Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 756

 

 

 

 

 

 

    2020         04          24                                     2020/ШЦТ/756

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч Ч.Батбаатар,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Год холбогдох 2003 00251 0151 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2000 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, Дотоод Хэргийн Их Сургуулийн 3 дугаар дамжааны сонсогч, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын 67 дугаар байрны 33 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Д овогт Бийн Г /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01 цаг 40 минутын орчимд, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Баганат-Өргөө” хотхоны урд замд Тоёота приус-20 загварын 76-52 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж заасныг зөрчсөний улмаас замын хажуу талын хашаа мөргөж уг тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч 17 настай, эрэгтэй С.Жаргалсайханы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэх мэдүүлэг,

Зам тээврийн осол, хэргийн газарт 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх.05-11/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шалгасан: “... Тоёота приус-20 маркийн 76-52 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Б овогтой Гыг драйгер багаж ашиглан шалгахад 0.60 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэх тэмдэглэл, /хх.12/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч С.Жаргалсайханы өгсөн: “... 2020 оны 03 дугаар сарын 12-ны орой ... пиво ууж дуусаад 2 найзыгаа Ууганболд ахын цуг ирсэн найзынх нь машинтай хүргэж өгөхөөр Эрдэнэтолгой орж хүргэж өгчөөд буцаад гэр лүүгээ явж байх замдаа Баганат өргөө хотхоны урд замд осолд орсон. Приус машиныг Г өөрөө жолоодож нилээн хурдтай явж байсан. Тэгээд нэг мэдэхэд бетонон хашаа мөргөсөн. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх.31/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ууганболдын өгсөн: “... Г бид хоёр 2 пиво авч нөгөө уулзсан дөрөв бас 2 пиво дэлгүүрээс авч Офицеруудын ордоны зуүн талын ЭКО хотхоны хойд талын шороон зогсоолын талбай дээр авсан пиво бид 6 ууж дуусгаад тэндээсээ Төгөлдөр шууд гэрлүүгээ явж, Эрдэнээ, Төвшөө хоёрыг Эрдэнэтолгой хүргэж өгсөн. Тэгээд Г Жаргалсайхан бид 3 буцаж яваад Баганат Өргөө хотхоны урд замд бетонон хашаа мөргөж осолд орсон... Ойролцоогоор 50-60 км цагийн хурдтай явж байсан хурдаа жаахан багасга гэж хэлэхийн завдалгүй бетонон хашаа мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх.33/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ариунзулын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 3610 дугаартай:

          “... 1. С.Жаргалсайханы биед бүсэлхийн 1 дүгээр нугаламын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн 2 дугаар нугаламын их бие нумын шахагдаж үйрсэн хугарал, нугасны хөндийрүү шахалт, бүсэлхийн 1-3 дугаар нугаламын арын сэртэнгийн хугарал үүсчээ.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

          3. Дээрх гэмтэл нь шүүх  эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно...

5. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх.58-59/,

Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 195 дугаартай: “Тоёота приус-20 маркийн 76-52 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3. Жолоочийн үүрэг: 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/... согтууруулах ундаа ... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” 12 Тээврийн хзрэгслийн хурд: 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна…” гэх техникийн шинжээчийн дүгнэлт /хх.77-78/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д "Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01 цаг 40 минутын орчимд, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэзсгэр “Баганат-Өргөө” хотхоны урд замд Тоёота приус-20 загварын 76-52 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж заасныг зөрчсөний улмаас замын хажуу талын хашаа мөргөж уг тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч 17 настай, эрэгтэй С.Жаргалсайханы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Зам тээврийн осол, хэргийн газарт 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх.05-11/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шалгасан: “... Тоёота приус-20 маркийн 76-52 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Б овогтой Гыг драйгер багаж ашиглан шалгахад 0.60 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэх тэмдэглэл, /хх.12/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч С.Жаргалсайханы өгсөн: “... 2020 оны 03 дугаар сарын 12-ны орой ... пиво ууж дуусаад 2 найзыгаа Ууганболд ахын цуг ирсэн найзынх нь машинтай хүргэж өгөхөөр Эрдэнэтолгой орж хүргэж өгчөөд буцаад гэр лүүгээ явж байх замдаа Баганат өргөө хотхоны урд замд осолд орсон. Приус машиныг Г өөрөө жолоодож нилээн хурдтай явж байсан. Тэгээд нэг мэдэхэд бетонон хашаа мөргөсөн. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх.31/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ууганболдын өгсөн: “... Г бид хоёр 2 пиво авч нөгөө уулзсан дөрөв бас 2 пиво дэлгүүрээс авч Офицеруудын ордоны зуүн талын ЭКО хотхоны хойд талын шороон зогсоолын талбай дээр авсан пиво бид 6 ууж дуусгаад тэндээсээ Төгөлдөр шууд гэрлүүгээ явж, Эрдэнээ, Төвшөө хоёрыг Эрдэнэтолгой хүргэж өгсөн. Тэгээд Г Жаргалсайхан бид 3 буцаж яваад Баганат Өргөө хотхоны урд замд бетонон хашаа мөргөж осолд орсон... Ойролцоогоор 50-60 км цагийн хурдтай явж байсан хурдаа жаахан багасга гэж хэлэхийн завдалгүй бетонон хашаа мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх.33/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ариунзулын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 3610 дугаартай:

          “... 1. С.Жаргалсайханы биед бүсэлхийн 1 дүгээр нугаламын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн 2 дугаар нугаламын их бие нумын шахагдаж үйрсэн хугарал, нугасны хөндийрүү шахалт, бүсэлхийн 1-3 дугаар нугаламын арын сэртэнгийн хугарал үүсчээ.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

          3. Дээрх гэмтэл нь шүүх  эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно...

5. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх.58-59/,

          Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 195 дугаартай: “Тоёота приус-20 маркийн 76-52 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3. Жолоочийн үүрэг: 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/... согтууруулах ундаа ... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” 12 Тээврийн хзрэгслийн хурд: 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна…” гэх техникийн шинжээчийн дүгнэлт /хх.77-78/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт Б.Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар Б.Гын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, насанд хүрээгүй хохирогч С.Жараглсайхан нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Б.Гыг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Б.Гын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Г нь хохиролд 2.800.000 төгрөг нөхөн төлсөн, насанд хүрээгүй хохирогч С.Жаргалсайхан, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Сүрэнхорлоо нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Насанд хүрээгүй хохирогч С.Жаргалсайхан, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Сүрэнхорлоо нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Гоос жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Гын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зохих хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд үүрэг хүлээлгэх зарим албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

          Б.Год эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан бодит хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Б.Год хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Хэрэгт хураан ирүүлсэн жолоочийн үнэмлэхийг шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох байгууллагад хүргүүлэх нь зүйтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Д овогт Бийн Гыг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Год тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар, Б.Год хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Б.Год сануулсугай.

          5. Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 2.800.000 төгрөг нөхөн төлсөн, насанд хүрээгүй хохирогч С.Жаргалсайхан, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Сүрэнхорлоо нар нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Хэрэгт хураан ирүүлсэн В ангиллын жолоочийн 1315698 дугаартай үнэмлэхийг Б.Год оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын харъяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.

          7. Насанд хүрээгүй хохирогч С.Жаргалсайхан, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Сүрэнхорлоо нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Гоос жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР