г нь согтуурсан үедээ нь 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 айлын орон сууцны 1-2 тоотод иргэн Ц.Мбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас эрх чөлөөнд нь халдаж заазуураар хоёр удаа цохиж зүүн хөмсөг дух, зүүн тохойд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.3-11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Мбатын өгсөн: “... Г шууд босч ирээд цагаан хөргөгчин дээр байсан хар иштэй том заазуур аваад над руу дайрахад нь би зүүн гараараа хамгаалахад тохойны үений доод талд заазуурдсан... би гараа бариад тонгойход зүүн хөмсөгний дээд талд дахиж заазуурдаж миний хөмсөгнөөс дээшээ толгойны үс хүртэл газар ярагдаж цус алдсан...” гэх мэдүүлэг /хх.27-28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Б.Батсоёмбын өгсөн: “... Ганбаяр гэх хүн гал тогооны өрөөнөөс хар өнгийн заазуур аваад Мбатын толгой хэсэгт нэг удаа заазуурдсан...” гэх мэдүүлэг /хх.33/,

Хохирогч Ц.Мбатад эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн хуудас /хх.15-16/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 381 дугаартай:

“1. Ц.Мбатын биед зүүн хөмсөг дух, зүүн тохойд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтлүүд нь ир ирмэг бүхий зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдантанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.46-47/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх.21/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Мбатын өгсөн: “Г ах хэвтэж ... байгаад орны хажуу талаас хөргөгч рүү дамжаад хөргөгчин дээрээс заазуур аваад эхлээд нэг заазуурдахаар нь гараараа хамгаалсан. Тэгээд доошоо харсан чинь дахиад зазуурдсан. Би тэгээд ухаан алдсан. Нэг мэдсэн чинь Госпитальд оёулчихсан сууж байсан, цус их алдсан...” гэх мэдүүлэг, зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

М.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн: “Мбат над руу дайрахад заазуурыг нь булаан авах гэж түүнтэй ноцолдож байгаад санаандгүй зүсэж биед нь гэмтэл учруулсан...” гэх агуулгатай мэдүүлгүүд нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдана.

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Б.Батсоёмбын өгсөн: “... Ганбаяр гэх хүн гал тогооны өрөөнөөс хар өнгийн заазуур аваад Мбатын толгой хэсэгт нэг удаа заазуурдсан...” гэх мэдүүлэг/хх.33/-т дурдагдсан Ганбаяр гэгч хэн болохыг тодруулж, хэргийн газарт байсан өөр бусад хүнээс гэрчийн мэдүүлэг авахаар мөрдөн байцаалтад хэргийг буцаах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан болно.

Гэвч мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Мбатын өгсөн мэдүүлгийг насанд хүрээгүй гэрч Б.Батсоёмбо нь шууд нотолж мэдүүлэхдээ яллагдагчийн нэрийг ташаа хэлсэн гэж үзэхээр байх бөгөөд уг мэдүүлгийг авахад төрсөн эх Баярцэцэгийг нь хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулсан, тэгээд ч эхнэр нь өөрийн нөхрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, түүнчлэн харааны болон сонсголын хөгжлийн бэрхшээлтэй Нямыг гэрчээр асуух шаардлагагүй учир шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

М.Гын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Хохирогч Ц.Мбатын эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн 510.904 төгрөгийг шүүгдэгч М.Г нөхөн төлсөн, харин хохирогчийн ажилгүй байсан гэх 2 сарын хугацааны цалин нийт 2.000.000 төгрөгийн шинээр гаргасан нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй учир хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.

Улмаар хохирогч Ц.Мбат нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч М.Гаас жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

М.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ М.Гын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирогчийн гомдол санал, урьд нь ял шийтгүүлж байсан, гэм буруугийн хэлбэрийн хувьд маргаж буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

М.Гт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.

Шүүгдэгч М.Гт оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн эд зүйлсийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Б овогт Мийн Гыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гт 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, М.Гт оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.Гт сануулсугай.

          5. М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 510.904 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хар өнгийн иштэй 29 см урттай, ажлын хэсэг 18 см, бариул хэсэг 11 см урттай заазуур 1 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

          7. Хохирогч Ц.Мбат нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч М.Гаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                     С.ӨСӨХБАЯР