Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 799

 

 

 

 

 

 

  2020         05         01                                       2020/ШЦТ/799

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Өсвөр насны шүүгдэгч Б.Д, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Ууганбаяр, тэдний өмгөөлөгч У.Сайнбилэг /ҮД:1554/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Б.Дд холбогдох 2006 01449 0736 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2004 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 16 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүрэг 21 дүгээр хороо, Жамсран уулын өврийн 1 дүгээр гудамжны 1982а тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэгдэж байгаагүй, О овгийн Бн Д /РД: /,

Өвсөр насны шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Өсвөр насны шүүгдэгч Б.Д нь 2020 оны 02 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөгнө хаан” дэлгүүрийн гадна хохирогч Г.Батбилэгийн эзэмшлийн LG загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч зугатаан дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Дгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Батбилэгийн өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн үед би найз Бат-Эрдэнэ, Ганбат нарыг утсаар ярьж дуудаад манай гэрт 0.5 граммтай Хараа архи 1 шил, 0.75 Хараа архи 1 шилийг хуваан уугаад гэртээ амарч байгаад 15 цагийн үед Бат-Эрдэнэ, Ганбат нар явцгаасан юм... орой 23 цагийн үед гарч тамхи авах гээд “Хөгнө хаан” нэртэй дэлгүүрийн тэнд очиход дэлгүүр хаалттай байсан юм. Би зам дээр зогсож байтал 4 залуу явж байхаар нь би тэр 4 залуугаас тамхи асуух санаатай дуудаж уулзаад “тамхи байна уу” гэж асуусан чинь тэр залуучууд байхгүй гэсэн юм... яриад зогсож байтал нэг залуу нь миний араар тойрч ирээд өмсөж байсан хүрэмний гадна талын энгэрийн халаасанд байсан ЛЖ-4 маркийн гар утсыг шүүрч аваад цаашаа зугатахаар нь би хөөгөөд гүйцэхгүй цагдаагийн камерын зүг чиглээд гүйсэн учир хойноос нь яваагүй юм... би энгэрийн халаасандаа утсаа хийгээд хажуугаар нь мөнгөө задгай хийсэн...” гэх мэдүүлэг /хх.6-7,8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Х.Дожсаны өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн үед ... Хөгнө хаан дэлгүүрийн гадаа найз нар болох Мөнхсайн, Д нэг хүүхдийнхээ нэрийг сайн мэдэхгүй байна, танилцаад удаагүй хамт алхаж байхад араас нэг танихгүй намхан бүдүүн ах дуудсан, тэгээд бөөнөөрөө очсон, тэгсэн “тамхи байна уу” гэсэн, “тамхи байхгүй” гэж хэлсэн. Тэр ахын халааснаас нь хар өнгөтэй гар утас унах гэж байгаа юм шиг цухуйж байсан, тэгэхээр нь Д гар утсыг нь аваад бөөнөөрөө зугатаасан... Өөр зүйл байгаагүй унах гэж байсан утсыг нь Д авсан...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч М.Мөнхсайханы өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын 26-ны 16 цагийн үед ... нэг ах дуудаад очсон чинь тамхи асуусан, “байхгүй” гэж хэлээд зогсож байсан чинь Д халааснаас нь утсыг нь аваад хойшоо тойрч зугатаагаад шийтэн дээр очиж салсан. Тэгээд гэр, гэр лүүгээ харьсан... шүүрээд авсан гар утсыг Д авч явсан... ярилцаагүй Д шүүрээд зугатаасан...” гэх мэдүүлэг /хх.17/,

“Дамно” ХХК-й 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б3Д2-20-294 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.21-22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны шүүгдэгч Б.Дгийн яллагдагчаар өсгөн: “... 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр найз Мөнхсайхан, Досжан нарын хамт шийдэн дээр уулзаад манай эгч Ууганбаяр эгчийн гэрт очсон, тэдний гэрт кино үзэж байгаад 23 цаг 30 минутанд эгчийн гэрээс гарсан 21 дүгээр хороо орох гээд явж байсан, тэгсэн таньдаг 2 хүүхэдтэйгээ тааралдсан, тэгээд дөрвүүлээ Хөгнө хаан дэлгүүрийн урдуур явж байсан, араас нэг ах дуудахад очоод “яасан” гэсэн чинь “нэг тамхи өгчих” гэсэн, тэгээд зогсож байсан чинь халааснаас нь нэг утас цухуйсан тэгэхээр нь би шүүрч аваад зугатаасан... би гар утсаа найз нартаа хэлээд гэр лүүгээ аваад явсан. 80.000 төгрөг байгаагүй. Гар утсыг шүүрэхдээ найз нартайгаа ярилцаагүй, би ганцаараа авсан...” гэх мэдүүлэг /хх.53-54/,

Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.29/,

Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас /хх.36/,

Нас тоолсон тэмдэглэл /хх.41/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Өсвөр насны шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Б.Д нь 2020 оны 02 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөгнө хаан” дэлгүүрийн гадна хохирогч Г.Батбилэгийн эзэмшлийн LG маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч зугатаан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Батбилэгийн өгсөн: “... нэг залуу нь миний араар тойрч ирээд өмсөж байсан хүрэмний гадна талын энгэрийн халаасанд байсан ЛЖ-4 маркийн гар утсыг шүүрч аваад цаашаа зугатахаар нь би хөөгөөд гүйцэхгүй цагдаагийн камерын зүг чиглээд гүйсэн учир хойноос нь яваагүй юм... би энгэрийн халаасандаа утсаа хийгээд хажуугаар нь мөнгөө задгай хийсэн...” гэх мэдүүлэг /хх.6-7/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Х.Дожсаны өгсөн: “... Тэр ахын халааснаас нь хар өнгөтэй гар утас унах гэж байгаа юм шиг цухуйж байсан, тэгэхээр нь Д гар утсыг нь аваад бөөнөөрөө зугатаасан...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч М.Мөнхсайханы өгсөн: “... Д халааснаас нь утсыг нь аваад хойшоо тойрч зугатаагаад шийтэн дээр очиж салсан... шүүрээд авсан гар утсыг Д аваад явсан...” гэх мэдүүлэг /хх.17/,

“Дамно” ХХК-й 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б3Д2-20-294 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.21-22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны шүүгдэгч Б.Дгийн яллагдагчаар өсгөн: “... халааснаас нь нэг утас цухуйсан, тэгэхээр нь би шүүрч аваад зугатаасан... би гар утсаа найз нартаа хэлээд гэр лүүгээ аваад явсан. 80.000 төгрөг байгаагүй. Гар утсыг шүүрэхдээ найз нартайгаа ярилцаагүй би ганцаараа авсан...” гэх мэдүүлэг /хх.53-54/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Дгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт өсвөр насны шүүгдэгч Б.Дг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Өсвөр насны шүүгдэгч Б.Дгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Хохирогч Г.Батбилэг нь гар утсаа буцаан авсан байх бөгөөд хохирогчийн нэхэмжилсэн хэрэг үйлдэгдэх үед халаасанд байсан гэх 80.000 төгрөг, утсанд программ уншуулсан 20.000 төгрөг, нийт 100.000 төгрөгийг нөхөн төлөхийг өсвөр насны шүүгдэгч Б.Д нь сайн дураар хүлээн зөвшөөрсөн учир түүнээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Дий үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, өсвөр насны шүүгдэгчид ял оногдуулахыг тодорхой хугацаагаар тэнсэж хянан хүмүүжүүлэх, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

          Б.Дд эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Өсвөр насны шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. О овгийн Бгийн Дг “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Дд ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5 дахь заалтыг тус тус баримтлан, өсвөр насны шүүгдэгч Б.Дд ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар өвсөр насны шүүгдэгч Б.Дд ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулсугай.

          5. Өсвөр насны шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээсүгэй.

          7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 503 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Дгээс 100.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Батбилэгт олгосугай.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Б.Дд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                           С.ӨСӨХБАЯР