Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 784

 

 

 

 

 

 

  2020         04         29                                       2020/ШЦТ/784

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч Д.Аянагүл,

Хохирогч Г.Давхарбаяр, түүний өмгөөлөгч Т.Багахүү /ҮД:1964/, Г.М /ҮД:0227/,

Гэрч Д.Алтанцэцэг, Э.Төгөлдөр, Б.Эрдэнэбулган,

Өсвөр насны шүүгдэгч Ө.Мэ, түүний хууль ёсны төлөөлөгч С.Ө,

Шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч С.Өнөрзаяа /ҮД:1832/,

Шүүгдэгч М.Мэ,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Бурмаа /ҮД:0475/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт өсвөр насны шүүгдэгч Ө.Мэ, шүүгдэгч Г.А нарыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч А.Мийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906 00799 0991 дугаартай 2 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2004 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 16 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол-Солонгос политехник коллежийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 2 дугаар гудамжны 62 тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, Д овогт Өы Мэ /РД: /,

2. Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 2 дугаар гудамжны 49 тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Нүхтийн хэсэгт байрлах нийтийн байранд түр оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Гын А /РД: /,

3. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1997 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 22 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эрэл” ХХК-д туслах ажилтан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 2 дугаар гудамжны 62 тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Мын Мэ /РД: /, 

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Өсвөр насны шүүгдэгч Ө.Мэ, шүүгдэгч Г.А нар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Сэлбэ хотхоны 96 дугаар байрны 31 тоотод оршин суух иргэн Г.Давхарбаярын гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлж 24.254.553 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Мэ нь 2018 оны 12 дугаар сард “Ө.Мэ, Г.А нарын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Сэлбэ хотхоны 96 дугаар байрны 31 тоотод оршин суух иргэн Г.Давхарбаярын гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан” гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, эд зүйлийг мэдсээр байж авч ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор зарим эд зүйлийг нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нандин нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж бусдад шилжүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ө.Мийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Аын өгсөн: “Алтанцэцэг гэж хүн намайг гүтгэж байгаа. Шөнийн 3 цагт орж ирсэн. Камерт харахад толинд цаашаа хараад үсээ оролдоод зогсож байсан. Буржгар үстэй хүн байсан гэсэн. Би хэзээ ч буржгар үстэй байгаагүй. Би Давхарбаяр гэж хүний гэрийг хаана байдгийг нь мэдэхгүй. Өмнө очиж байгаагүй. Намайг гүтгэж байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Давхарбаярын өгсөн: “Би ажил хийж байгаад эрсдэлтэй юмнуудаа алдаж байсан. Миний хамгийн итгэж байсан хүмүүс гэр орон ухсан. Миний амьдралд хар толбо үүслээ. Үүнээс болж би гэр бүлийнхээ хүнтэй муудаад бараг 1 жил тусдаа амьдарлаа. Энэ хугацаанд энэ хүүхдүүд ямар ч гэм буруугаа ойлгож байгаа шинж байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд толгойг нь илээд явж байгаа. Би иргэн хүнийхээ хувьд тэгж харж байна. Энэ гэмт хэргийн дараа энд зугаалаад явж байна, тэнд зугаалаад явж байна гээд хамаатан саднуудаасаа сонссдог. Яагаад ийм гэмт хэрэг хийчихээд гэмшдэггүй нь сонин байгаа. Хүнд гэр орныг нь ухаж бузартуулаад явчихаар хүнд тусдаг юм байна лээ. Би олон шөнө нойргүй хонож байна. Сүүлд нь намайг “шунахай” гэх зэргээр дайрч байна. 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр энэ шүүх хуралдааны зааланд урьдчилсан хэлэлцүүлэг болоод завсарлаж байхад хууль ёсны төлөөлөгч нь энэ хүүхдүүдийн хажууд “чи аятайхан байгаарай, хохь чинь” гээд хуруу гараараа чичилсэн. Гэмшихгүй байна. Энэ бол энэ хүүхдүүдийг улам өөгшүүлж байна. Би өдийг болтол хууль сахиулах байгууллагаар явлаа. Миний ойлгосноор хууль сахиулах байгууллага бол хүний эрхийг хамгаалах ёстой. Хүний эд хогшил, аюулгүй байдлыг хамгаалах ёстой. Би эд хөрөнгөөрөө хохирлоо. 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр би Хөдөө Аж Ахуйн Яаманд ажил хөөцөлдөж ирсэн. Манай эхнэр Мийг тэр өдөр гэрт  дагуулж очсон юм байна лээ. Би 11 сарын 30-ны өдөр хөлөө гэмтээгээд гипстэй байсан. 12 дугаар сарын эхээр Мэ нэг л удаа ирсэн. Намайг хэвтрийн байдалтай байгааг харсан. 12 дугаар сарын 15-ны үед дандаа гадуур дотуур явж, гадуур дотуур хонож байхад эцэг, эх нь яагаад тоодоггүй юм. Ах дүү нар нь “ямар зоригтой юм бэ” гэж хоорондоо ярьдаг. Энэ ямар үлгэр дуурайлал болох уу. Би Австрали улсаас 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ирээд 01 дүгээр сарын 22-ны өдөр энэ асуудлыг мэдсэн. 01 дүгээр сарын 23-ны өдөр хохирогчоор тогтоогдоод би Мэтэй ахын хувиар аятайхан харьцсан. Намайг Энхээ дэслэгч гэрт нь хүргэж өгөө гэсэн. Гэрт нь хүргэж өгөх замд “аав, ээжид битгий хэл” гэсэн. “Аав, ээжид нь хэлэхгүй бол болохгүй” гэсэн чинь над руу ширээн дээр байсан аяга аваад дайрч “ална шүү” гээд шидэх гэж байхад нь ээж нь дундуур орсон. Энэ бол маш эвдэрчихсэн, хандлага нь онцгүй байна. Ийм ийм зүйл байна.  Тэр бүх юм цоо шинэ байсан. Тэр бүх тогоо шанагуудыг олон удаа хоол хийж байгаад дөхөж ирэхэд нь цэвэрлэсэн байгаа юм. 2019 оны сүүлээр гэр орноо цэгцэлье гээд эзгүй орхисон. Тэгээд балкон дээрх аяны хэрэгслүүдийг үзэхэд тэрийг хүртэл ухасан байсан. Балкон дээр байгаа зүйлийг хүртэл үзсэн. Юу боломжтой байна тэрийг ухсан. Энэ бол зүгээр нэг ангийнхаа хүүхдүүдийг дагуулж очсон зүйл биш. Энэ бол харамсмаар зүйл. Надад ямар ч үрчлээс байгаагүй. Би нэг жилийн дотор олон шөнө нойргүй хоноод магнайн дээрээ үрчлээтэй болсон. Надад тэр өдөр “би Мөнхүүш ахтай ирж байсан” гэж хэлсэн. Гол зохион байгуулагч кординар нь Мэ гээд ах нь. Би бол ингэж улайм цаймдаа гараад явахгүй байх гэж бодож байна. Ийм гэмт хэрэг үйлдээд гол нь эд нар гэмшиж байгаа болов уу гэдэг л байна. Сиднейгээс Бээжин хүртэл 14 цаг нисдэг юм байна лээ. Бид нарыг ирэхэд Мэ, Мэ эд нар тосож авсан. Бид нар шөнө нойргүй, маргааш нь гэр ухсан гэдгийг мэдсэн. Сейф хүртэл ухсан. Сейфенд гадаад валют байсан. Би Энхээ дэслэгчид  сейфенд гадаад валют байсан талаар хэлсэн. Мэдүүлэг дээрээ хэлсэн, авсан гэдгээ хэлсэн гэсэн. Авсан зүйл дотор нь байхгүй. Хулгайн улмаас 32.821.000 төгрөгийн хохирол учирсан, үүнээс 12.020.000 төгрөгийн зүйлс олдсон, 1.703.000 төгрөгийн эд зүйл нь ашиглах боломжгүй. Надад Мийн ээж Отгонжаргал эгч 10.000.000 төгрөг авч ирж өгөөд Аын ээж нь хамт гэрчээр байгаад гарын үсэг зурсан. Одоо 18.204.000 төгрөгийн хохирол үлдсэн. Энэ гэмт хэргийн улмаас гарсан зарим нэг хохирол гарсан. Цоожний гол сольсон, үнэлгээ хийлгэсэн зэрэг. Үүнийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Алтанцэцэгийн өгсөн: “Би багшийн дээдийн урагшаа 96 дугаар СӨХ-н цэвэрлэгч, жижүүр хийж байсан. Уг ажлыг 3 жил хийсэн. Намайг ажиллаж байх үед уг байранд 95 айл байсан. Тухай байрны хүмүүсийг ихэнхийг нь танина. Таньж олуулах ажиллагааны талаар дэлгэрэнгүй хэлнэ гэхээр би зарим зүйлээ мартчихсан. Тухайн үед хэдэн залуучууд 4 давхараар орж гараад, шөнө ирж хаалга цохин “ус нээгээд өгөөч” гэхээр нь “эзгүй айл яагаад ус нээлгэдэг юм, түлхүүрээ өөрсөддөө байлгадаг, 3-4 түлхүүр байхад нь СӨХ-ийн дарга болон надад хэлээд авсан, өөрсдөө түлхүүртэй байж нээлгэх гэх ёсгүй дээ” гэж бодсон. 2 залуу ирээд “ус нээлгэх гэсэн юм” гэхээр нь гайхаад “түлхүүр нь байхгүй, СӨХ-ийн дарга хураагаад авчихдаг” гэж худлаа хэлсэн. Эхлээд 2 залуу ирсэн. Маргааш нь үдээс хойш 4 залуу орж, гараад байсан. Манай хүүхэд 4 давхарт олон залуучууд байгаад байна гэсэн. Камерт хараад байсан. Тэр үед харж байсан хүүхдүүдийг хараад танина. Камер шүүж үзэхэд ус нээлгэх гэсэн 2 нь өндөр, намхан 2 залуу байсан. Би дандаа үдээш хойш, шөнө, хүмүүсийг амарсан хойно цэвэрлэгээ хийдэг. Надад зураг харуулаад таньж олуулах ажиллагаа явуулсан хүүхдийн нэг одоо байна. Намхан нь Мэ байна. Нөгөөх нь үс нь урт буржгар, өндөр залуу байсан. Царай нь мөн байна. Ийм цулцгар хацартай шар залуу байсан уу, туранхай гурвалжин царайтай байсан уу мэдэхгүй. Камер дээр өндөр, нам 2 залуу байсан. Тухайн үед камер дээрх зураг, үзүүлсэн зураг дээрх 2 адилхан санагдсан. Өмнө цагдаагийн байгууллагад 3 удаа мэдүүүлэг өгсөн. Мөн нэг удаа таньж олуулах ажиллагаа явуулсан. Тухайн үед санаж байсан. Одоо бараг мартаж санасан байна. Тухайн үедээ үнэн л байсан. Би хэрэг болохоос өмнө энэ 3 хүүхдийг харж байгаагүй. Тухай үед энэ гурван хүүхдийн хоёр хүүхдийнх нь царайг харсан. Заримынх нь царайг шатан дээр харсан. Сэжиглэж л харж байсан. Өдрийн цагаар бол 4 хүн хохирогчийн гэрээр орж, гараад байсан. Лифтэнд сууж харагдаагүй. Манай хүүхэд шатаар хүмүүс яваад байна гэсэн. Бууж ирэхэд нь андаад “та нар юун хүүхдүүд юм, хаанаас хог зөөгөөд ирсэн юм” гэсэн. Тухайн үед манай хүүхэд хог буулгаад ирлээ гэсэн. 1 өндөр залуу, 3 намхан залуутай байсан. Манай байрны камер шатны хаалганы зүүн талд, мөн давхар бүр камертай. Лифт рүү харсан камертай байсан. Камер шүүгээд камерын бичлэгийг татаж үзэхэд царай нь сайн танигдахгүй байна. Гэхдээ  багцаа байна гэж бодсон. Биеэр таниулахад бараг л мөн болов уу гэж таньсан. Гурвуулаа л мөн юм шиг байна. Шатан дээр таарахад Мэ гээд наад талын залуу байсан шиг санагдаж байна. Ус нээдэг хэсэг давхар давхартаа байдаг. Ус нээлгэнэ гэх үед шөнийн 02-03 цагийн үед байсан. Шөнө орой юу байдаг юм гээд хаалга тайлж өгөөгүй. Хаалга тайлж өгөөд нүүр царайг нь харсан бол арай өөр байх байсан гэж бодож байна. 11 давхарт байсан хогийг 4 давхарт аваад ирсэн. Шатны хажууд тавьсан. Би их сайн харсан. Камерын бичлэгийг цагдаа нар шүүсэн. Хард дискийг нь СӨХ-ийн даргатай уулзаад авч явсан. Таньж олуулах ажиллагаагаар анх Мэ, Мэ хоёрыг таниулсан. Би камер шалгах үүрэггүй, камер миний өрөөнд байдаг. Мэ нь өндөр гурвалжин царайтай, буржгар үстэй залуу байсан санагдаж байна. Би энэ шинж тэмдэгээр нь таньсан. Манай хүүхэд бэлэн хоол зөөгөөд байна гэсэн. Камерын бичлэгээр л харсан. Бөөнөөрөө хог буулгаж ирэхдээ шатаар бууж ирсэн. Камераар харсан нь наад талд сууж байгаа Мэ, шатан дээр таарсан нь голын А нь байна. Дунд нь сууж байгаа залуу хажуудаа намхан 2 хар залуутай явж байсан, дөрвүүлээ явж байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Э.Төгөлдөрийн өгсөн: “Би Мэтэй хэдэн сарын хэдэнд хамт хоносоноо сайн санахгүй байна. Эрдэнэбулган, Мэ бид 3 хононсон. Мийн хамаатны ах бид гурвыг хохирогчийн байрны баруун талд хүргэж өгсөн. Би нэрийг нь сайн мэдэхгүй. Бид гурвыг хүргэж өгөхөд эхлээд хоёр хүн байсан. Замдаа нэг нь буусан. Эрдэнэбулганыг бид хэд очиж асван. Бид 3 тэр вискийг задлаад, ууж чадаагүй. Иудад хэлсэн чинь Иуда “надад аваад ир” гэсэн. Би нар Иудад хөөрөг, гутал, цүнхний талаар яриагүй. Хонох үедээ дэлгүүр гарсан. Хонож байх явцдаа хог хаяагүй. Тухайн үед бид гурав л байсан. Үүдээр ороод явахаар хажуу талдаа тавиуртай, шкафтай өрөө байсан. Тэр өрөөний цаад талын өрөөнд хоносон. Би төрсөн өдрийн талаар хэлээгүй. Шатан дээр жижүүртэй таараагүй. Би худлаа яриагүй. Бид 3 гурвуулаа байсан. Жижүүр болон Иуда л худлаа ярьсан байх. Утасгүй чихэвч /Bluetooth чихэвч/-ийг  би өөрөө Хүннү Моллоос авсан. Намайг ингэж хэлээрэй гэж хэн нэгэн дарамтлаагүй. Би тамхи татдаг. Мэ том өрөөнөөс гарч ирэхдээ гартаа юм барьсан эсэхийг анзаараагүй. Намайг Хэнтий аймгаас Мэ, манай ахтай хамт ирж авсан. Мэ надтай хааяа таардаг. Би хохирогчийн гэрт 1 удаа очсон. Хохирогчийн гэрт тамхи татаагүй. Намайг Хэнтий аймгаас дуудаагүй, шууд ирж авсан. Би хохирогчийн гэрээс тамхи аваагүй. Мэ бид 3 ярилцаж байгаад Иудад виски аваачиж өгсөн. Өөр авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Эрдэнэбулганы өгсөн: “Намайг энэ хэрэгтэй холбоотойгоор сүрдүүлсэн зүйл байхгүй. Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Орхигдуулсан зүйл байхгүй. Би хохирогчийн гэрт 12 дугаар сарын сүүлээр, Мэтэй очсон. Орой очсон. Очоод тоглож байгаад юм идээд унтсан. Бид хоёр тэр өдөр өөр хүнтэй уулзаагүй. Мэ “ус байхгүй байна, доошоо очиж нээлгэе” гэсэн тэгээд гарсан. Тухайн өдөр хохирогчийн гэрт Playstation /Плэйстэйшн/ тоглосон. Үнэртэй ус байсныг надад өгсөн. Хоёр дахь удаагаа очиход намайг 2 ах, Төгөлдөр, Мэ тэр хэд ирж авсан. Тухайн өдөр бид хэд гоймон авч идээд тоглож байгаад унтсан. Тэр 2 ахыг танихгүй. Байрных нь гадаа хүргүүлсэн, хохирогчийн гэрийг Мэ зааж өгсөн. Хохирогчийн гэрээс 2 шил виски авч гарсан. Иудад хөөрөг, гутал, цүнхний талаар яриагүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Давхарбаярын өгсөн: “... Би эхнэрийн хамаатан Э.Жавхлантөгс, Ө.Мэ, Гантүвшин нарыг сэжиглэж байна. Манай гэрийн нэг хувь түлхүүр хадам ээжийн гэрт байдаг. Манай гэрт тухайн хүмүүс ирж байсан. Бид нар 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хадам ээж Байгалмаа, хадам аав Баяртогтох нар болон манай гэр бүл Австраль Улс руу яваад ирсэн. Тэр хооронд хадам ээжийн гэрт байсан түлхүүрээр манай гэр лүү орсон болов уу гэж бодож байна. Орцны жижүүрээс асуухад “оны өмнө яг өдрийг нь санахгүй байна, танай гэрт нилээн орой 4 хүүхэд орж байсан, ус яаж нээх үү гэж асууж байсан, эхнэрийн чинь хамаатангуудын хүүхдүүд юм болов уу гэж бодсон, их орой ирж орсон” гэж хэлэхээр нь эхнэрийн хамаатангуудын хүүхдүүдийн зургийг үзүүлэхэд
Жавхлантөгстэй их төстэй байна... гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.31-36, 37-39, 40/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Мийн гэрчээр өгсөн: “... Би Мандахаагийн авчирсан эд зүйлсээс шаргал өнгийн жижиг шигтгээтэй бөгжийг нь хувьдаа авсан. Би тэр бөгжийг 5 шард байрлах Нандин нэртэй ломбарданд 2018 оны 12 дугаар сарын сүүлээр 200.000 төгрөгт өөрийн нэрээр барьцаалсан байсан. Би тэр 200.000 төгрөгөөр өөрийн эзэмшлийн 21-51 УБД дугаартай Соната 6 загварын автомашинд 100.000 төгрөгөөр амортизатор авсан, мөн газ хийсэн, бас гэрэл гэх зэрэг жижиг зүйлс автомашиндаа авч тавьсан...” гэх мэдүүлэг /хх.1.43-45, 46-47, хх.2.8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Аын гэрчээр өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын эхээр манай хамаатан болох Мийн Яармагт байх гэрт нь би машин авахаар өдөр 12 цагийн орчимд очиход түүний төрсөн дүү болох Мэ хамт байж байсан. Би машиныг нь аваад өөрийн гэр болох Хан-Уул дүүргийн 02-49 тоотод очин хувцсаа солиод буцан явж байхад Мандах нь надад нэг монетон бөгж үзүүлээд “Ахаа би нэг ийм бөгж олсон юм, энэ монет мөн болов уу” гэж асуусан, би хариуд нь “сайн мэдэхгүй байна, ломбард ороод асуусан нь дээр байх” гээд Яармагийн хуучин эцэст байх Сайн нэртэй ломбарданд очиход монет мөн гээд байсан. Би өөрийн бичиг баримтаар 130.000 төгрөгөөр тус ломбарданд барьцаалсан...” гэх мэдүүлэг /хх.1.48-50, 51-52/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Алтанцэцэгийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын сүүлээр шөнө 03 цагийн орчимд нэг эрэгтэй хүүхэд ирээд “эгчээ ус нээлгэх гэсэн юм” гэж надад хэлсэн. Би гайхаад “юун ус нээлгэх вэ” гэж асуухад “4 давхрын айлын ус нээлгэх гэсэн юм” гэж надад хэлсэн... Тэр эрэгтэй хүүхдийг аль айл руу орохыг хяналтын камераар харж байхад Давхарбаярынд орсон. Энэ өдрөөс хойш ойролцоогоор 2 хоногийн дараа над дээр ус нээлгэнэ гэж хэлсэн 2 эрэгтэй хүүхэд, мөн 2 өөр эрэгтэй хүүхдийн хамт лифтэнд суугаад 4 давхарт буугаад 31 тоот руу орж байсан. Тэр хүүхдүүд тэр өдөр маш олон удаа орж гарцгааж байсан. Тэр орой манай орцонд олон хүний хөлийн чимээ гараад шатаар юм чирч буулгаж байгаа юм шиг чимээ гараад байсан. Би гайхаад хяналтын камераа хартал нөгөө 4 эрэгтэй хүүхэд дүүрэн хогтой цаасан хайрцагтай хог манай жижүүрийн байрны үүдэнд үлдээгээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх.1.53-55/,

2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “... Давхарбаярын гэр эзэнгүй байх хойгуур 2018 оны 12 сарын сүүл үед л байсан юм. Ямар ч байсан сургуулийн насны хүүхдүүд орж гараад байсан юм. Тэгээд би ер нь камер, ажиглаад л байдаг. Би Давхарбаярын гэрээр орж гараад байсан хүүхдүүдээс 2 давхарын шатан дээр 2 хүүхэдтэй хальт таараад “хог битгий хаяад бай” гэхэд “хог хаяагүй” гээд хэгжүүрхээд байсан хүүхдийг бол сайн харсан. Хамт байсан нөгөө хүүхдийг нь тухайн үед харсан боловч одоо сайн санахгүй байна. Тэр шатан дээр таарсан xоёp хүүхэдтэй бас хоёр хүүхэд хамт явж байсан ба чимээгүй дээд давхар луу өгсөөд явсан юм...” гэх мэдүүлэг /хх.1.67/, 

2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “... Ер нь зүс царай харагддаг. Манай байрны камерт өнгөтөөр бичдэг учраас хүний зүс царай, хувцасны өнгө харагддаг юм. Камерт харахад 4 хүүхэд орж гараад байсан. Нэг нь бол бусдаасаа өндөр шаравтар царайтай хүүхэд байсан. Шатан дээр таараад миний урдаас хэгжүүрхээд байсан нь дунд зэргийн биетэй, мөн шар царайтай хүүхэд байсан. Нөгөө хүүхэд нь арай бор бараан царайтай байсан. Шатан дээр таарсан хоёр хүүхдийг бол таньчих байх. Бас “ус нээгээд өг” гэж хэлээд явахаар нь “шөнө дунд юун хүн билээ” гэж бодоод камер харахад өндөр, нам хоёр хүүхэд байсан. Тэр хоёр хүүхдийг цахилгаан шатны хажууд хүлээж байгаа бололтой зогсож байхдаа өндөр биетэй хүүхэд нь үсээ илээд зогсоод байсан. Тэp залууг ерөнхийд нь камерт сайн харсан. Би камерт харснаараа таньсан. Тухайн үед 2 дугаартай цаас барьсан өндөр залуу яах аргагүй камераар харахад байсан залуу шиг харагдсан учраас өөрөө уг залууг таньсан юм. Түүнээс мөрдөгч “та тухайн хүнийг мөн гэж хэлэх болон энийг хүнийг Давхарбаярын гэрт орсон хүн гэж хэл” гэсэн зүйл байгаагүй... Би өөрийнхөө харсан, санасан зүйлээ хэлж ярьсан... Би камераар харсан, шатан дээр таарсан хүнээ таньсан...” гэх мэдүүлэг /хх.2.7/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Б.Иудагийн өгсөн: “... Мийг Төгөлдөр, Эрдэнэбулган 2 тэр айлаас хөөрөг ... бас гутал, цүнх, авсан гэж ярьсан... “ гэх мэдүүлэг /хх.1,70-72/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Алтанцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх.1.73-75/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй Б.Эрдэнэбулганы гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Мийн ахынх гэх айлын жижиг өрөөнд байсан толины урдаас хар өнгөтэй, эрэгтэй үнэртэй усыг Мэ надад 10.000 төгрөгөөр өгөөд авчих гэхээр нь би зөвшөөрөөд өөрт байсан 10.000 төгрөгөө өгөөд авсан. Уг 10.000 төгрөг бол ээжээс авсан монитодоо бэлэг авч өгөх мөнгө байсан юм. Тэгээд би ангийн бэлэг өгөх ёстой монитодоо өгчихөөд буцааж Мийн ахад нь авч өгсөн. Мөн үүдний өрөөнд байсан зөндөө олон вискинээс нэгийг нь Мэ, Төгөлдөр бид 3 задлан амсаж үзчихээд буцааж тавьсан... Миний танихгүй хоёр ах, Төгөлдөр бид гурвыг очиж хоноход хүргэж өгчихөөд шууд гаднаас буцсан. Тэр хоёр ахыг Мэ манай ах нар гэж хэлсэн. Би тэр 2 ахыг огт танихгүй...” гэх мэдүүлэг /хх.1.58-61, 122-123/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй Э.Төгөлдөрийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Мэ, Эрдэнэбулган, бид 3 хамт Мийн хамаатных нь айл гээд 13 дугаар хороололд байдаг нэг айлд 2018 оны 12 сарын сүүл үед нэг удаа очин хонож байсан юм. Мэ “манай ахынд очиж хоноё, гадаад руу явсан” гээд хамт очиж хоносон юм. Тэр айл нэг байранд байсан, хэдэн давхарт байсныг санахгүй байна, дахин очиж хоноогүй. Юм авч гараагүй, гэрт очиж хонохдоо утсаар тоглож байгаад гоймон чанаж идчихээд, үүдээр орон том өрөөнд байсан сервантан дотор нь нилээн олон виски байх шиг байсан. Тэр вискинээс Мэ шар өнгөтэй нэг шил вискиг гаргаж ирээд Эрдэнэбулган, Мэ 2-ын нэг задлаад бид 3 амсаж үзсэн, тэгээд муухай амттай болохоор нь уулгүй орхисон юм. Ямар нэг юм өгөөгүй, тэгээд хоночихоод өглөө нь 08 цагийн үед хичээлдээ явахаар гарсан юм. Мэ “явахгүй, гэрээ цэвэрлэнэ, гээд үлдсэн, харин Эрдэнэбулган бид 2 хичээлдээ явсан... Иуда гэх ангийн найздаа задалсан вискиг нь Эрдэнэбулган бид хоёр авч очиж өгсөн. Очсон орой Иуда бид хоёр чат бичиж байхдаа “Мийд хонож байна, виски задлаад амсаж үзсэн” гэхэд “аваад ирээрэй” гэхээр нь авч очиж өгсөн. Нэг хэсэг Мэ байнга мөнгөтэй 100.000, 50.000 гэсэн нилээн мөнгөтэй болчихсон байсан. Тэгээд бид “яагаад ийм мөнгөтэй болсон юм” гэж асуухаар “манай эмээ бөө, тэгээд бөөгөө буулгахаараа өгдөг юм” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.62-63, 115-116/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Уянгын өгсөн: “... Мэ манайд 2 удаа ирж байсан. 2018 оны 12 сарын сүүл үед манайд Мэ ирж “ангийнхаа хүүхдийнд очоод цахилгаан шатнаас хос бөгж олсон” гэж хэлээд тэр бөгжөө ломбарданд тавиад өгөөч гэж гуйж байхыг сонссон юм. Тэгээд манай нөхөр барьцаанд тавиад өгье гээд хамт явсан, яг хэдэн төгрөгөөр тавьсан ямар бөгж байсныг хараагүй... Дараа нь дахин хэд хоногийн дараа Мэ бас манайд ирж нөхрийг аваад гарсан, тэгээд нөхөр эргэж ирэхдээ бас бөгж гэлүү, нэг эд зүйл ломбарданд тавиулсан байсан...” гэх мэдүүлэг /хх.1.68-69/,

Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны шүүгдэгч Ө.Мийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Би 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 2 дахь удаагаа Давхарбаяр ахын гэрт очсон. Уг очсон өдрөөс өмнө cap өдрийг нь санахгүй байна. нэг удаа Моороо буюу Давхарбаярын ахын эхнэрийн хамт гэрт нь юм зөөж өгөхөөр очиж байсан. 2018 оны 12 сарын 24-ний өдөр очихдоо Эрдэнэбулганы хамт очсон. Дараа нь 2018 оны 12 сарын 27-ны өдөр очсон. Тэр өдөр очихдоо Төгөлдөр, Эрдэнэбулган хоёртой хамт очсон. Хамгийн сүүлд 2019 оны 01 сард нэг удаа ганцаараа очсон. 2018 оны 12 сарын 24-ний өдөр Эрдэнэбулгантай очихдоо Эрдэнэбулганд үнэртэй ус өгсөн, мөн өөрөө нэг ширхэг үнэртэй ус авсан. Дараагийн удаа 12 сарын 27-ны өдөр очихдоо юу авснаа санахгүй байна, ямар ч байсан үнэт эдлэл, пүүз, тоглоом зэргийг авсан. Хамгийн сүүлд 2019 оны 01 сард очиж гутлын тос л авсан. Эрдэнэбулганд 1 ширхэг үнэртэй ус өгсөн байсан. Тэгээд буцааж авсан тэд нар бол хулгай хийгээгүй... play station тоглоомноос бусдыг нь өгсөн, play station тоглоомыг фэйсбүүкээр Баатар Даваа гэсэн нэртэй хүнд зарсан, дараа чат бичихэд “зарчихсан, надад байхгүй, чи асуудалгүй гээд зарсан биздээ” гэж байна лээ. Хохирлын мөнгө 10.000.000 төгрөг бэлнээр өгсөн, мөн эд зүйлсийг буцааж өгсөн...” гэх мэдүүлэг /хх.1.64-66, 2.9-10, 2.34-35/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Есөнтөмөрийн өгсөн: “Мийг бол би энд тэнд хүргэн өгч байгаагүй. Харин Мийг бол нэг удаа Яармагаас Баянзүрх дүүргийн Натурын орчимд нэг байран дунд хоёр найзынх нь хамтаар буулган өгч байсан. Тэр үед би ганцаараа өөрийнхөө эзэмшлийн 86-74 УБЧ дугаартай, саарал өнгийн Тоёота приус-20 маркийн машинтай явж байхад Мэ Яармагийн эцсийн буудлын орчимд тааралдсан юм. Тэр үед гадаа харанхуй болсон байсан ба Мийг “хаачих гэж байгаа юм, харих гэж байгаа бол суучих” гэхэд “би ангийнхаа хүүхдийнд хонох гэж байгаа юм, та төв орох уу” гэхээр нь тэр үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол орох ажилтэй байсан учраас “төв орно” гэж хэлсэн юм. Тэгээд Мэ миний утасны дугаарыг аваад “би харьчихаад ирье” гэхээр нь би дугаараа өгсөн юм. Ингээд удалгүй Мэ над руу утсаар яриад “та намайг эцсийн буудал дээрээс ирээд авчих” гэж ярихаар нь очиход Мэ хоёр найзынхаа хамт байсан. Тэгээд Мэ болон хоёр найзыг нь аваад төв ороод Натурын хэсэгт нэг байрны гадна буулгаад өөрөө цаашаа явсан юм.... Ямар ч байсан 2018 оны 12 сарын 20 гарчихсан шинэ жил дөхсөн байсан... Гадаа бол харанхуй болчихсон байсан юм...” гэх мэдүүлэг /хх.2.5-6/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.4-8/,

Эд мөрийн баримт хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.1.9-11/,

Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх.1.14-15/,

Барьцаат зээлийн гэрээний хуулбарууд /хх.1.16-17, 2.178-182/,

Ө.Мийн насыг тоолсон тэмдэглэл /хх.1.19/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх.1.22-29/,

Эд зүйлийн үнэлгээний тайлан /хх.1.79-84, 242-245/,

Ө.Мийн хувийн байдлын талаарх баримтууд /хх.1.127-147/,

Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт /хх.1.152/,

Илтгэх хуудас /хх.1.230/,

Г.Аын ажил байдлын тодорхойлолт /хх.1.239/,

Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолууд /хх.2.49-52/,

Прокурорын яллах дүгнэлт /хх.2.58-63/,

Хохирлын эд зүйлсийн жагсаалт /шинээр гаргасан 28 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Ө.Мэ, шүүгдэгч Г.А нар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Сэлбэ хотхоны 96 дугаар байрны 31 тоотод оршин суух иргэн Г.Давхарбаярын гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлж 24.254.553 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Мэ нь 2018 оны 12 дугаар сард “Ө.Мэ, Г.А нарын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөх Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо хороо, Сэлбэ хотроны 96 дугаар байрны 31 тоотод оршин суух иргэн Г.Давхарбаярын гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан” гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, эд зүйлийг мэдсээр байж авч ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор зарим эд зүйлийг нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нандин нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж, бусдад шилжүүлсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Давхарбаярын өгсөн: “... Би эхнэрийн хамаатан Э.Жавхлантөгс, Ө.Мэ, Гантүвшин нарыг сэжиглэж байна. Манай гэрийн нэг хувь түлхүүр хадам ээжийн гэрт байдаг. Манай гэрт тухайн хүмүүс ирж байсан. Бид нар 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хадам ээж Байгалмаа, хадам аав Баяртогтох нар болон манай гэр бүл Австраль Улс руу яваад ирсэн. Тэр хооронд хадам ээжийн гэрт байсан түлхүүрээр манай гэр лүү орсон болов уу гэж бодож байна. Орцны жижүүрээс асуухад “оны өмнө яг өдрийг нь санахгүй байна, танай гэрт нилээн орой 4 хүүхэд орж байсан, ус яаж нээх үү гэж асууж байсан, эхнэрийн чинь хамаатангуудын хүүхдүүд юм болов уу гэж бодсон, их орой ирж орсон” гэж ... хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.31-36, 37-39, 40/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Мийн гэрчээр өгсөн: “... Би Мандахаагийн авчирсан эд зүйлсээс шаргал өнгийн жижиг шигтгээтэй бөгжийг нь хувьдаа авсан. Би тэр бөгжийг 5 шард байрлах Нандин нэртэй ломбарданд 2018 оны 12 дугаар сарын сүүлээр 200.000 төгрөгт өөрийн нэрээр барьцаалсан байсан. Би тэр 200.000 төгрөгөөр өөрийн эзэмшлийн 21-51 УБД дугаартай Соната 6 загварын автомашинд 100.000 төгрөгөөр амортизатор авсан, мөн газ хийсэн, бас гэрэл гэх зэрэг жижиг зүйлс автомашиндаа авч тавьсан...” гэх мэдүүлэг /хх.1.43-45, 46-47, хх.2.8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Аын гэрчээр өгсөн: “... Мандах нь надад нэг монетон бөгж үзүүлээд “Ахаа би нэг ийм бөгж олсон юм, энэ монет мөн болов уу” гэж асуусан, би хариуд нь “сайн мэдэхгүй байна, ломбард ороод асуусан нь дээр байх” гээд Яармагийн хуучин эцэст байх Сайн нэртэй ломбарданд очиход монет мөн гээд байсан. Би өөрийн бичиг баримтаар 130.000 төгрөгөөр тус ломбарданд барьцаалсан...” гэх мэдүүлэг /хх.1.48-50, 51-52/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Алтанцэцэгийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын сүүлээр шөнө 03 цагийн орчимд нэг эрэгтэй хүүхэд ирээд “эгчээ ус нээлгэх гэсэн юм” гэж надад хэлсэн. Би гайхаад “юун ус нээлгэх вэ” гэж асуухад “4 давхрын айлын ус нээлгэх гэсэн юм” гэж надад хэлсэн... Тэр эрэгтэй хүүхдийг аль айл руу орохыг хяналтын камераар харж байхад Давхарбаярынд орсон. Энэ өдрөөс хойш ойролцоогоор 2 хоногийн дараа над дээр ус нээлгэнэ гэж хэлсэн 2 эрэгтэй хүүхэд, мөн 2 өөр эрэгтэй хүүхдийн хамт лифтэнд суугаад 4 давхарт буугаад 31 тоот руу орж байсан. Тэр хүүхдүүд тэр өдөр маш олон удаа орж гарцгааж байсан. Тэр орой манай орцонд олон хүний хөлийн чимээ гараад шатаар юм чирч буулгаж байгаа юм шиг чимээ гараад байсан. Би гайхаад хяналтын камераа хартал нөгөө 4 эрэгтэй хүүхэд дүүрэн хогтой цаасан хайрцагтай хог манай жижүүрийн байрны үүдэнд үлдээгээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх.1.53-55/,

2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “... Давхарбаярын гэр эзэнгүй байх хойгуур 2018 оны 12 сарын сүүл үед л байсан юм. Ямар ч байсан сургуулийн насны хүүхдүүд орж гараад байсан юм. Тэгээд би ер нь камер, ажиглаад л байдаг. Би Давхарбаярын гэрээр орж гараад байсан хүүхдүүдээс 2 давхарын шатан дээр 2 хүүхэдтэй хальт таараад “хог битгий хаяад бай” гэхэд “хог хаяагүй” гээд хэгжүүрхээд байсан хүүхдийг бол сайн харсан. Хамт байсан нөгөө хүүхдийг нь тухайн үед харсан боловч одоо сайн санахгүй байна. Тэр шатан дээр таарсан xоёp хүүхэдтэй бас хоёр хүүхэд хамт явж байсан ба чимээгүй дээд давхар луу өгсөөд явсан юм...” гэх мэдүүлэг /хх.1.67/, 

2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “... Ер нь зүс царай харагддаг. Манай байрны камерт өнгөтөөр бичдэг учраас хүний зүс царай, хувцасны өнгө харагддаг юм. Камерт харахад 4 хүүхэд орж гараад байсан. Нэг нь бол бусдаасаа өндөр шаравтар царайтай хүүхэд байсан. Шатан дээр таараад миний урдаас хэгжүүрхээд байсан нь дунд зэргийн биетэй, мөн шар царайтай хүүхэд байсан. Нөгөө хүүхэд нь арай бор бараан царайтай байсан. Шатан дээр таарсан хоёр хүүхдийг бол таньчих байх. Бас “ус нээгээд өг” гэж хэлээд явахаар нь “шөнө дунд юун хүн билээ” гэж бодоод камер харахад өндөр, нам хоёр хүүхэд байсан. Тэр хоёр хүүхдийг цахилгаан шатны хажууд хүлээж байгаа бололтой зогсож байхдаа өндөр биетэй хүүхэд нь үсээ илээд зогсоод байсан. Тэp залууг ерөнхийд нь камерт сайн харсан. Би камерт харснаараа таньсан. Тухайн үед 2 дугаартай цаас барьсан өндөр залуу яах аргагүй камераар харахад байсан залуу шиг харагдсан учраас өөрөө уг залууг таньсан юм....” гэх мэдүүлэг /хх.2.7/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Б.Иудагийн өгсөн: “... Мийг Төгөлдөр, Эрдэнэбулган 2 тэр айлаас хөөрөг ... бас гутал, цүнх, авсан гэж ярьсан... “ гэх мэдүүлэг /хх.1,70-72/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Алтанцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх.1.73-75/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй Б.Эрдэнэбулганы гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Мийн ахынх гэх айлын жижиг өрөөнд байсан толины урдаас хар өнгөтэй, эрэгтэй үнэртэй усыг Мэ надад 10.000 төгрөгөөр өгөөд авчих гэхээр нь би зөвшөөрөөд өөрт байсан 10.000 төгрөгөө өгөөд авсан... Мөн үүдний өрөөнд байсан зөндөө олон вискинээс нэгийг нь Мэ, Төгөлдөр бид 3 задлан амсаж үзчихээд буцааж тавьсан... Миний танихгүй хоёр ах, Төгөлдөр бид гурвыг очиж хоноход хүргэж өгчихөөд шууд гаднаас буцсан. Тэр хоёр ахыг Мэ манай ах нар гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.58-61, 122-123/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй Э.Төгөлдөрийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Мэ, Эрдэнэбулган, бид 3 хамт Мийн хамаатных нь айл гээд 13 дугаар хороололд байдаг нэг айлд 2018 оны 12 сарын сүүл үед нэг удаа очин хонож байсан юм. Мэ “манай ахынд очиж хоноё, гадаад руу явсан” гээд хамт очиж хоносон юм... Тэр вискинээс Мэ шар өнгөтэй нэг шил вискиг гаргаж ирээд Эрдэнэбулган, Мэ 2-ын нэг задлаад бид 3 амсаж үзсэн, тэгээд муухай амттай болохоор нь уулгүй орхисон юм... Мэ “явахгүй, гэрээ цэвэрлэнэ, гээд үлдсэн, харин Эрдэнэбулган бид 2 хичээлдээ явсан... Иуда гэх ангийн найздаа задалсан вискиг нь Эрдэнэбулган бид хоёр авч очиж өгсөн. Очсон орой Иуда бид хоёр чат бичиж байхдаа “Мийд хонож байна, виски задлаад амсаж үзсэн” гэхэд “аваад ирээрэй” гэхээр нь авч очиж өгсөн. Нэг хэсэг Мэ байнга мөнгөтэй 100.000, 50.000 гэсэн нилээн мөнгөтэй болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх.1.62-63, 115-116/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Уянгын өгсөн: “... Мэ манайд 2 удаа ирж байсан. 2018 оны 12 сарын сүүл үед манайд Мэ ирж “ангийнхаа хүүхдийнд очоод цахилгаан шатнаас хос бөгж олсон” гэж хэлээд тэр бөгжөө ломбарданд тавиад өгөөч гэж гуйж байхыг сонссон юм. Тэгээд манай нөхөр барьцаанд тавиад өгье гээд хамт явсан... Дараа нь дахин хэд хоногийн дараа Мэ бас манайд ирж нөхрийг аваад гарсан, тэгээд нөхөр эргэж ирэхдээ бас бөгж гэлүү, нэг эд зүйл ломбарданд тавиулсан байсан...” гэх мэдүүлэг /хх.1.68-69/,

Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны шүүгдэгч Ө.Мийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Би 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 2 дахь удаагаа Давхарбаяр ахын гэрт очсон. Уг очсон өдрөөс өмнө cap өдрийг нь санахгүй байна. нэг удаа Моороо буюу Давхарбаярын ахын эхнэрийн хамт гэрт нь юм зөөж өгөхөөр очиж байсан. 2018 оны 12 сарын 24-ний өдөр очихдоо Эрдэнэбулганы хамт очсон. Дараа нь 2018 оны 12 сарын 27-ны өдөр очсон. Тэр өдөр очихдоо Төгөлдөр, Эрдэнэбулган хоёртой хамт очсон. Хамгийн сүүлд 2019 оны 01 сард нэг удаа ганцаараа очсон. 2018 оны 12 сарын 24-ний өдөр Эрдэнэбулгантай очихдоо Эрдэнэбулганд үнэртэй ус өгсөн, мөн өөрөө нэг ширхэг үнэртэй ус авсан. Дараагийн удаа 12 сарын 27-ны өдөр очихдоо юу авснаа санахгүй байна, ямар ч байсан үнэт эдлэл, пүүз, тоглоом зэргийг авсан. Хамгийн сүүлд 2019 оны 01 сард очиж гутлын тос л авсан... play station тоглоомноос бусдыг нь өгсөн...” гэх мэдүүлэг /хх.1.64-66, 2.9-10, 2.34-35/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Есөнтөмөрийн өгсөн: “... Мэ над руу утсаар яриад “та намайг эцсийн буудал дээрээс ирээд авчих” гэж ярихаар нь очиход Мэ хоёр найзынхаа хамт байсан. Тэгээд Мэ болон хоёр найзыг нь аваад төв ороод Натурын хэсэгт нэг байрны гадна буулгаад өөрөө цаашаа явсан юм.... Ямар ч байсан 2018 оны 12 сарын 20 гарчихсан шинэ жил дөхсөн байсан... Гадаа бол харанхуй болчихсон байсан юм...” гэх мэдүүлэг /хх.2.5-6/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.4-8/,

Эд мөрийн баримт хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.1.9-11/,

Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх.1.14-15/,

Барьцаат зээлийн гэрээний хуулбарууд /хх.1.16-17, 2.178-182/,

Ө.Мийн насыг тоолсон тэмдэглэл /хх.1.19/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх.1.22-29/,

Эд зүйлийн үнэлгээний тайлан /хх.1.79-84, 2”42-245/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Давхарбаярын өгсөн: “... Миний хамгийн итгэж байсан хүмүүс гэр орон ухсан... Би эд хөрөнгөөрөө хохирлоо...  Тэр бүх юм цоо шинэ байсан. Тэр бүх тогоо шанагуудыг олон удаа хоол хийж байгаад дөхөж ирэхэд нь цэвэрлэсэн байгаа юм. 2019 оны сүүлээр гэр орноо цэгцэлье гээд эзгүй орхисон. Тэгээд балкон дээрх аяны хэрэгслүүдийг үзэхэд тэрийг хүртэл ухсан байсан. Балкон дээр байгаа зүйлийг хүртэл үзсэн. Юу боломжтой байна тэрийг ухсан. Энэ бол зүгээр нэг ангийнхаа хүүхдүүдийг дагуулж очсон зүйл биш... маргааш нь гэр ухасан гэдгийг мэдсэн. Сейф хүртэл ухсан. Сейфенд гадаад валют байсан... Хулгайн улмаас 32.821.000 төгрөгийн хохирол учирсан, үүнээс 12.020.000 төгрөгийн зүйлс олдсон, 1.703.000 төгрөгийн эд зүйл нь ашиглах боломжгүй. Надад Мийн ээж Отгонжаргал эгч 10.000.000 төгрөг авч ирж өгөөд Аын ээж нь хамт гэрчээр байгаад гарын үсэг зурсан. Одоо 18.204.000 төгрөгийн хохирол үлдсэн. Энэ гэмт хэргийн улмаас гарсан зарим нэг хохирол гарсан. Цоожний гол сольсон, үнэлгээ хийлгэсэн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Алтанцэцэгийн өгсөн: “... Тухайн үед хэдэн залуучууд 4 давхараар орж гараад, шөнө ирээд хаалга цохиод “ус нээгээд өгөөч” гэхээр нь “эзгүй айл яагаад ус нээлгэдэг юм, түлхүүрээ өөрсөддөө байлгадаг, 3-4 түлхүүр байхад нь СӨХ-ийн дарга болон надад хэлээд авсан, өөрсдөө түлхүүртэй байж нээлгэх гэх ёсгүй дээ” гэж бодсон. 2 залуу ирээд ус нээлгэх гэсэн юм гэхээр нь гайхаад “түлхүүр нь байхгүй, СӨХ-н дарга хураагаад авчихдаг” гэж худлаа. Эхлээд 2 залуу ирсэн. Маргааш нь үдээс хойш 4 залуу орж, гараад байсан. Манай хүүхэд 4 давхарт олон залуучууд байгаад байна гэсэн. Камерт хараад байсан. Тэр үед харж байсан хүүхдүүдийг хараад танина. Камер шүүгээд үзэхэд ус нээлгэх гэсэн 2 нь өндөр, намхан 2 залуу байсан... Надад зураг харуулж таньж олуулах ажиллагаа явуулсан хүүхдийн нэг одоо байна. Намхан нь Мэ байна. Нөгөөх нь үс нь урт буржгар, өндөр залуу байсан. Царай нь мөн байна. Ийм цулцгар хацартай шар залуу байсан уу, туранхай гурвалжин царайтай байсан уу мэдэхгүй. Камер дээр өндөр, нам 2 залуу байсан. Тухайн үед камер дээрх зураг, үзүүлсэн зураг дээрх 2 адилхан санагдсан... Тухай үед энэ гурван хүүхдийн хоёр хүүхдийнх нь царайг харсан. Заримынх нь царайг шатан дээр харсан. Сэжиглэж л харж байсан. Өдрийн цагаар бол 4 хүн хохирогчийн гэрээр орж, гараад байсан. Лифтэнд сууж харагдаагүй. Манай хүүхэд шатаар хүмүүс яваад байна гэсэн. Бууж ирэхэд нь андаад “та нар юун хүүхдүүд юм хаанаас хог зөөгөөд ирсэн юм” гэсэн. Тухайн үед манай хүүхэд хог буулгаад ирлээ гэсэн. 1 өндөр залуу, 3 намхан залуутай байсан... Биеэр таниулахад бараг л мөн болов уу гэж таньсан. Гурвуулаа л мөн юм шиг байна. Шатан дээр таарахад Мэ гээд наад талын залуу байсан шиг санагдаж байна. Ус нээдэг хэсэг давхар давхартаа байдаг. Ус нээлгэнэ гэх үед шөнийн 02-03 цагийн үед байсан. Шөнө орой юу байдаг юм гээд хаалга тайлж өгөөгүй. Хаалга тайлж өгөөд нүүр царайг нь харсан бол арай өөр байх байсан гэж бодож байна. 11 давхарт байсан хогийг 4 давхарт аваад ирсэн. Шатны хажууд тавьсан. Би их сайн харсан... Мэ нь өндөр гурвалжин царайтай, буржгар үстэй залуу байсан санагдаж байна. Би энэ шинж тэмдэгээр нь таньсан. Манай хүүхэд бэлэн хоол зөөгөөд байна гэсэн. Камерын бичлэгээр л харсан. Бөөнөөрөө хог буулгаж ирэх дээ шатаар бууж ирсэн. Камераар харсан нь наад талд сууж байгаа Мэ, шатан дээр таарсан нь голын А нь байна. Дунд нь сууж байгаа залуу хажуудаа намхан 2 хар залуутай явж байсан, дөрвүүлээ явж байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Э.Төгөлдөрийн өгсөн: “... Эрдэнэбулган, Мэ бид 3 хоносон. Мийн хамаатны ах бид гурвыг хохирогчийн байрны баруун талд хүргэж өгсөн... Бид 3 тэр вискийг задлаад, ууж чадаагүй. Иудад хэлсэн чинь Иуда надад аваад ир гэсэн... Үүдээр ороод явахаар хажуу талдаа тавиуртай, шкафтай өрөө байсан... Мэ бид 3 ярилцаж байгаад Иудад виски аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Эрдэнэбулганы өгсөн: “... Би хохирогчийн гэрт 12 дугаар сарын сүүлээр, Мэтэй очсон... Мэ “ус байхгүй байна, доошоо очиж нээлгэе” гэсэн, тэгээд гарсан. Тухайн өдөр хохирогчийн гэрт Playstation /Плэйстэйшн/ тоглосон. Үнэртэй ус байсныг надад өгсөн. Хоёр дахь удаагаа очиход намайг 2 ах, Төгөлдөр, Мэ тэр хэд ирж авсан... Хохирогчийн гэрээс 2 шил виски авч гарсан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Г.Аын өгсөн “би тэр айлд очоогүй, хулгай хийгээгүй” гэх мэдүүлгүүд нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Алтанцэцэгийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын сүүлээр шөнө 03 цагийн орчимд нэг эрэгтэй хүүхэд ирээд “эгчээ ус нээлгэх гэсэн юм” гэж надад хэлсэн. Би гайхаад “юун ус нээлгэх вэ” гэж асуухад “4 давхрын айлын ус нээлгэх гэсэн юм” гэж надад хэлсэн... Тэр эрэгтэй хүүхдийг аль айл руу орохыг хяналтын камераар харж байхад Давхарбаярынд орсон. Энэ өдрөөс хойш ойролцоогоор 2 хоногийн дараа над дээр ус нээлгэнэ гэж хэлсэн 2 эрэгтэй хүүхэд, мөн 2 өөр эрэгтэй хүүхдийн хамт лифтэнд суугаад 4 давхарт буугаад 31 тоот руу орж байсан. Тэр хүүхдүүд тэр өдөр маш олон удаа орж гарцгааж байсан. Тэр орой манай орцонд олон хүний хөлийн чимээ гараад шатаар юм чирч буулгаж байгаа юм шиг чимээ гараад байсан. Би гайхаад хяналтын камераа хартал нөгөө 4 эрэгтэй хүүхэд дүүрэн хогтой цаасан хайрцагтай хог манай жижүүрийн байрны үүдэнд үлдээгээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх.1.53-55/,

2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “... Давхарбаярын гэр эзэнгүй байх хойгуур 2018 оны 12 сарын сүүл үед л байсан юм. Ямар ч байсан сургуулийн насны хүүхдүүд орж гараад байсан юм. Тэгээд би ер нь камер, ажиглаад л байдаг. Би Давхарбаярын гэрээр орж гараад байсан хүүхдүүдээс 2 давхарын шатан дээр 2 хүүхэдтэй хальт таараад “хог битгий хаяад бай” гэхэд “хог хаяагүй” гээд хэгжүүрхээд байсан хүүхдийг бол сайн харсан. Хамт байсан нөгөө хүүхдийг нь тухайн үед харсан боловч одоо сайн санахгүй байна. Тэр шатан дээр таарсан xоёp хүүхэдтэй бас хоёр хүүхэд хамт явж байсан ба чимээгүй дээд давхар луу өгсөөд явсан юм...” гэх мэдүүлэг /хх.1.67/, 

2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “... Манай байрны камерт өнгөтөөр бичдэг учраас хүний зүс царай, хувцасны өнгө харагддаг юм. Камерт харахад 4 хүүхэд орж гараад байсан. Нэг нь бол бусдаасаа өндөр шаравтар царайтай хүүхэд байсан... Бас “ус нээгээд өг” гэж хэлээд байхаар нь “шөнө дунд юун хүн билээ” гэж бодоод камер харахад өндөр, нам хоёр хүүхэд байсан. Тэр хоёр хүүхдийг цахилгаан шатны хажууд хүлээж байгаа бололтой зогсож байхдаа өндөр биетэй хүүхэд нь үсээ илээд зогсоод байсан. Тэp залууг ерөнхийд нь камерт сайн харсан. Би камерт харснаараа таньсан. Тухайн үед 2 дугаартай цаас барьсан өндөр залуу яах аргагүй камераар харахад байсан залуу шиг харагдсан учраас өөрөө уг залууг таньсан юм....” гэх мэдүүлэг /хх.2.7/,

Таньж олуулах ажиллагааны “Таньж одуулах ажиллагаа эхлэхийн өмнө 1-ээс 4 хүртэл дугаарласан 4 ширхэг дугаартай цааснаас таньж олох ажиллагаанд оролцуулж байгаа М.Мэ /У397122738/, Г.А /У396051535/, А.Алтанхүү /УХ99012716/, С.Мөнхдорж /УК98090774/ нараас өөрсдийг нь сонгож аваад дуртай байрлалдаа орж зогсохыг хэлэхэд 4 гэсэн дугаарыг сонгож авсан М.Мэ /У397122738/, 2 гэсэн дугаарыг Г.А /У396051535/ нар сонгож, 1 гэсэн дугаарыг А.Алтанхүү /УХ99012716/, 3 гэсэн дугаарыг С.Мөнхдорж /УК98090774/ тус тус сонгон авч 4,2,3,1 гэсэн дугаарын дарааллаар зогсов. Уг байдлыг гэрэл зургаар бэхжүүлэн авч гэрч Д.Алтанцэцэгийг ЦХ-ийн 206 тоот өдөөнд оруулж ирэн 1-4 дугаартай 4 эрэгтэй хүнээс иргэн Г.Давхарбаярын гэрт орж, гарч байсан гэх хүн байгаа эсэхийг тодруулж асуухад уг 4 хүнээс 2 гэсэн дугаарыг барьсан хүн ус нээлгэнэ гэж жижүүрийн байрны үүдэнд шөнө 02 цагаас 03 цагийн үед ирээд асуухаар нь түлхүүр байхгүй байсан учраас байхгүй гэж хэлсэн. Тэгээд босоод камераар харахад цахилгаан шатны хажууд ус нээлгэхээр ирсэн 2 дугаартай цаас барьсан хүн бac нэг намхан залуутай зогсож байсан. Уг 2 дугаартай цаас барьсан эрэгтэй хүнийг яаж таньж байна вэ гэвэл камераар ямар учиртай хүн ус нээлгэх гэж байгаа юм гээд харахад байсан хүн мөн байна. Зүс царай, нурууны өндрөөр нь таньж байна. Бас үснийх нь засалт өөрчлөгдсөн байна. Тухайн үед лифт хүлзэж байхдаа үсээ янзлаад зогсоод байсан учраас сайн харсан...” гэх тэмдэглэл /хх.1.26-27/ зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдана.

Иймд “гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр Г.Ат холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно уу” гэсэн түүний өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй юм.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт шүүгдэгч Г.А, өсвөр насны шүүгдэгч Ө.Мэ нарыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч А.Мийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул өсвөр насны шүүгдэгч Ө.Мэ, шүүгдэгч Г.А нарыг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь, шүүгдэгч М.Мийг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, эд зүйлийг мэдсээр байж авч  ашиглах, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор шилжүүлэх” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь тус тус гэм буруутайд тооцов.

Өсвөр насны шүүгдэгч Ө.Мэ, шүүгдэгч Г.А, М.Мэ нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Г.Давхарбаяр нь “88 нэр төрлийн 38.521.776 төгрөгөөс 10.000.000 төгрөг нөхөн төлөгдсөн, 12.020.912 төгрөгийн эд зүйлсийг буцаан авсан, тэдгээрээс 1.703.592 төгрөгийн эд зүйлсийг ашиглаж хэрэглэх боломжгүй болсон, үлдэх 18.204.455 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн боловч хулгайд алдагдсан нийт 88 нэр төрлийн эд зүйлсийн үнэлгээг анх 24.254.553 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлтэй, түүнээс өсвөр насны шүүгдэгч Ө.Мэ 8.971.031 төгрөгийн эд зүйлийг хохирогчид буцаан өгсөн, 10.000.000 төгрөг нөхөн төлсөн учир үлдэх 6.576.440 төгрөгийг өсвөр насны шүүгдэгч Ө.Мэ, шүүгдэгч Г.А нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Г.Давхарбаярт олгон, уг нэхэмжлэлийн тухайн хэсгийг хариуцагч нарт хуваарилах нь зүйтэй гэж шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд дүгнэсэн бөгөөд шүүгдэгч М.Мийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Харин хохирогч Г.Давхарбаяр нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдүүд болох өсвөр насны шүүгдэгч Ө.Мэ, шүүгдэгч Г.А нараас жич нэхэмжлэх эрхтэй болно.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Өсвөр насны шүүгдэгч Ө.Мэ, шүүгдэгч Г.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор, шүүгдэгч М.Мэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага тэдэнд хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өсвөр насны шүүгдэгч М.Мэ, шүүгдэгч Г.А, М.Мэ нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.Мэд 2 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Ат 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мэд 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэн, өсвөр насны шүүгдэгч Ө.Мэд оногдуулсан ялыг 2 дахин багасгаж, шүүгдэгч Г.А, М.Мэ нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Шүүгдэгч М.Мэд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд өсвөр насны шүүгдэгч Ө.Мэ, шүүгдэгч Г.А нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд тэдэнд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулж мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэж заажээ.

          Иймд М.Мэд холбогдох гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох тухай түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хангах хууль зүйн үндэслэлгүй юм.

          Өсвөр насны шүүгдэгч Ө.Мэ, шүүгдэгч Г.А, М.Мэ нар урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хар өнгийн хоёр мөрөндөө үүрдэг цүнх нэг ширхэгийг өсвөр насны шүүгдэгч Ө.Мэд, ягаан өнгийн хайрцагтай үнэртэй усыг хохирогч Г.Давхарбаярт тус тус олгож, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Өсвөр насны шүүгдэгч Д овогт Өы Мэ, шүүгдэгч Б овогт Гын А нарыг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах”, шүүгдэгч Б овогт Мын Мийг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, эд зүйлийг мэдсээр байж авч  ашиглах, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор шилжүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.Мэд 2 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Ат 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мэд 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, өсвөр насны шүүгдэгч Ө.Мэд оногдуулсан 2 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг 2 дахин багасгаж, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг 1 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Г.Ат оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч М.Мэд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

          5. Өсвөр насны шүүгдэгч Ө.Мэ, шүүгдэгч Г.А, М.Мэ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

          6. Өсвөр насны шүүгдэгч Ө.Мэ, шүүгдэгч Г.А, М.Мэ нар урьд нь цагдан хоригдсон хоноггүй, өсвөр насны шүүгдэгч Ө.Мэ 8.971.031 төгрөгийн эд зүйлсийг хохирогчид буцаан өгсөн, 10.000.000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгч М.Мэ бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хар өнгийн хоёр мөрөндөө үүрдэг цүнх нэг ширхэгийг өсвөр насны шүүгдэгч Ө.Мэд, ягаан өнгийн хайрцагтай үнэртэй усыг хохирогч Г.Давхарбаярт тус тус олгосугай.

          8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 503 дугаар зүйлийн 503.5 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.Мэ, шүүгдэгч Г.А нараас 6.576.440 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Г.Давхарбаярт олгосугай.    

          9. Хохирогч Г.Давхарбаяр нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдүүд болох өсвөр насны шүүгдэгч Ө.Мэ, шүүгдэгч Г.А нараас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч М.Мэ, шүүгдэгч Г.А, М.Мэ нарт авсан цагдан хорих авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

                                                 ШҮҮГЧ                         С.ӨСӨХБАЯР