| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2020/0054/Э |
| Дугаар | 58 |
| Огноо | 2020-05-15 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга О.Ү
Улсын яллагч Б.Д
Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт А.Б-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2020 оны 05 сарын 06-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, эрэгтэй, ... настай, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машины засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багт оршин суух, урьд нь Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт А.Б,
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч А.Б нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Т-н эзэмшлийн Самсунг Нөте 2 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Дорноговь аймгийн Өргөн суманд амьдардаг. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гадуур явж байгаад манай сумын Д.Т, Б.М, Д.О нар явж байхаар нь дуудаад мөнгө байна уу гээд сурсан. Тэгээд би гадуур алхаад явж байхад нөгөө гурав байрны гадаа зогсож байхаар нь дахин очоод мөнгө байна уу гэж асуухад байхгүй гэж хэлсэн. Тэгээд би тэр гурвыг миний араас дагаад яв гэж хэлээд гэр лүүгээ дагуулж явсан. Манай гэрт үзэх зурагт байхгүй тул тэр гурваас ах нь уйдаад байнаа та нарын аль нэг нь ахдаа гар утсаа үлдээгээд явчихаа ах нь өнөөдөр кино үзээд маргааш буцаагаад өгье гэж хэлсэн. Тэгээд Д.Т миний гар утас гэрт байгаа тэрийг аваад хүрээд ирэх үү гэж хэлэхээр нь чи ганцаараа яваад зугтаагаад алга болно гэж хэлээд бид хоёр хамт яваад би гэрийнх нь гадаа зогсож байхад Note 2 маркийн гар гаргаж ирж өгсөн. Бид хоёр манайд ирээд тэр хэд яваад би гэртээ ганцаараа үлсэн. Тэгээд би гар утсан дээр суулгаж авсан киног өөрийн нойлдоо үзэж байгаад нойл руу унагасан гэжээ. /хх-ийн 33-34/
Шүүгдэгч А.Б шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Хийсэн хэрэг үнэн учир нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Насанд хүрээгүй хохирогч Д.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 10 дугаар сард сургууль амраад Өргөн суманд эмээгийнд ирсэн. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр найз М-тэй уулзаад Замын-Үүд сумаас Улаанбаатар чилгэлийн суудлын вагоноос 21 цаг 50 минутанд найз О-г тосч авсан. Тэгээд бид гурав О гэрт очиж ачаа барааг нь үлдээчихээд гадуур гараад явж байхад сумын үйлдвэрийн байранд байдаг тамхины дэлгүүрийн хажуу талаар өнгөрөөд явж байхад манай сумын Б гэх аймар архи уудаг ах бид гурвыг байшингийн булангаас дуудаад бид гурав яваад очтол тэр ах бид гурваас мөнгө байна уу гэж асуусан. Бид гурав мөнгөгүй байсан учир байхгүй ах гэтэл тэр ах яваад өгсөн. Тэгээд бид гурав тухайн байрны гадаа юм яриад сууж байтал Б ах дахин бид гурав дээр ирээд мөнгө байна уу гэж асуусан. Тэгэхээр нь бид гурав ямар ч мөнгө байхгүй одоо бид гурав гэртээ харьлаа гэж хэлсэн. Тэгээд Б ах бид гурвыг араас дагаад яв гэж хэлээд гэр лүүгээ дагуулж орсон. Гэртээ дагуулж ороод манай найз О гар утсыг хараад наадах утсаа надад өг, би дэлгүүрт тавиад архи авч ууна гэсэн. О би өгч болохгүй маргааш өглөө эрт аавтай хамт Сайншанд явна гээд өгөөгүй. Харин Б ах бид гурвыг явуулахгүй гар утас өгөхгүй бол ална шүү гээд сүрдүүлээд байхаар нь айсандаа миний гар утас гэрт байгаа би гэртээ хариад гар утсаа аваад ирье гэж хэлэхэд Б ах чи ганцаараа явбал мурьчихна би хамт явна гээд бид хоёр манай гэрийн гадаа очиж Б ах гэрийн гадаа үлдээд би гэрт орж өөрийн Самсунг Нөте 2 маркийн гар утсыг ахад өгсөн гэжээ. /хх-ийн 09-10/
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай хүүхэд сургуулиа тараад Өргөн суманд амьдардаг төрсөн өвөө, эмээгийндээ очоод 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр орой вагоноор гэртээ ирэхэд гар утасгүй ирсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа манай хүүхэд Өргөн суманд амьдардаг Б ах миний гар утсыг дээрэмдэж авсан талаар хэлсэн. Тэгээд манай ээж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн гэжээ. /хх-ийн 05-06/
Насанд хүрээгүй гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн өдөр өөрийн найз болох Т-н хамт Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлийн суудлын вагоноос О-г тосч авсан. Тэгээд бид гурав О гэрт очиж ачаа барааг нь үлдээчихээд гадуур гарч салхилах гээд сумын үйлдвэрийн байранд байдаг тамхины дэлгүүрийн хажуугаар өнгөрөөд явж байтал манай сумын Б гээд аймаар архи уудаг ах бид гурвыг байшингийн булангаас дуудсан. Тэгээд бид гурав яваад очтол тэр ах бид гурваас мөнгө байна уу гэж асуусан. Бид гурав мөнгөгүй байсан учир байхгүй ах гэтэл тэр яваад өгсөн. Тэгээд бид гурав байрны гадаа юм яриад сууж байтал Б ах дахиж бид гурав дээр ирээд мөнгө байна уу гэж асуусан. Тэгэхээр нь бид гуравт ямар ч мөнгө байхгүй одоо бид гурав гэртээ харьлаа гэтэл тэр Б ах араас дагаад яв гэж хэлээд бид гурвыг гэрлүүгээ дагуулж явсан. Тэгээд гэртээ дагуулж ороод манай найз О гар утсыг хараад наадах утсаа надад өг, би дэлгүүрт тавиад архи авч ууна гэсэн. О би өгч болохгүй маргааш өглөө эрт аавтай хамт шанд явна гээд өгөөгүй. Тэгээд Б ах бид гурвыг явуулахгүй гар утсаа өгөхгүй бол ална шүү гээд сүрдүүлээд байсан чинь манай найз Т айсандаа миний гар утас гэрт байгаа би гэрээс очоод гар утсаа аваад өгье гэж хэлтэл Б ах хамт явна гээд тэр хоёр хамт явсан бөгөөд яваад буцаад ирэхдээ Note 2 маркийн гар утастай гэрт орж ирсэн. Бид гурвыг орой 22 цагаас хойш шөнийн 01-02 цаг хүртэл гадуур дагуулж явсан ба гэртээ оруулчихаад явуулахгүй байсан. Бид гурвыг цохиж зодсон зүйл байхгүй харин бид гуравыг явлаа гэртээ харьлаа гэхээр ална шүү гээд янз янзаар хараагаад байсан учир бид гурав айгаад явж чадахгүй байсан гэжээ. /хх-ийн 13-14/
Насанд хүрээгүй гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие Дорноговь аймаг Сайншанд сумын МСҮТ-д ... мэргэжлээр суралцдаг. Уг мэргэжлийнхээ дагуу Дорноговь аймаг Замын-Үүд сумын И ресторанд дадлага хийж байгаад 2019 оны 10 дугаар сарын 03-ны оройны суудлаар буюу 18 цаг 35 минутад суудлын вагоноор Өргөн сум руу сууж тэр өдрийнхөө орой 21 цаг 50 минутад Өрген сумын вокзал дээр буусан. Тухайн үед намайг манай хоёр найз болох Т, М нар тосч авсан. Тэгээд бид гурав манай гэрт очиж ачаа бараагаа үлдээгээд найзуудтайгаа гарч төмөр зам орсон. Тэгээд сумын үйлдвэрийн байрны нэг давхарт байдаг тамхины дэлгүүрийн гадна явж байтал манай сумын дандаа архи уучихсан согтуу явж байдаг Б гээд ах тааралдаад бид гурваас мөнгө асуусан бид гурав байхгүй гэтэл яваад өгсөн. Тэгээд би найз нартайгаа хамт юм яриад байрны гадаа сууж байтал Б ах дахиж ирээд мөнгө байн уу гэж асуусан. Бид гуравт ямар ч мөн байхгүй одоо бид нар гэртээ харьлаа гээд явах гэтэл Б ах байж бай гээд явуулахгүй байсан. Тэгээд бид гурвыг гадуур баахан дагуулж явж байгаад Төмөр замд байдаг гэртээ дагуулж очсон. Тэгээд хэсэг байж байгаад Б ах та гурав дунд гар утастай хүн байна уу гэж асуусан, бид гурваас ганц гар утастай нь би байсан учир би надад байна гэж хэлтэл Б ах наадах утсаа ахдаа өгчих ах нь дэлгүүрт тавиад ганц юм аваад уучихъя гээд байсан. Тэгэхээр нь би болохгүй ах би маргааш өглөө эрт аавтай хамт шанд явна аав гар утсаа яачихсан юм гээд намайг загнана гээд учирлаад хэлсэн боловч Б ах, ахдаа гар утсаа үлдээчихээ ах нь өглөө эрт аваад өгнө гээд шаналгаад хэл амаараа дарамтлаад байсан. Тэгтэл манай найз болох Т айсандаа надад гар утас байгаа гэхдээ гэрт байгаа гэж хэлсэн. Тэгсэн чинь Б чи тэгвэл гар утсаа очоод аваад ир гэсэн тэгтэл Т би хоёр найзыгаа аваад хамт явчихаад ирье гэж хэлсэн. Тэгсэн чинь Б ах тэгвэл та 3 мурьчихна би хамт явна гээд Т тэр хоёр хамт явсан гэжээ. /хх-ийн 15-16/
Гэрч Ш.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний ач хүү Т 2019 оны 10 дугаар сарын 03-ны орой өөрийн гар утсыг авч гараад эргээд гэртээ орж ирэхдээ гар утасгүй орж ирсэн. Тэгээд би Т-с чи гар утсаа яачихсан юм бэ гээд асуутал манай найз М-н гэрт байгаа би очоод аваад ирнэ гээд байсан. Тэгээд би М-с миний хүүгийн гар утас хаана байна гэж асуутал эмээ тэр гар утас нь олдохгүй байна гээд байсан. Тэгэхээр нь би М-н аавтай нь уулзаад асуутал манай гэрт ямар ч гар утас орхиогүй та М-с өөрөөс нь асуу гэсэн. Тэгээд би М-с дахин асуутал мэдэхгүй гээд байсан. Тэгээд хэд хоногийн дараа М-н аав миний гар утас руу утасдаад танай хүүгийн гар утсыг Б гэж хүн айлган сүрдүүлж авсан гэж байна манай хүү тэгж байна гэж надад хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн. Миний ач хүү Т-н хэлсэнээр найз О, М нарын хамт явж байгаад тэр Б гэх хүнтэй тааралдаад тэр хүн зодно цохино гэхээр нь айсандаа тэр гар утсыг гэрээсээ гаргаж өгсөн юм гэж надад хэлсэн. Би тэр марк загвар зэргийг нь сайн мэдэхгүй байна. Note 2 гэсэн байхаа 360,000 төгрөгөөр худалдаж авсан гар утас гэж эцэг эх нь надад хэлж байсан. Би тэр Б гэх залууг танина. Тэр явдлаас хойш ойролцоогоор 10 хоногийн дараа би Б-тэй гудамжинд тааралдаад чи яагаад миний хүүгийн гар утсыг авдаг юм бэ гэтэл Б надад би танай хүүхдээс тэр гар утсыг гуйж авсан шүү дээ. Кино үзэх гэж байсан юм. Би танд маргааш гар утсыг чинь авч ирээд өгнө. Тэр гар утас чинь их үнэтэй гар утас юм билээ гэж хэлээд явсан. Тэрнээс хойш надтай дахин уулзаагүй. Миний хувьд тэр Б гэх хүнээс хүүгийнхээ гар утсыг яаралтай авмаар байна. Ач хүүгийн маань эцэг эх байнга залгаад гар утсаа асуугаад байгаа гэжээ. /хх-ийн 17-18/
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай /хх-ийн 01/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/
А ХХК хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний ТХҮ-820/023 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-26/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-41/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 31-32/
Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай цагаатгах тогтоолын хуулбар /хх-ийн 44-58/
Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 59-60/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч А.Б нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Т-н эзэмшлийн Самсунг Нөте 2 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь насанд хүрээгүй хохирогч Д.Т-н “...Б ах бид гурвыг явуулахгүй гар утас өгөхгүй бол ална шүү гээд сүрдүүлээд байхаар нь айсандаа миний гар утас гэрт байгаа би гэртээ хариад гар утсаа аваад ирье гэж хэлэхэд Б ах чи ганцаараа явбал мурьчихна би хамт явна гээд бид хоёр манай гэрийн гадаа очиж Б ах гэрийн гадаа үлдээд би гэрт орж өөрийн Самсунг Нөте 2 маркийн гар утсыг ахад өгсөн.” /хх-ийн 9-10/ гэх мэдүүлэг, гэрч Ш.П-н “...Миний ач хүү Т 2019 оны 10 дугаар сарын 03-ны орой өөрийн гар утсыг авч гараад эргээд гэртээ орж ирэхдээ гар утасгүй орж ирсэн. Тэгээд би Т-с чи гар утсаа яачихсан юм бэ гээд асуутал манай найз М-н гэрт байгаа би очоод аваад ирнэ гээд байсан. Тэгээд би М-с миний хүүгийн гар утас хаана байна гэж асуутал эмээ тэр гар утас нь олдохгүй байна гээд байсан. Тэгэхээр нь би М-н аавтай нь уулзаад асуутал манай гэрт ямар ч гар утас орхиогүй та М-с өөрөөс нь асуу гэсэн. Тэгээд би М-с дахин асуутал мэдэхгүй гээд байсан. Тэгээд хэд хоногийн дараа М-н аав миний гар утас руу утасдаад танай хүүгийн гар утсыг Б гэж хүн айлган сүрдүүлж авсан гэж байна манай хүү тэгж байна гэж надад хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн.” /хх-ийн 17-18/ гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.М-н “...Б ах дахиж бид гурав дээр ирээд мөнгө байна уу гэж асуусан тэгэхээр нь бид гуравт ямар ч мөнгө байхгүй одоо бид гурав гэртээ харьлаа гэтэл тэр Б ах араас дагаад яв гэж хэлээд бид гурвыг гэрлүүгээ дагуулж явсан. Тэгээд гэртээ дагуулж ороод манай найз О гар утсыг хараад наадах утсаа надад өг, би дэлгүүрт тавиад архи авч ууна гэсэн. О би өгч болохгүй маргааш өглөө эрт аавтай хамт шанд явна гээд өгөөгүй. Тэгээд Б ах бид гурвыг явуулахгүй гар утсаа өгөхгүй бол ална шүү гээд сүрдүүлээд байсан чинь манай найз Т айсандаа миний гар утас гэрт байгаа би гэрээс очоод гар утсаа аваад өгье гэж хэлтэл Б ах хамт явна гээд тэр хоёр хамт явсан бөгөөд яваад буцаад ирэхдээ Note 2 маркийн гар утастай гэрт орж ирсэн.” /хх-ийн 13-14/ гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Д.О “...Б ах та гурав дунд гар утастай хүн байна уу гэж асуусан, бид гурваас ганц гар утастай нь би байсан учир би надад байна гэж хэлтэл Б ах наадах утсаа ахдаа өгчих ах нь дэлгүүрт тавиад ганц юм аваад уучихъя гээд байсан. Тэгэхээр нь би болохгүй ах би маргааш өглөө эрт аавтай хамт шанд явна аав гар утсаа яачихсан юм гээд намайг загнана гээд учирлаад хэлсэн боловч Б ах ахдаа гар утсаа үлдээчихээ ах нь өглөө эрт аваад өгнө гээд шаналгаад хэл амаараа дарамтлаад байсан. Тэгтэл манай найз болох Т айсандаа надад гар утас байгаа гэхдээ гэрт байгаа гэж хэлсэн. Тэгсэн чинь Б чи тэгвэл гар утсаа очоод аваад ир гэсэн тэгтэл Т би хоёр найзыгаа аваад хамт явчихаад ирье гэж хэлсэн. Тэгсэн чинь Б ах тэгвэл та 3 мурьчихна би хамт явна гээд Т тэр хоёр хамт явсан.” /хх-ийн 15-16/ гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А “...Манай хүүхэд сургуулиа тараад Өргөн суманд амьдардаг төрсөн өвөө, эмээгийндээ очоод 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр орой вагоноор гэртээ ирэхэд гар утасгүй ирсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа манай хүүхэд Өргөн суманд амьдардаг Б ах миний гар утсыг дээрэмдэж авсан талаар хэлсэн. Тэгээд манай ээж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн.” /хх-ийн 05-06/ гэх мэдүүлэг, А ХХК хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний ТХҮ-820/023 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-26/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Б дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг агуулсан байна. Насанд хүрээгүй хохирогчийн гар утсыг дээрэмдэхдээ түүнийг айлган сүрдүүлж авсан үйлдэл нь тухайн зүйл ангид заасан нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзлээ.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Б-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-н хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин шүүгдэгч А.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлөөгүй зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг оногдуулав.
Шүүгдэгч А.Б нь хохирол төлж барагдуулаагүй болох нь насанд хүрээгүй хохирогч Д.Т, гэрч Ш.П нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгээр тогтоогддог тул А ХХК хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний ТХҮ-820/023 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-26/-ээр гарсан 170,000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Д.Т-н хууль ёсны төлөөлөгч Б.А-д олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нь 2020 оны 05 сарын 06-ны өрөөс 05 сарын 15-ныг хүртэл нийт 9 хоног цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулах тооцох нь зүйтэй байна. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-г 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-н цагдан хоригдсон 9 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.Б-с 170,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-д олгосугай.
6. Шүүхэд шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсы төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б