Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 823

 

 

 

 

 

 

  2020         05         05                                       2020/ШЦТ/823

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,

Улсын яллагч А.Сайнбаяр,

Шүүгдэгч З.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн З.Тд холбогдох 2006 01698 1084 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1989 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын интерер дизайнер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энэрэл-2 хотхоны 34 дүгээр байрны 34 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ш овогт Зын Т /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

З.Т нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Эмералд” хотхонд иргэн Б.Халиунтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүнийг үсдэх, нүүрэн тус газар нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Тын өгсөн: “Би хохирогчтой найзлаад жил болж байна. Тухайн өдөр хүүхдийн зуугаас гараад “Эмералд таун” руу явсан. Халиун согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ агсан зантай болдог болохоор би биеэ барьж чадаагүйгээсээ болоод нэг цохьсон юм. Эмнэлэгт үзүүлье гэхээр нь хохирлыг барагдуулъя гэж хэлсэн. Ийм зүйл болно гэж бодоогүй. Би хохирол төлбөр төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Халиуны өгсөн: “... Тэгээд би Намууныг татаж аваад гарах гэсэн чинь Түвшин босч ирээд миний үснээс зулгааж, намайг шууд тэр гэрээс үсэдсэн чигээрээ хаалган дээр аваачсан. Тэр хаалгаа онгойлгоод намайг гар гэж байх үед цаанаас Намуун, Баасандорж 2 бас хүрээд ирсэн. Түвшин намайг үсэдэн зогсож байх үед Намуун айсандаа доошоо цагдаа дуудах гээд буучихсан юм. Түвшин намайг үсэдсэн чигээрээ хаалганаас түлхэж гаргаад, миний үснээс тавингуутаа цээж хэсэг рүү нэг удаа өшиглөөд, бас гараараа миний зүүн нүд хэсэг рүү гараараа 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.22-23/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Намууны өгсөн: “... Тэгсэн чинь Халиунаа Түвшин рүү дайрч “чи яагаад байгаа юм бэ” гээд тэрнийг 2 удаа алгадсан чинь тэр уурлаад Халиунаагийн нүүр лүү 1-2 удаа цохих шиг болсон. Би тэр үед тэдний гэрээс нь гарчихсан, шатны доор хараад зогсож байсан болохоор сайн харж чадаагүй. Би ямар ч байсан Түвшин Халиунаагийн үснээс зулгаан гэрээсээ хөөж гаргаад тэрнийг нэг удаа өшиглөснийг нь бол харсан...” гэх мэдүүлэг /хх.26/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн:

          “... 1. Б.Халиуны биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн  эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дээд зовхины цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

          3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.39-40/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

З.Т нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Эмералд” хотхонд иргэн Б.Халиунтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг үсдэх, нүүрэн тус газар нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Халиуны өгсөн: “... Түвшин босч ирээд миний үснээс зулгаагаад, намайг шууд тэр гэрээс үсэдсэн чигээрээ хаалган дээр аваачсан... Түвшин намайг үсэдсэн чигээрээ хаалганаас түлхэж гаргаад, миний үснээс тавингуутаа цээж хэсэг рүү нэг удаа өшиглөөд, бас гараараа миний зүүн нүд хэсэг рүү гараараа 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.22-23/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Намууны өгсөн: “... Тэгсэн чинь Халиунаа Түвшин рүү дайраад “чи яагаад байгаа юм бэ” гээд тэрнийг 2 удаа алгадсан чинь тэр уурлаад Халиунаагийн нүүр лүү 1-2 удаа цохих шиг болсон... Би ямар ч байсан Түвшин Халиунаагийн үснээс зулгаан гэрээсээ хөөж гаргаад тэрнийг нэг удаа өшиглөснийг нь бол харсан...” гэх мэдүүлэг /хх.26/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн:

          “... 1. Б.Халиуны биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн  эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дээд зовхины цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

          3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.39-40/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Тын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт З.Тыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар З.Тын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч Б.Халиун нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд З.Тыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч З.Тын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

З.Т нь хохиролд 281.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Б.Халиун нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

З.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ З.Тын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

З.Тд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч З.Тд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

З.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Ш овогт Зын Тыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Тд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, З.Тд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг З.Тд сануулсугай.

5. З.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 281.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Халиун нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, З.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

           ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                        С.ӨСӨХБАЯР