Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2021/0387

 

 

 

 

 

 

 

Ш у, т и сийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 303 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мийн давж заалдах гомдлоор, Ш у, т и сийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 303 дугаар шийдвэрээр:

“...1.Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэхээр гаргасан Ш у, т и сийн хүсэлтийг шийдвэрлээгүй нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг шийдвэрлэхийг нийслэлийн Засаг даргад даалгаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/902 дугаар захирамжийн “Ө б х т” ТӨҮГ-т холбогдох хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж,

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, 107.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь “Ө б х т” ТӨҮГ-ын хүсэлт гаргасан зориулалтад эзэмшүүлсэн газар нь байршил, төлөвийн хувьд нийцэж буй эсэхийг, мөн Ш у, т и сийн орц гарцыг хаах эсэхийг судалж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөхгүйгээр дахин шинэ акт гаргах үүрэгтэй бөгөөд ийнхүү шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй нөхцөлд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/902 дугаар захирамжийн “Ө б х т” ТӨҮГ-т холбогдох хэсэг хүчингүй болгохыг тайлбарлаж” тус тус шийдвэрлэжээ.

Хоёр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэргийн үйл баримтыг үндэслэл бүхий зөв дүгнэсэн боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж маргаан бүхий актын биелэлтийг түдгэлзүүлсэн гэж үзэж байна.

Учир нь гуравдагч этгээдэд газар олгосон Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/902 дугаар захирамжийн “Ө б х т” ТӨҮГ-т холбогдох хэсэг нь хууль тогтоомж болон нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн, гуравдагч этгээд уг газрыг захирамжид заасан зориулалтаар ашиглах боломжгүй болохыг анхан шатны шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоосон бөгөөд уг нөхцөл байдлыг захиргааны байгууллагаас нэмж тодруулах шаардлагагүй, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтрээгүй тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 303 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчээс гаргасан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/902 дугаар захирамжийн “Ө б х т” ТӨҮГ-т холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

            Ш У Т И С /цаашид ШУТИС гэх/ эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, уг хүсэлтийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгасан шийдвэрийн холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргаагүйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, гуравдагч этгээдийг байлцуулан маргааныг шийдвэрлэх боломжтой байсан гэх байр суурийг хариуцагчаас илэрхийлж буй энэ тохиолдолд нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/902 дугаар захирамжийн “Ө б х т” УТҮГ-т конторын зориулалтаар 1847 м.кв газар эзэмшүүлсэн хэсгийг дахин шинээр захиргааны акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

            Учир нь нэхэмжлэгчийн эзэмшихийг хүссэн болон гуравдагч этгээдэд дээрх захирамжаар эзэмшүүлсэн газар нь байршлын хувьд давхцалтай байх тул маргаан бүхий захирамжийн холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэснээр ШУТИС-ийн 1847 м.кв газрыг хамруулж, эзэмшил газрынхаа хэмжээг нэмэгдүүлэн эзэмших хүсэлтийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгасан шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх боломж хариуцагчийн хувьд үүсэхээр байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрт “хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тохиолдолд 2020 оны А/902 дугаар захирамжийн гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг түдгэлзүүлэх шаардлагагүй байх байсан.  

            Гэхдээ гуравдагч этгээд уг газрыг захирамжид заасан зориулалтаар ашиглах боломжтой эсэхэд, тухайлбал газрын тогтцын талаар шүүхийн шийдвэрт “…тухайн газар нь баруун хойноос зүүн урагш булан бүхий сунасан хэлбэртэй, газрын зарим хэсэг өндөрлөг, зарим хэсэг налуу, зарим хэсэг доор байрласан нь газрын төлөвийн хувьд асрамж халамжийн 150 ортой төвийн барилга барихад боломжтой эсэхийг судалж тогтоосон баримтгүй…” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай, энэ нь баригдах барилга байгууламж ажлын зураг, төслийг зохиох, боловсруулж батлуулах явцад шийдвэрлэгдэх бүрэн боломжтой асуудал байх тул “…уг газрыг захирамжид заасан зориулалтаар ашиглах боломжгүй болохыг анхан шатны шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоосон...” гэх давж заалдах гомдлын хэсэг үндэслэлгүй болно.  

            Харин цаг хугацааны хувьд тухайн газрыг эзэмших хүсэлтийг гуравдагч этгээдээс түрүүлж удаа дараа гаргаж байсныг нотлох үйл баримтууд, маргаан бүхий газрыг олон жилийн турш хашаалсан бодит байдал, мөн гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газрын улмаас ШУТИС-ийн багш, ажилчдын 180 айлын орон сууцны орц, гарц хаагдах нөхцөл үүсэх эсэх, анхнаасаа сургуулийн газрын хэмжээг баталгаажуулахдаа үндсэн хөрөнгөд нь бүртгэлтэй авто гараж, агуулахын доорх газрын зарим хэсгийг яагаад оруулаагүй болох зэргийг нэг мөр шийдвэрлээгүй атлаа нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хооронд газрын маргаан үүсгэх нөхцөлийг бүрдүүлж, гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн нь маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлэх үндэслэлд хамаарна.

            Тухайлбал Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн хурлаар нэхэмжлэгчийн газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг хэлэлцээд “…зөвшөөрөлгүй нэмж хашаалсан зөрчлийг арилгуулах, явган хүний зорчих хэсгийг чөлөөлүүлэх хүртэл хүсэлтийг хэлэлцэхийг түр хойшлуулж шийдвэрлэсэн атлаа үүнээс 2 сар орчмын дараа гуравдагч этгээдэд тухайн газрыг эзэмшүүлсэн байх тул хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцагчаас дээрх нөхцөл байдлыг дахин нягтлах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй.  

            Нийслэлийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/452 дугаар захирамжаар ШУТИС 28200 м.кв газар эзэмших эрхтэй боловч нэгж талбарын 18645312208229 дугаартай газрын кадастрын зурагт авто гаражийн доорх газрын зарим хэсэг баталгаажигдаагүй, харин энэ нь нэмж эзэмшихийг хүссэн талбайд тусгагдсан талаар шүүхийн шийдвэрт үндэслэлтэй дүгнэсэн байна.

            ШУТИС-ийн Бизнес удирдлага, хүмүүнлэгийн сургуулиас Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандаж 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 358 дугаар албан бичгээр Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн мэдэгдлийн дагуу хашааны зүүн хойд болон зүүн талын явган хүний замыг чөлөөлж, хашааг дотогш татсан гэсэн хариуг хүргүүлсэн байх бөгөөд энэ нь уг мэдэгдэлд заасан шаардлагыг хангасанд тооцогдох эсэх, цаашлаад газрын хэмжээг нэмэгдүүлэх боломжтой эсэхийг шийдвэрлэх нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн асуудал бөгөөд түүнчлэн гуравдагч этгээд “Ө б х т” нь төрөөс зайшгүй асран хамгаалах хэрэгцээ шаардлага бүхий 02-18 хүртэлх насны бүтэн, хагас өнчин, мөн эцэг эх нь сэтгэцийн өвчтэй, хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар алдсан нь тогтоогдсон, эцэг эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан гэр бүлийн хүүхдүүдийг асарч халамжлах, хувилбарт үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа төрийн үйлчилгээний байгууллага болох нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/162 дугаар тушаал, тушаалын хавсралтаар тус тус тогтоогдох тул үйл ажиллагаа явуулахад шаардагдах барилга барих газрын асуудлыг ч маргаангүйгээр нэг мөр шийдвэрлэх нь хариуцагчийн үүрэг болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 303 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН