Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 138

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: М Н ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

           Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 466 тоот шийдвэрийн З******* д******* гэх талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, М Н ХХК-д гаргасан өргөдлийн дагуу Д******* аймгийн З******* д******* гэх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

М Н ХХК-ийн захирал А.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Засгийн газраас солбицлыг нь тогтоосон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбай болох Д******* аймгийн Д*******жарг******* сумын нутаг З******* д******* гэдэг газарт холбогдох материалын бүрдлийг ханган хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан ба өргөдлийн бүртгэлийн NЕ-02******* (ХА- 02*******) дугаарт бүртгэгдсэн болно. 

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д******* аймгийн Засаг дарга уг өргөдөлд “дэмжихгүй” гэсэн санал ирүүлсэн тул Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасныг үндэслэн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 466 дугаар шийдвэр гаргаж уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь манай компанид дээр дурдсан газар буюу талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсанаар тус компанийн дараах эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа болно. Үүнд:

Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж, хайгуулын үйл ажиллагаа явуулах, 

Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу тухайн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах онцгой эрх олж авч, улмаар ирээдүйд ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулах, 

Тухайн талбайд хийсэн тойм судалгааны ажлын зардал, хөдөлмөрийн алдагдал зэрэг болно. 

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 466 дугаар шийдвэр дараах үндэслэлээр хууль бус байна. Үүнд:

1. Д******* аймгийн Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасны дагуу гагцхүү хуульд заасан үндэслэлээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах бүрэн эрхтэй атал Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 466 дугаар шийдвэрт Д******* аймгийн Засаг даргын зүгээс өргөдөлд “дэмжихгүй” гэсэн санал гаргах хуульд заасан ямар нэг үндэслэл заагдаагүй байна. 

2. Засгийн газрын байгууллагууд орон нутгийн засаг захиргаа, нутгийн удирдлагын байгууллагуудтай хамтран хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болох эсэхийг нягтлан шалган тогтоосны үндсэн дээр Монгол Улсын Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-т заасны дагуу солбицлыг нь тогтоож, төрийн эрх бүхий захиргааны байгууллагаас зохих журмын дагуу нийтэд зарласан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах хуульд заасан ямар нэг үндэслэл байх боломжгүй юм.

М Н ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 466 дугаар шийдвэрийг хүлээн аваад хуульд заасан хугацаанд дээд шатны албан тушаалтан болох Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн  2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 466 дугаар шийдвэрийг хянуулахаар гомдол гаргасан ба Ашигт малтмал, газрын тосны газрын зүгээс 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гомдлыг хангахаас татгалзсан хариу ирүүлснийг 2017 оны 10 дугаар сарын 18-нд хүлээн авсан болно. 

Хариуцагчийн дээд шатны албан тушаалтнаас өгсөн хариунд Д******* аймгийн Засаг дарга уг газрыг бэлчээр усны нөөцтэй газар, тусгай хамгаалалттай газрын бүс нутаг гэж үзэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны хамгаалалтын бүсийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн уг газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихээс татгалзсан гэх үндэслэл заажээ. Эдгээр үндэслэл нь хуульд заагдаагүй байна. Тухайлбал:

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт байгаль орчныг хамгаалах талаарх сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын нийтлэг бүрэн эрх тусгагдсан, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5 дахь хэсэгт мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийтлэг бүрэн эрх, Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны хамгаалалтын бүсийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт мөн орон нутгийн засаг захиргааны байгууллагын хяналтын чиг үүрэг тусгагдсан байна, Бэлчээр, усны нөөцтэй газар гэх үндэслэлээр ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглоогүй. Т*******члэн Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан тусгай хэрэгцээний газар гэх үндэслэл байхгүй байна.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 466 дугаар шийдвэр гаргахдаа дээрх нөхцөл байдлыг бүрэн судалж, тогтоолгүйгээр өөрөөр хэлбэл, хуульд заагдаагүй үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихээс татгалзсан Д******* аймгийн Засаг даргын хариуг үндэслэн Д******* аймгийн Д*******жарг******* сумын нутаг З******* д******* гэдэг газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.

Нэгэнт нэхэмжлэлд дурдсан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах ямар нэгэн үндэслэл байхгүй нөхцөлд хариуцагч нь нэхэмжлэгчийн өргөдлийн дагуу З******* д******* гэх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үүрэгтэй болно. 

Ийм учраас дээр дурдсан үндэслэлүүдээр М Н ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн  2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 466 дугаар тоот шийдвэрийн З******* д******* гэх талбайд холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт  болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэгч М Н ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үндэслэлтэй байна” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан М Н ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ дурдсан кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 466 дугаар шийдвэрийн З******* д******* гэх талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тус талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Улсын их хурлаас 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тухай хуулийн 30.1, Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.11-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай” 239, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлын тухай” 511 дүгээр тогтоолыг тус тус батлан гаргасан.

Дээрх хуулийн нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тогтоолыг үндэслэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн шинээр олголтыг өргөдлийн болон сонгон шалгаруулалтын журмаар олгох ажлыг төрийн захиргааны байгууллага зохион байгуулж хэрэгжүүлэн ажиллаж байсан.

Энэ хугацаанд нэхэмжлэгч компани Д******* аймгийн Д*******жарг******* сумын нутаг З******* д******* нэртэй 5869.10 гөктар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гарган кадастрын өргөдлийн бүртгэлийн NE-02******* (ХА-02*******) дугаарт бүртгүүлсэн байна.

Төрийн захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4-д /2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүчингүй болсон/ заасан шүүлт хийж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн мөн хуулийн 19.3-т заасны дагуу санал авах мэдэгдлийг Д******* аймгийн Засаг даргад 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 6/10062 тоотоор, мөн нэхэмжлэгчийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 21/2016 тоотоор гаргасан хүсэлтийн дагуу дахин 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 6/2103 тоот мэдэгдлүүдийг тус тус хүргүүлж байсан.

Д******* аймгийн Засаг даргын орлогчийн 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2/90 Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/525 тоотоор NE-2*******-тоот өргөдөлд дурдсан солбицол бүхий тaлбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй тухай саналыг тус тус ирүүлсэн байна. Саналын үндэслэлд Аймгийн ИТХ-ын 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 16 тоот, 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 92 тоот, Д*******жарг******* сумын ИТХ-ын 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 2 тоот, 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 20 тоотоор тус тус дэмжихгүй саналыг ирүүлсэн. 

Аймаг, нийслэлийн Засаг даргаас дэмжээгүй санал ирүүлсэн тул өргөдлийг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Кадастрын хэлтсээс Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг хийсэн.

Сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн хуулийн 27.2.2-д “хорин нэг буюу т*******ээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” заалтын хүрээнд хийж Өдрийн сонины 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн №005 дугаарт олон нийтэд мэдээлэн хүргэсэн бөгөөд нэхэмжлэгч компани 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 08/2017 тоотоор тайлбар ирүүлж оролцсон байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 92 дугаар зүйлийн 92.2, 94 дүгээр зүйлийн 94.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 466 дугаар шийдвэрээр NE-02******* тоот өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М Н ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Д******* аймгийн Д*******жарг******* сумын нутаг дэвсгэр з******* д******* гэх газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан. Өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газар хүлээн авч шүүлт хийсэн. Гэтэл 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 466 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрөл олгохоос  татгалзсан. Хариуцагч байгууллагаас орон нутаг буюу Д******* аймгийн Д*******жарг******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймгийн Засаг дарга дэмжээгүй учраас ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох боломжгүй гэж манай компанид мэдэгдсэн.

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 466 дугаар шийдвэрт холбогдох хуулийн 6 зүйл заалтыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байдаг. Тус шийдвэр нь хууль ёсны шийдвэр биш учраас хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.  

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 466 дугаар шийдвэрийн М Н ХХК-д холбогдох хэсэг буюу Д******* аймгийн Д*******жарг******* сумын З******* д******* гэх талбайд холбогдох хэсгийг эрх зүйн зөрчилтэй, илт хууль бус акт болохыг тогтоолгох, мөн тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах тус тус нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан зөрчилтэй захиргааны акт учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбараа дэмжиж байна. Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу орон нутагт гомдол гаргасан эсэх талаар лавлагаа авсан байна.

Өнөөдөр эрх зүйн орчин өөр болсон байгаа. Өргөдлийн журмаар тусгай зөвшөөрөл олгох зохицуулалтыг хууль тогтоогчоос хүчингүй болгосон. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд ямар захиргааны актыг илт хууль бус гэж үзэх талаар зааж өгсөн байгаа.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 466 дугаар шийдвэр нь тухайн салбарт дагаж мөрдөж буй хууль тогтоомжийн хүрээнд гарсан. Иймд илт хууль бусад тооцож, тусгай зөвшөөрөл олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Захиргааны акт илт хууль бус болох хэд, хэдэн үндэслэл байгаа. Үүнээс иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдгийг үндэслэл болгож байна. Засаг даргаас дэмжээгүй саналыг ирүүлэхдээ тусгай зөвшөөрөл олгож болохгүй 5 үндэслэлийг дурдсан байдаг. Бид хуульд заагаагүй үндэслэл байна гээд тусгай зөвшөөрлийг олгох зохицуулалт байхгүй. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 466 дугаар шийдвэрийг холбогдох хуулиудын заалтыг үндэслэн гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус захиргааны акт гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

М Н ХХК-иас тус шүүхэд “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 466 тоот шийдвэрийн З******* д******* гэх талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, М Н ХХК-д гаргасан өргөдлийн дагуу Д******* аймгийн З******* д******* гэх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 466 тоот шийдвэрийн З******* д******* гэх талбайд холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах, М Н ХХК-д гаргасан өргөдлийн дагуу Д******* аймгийн З******* д******* гэх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” болгон өөрчилсөн.

Нэхэмжлэгч М Н ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст Д******* аймгийн Д*******жарг******* сумын нутагт 5869 м.кв газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE-02******* дугаар өргөдлийг хариуцагч байгууллага 2015 оны 12 дугаар сарын 11-ний хүлээн авч , мөн өдөр шүүлт хийж, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 6/10062 дугаар  албан бичгээр  Ашигт малтмалын газраас М Н ХХК-ийн өргөдлийн талбайн солбицолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талаар Д******* аймгийн Засаг даргаас санал авахаар хүргүүлжээ.

Үүний дагуу  Д******* аймгийн Засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2/90 дүгээр  албан бичгээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад М Н ХХК-ийн Д******* аймгийн Д*******жарг******* сумын нутагт 5869 м.кв газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE-02******* дугаар өргөдлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгуулах санал дэмжигдээгүй талаар мэдэгдэж , аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан бичгийг хүргүүлсэн байна.

Т*******члэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны 1/542 дугаар албан бичгээр  М Н ХХК-ийн Д******* аймгийн Д*******жарг******* сумын нутагт 5869 м.кв газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талаар дурдаж, Засаг даргаас дахин санал авахаар уламжилсан боловч Д******* айгийн Засаг дарга  NE-02******* дугаар өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй гэдгээ 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/542 дугаар албан бичгээр мэдэгдсэн байна.

Ашигт малтмал газрын тосны газрын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 7/5301 дугаар  албан бичгээр М Н ХХК-д Д******* аймгийн Засаг даргаас “дэмжихгүй” санал ирүүлсэн учир 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 466 дугаар шийдвэрээр  хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг мэдэгдсэн.

Ингээд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 466 дугаар  шийдвэрээр М Н ХХК-ийн Д******* аймгийн Д*******жарг******* сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE02******* дугаар өргөдөлд аймгийн Засаг дарга “дэмжихгүй” санал ирүүлсэн тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа явуулсан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн үндэслэлийг шүүх хуралдаан дээрх өөрчлөн тайлбарлахдаа “...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан зөрчилтэй захиргааны акт учраас маргаан бүхий актыг илт хууль бусад тооцууулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.” гэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” тохиолдолд ийм акт гаргасан бол илт хууль бус болох ёстойг тодорхойлсон байна. 

Харин Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 466 дугаар шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т ”Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд т*******д энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана.”,  19.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ.”, 19.5.Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно.” /Энэ зүйл 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсон/ гэж заасантай нийцсэн өөрөөр хэлбэл, М Н ХХК-ийн Д******* аймгийн Д*******жарг******* сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE02******* дугаар өргөдөлд аймгийн Засаг дарга “дэмжихгүй” санал ирүүлсэн тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь өөрийн хуульд заасан чиг үүргийн дагуу гаргасан акт учир т*******ийг илт хууль бус гэж үзэх боломжгүй байна.

Мөн хариуцагчаас М Н ХХК-ийн Д******* аймгийн Д*******жарг******* сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE02******* дугаар өргөдөлд аймгийн Засаг дарга “дэмжихгүй” санал ирүүлсэн тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хуульд нийцсэн тул М Н ХХК-ийн гаргасан өргөдлийн дагуу Д******* аймгийн З******* д******* гэх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгчээс Д******* аймгийн Засаг даргын “дэмжихгүй” санал хуульд нийцсэн эсэх талаар нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан боловч Д******* аймгийн Засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 1/370 дугаар  албан бичгээр уг саналыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч харьяалах байгууллага, албан тушаалтанд хандаагүй болох нь нотлогдож байгаа бөгөөд уг нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт хийх шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй. 

Иймд М Н ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 466 тоот шийдвэрийн З******* д******* гэх талбайд холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах, М Н ХХК-д гаргасан өргөдлийн дагуу Д******* аймгийн З******* д******* гэх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн  19 дүгээр зүйлийн 19.3, 19.4, 19.5-д зааснаар /Энэ зүйл 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсон/ нэхэмжлэгч М Н ХХК-ийн гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 466 тоот шийдвэрийн М Н ХХК-ийн өргөдөл гаргасан З******* д******* гэх талбайд холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах, М Н ХХК-ийн гаргасан өргөдлийн дагуу Д******* аймгийн З******* д******* гэх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АДЪЯАСҮРЭН