| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зукарын Гүлбарша |
| Хэргийн индекс | 110/2017/0061/З |
| Дугаар | 026 |
| Огноо | 2018-03-12 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 026
Баян-Өаймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өсумын 3 дугаар багийн оршин суугч Жантекей-Ботахара овогт Хуаны Бердений нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өаймгийн Өсумын Засаг даргад холбогдох,
“Өсумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 111 дугаартай “Хуан овогтой Берденд сахилгын шийтгэл ногдуулах тухай”, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/50 дугаартай “Захирамжийг хүчингүй болгох тухай” захирамжуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Ө сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Тасхын, Ө.Бахытбек, хариуцагч Өсумын Засаг дарга Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саулеш, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Нургайып, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
Өсумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Жолаушыбай нь өөр ажилд шилжсэнтэй холбогдуулан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар Өсумын Захирагчийн ажлын албаны нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Б намайг Өсумын Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 184 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжаар Засаг даргын Тамгын газрын түр орлон гүйцэтгэгчээр томилсон бөгөөд 2016 онд уг ажлын байрны сул орон тоог нийтэд зарлаж, сонгон шалгаруулалт явагдсан билээ. Уг сонгон шалгаруулалтад миний бие өрсөлдөж хамгийн өндөр оноо буюу 73.5 оноо авснаар Баян-Өаймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 дугаартай тогтоолоор төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэгдэж Өсумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд Б миний нэрийг дэвшүүлснээр Өсумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 70 дугаартай захирамжаар жинхлэн томилсон болно.
Миний бие ажилласан дээрх хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, өөрийн ажилдаа хянамгай байж тухайн байгууллагын дотоод журам ажлын цагийг чанд баримталдаг аливаа өгсөн үүрэг даалгаврыг шуурхай болоод чанартай гүйцэтгэдэг байсан.
Өсумын Засаг дарга Б нь томилогдсон үеэсээ эхлэн намайг ажлаас халах хүртэлх хугацаанд удаа дараа ажлаа хүлээлгэж өгөхийг шахаж шаардаж дарамт үзүүлсээр байгаад сүүлд сахилгын шийтгэл ногдуулсан нэрийдлээр хууль бус захирамж гаргаж ажлаас минь үндэслэлгүй халсанд гомдолтой байна.
Энэхүү намайг чөлөөлсөн Өсумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 111 дугаартай захирамжид “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7, 15.1.8, 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.4, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.1, 70 дугаар зүйлийн 70.2, 70.3 дахь” заалтыг тус тус баримтлан Б намайг “алба хаах хугацаандаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.8, 6.6.6 мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.5, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.4.2, 46 дугаар зүйлийн 46.3.2, 46.3.3, 46.4 дэх заалтыг тус тус зөрчсөн болох нь Баян-Өаймгийн Санхүүгийн дотоод аудитын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот шалгалтын дүнгээр тогтоогдож байгаа тул 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь халсугай” гэжээ.
Дээрх захирамж захиргааны акт учраас хуульд заасан захиргааны актад тавих шаардлагыг хангаж байж хууль зүйн үр дагавар үүсгэх учиртай. Гэтэл Өсумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 111 дугаартай надад сахилгын шийтгэл ногдуулсан захирамж нь Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчимуудыг зөрчсөн эрх зүйн зөрчилтэй акт болсон төдийгүй мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасан “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.2.5-т “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болох хугацааг заах” гэх мэт хуулийн шаардлагыг зөрчсөн байна.
Тухайлбал төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахад Төрийн албан тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасан бөгөөд мөн хуулийн 26.1.3-т заасныг баримтлан надад Засаг дарга сахилгын шийтгэл ногдуулахдаа төрийн албанд эргэж орох, эрхгүйгээр халсан эсэх нь тодорхойгүй байдлаар захирамж гаргасан.
Өөрөөр хэлбэл, төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 26.1.3-т заасан сахилгын шийтгэлийг ногдуулахаар бол “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” учиртай байсан ба зөвхөн намайг ажлаас чөлөөлж төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халсан эсэхийг шийдвэрлээгүй нь захиргааны актад тавих хуулийн шаардлага буюу Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасан “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэх хуулийн шаардлагуудыг ноцтой зөрчсөн эрх зүйн зөрчилтэй хууль бус эрхийн акт гэж үзэж байна. Нөгөө талаар төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр зөрчил гаргасан албан хаагчийг төрийн албанаас халж байж дээрх шийтгэлийн мөн чанар, агуулга, зорилго илрэх ёстой байтал Өсумын Засаг дарга Б нь хуулийн дээрх заалтыг зөрчиж сахилгын шийтгэл буруу ногдуулсан.Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл байдаг болохоос биш захирамжид дурдсанчлан “үүрэгт ажлаас халах” сахилгын шийтгэл байдаггүй юм.
Мөн захирамжид баримталсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг Засаг дарга хүний нөөцөд холбогдох шийдвэр гаргахдаа баримтлахгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7, 15.1.8, 26.4 “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэх хуулийн заалтууд нь төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахад захиргааны байгууллагад эрх олгосон хуулийн заалт биш юм.
Нөгөө талаар Засаг даргын надад сахилгын шийтгэл ногдуулсан захирамжид баримталсан Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан “хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 14.1.1, 14.1.3-14.1.8, 14.1.14-т заасан төсвийн ерөнхийлөн захирагч нь энэ хуулийн 6.2-6.4, 6.6, 25.10, 42.1, 42.7, 46.5-д заасныг тус тус зөрчсөн нь томилсон эрх бүхий этгээд тухайн албан тушаалтныг албан тушаалаас нь огцруулах үндэслэл болно” гэх заалт нь төсвийн шууд захирагчаар ажиллаж байсан надад төсвийн ерөнхийлөн захирагч сахилгын шийтгэл ногдуулах хариуцлага тооцох хуулийн заалт биш. Өөрөөр хэлбэл, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь заалт нь төсвийн ерөнхийлөн захирагч /Өсумын Засаг дарга/ энэхүү хуулийг зөрчсөн тохиолдолд түүнийг томилох эрх бүхий этгээд /дээд шатны Засаг дарга / хариуцлага тооцож төсвийн ерөнхийлөн захирагчийг албан тушаалаас нь огцруулах тухай зохицуулсан заалт болохоос төсвийн шууд захирагчийг албан тушаалаас нь халах сахилгын шийтгэл ногдуулахаар Өсумын Засаг даргад эрх олгосон хуулийн заалт биш юм.
Албан тушаалаас нь огцруулах болон төрийн албанаас халах нь эрх зүйн өөр өөр ойлголт бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийг огцруулах зохицуулалт Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдаагүй.
Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т “энэ хуулийн 6 дугаар зүйл, 24.4-т заасныг зөрчсөн тохиолдолд эрх бүхий этгээд буруутай албан тушаалтанд төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулна” гэх хуулийн заалт нь үр дагаврын хувьд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэлээс хүнд сахилгын шийтгэл учраас Өсумын Засаг дарга нэг захирамжаар энэхүү 2 төрлийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл төдийгүй өөртөө олгогдоогүй эрх эдлэн хуулийн заалтыг буруу үндэслэн надад сахилгын шийтгэл ногдуулсан. Үүнээс гадна төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр төсвийн шууд захирагчийг халах сахилгын шийтгэл ногдуулах эрх нь Засаг даргад байгаа эсэх нь эргэлзээтэй байна.
Хэрэв төрийн албан хаагч Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн үүргээ биелүүлээгүй бол мөн хуульд заасан сахилгын шийтгэлийг, Төсвийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол мөн хуульд заасан сахилгын шийтгэлийг ногдуулах байтал Засаг дарга Б нь хуулийг ноцтой зөрчиж нэг төрлийн шийтгэлийг давхардуулж ногдуулсан захирамж гаргасан нь захиргааны акт бодит нөхцөл байдалд нийцсэн байх, хууль зүйн үндэслэлтэй хуулийн шаардлагыг хангахгүй байгаа учир дээрх захирамж хүчингүй болох ёстой юм.
Хариуцагч Өсумын Засаг дарга Б нь Өсумын ЗДТГ-ын 2015 он, 2016 оны санхүүгийн баримтыг шалгасан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай хяналт шалгалтын танилцуулгыг үндэслэн намайг ажлаас чөлөөлөх захирамж гаргасан талаарх тайлбараа шүүхэд ирүүлжээ.
Ө сумын Засаг даргын захирамж нь эрх зүйн хэм хэмжээ тогтоосон захиргааны акт учраас Захиргааны Ерөнхий хуульд заасан “үндэслэл бүхий байх, бодит нөхцөл байдалд нийцсэн байх” хуулийн шаардлагыг хангасан байх учиртай. Гэтэл хариуцагч эрхийн акт гаргахдаа Төсвийн тухай хуулийн хүчингүй болсон зүйл заалт буюу мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2, 70.3-т заасныг баримталсан. Энэхүү хуулийн заалтууд нь 2015 онд хүчингүй болсон байхад жил хагасын дараа хүчингүй болсон заалтуудыг баримталж эрхийн акт гаргаж байгаа нь захирамж боловсруулж, хянаж байгаа албан тушаалтнуудын буруу болохоос миний буруу биш. Алдаатай эрхийн акт гаргаж хүний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчхөөд алдаагаа мэдэнгүүт захирамжаа засна гэдэг байж боломжгүй зүйл юм. Засаг даргын захирамж бол дуртай үед засаж сайжруулдаг зүйл биш. Тийм учраас хариуцагчийн техникийн алдаа гарсан гэдэг нь үндэслэлгүй юм.
Мөн хариуцагчийн тайлбартаа бичсэнчлэн миний бие төрийн эд хөрөнгийг дур мэдэн завшиж, үрэгдүүлсэн удаагүй. Төрийн эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн бол холбогдох байгууллага нь шалган тогтоосон байх ёстой. Одоо болтол байгууллагын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн намайг буруутгасан шүүхийн шийдвэр гараагүй болно.
Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай хяналт шалгалтын танилцуулга болон хариуцагчийн тайлбартаа дурьдсан зөрчлүүдийн талаар тайлбарлахад:
1. Өсумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдож 2 сар болоогүй байхад балансын шагнал болгож 392,1 мянган төгрөгний урамшуулал авсан гэжээ.
1.1 Миний бие Өсумын ЗДТГ-ын даргаар 2014 оны 10-р сарын 01-ний өдрөөс эхлэн томилогдон ажилласан. 2014 онд бүх сумдын ажлын чанарын үзүүлэлтийг дүгнэхэд Өсум, ЗДТГ нь тухайн онд гүйцэтгэсэн ажил үйлчилгээгээрээ эхний гурван байранд буюу “Тэргүүний сум”-аар шалгарсан. Тухайн үед аймгийн Засаг даргын 2015 оны 02-р сарын 05-ны өдрийн “Мөнгөн урамшуулал, шагнал олгох тухай” 77 тоот захирамжаар тэргүүний сумуудын Засаг дарга, Тамгын газрын дарга нарыг 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллаар шагнасан учраас энэхүү эрхийн актын дагуу би 392 мянган төгрөгийн урамшуулал авсан. Уг нь би л 1 сарын цалин хөлстэй тэнцэх урамшуулал авах ёстой байсан ч зөвхөн 392 мянган төгрөгийг л шийдвэрлэж өгсөн. Санхүү, хяналт аудитын албаны улсын байцаагч надад олгосон 392 мянган төгрөгийг зөрчилд тооцон акт тогтоосон боловч миний бие уг актыг эс зөвшөөрч гомдол гаргаснаар санхүүгийн улсын ахлах байцаагч улсын байцаагчийн актыг хүчингүй болгосон юм.
2. УИХ-ын 73 дугаар тогтоолыг зөрчиж, 2014 оны 10-р сард түр орлон гүйцэтгэгчээр томилогдсоны дараа тухайн албан тушаалд ажилласан жил 1 жил болоогүй байхад 2015 оны 05-р сараас эхлэн зэрэг дэвийн нэмэгдэл буюу 20 хувийн нэмэгдэл авсан гэх зөрчлийн талаар:
2.1 Баян-Өаймгийн Засаг даргын 2015 оны 05-р сарын 17-ны өдрийн А/256 дугаартай “Зэрэг дэв олгох тухай” захирамжаар Өсумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Б надад ахлах түшмэл ТЗ-7, дөтгөөр зэрэг олгосон бөгөөд уг эрхийн актыг үндэслэн 2015 оны 5 дугаар сараас эхлэн надад цалингийн 20%-ийн нэмэгдлийг ерөнхий нягтлан бодогч олгож ирсэн. Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмын 10-т “...Төрийн захиргааны ажилд нарийн мэргэшин, онцгой үр бүтээлтэй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид энэ журмын 6 дугаар зүйлд заасан хугацаанаас өмнө зэрэг дэв олгож болох бөгөөд шаардлагатай гэж үзвэл зэрэг дэвийг алгасуулан олгож болно...” гэж заасан. Энэхүү журмаар заавал ажилласан жил нь хугацаанд хүрч байж зэрэг дэв олгох бус хугацаанаас нь өмнө олгохыг зөвшөөрсөн учраас аймгийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргасны үндсэн дээр 20 хувийн нэмэгдлийг олгосон.
3. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалтыг зөрчиж 2015 оны 04 дүгээр сараас эхлэн жолоочийн орон тоонд илүү бөгөөд давхар 2 жолооч ажиллуулан цалингийн сан байхгүйн улмаас түлш, халаалтын зардлыг зарцуулсан гэх зөрчлийн талаар:
3.1 Намайг Өсумын ЗДТГ-ын даргаар томилогдохоос өмнө Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Жолаушыбай нь сумын ЗДТГ-ын жолооч Х.Салтанатыг Хот, тохижуулах албаны жолоочоор 2014 оны 07-р сарын 10-ны өдрийн 28 дугаар тушаалаар шилжүүлсэн байна. Улмаар Х.Салтанат нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон учраас түүнийг 2015 оны 04-р сарын 10-ны өдөр дахиж өмнөх ажилд нь буюу ЗДТГ-ын жолоочийн ажилд томилсон болно. Х.Салтанатыг Хот тохижуулах албаны жолоочоор томилогдох үед түүний орон тоонд Бериктемирийг томилон ажиллуулсан ба Х.Салтанат шүүхийн шийдвэрээр ЗДТГ-ын жолоочоор томилогдонгуут Бериктемирыг Хот тохижуулах албаны жолоочоор томилж ажиллуулж байгаад 2016 оны 6 дугаар сард ажлаас нь чөлөөлсөн. Иймд үүнээс болж төсөв хэтэрсэн зүйл байхгүй төсөв, цалингийн санд багтааж ажиллуулсан. Нөгөө талаар Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцэж Х.Салтанатыг өөр ажилд шилжүүлсэн, Бектемирыг жолоочоор авч ажиллуулахаар шийдвэрлэсэн бөгөөд ЗДТГ-ын дарга нь Засаг даргын Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй юм.
Мөн Аймгийн Засаг даргын 2016 оны А/17 дугаар захирамжийн хавсралтаар сумдын ЗДТГ-ын орон тооны дээд хязгаарыг батлахдаа Өсумын ЗДТГ-ын орон тооны дээд хязгаарыг 25 орон тоогоор баталсан. Намайг ажлаас чөлөөлөх хүртэл Өсумын ЗДТГ нь 25 хүний орон тоотойгоор ажиллаж байсан ба батлагдсан орон тооноос хэтрүүлэн хүн авч ажиллуулаагүй болно.
4. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасныг зөрчин, утас ярианы төлбөрийг сар болгон авдаг бөгөөд зарим саруудад нэг хүн 140,0 мянган төгрөг авч байсан гэх зөрчлийн талаар:
4.1 Өсумын ЗДТГ-ын шуудан холбооны зардалд ямар нэгэн хэтрэлт гараагүй, хэмнэлттэй ажилласан. Харин Өсумын 75 жилийн ойн арга хэмжээний үеэр Өсумын Засаг дарга БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай хотын холбогдох хүмүүстэй албаны шугамаар утсаар харилцсан. Үүнээс болж Засаг даргын өрөөний утаст их хэмжээний төлбөр гарсан. Ер нь Өсумын ЗДТГ-т 5 суурийн утас байдаг ба Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга, Ерөнхий санхүүч, Захирагчийн ажлын алба, Санхүүгийн албаны холбогдох албан тушаалтангууд ажлын шугамаар хэрэглэдэг юм. Иймээс ажлын зайлшгүй шаардлагын хүрээнд утасны төлбөр хураамж их гарч байсан боловч нийт төлбөр нь тухайн сард төсөвлөгдсөн хэмжээнээс хэтрээгүй болно.
5. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5 дахь заалтуудыг тус тус зөрчиж Засаг дарга Ө.Хабайгийн их хэмжээний цалингийн урьдчилгаа болох 413,500 төгрөгийг жилийн эцэст суутгуулаагүй орхигдуулсан гэх зөрчлийн талаар:
5.1 Өсумын Засаг дарга асан Ө.Хабай нь 2015 онд эхнэр Х.Магрифа хүнд өвчний улмаас яаралтай эмчилгээ хийлгэх шаардлага гарсан гэх шалтгаанаар цалингийн урьдчилгаа авах тухай хүсэлт гаргаснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь заалтыг үндэслэн урьдчилгаа олгосон. Ингэхдээ жилийн эцэст цалин хүрэлцээгүйн улмаас 413,500 төгрөг үлдсэн бөгөөд санхүүгийн тайланд авлагад үзүүлсэн ба тухайн үед ерөнхий санхүүч Х.Тилекбердид урьдчилгааг суутгах талаар үүрэг даалгавар өгсөн боловч албан үүрэгтээ хайнга хандаж, суутгал хийгээгүй байна.
6. Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5, 46.3.2, 46.3.3 дахь заалтуудыг ноцтойгоор зөрчиж, жилийн эцэст бүх албан хаагчдад урамшуулал олгосон бөгөөд зарим албан хаагч нарт 550,000 төгрөг хүртэл урамшуулал олгосон гэх зөрчлийн талаар:
6.1 Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “... Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ үр дүнтэй биелүүлж өндөр амжилт гаргасан гавьяа зүтгэлийг нь үнэлж төрийн байгууллагын захиргаа түүнийг дараах байдлаар шагнаж урамшуулна...” гэж заасан байх ба энэхүү Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх заалт болон байгууллагын дотоод журмыг тус тус үндэслэн Өсумын 75 жилийн ойн баярын хүрээнд идэвх, зүтгэл, санаачилга гаргаж ажилласан ажилтан, албан хаагч нарт төсвийн хэмжээнд багтаан урамшуулал олгосон болно.Урамшууллыг би хувьдаа ашигласан зүйл байхгүй бөгөөд цалингийн сангаас үлдсэн мөнгийг ажилчдад урамшуулал болгож өгсөн. Үүнээс болж төсөв хэтэрсэн зүйлгүй.
7. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалтыг зөрчиж БНХАУ-ын ШӨЗО-ны Алтай хотоос ирсэн төлөөлөгч нарыг замаас тосож авсан, хоол, зочид, зугаалгын мөнгө гэж анхан шатны бүрдэл дутуу баримтаар 1,460,000 төгрөгийг замбараагүй зарцуулсан гэх зөрчлийн талаар:
7.1 Өсумын 75 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх тухай сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 03-р сарын 30-ны өдрийн ээлжит бус 6-р хуралдаанаар 10, 11 дүгээр тогтоолын дагуу сумын Засаг даргын захирамж гарч батлагдсан төсвийг сумын 75 жилийн ойн арга хэмжээ БНХАУ-ын ШӨЗО-ны Алтай хотоос ирэх зочид, төлөөлөгч нарыг хүлээн авч, уг үйл ажиллагааны хүрээнд мөнгөн хөрөнгийнхөө хэрэгцээг зөв төлөвлөн, оновчтой байдлаар ашиглаж, улмаар үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг алдагдуулахгүйгээр үр ашигтай удирдан зарцуулалт хийгдсэн. Тухайлбал Өсумын 75 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд 2015 онд жилийн турш соёл, урлаг, спортын арга хэмжээ, тэмцээн, уралдаан зохион байгуулагдсан бөгөөд энэхүү үйл ажиллагаанд гарсан бүх зардлыг ЗДТГ нь ИТХ-аас баталж шийдвэрлэж өгсөн хөрөнгийн эх үүсвэрээр гаргасан болно.
Үүний үр дүнд Өсумын 75 жилийн ойн арга хэмжээнд бэлэг болгож “Найрамдал” толгойн барилгын ажлыг 145 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар /100% Алтай хотын хөрөнгөөр / манайд хүлээлгэж өгсөн юм.
Нэгэнт сумын ИТХ-ын тэргүүлэгч, Өсумын Засаг даргаас эрхийн акт гарч хөрөнгө зарцуулахыг зөвшөөрсөн учраас шийдвэрлэж өгсөн хөрөнгийг зарцуулсан. Харин анхан шатны баримт бичгийг зохих журмын дагуу тайландаа хавсаргаж бүрдүүлээгүй нь ерөнхий санхүүч, нягтлан бодогч нарын хариуцлагагүй асуудал юм.
Өсумын 2015 оны санхүүгийн тайланд аймгийн Аудитын газраас шалгалт явуулж 2016 оны 02-р сарын 29-ны өдрийн 41 тоот аудитын гэрчилгээгээр ямар ч зөрчилгүй алдаагүй эсэхэд санал дүгнэлт өгөх хангалттай бөгөөд зохистой үндэслэлийг бүрдүүлсэн үнэн, зөв, шударга илэрхийлэгдсэн байна гэсэн дүгнэлтийг Өсумын ЗДТГ-ын дарга миний нэр дээр хаяглан ирүүлсэн юм.
8. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4 Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8 дахь заалтуудыг тус тус зөрчиж тээвэр шатахууны зардлыг замбараагүй зарцуулж, жолоочийн тооцооны хуудсыг дутуу хавсарган бензин авсан хүмүүст гарын үсэг зуруулаагүй, өөрийн хувийн машинд нэг жилийн турш давхардсан тоогоор 495 литр бензин буюу 752400 төгрөгийн их хэмжээний тээвэр шатахуун зарцуулсан. Үүнээс үүдэлтэйгээр Засаг даргын орлогч Г.Салтанат жилийн турш өөрийн хувийн машинаар давхардсан тоогоор 310 л буюу 471000 төгрөгийн их хэмжээний тээвэр шатахуун зарцуулсан бөгөөд жилийн эцэст давхардсан тоогоор 2991000 төгрөгийн өр гарсан гэх зөрчлийн талаар:
8.1 Өсумын ЗДТГ-т үйлчилгээний ганц жижиг тэрэгтэй бөгөөд би өөрөө Төрийн албаны тухай хуулийн дагуу хувийн унаагаа албаны хэрэгцээний зориулалтаар ашигласан, хувьдаа ашиглан шамшигдуулсан зүйл байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 29-р зүйлийн 29.2.2-д “...Албан ажлын хэрэгцээнд батлагдсан нормативын дагуу хувийн унаа албан ажилдаа хэрэглэсэн тохиолдолд хувиасаа гаргасан зардлыг нөхөн олгоно...” гэж заасан. Харин ч би 3 жил хувийн унаагаа албаны ажилд ашиглахдаа нэг ч удаа урсгал зардал, техникийн элэгдэл авч үзээгүй болохыг дурьдах нь зүйтэй. Үүнээс харахад, би тодорхой хэмжээний нөхөн олговор авах ёстой гэж үзэж байна. Харин 2016 оны бензин, шатахууны хэтрэлт бол Өсумын нутаг дэвсгэрт 2016 оны 06-р сарын 13-ны өдрөөс эхлэн Ховд гол үерлэж 1, 4, 5, 9, 11-р багийн ард иргэдэд аюул учирсан үед Өсумын Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн болон ард иргэдийг дайчлан ажиллаж 3 долоо хоног ажилласан ба үүнд холбогдуулан их хэмжээний шатахуун зарцуулсан. Тухайлбал далан босгох, шуудуу ухах, шороо асгах ажилд нийтдээ 4 сая төгрөгийг зарцуулсан бөгөөд үүнээс ЗДТГ-ын төсвөөс 250 л бензин зарцуулсан болно.
Мөн 07-р сарын 10-ны өдөр мөндөр буюу аадар борооны улмаас 4, 5, 6, 9, 11-р багийн айл өрхүүд үерт автагдаж нийт 360 өрхөд 2 тэрбум 521 сая төгрөгийн хохирол учруулсан билээ.
Тухайн үед аймгийн Онцгой байдлын газартай хамтран Өсумын Гамшгаас хамгаалах мэргэжлийн анги яаралтай арга хэмжээ авч нүүлгэн шилжүүлэх арга хэмжээнд нийт манай 50 гаруй албан хаагч, 4-5 тээврийн хэрэгслийг дайчлан сар гаруй хугацаанд ажиллаж шороо буулгах, шуудуу ухах үерийн усыг зайлуулахад 260 л бензин зарцуулсан. Өсумын 4, 5, 6, 9, 11-р багийн ард иргэдийн эд хөрөнгөд хохирол учрах аюул тулгарсан учраас ус соруулах, нүх ухах, далан босгох, шуудуу татах зэрэг ажилд мөн адил их хэмжээний бензин шатахуун зарцуулсан юм. Аймгийн Онцгой байдлын газраас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бид ажиллаж хүн хүч, техникийг дайчлан шатахуун болон томилолтын зардлыг гаргаж өгөх талаар аймгийн онцгой байдлын комиссын хурлын шийдвэр гарсан боловч одоо хүртэл авч чадахгүй байгаа. Гамшгаас болж Өсумын олон айл өрхүүд гэр оронгүй болж, эд хөрөнгөд хохирол учраад байхад сумын удирдлага бид төсөв байхгүй, бензин хэтэрнэ гэж суух ёсгүй бөгөөд чадах чинээгээрээ ард иргэдэд тусламжийн гараа сунгаж ажиллах ёстой юм. Миний бие аймгийн хэмжээнд бие болсон гамшигт нөхцөл байдалтай холбогдуулан 2016 онд ээлжит амралтаа бүрэн эдэлж чадаагүй ард иргэдийн амар тайван байдлын төлөө хичээж ажиллаж ирсэн .
Иймд төсвөөс зохисгүй ашигласан бензин хэтэрсэн гэх үндэслэл нь бодит байдалд нийцэхгүй байгаа бөгөөд Өсумын ЗДТГ-аас гарсан зардлын талаар тухайн үед аймгийн Онцгой комисс, Засаг даргад танилцуулж байсан илтгэх хуудсаар нотлогдоно.
9. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5-д заасныг зөрчиж 2016 оны жилийн эцэс буюу 12-р сард нягтлан бодогч Ш.Ауесхан нь 1500000 төгрөгийн цалингийн урьдчилгаа авч тухайн жилд суутгаагүй үлдээсэн гэх зөрчлийн талаар:
9.1 Өсумын ЗДТГ-ын нягтлан бодогч Ш.Ауесхан нь 1500000 төгрөгийн урьдчилгаа авч үүнийг зохих журмын дагуу суутгаагүй нь намайг буруутгах үндэслэл болохгүй. Би ажилтнуудын цалингаас урьдчилгаа суутгах үүрэг бүхий албан тушаалтан биш. Ерөнхий санхүүч, нягтлан бодогч нарт урьдчилгаа авсан албан хаагчдаас суутгах талаар үүрэг даалгавар өгсөн боловч тэд ажил үүрэгтээ хайнга хандаж суутгаагүй байна. Байгууллагын нягтлан бодогч, ерөнхий санхүүч нар нь санхүү, мөнгө хөрөнгийг хариуцаж ажилладгийн хувьд тайлан, тэнцэлдээ тусгаж ажиллах үүрэгтэй тухай Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон эдгээр албан тушаалтнуудын ажлын байрны тодорхойлолтонд тодорхой тусгагдсан байгаа.
Иймээс ерөнхий санхүүч Ш.Ауесханд хариуцлага тооцож 2 сарын цалинг 20% хасах арга хэмжээ авч зөрчлийг арилгах тухай үүрэг өгсөн болно. Мөн цаашид 2016 онд авсан урьдчилгааг цалингаас суутгаж авах талаар арга хэмжээ авч ажилласан.
Б миний бие ажиллаж байх хугацаандаа байгууллагын төсвийн зүй зохистой зарцуулж, өр авалга гараагүй ба хяналт шалгалтаар тогтоогдсон дээрх 9 төрлийн зөрчил үндэслэлгүй мөн нотлогдон тогтоогдохгүй байгаа нь надад хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй гэж үзэж байна.
Иймд хариуцагчийн намайг ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон 2015 онд гаргасан гэх дээрх 9 төрлийн зөрчил нь үндэслэлгүй бөгөөд үүнийг миний бие хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тэр ч байтугай санхүүгийн улсын байцаагчийн надад тавьсан акт нь өөрөө хууль бус болохыг санхүү, хяналт аудитын албаныхан өөрсдөө хүлээн зөвшөөрч актыг хүчингүй болгосноо мэдэгдсэн.
Иймд төрийн албан хаагч миний эрх ашиг маань зөрчигдөж хууль бусаар ажлаасаа халагдсанд гомдолтой байгаа дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Өсумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 111 дугаартай “Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж, мөн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/50 дугаартай “Захирамийг хүчингүй болгох тухай” захирамж нь тус тус хуулийг ноцтой зөрчсөн, эрх олгоогүй хуулийн зүйл заалтыг баримталсан, утга агуулгын хувьд илэрхий алдаатай, захиргааны актын хууль зүйн үндэслэл нь бодит нөхцөл байдалд нийцээгүй байх хуулийн шаардлагыг хангаагүй акт учраас хүчингүй болгож, Б намайг Өсумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулан, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Өсумын Засаг даргаас шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:
Би сонгуулийн үр дүнгээр Өсумын Засаг даргаар томилогдсон нь үнэн юм. Гэхдээ албан тушаал авсны дараа Бийг улс төрийн зорилгоор хавчин гадуурхаж, ажлаа чөлөөлж өгөхийг шаардаж, дарамталж шахалт үзүүлж байсан удаагүй. Харин ч хамтран ажиллаж, төрийн ажлыг цалгаруудлахгүй, тасралтгүй явуулах эсэх талаар байнга сануулж зөвлөлдөн ажиллаж байсан. Гэтэл Б нь улсын хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулж Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчиж төрийн албан хаагчид хориглосон үйлдэл хийсэн нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон юм.
Тухайлбал, Баян-Өаймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын байцаагч нараас акт тавигдсан байгаа. Нэгэнт Бий гаргасан зөрчил нь нотлогдож, түүнд тавигдсан эрх бүхий байгууллагын акт шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр болсон тул эрх хэмжээний хүрээнд хариуцлага хүлээлгэсэн юм. Үүнийг Б хавчин гадуурхаж, дарамт шахалтын үндсэн дээр ажлаас халсан мэтээр нэхэмжлэлдээ тусгаж миний нэр төрийг гутаасанд нь харамсаж байгаа бөгөөд энэ талаар би шүүхэд жич нэхэмжлэл гаргаж нэр төрөө сэргээлгэх болно. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “...иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл эсхүл өөр хэлбэр хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ...”, 21.3-т “...бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2-т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ...” гэж заасан байдаг. Иймд Б өөрийнхөө шүүхэд гаргасан мэдүүлгээ нотолж чадахгүй тохиолдолд шүүхэд нэр төрөө сэргээлгэхээр гэм хорын шаардлага гаргах болно.
Б нэхэмжлэлдээ сумын Засаг дарга надад Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хуулиараа арга хэмжээ тооцох эрхтэй эсэх нь эргэлзээтэй хэмээн бичсэн байна. Тэрээр ингэж бичихдээ өөрийгөө хэн гэдэг алба тушаалтан тус албанд томилсноо мөн хэнтэй үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байгаагаа мартсан юм шиг байна. Сумын Засаг даргын хувьд өөрийнхө Тамгын газрын даргын хууль бус уйваагүй үйлдлийг таслан зогсоож, зохих хариуцлага ногдуулах эрхийг хуулиараа надад олгосон юм.
Өөрөөр хэлбэл, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.1-д зааснаар төсвийн захирагч нь түүнийг томилсон байгууллага, албан тушаалтны өмнө эсхүл дээд шатныхаа төсвийн захирагчийн өмнө төсвийн талаар хариуцлага хүлээдэг юм. Тамгын газрын дарга надтай үр дүнгийн гэрээ байгуулан, тайлагнадаг ба түүнийг томилж чөлөөлөх эрх надад олгогдсон учир хуулийн дагуу арга хэмжээ авах эрхэд маань эргэлзэх зүйлгүй хэмээн ойлгож байна.
Мөн нэхэмжлэлдээ Төсвийн тухай хуулийн 70.3-ыг тушаалдаа хэрэглээгүй, өөрөөр хэлбэл Төсвийн тухай хууль зөрчсөн хүний 10 жил төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халсан байх ёстой тул тушаал нь хуульд үндэслэгдээгүй учраас хууль ёсны байх шаардлагыг хангаагүй хэмээн маргасан байна. Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэг нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахдаа хасагдсан юм. Өөрөөр хэлбэл Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т ...энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ... гэж өөрчлөн найруулж өгсөн юм. Захирамждаа 70 дугаар зүйлийн 70.2, 70.3 гэж тусгагдсан явдал нь техникийн алдаа гарсан байна. Гэвч Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйл гэж тусгагдсан тул одоогийн Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйл гэж ойлгох нь зүйтэй.
Одоогийн Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлд ...энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлагыг хүлээлгэнэ.... гэсэн ганцхан өгүүлбэр байдаг ба захирамжид заасан 70.2, 70.3 гэдгийг одоо байгаа агуулгаар нь ойлгох нь зүйтэй. Засаг дарга миний бие өөрийн гаргасан захирамжаа өөрөө хүчингүй болгох, түүнд үг үсгийн техникийн алдаа гарвал засвар оруулах эрхтэй тул Б хүсвэл тус захирамжид байгаа техникийн алдаагаа засварлаж өгч болохыг энэхүү тайлбараар мэдэгдэж байна. Түүнээс биш ганц техникийн алдаанаас болж захирамж маань тэр чигээрээ хүчингүй болох , төрийн эд хөрөнгийг дур мэдэн завшиж үрэгдүүлсэн буруутай этгээд хариуцлагаас мултрах үндэслэл болохгүй юм.
Бд тавигдсан санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нарын актаар тавигдсан зөрчлүүдийг урьдчилж танилцуулан сонсгох ажиллагаа хийсэн юм. Гэтэл Б нь надад хийсвэр тайлбар гаргаж өгсөн ба улсын байцаагч нарын актыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар дээд шатны байгууллага болон шүүхэд хандаагүй. Нэгэнт тус актуудад гомдол гаргах хуульд заасан хугацааг Б өнгөрөөсөн ба түүнд тавигдсан актууд хүчин төгөлдөр болсон учраас түүний надад гаргасан хийсвэр тайлбаруудыг үндэслэн гэм буруугүй гэж үзэх ямар ч боломжгүй юм. Бий төрийн өмчийг хууль бусаар захиран зарцуулсан талаар хуулийн хүчин төгөлдөр акт байсаар байтал би нүдээ анин өнгөрөх юм бол өөрөө буруутай болж үлдэх байсан юм.
Өсумын Засаг даргын Тамгын газрын 2015 он, 2016 оны санхүүгийн баримтад Баян-Өаймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар дурдвал, Өсумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдож хоёр сар болоогүй байхад балансын шагнал болгож 392,1 мянган төгрөгийн урамшуулал авсан. УИХ-ын 73 дугаар тогтоолыг зөрчиж, 2014 оны 10 дугаар сард түр орлон гүйцэтгэгчээр томилогдсоны дараа тухайн албан тушаалд ажилласан жил нэг жил болоогүй байхад 2015 оны 05 дугаар сараас эхлэн зэрэг дэвийн нэмэгдэл буюу 20 хувийн нэмэгдэл авсан. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсэгт заасныг зөрчиж 2015 оны 04 дүгээр сараас эхлэн жолоочийн орон тоонд илүү бөгөөд давхар хоёр жолооч ажиллуулан цалингийн сан байхгүйн улмаас түлш халаалтын зардлыг зарцуулсан. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасныг зөрчсөн утас ярианы төлбөрийг сар болгон авдаг бөгөөд зарим саруудад нэг хүн 140,000 төгрөг авч байсан. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5 дахь заалтуудыг тус тус зөрчиж Засаг дарга Ө.Хабайгийн их хэмжээний цалингийн урьдчилгаа болох 413,500 төгрөгийг жилийн эцэст суутгуулаагүй орхигдуулсан. Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5, 46.3.2, 46.3.3 дахь заалтуудыг ноцтойгоор зөрчиж жилийн эцэст бүх албан хаагчдад урамшуулал олгосон бөгөөд зарим албан хаагч нарт 550,000 төгрөг хүртэл урамшуулал олгосон.
Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалтыг зөрчиж БНХАУ-ын ШӨЗО-ны Алтай хотоос ирсэн төлөөлөгч нарыг замаас тоосож авсан, хоол, зочид буудал, зугаалгын мөнгө гэж анхан шатны бүрдэл дутуу баримтаар 1,460,000 төгрөгийг замбараагүй зарцуулсан байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8 дахь заалтуудыг тус тус зөрчиж тэвээр шатахууны зардлыг замрбаагүй зарцуулж, жолоочийн тооцооны хуудсыг дутуу хавсарган, бензин авсан хүмүүст гарын үсэг зуруулаагүй, өөрийнхөө хувийн машинд жилийн турш давхардсан тоогоор 495 литр бензин буюу 752,400 төгрөгийн их хэмжээний тээвэр шатахуун зарцуулсан. Үүнээс үүдэлтэйгээр Засаг даргын орлогч Г.Салтанат жилийн турш өөрийн хувийн машинаар давхардсан тоогоор 310 литр буюу 471,200 төгрөгийн их хэмжээний тээвэр шатахуун зарцуулсан бөгөөд жилийн эцэст давхардсан тоогоор 2,991,000 төгрөгийн өр гарсан. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5 дахь хэсгийг зөрчиж 2016 оны жилийн эцэс буюу 12 дугаар сард нягтлан бодогч Ш.Ауесхан 1,500,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа авч тухайн жилд суутгаагүй үлдээсэн гэх мэт зөрчлүүд тус тус илэрч байна.
Дээрх байдлаар Б нь Өсумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдон ажиллаж төсвийн шууд зарцуулсан хугацаанд Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8-д зааснаар төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх заалтыг хэрэгжүүлээгүйгээс болж байгууллага өр, төлбөртэй гарч улсыг хохироосон байна. Иймээс Үндэсний аудитын газрын харьяа Баян-Өаймаг дахь төрийн аудитын газрын хяналт шалгалтын улсын байцаагч нарын хүчин төгөлдөр актуудыг үндэслэн Төрийн албаны тухай хуулийг баримтлан сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан юм.
Бид удаа дараа эвлэрэх талаар ярилцсан боловч нэхэмжлэгч тал хууль бус шаардлага тавьсан учраас эвлэрэх боломж бүрдсэнгүй. Өөрөөр хэлбэл, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гэж надаас 10 сая төгрөг гаргуулж өгөхийг хүссэн ба би төсвийн захирагчийн хувьд төрийн байгууллагын данснаас шууд тийм мөнгө, төгрөг гаргаж өгөх боломжгүй юм. Гэвч миний бие түүний ажилгүй байсан хугацааны цалинг давсан хэсгээс гаргаж өгье гэсэн санал тавьсан боловч нэхэмжлэгч хүлээхгүйгээр, 10 сая төгрөгийг шууд гаргаж өг, эсхүл урьдчилгаанд 5 сая төгрөг өг гэж байгаа нь өөрөө хуульд үйл нийцэх асуудал байна. Тийм учраас Бий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал гаргаж байна.
Сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/50 дугаартай захирамжийн талаар тайлбарлавал, бид жил болгон тухайн жилийн эцсээр 2 удаа аудитын шалгалт хийлгэдэг. 2016 оны “Орон нутаг хөгжүүлэх сан”-гийн бичиг баримтуудыг цэгцлэх явцад нэлээн ноцтой зөрчлүүд илэрсэн. Тодруулбал, тус сангийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан, тендер зарлаагүй, үнийн санал аваагүй зэрэг асуудлуудыг цаашид Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар гомдол гаргасан. Нэхэмжлэгч Б нь анх төрийн албанд томилогдохдоо төрийн албан тушаалд тавигдах болзол журмыг зөрчиж томилогдсон байгаа. Тийм учраас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.4, Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7, 15.1.8, 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.4 дэх хэсгийг тус тус зөрчин Өсумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б нь төрийн албанд томилогдох болзол, журмыг зөрчиж, хууль бусаар томилогдсон, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хуульд заасан журмаар гаргаж өгөөгүй, 2015, 2016 оны “Орон нутаг хөгжүүлэх сан”-гийн зүй бусаар зарцуулсан, Төсвийн тухай хуулийг удаа дараа зөрчсөн нь Аудитын газрын актаар тогтоогдсон тул Өсумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Бийг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилсон 70 дугаар захирамжийг хүчингүй болгосон ба уг захирамжийг хүчингүй болгосон захирамж хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Гуравдагч этгээд Б шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа ажил олгогч намайг үзэл бодлоор гадуурхаж ялгаварласан, Төсвийн тухай болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, ажил олгогч шийдвэр гаргахдаа холбогдох хуулийг зөрчсөн, маргаан бүхий актад баримталсан хуулийн заалтууд үндэслэл муутай болсон гэжээ. Хэрэгт авагдсан материалуудаас үзэхэд нэхэмжлэгч Б нь ажиллаж байх хугацаанд үзэл бодлоор нь гадуурхагдсан үйл баримт тогтоогдохгүй байна. Харин нэхэмжлэгч Б нь Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаанд төрийн хяналт шалгалт явуулах эрх бүхий этгээдээс Өсумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг шалгаж, төсвийн шууд захирагчаас төсвийг зүй зохисгүй буюу зориулалтын бусаар зарцуулж ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогджээ.
Ажил олгогчоос тухайн үед Бий асуудлыг авч хэлэлцэхдээ Захиргааны ерөнхий хуульд заасан үүргээ биелүүлж буюу хурал хийх аргаар сонсгох ажиллагаа хийсэн. Бд эрх үүргийг нь тайлбарлаж өгсөн, гаргасан зөрчилд нь тайлбар гаргах боломжит хугацаа олгожээ. Нэхэмжлэгч нь санхүүгийн хяналт шалгалт явуулах эрх бүхий этгээдээс тогтоосон актад хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй тул хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б нь эрх бүхий этгээдээс тогтоосон актуудад гомдол гаргаагүй нь тухайн зөрчлүүдийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдох учиртай.
Миний бие хуульч биш гэсэн ч маргаан бүхий актын агуулгаас үзэхэд нэхэмжлэгчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан болох нь Засаг даргын захирамжидаа хэрэглэсэн хуулийн заалтаас тодорхой харагдаж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Бахытбек шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеэс эхлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Нэхэмжлэгч Б нь “Өсумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 111, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/50 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгчийг ямар шалтгаанаар ажлаас чөлөөлсөн, ямар учраас сахилгын шийтгэл оногдуулсан үндэслэлийн талаар өмгөөлөгчийн хувьд дараах тайлбарыг гаргаж байна.
Нэгдүгээрт, Баян-Өаймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай Өсумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд шалгалт хийж, гаргасан зөрчлийг үндэслэн нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан гэжээ. Гэтэл ажил олгогч ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг харгалзан үзээгүй асуудал байдаг. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн тайлбараас үзэхэд, Бий гаргасан гэх зөрчлүүдийн ихэнх нь 2014, 2015 онд гаргасан зөрчил байсан. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт “... Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй ...” гэж заасан байна. Тухайлбал, Б нь төрийн албанд томилогдоод хоёр жил болоогүй байхад үндсэн цалин 20 хувийн нэмэгдэл авсан, орон тооны бус хоёр хүнийг илүү авч ажиллуулаад төсвийг хэтрүүлсэн, утасны мөнгийг зүй бусаар зарцуулсан, Өсумын Засаг дарга Ө.Хабайд мөнгөн урамшуулал олгосон, 550,000 төгрөгийг хурлын шийдвэрээр ажилтнуудад тараасан гэх үйлдлүүд нь бүгд 2014, 2015 онуудад болсон явдал юм. Тэгэхээр эдгээр зөрчлүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх хуулийн хөөн хэлэлцэх хугацаа нь аль хэдийд өнгөрсөн болох нь тодорхой байгаа учраас үүнийг шүүх анхаарч үзэх нь зүйтэй байна.
Ажил олгогч буюу хариуцагч 2017 оны 111 тоот захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7, 15.18, 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг тус тус баримталсан байна. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т “...төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах ...” сахилгын шийтгэлийн тухай заасан бөгөөд хариуцагчийн гаргасан маргаан бүхий захирамжид “төрийн албанд эргэж орох эрхгүй”, “нэг” жил гэсэн үгнүүд огт бичигдээгүй байгаа.
Өөрөөр хэлбэл, тухайн захирамжийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгчийг хэдэн жилийн хугацаанд төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халсан нь тодорхой бус бөгөөд “... 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн үүрэгтэй ажлаас нь халсугай ... “ гэж тусгажээ. Харин “ажилтныг үүрэгт ажлаас нь халах” гэсэн сахилгын шийтгэлийн талаар Төрийн албан тухай хуульд зохицуулаагүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “...Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална ...” гэж заасан ба үүнд, хуульд үндэслэх, үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж тодорхой зааж өгсөн байгаа.
Гэтэл хариуцагч Өсумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Бийг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг харгалзан үзэхгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан нь дээрх хуульд заасан зарчимд нийцээгүй байна. Хэрэв хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Б нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн гэж үзвэл уг хуульд зааснаар сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийн аль нэгийг ногдуулах ёстой байсан бөгөөд хэдэн жилээр төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халсан нь тодорхой бус эрхийн акт гаргасан. Энэ эрхийн акт өөрөө зорилгодоо нийцээгүй, агуулгын хувьд илэрхий алдаатай болох нь тодорхой харагдаж байна.
Хариуцагчийн зүгээс БНХАУ-ын ШУӨЗО-оос ирсэн төлөөлөгчдийг тооцож авахад гарсан зардал болон Өсумын Засаг дарга тэдэнд утсаар ярихад холбогдон гарсан зардалд Бийг буруутгаж байгаа боловч хяналт шалгалтын байгууллага үүнийг Засаг даргын Тамгын газрын даргын гаргасан зөрчил гэж үзээгүй, Бий буруутай үйл ажиллагаанд шууд холбоотой гэж дүгнээгүй байгаа. ШУӨЗО-ны Алтай аймгийн буцалтгүй тусламжаар 2016 онд 145,000,000 төгрөгөөр манай аймгийн төвд “Найрамдал” толгой нэртэй байгууламж баригдсан байгаа. Хэрэв тухайн үед ажиллаж байсан Өсумын удирдлагууд Алтай аймагтай гэрээ хэлцэл, байгуулаагүй, тус аймгаас ирсэн зочид, төлөөлөгчдийг угтан авч хамтран ажиллаагүй бол ийм томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэхгүй байсан. Гэтэл 145,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний төлөө нэхэмжлэгчийг 1,400,000 төгрөгийн зардал гаргасан гэж буруутгасан нь өөрөө бодит байдалд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч Б нь төрийн албан хаагч байсан ба төрийн албан хаагчийн үндсэн чиг үүрэг нь төрийн үйл ажиллагааг хэвийн явуулах, тухайн нутаг дэвсгэрийн нэгжид харьяалагдах ард, иргэдийг хэвийн амьдрах нөхцөл, баталгаагаар хангах явдал юм.
Тэгэхээр аймгийн хэмжээнд тийм томоохон хэмжээний бүтэн байгуулалтын ажил гадаадын хөрөнгө оруулалт хийсэн байхад та ийм төгрөг гаргасан гэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй болжээ. Харин хяналт шалгалт хийсэн байцаагч нь ийм асуудал бусад байгууллагад ч гэсэн байгаа, гэхдээ энэ нь ажлаас халах үндэслэл болохгүй гэж тодорхой заасан бөгөөд нэхэмжлэгч Бий өөрт шууд холбоогүй байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар зөвхөн Бд хариуцлага тооцсон нь буруу байна. Нөгөө талаар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба нь аймгийн Засаг даргын харьяа байгууллага бөгөөд Өсумын Засаг даргын Тамгын газар нь аймгийн Засаг даргын харьяа байгууллага биш юм. Аймгийн Засаг дарга нь зөвхөн өөрийн харьяа байгууллагад аудит хийх бөгөөд бусад байгууллагад аудит хийх тохиолдолд эрх бүхий албан тушаалтан буюу Өсумын Засаг даргатай зөвшилцөөд түүний зөвшөөрлийг авсны үндсэн дээр аудит хийх ёстой байсан. Гэтэл тус сумын Засаг даргатай зөвшилцөөгүй, зөвхөн аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэн өөр байгууллагын дотоод үйл ажиллагаанд оролцон хяналт, шалгалт хийж, зөрчил илрүүлсэн ба үүнийг үндэслэн эрх бүхий байгууллагаас сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна.
Тодруулбал, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-д дотоод аудитын нэгж нь тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бусад төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад холбогдох дотоод аудитын нэгжтэй нь зөвшилцсөний үндсэн дээр зохих журмын дагуу хяналт тавина” гэж тодорхой заажээ. Тэгэхээр аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албанаас Өсумын Засаг даргын Тамгын газар хийсэн шалгалт өөрөө хууль ёсны шалгалт мөн эсэх нь нотлогдон тогтоогдохгүй байна. Тийм учраас Ө сумын Засаг даргын нэхэмжлэгч Бд сахилгын шийтгэл ногдуулсан гэх эрхийн акт өөрөө бодит байдалд нийцээгүй, үр нөлөөгүй, утга агуулгын хувьд илэрхий алдаатай эрхийн акт болох нь үүгээр тогтоогдож байгаа тул хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байна.
Хоёрдугаар актын хувьд тайлбарлавал, нэхэмжлэгч Б нь 2014 оноос эхлэн Өсумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2016 онд уг орон тоонд жинхлэн томилогдсон. Тэгэхээр нэхэмжлэгч сумын Засаг даргын Тамгын газрын албан тушаалд томилогдож, тухайн албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлэн байж зөрчил гаргадаг болохоос томилогдоогүй байхад ямар зөрчил гаргах вэ, хариуцагчийн хувьд уг асуудлыг үндэслэн түүнийг анх ажилд томилсон захирамжийг хүчингүй болгосон эрхийн акт өөрөө утга агуулгын хувьд илэрхий алдаатай бодит нөхцөл байдалд тохироогүй байна. Харин энэ асуудлыг төрийн эрх бүхий албан тушаалтан өөрийн эрх хэмжээг хэтрүүлэн ашиглаж иргэний эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Тасхын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б болон түүний өмгөөлөгч Ө.Бахытбек нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг бүрэн дэмжиж байгаа. Хариуцагч 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр А/50 дугаартай захирамжийг гаргасан. Уг захирамжийг гаргасан үндэслэл, утга, агуулгын хувьд нэхэмжлэгч Бийг сумын Засаг даргын Тамгын газрын даргад томилсон захирамжийг хүчингүй болгосон учраас нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн юм. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон тавьсан асуултад хариулж чадахгүй байгаа байдлаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг няцааж чадахгүй байгаа нь анзаарагдаж байна. Өсумын Засаг дарга буюу хариуцагчийн 50 дугаартай захирамжид баримталсан хуулийн үндэслэлийг тус бүрд нь тайлбарлахад, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.4 дэх хэсэг заасан эерэг эсхүл сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болох нь тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б нь тухайн үед тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдохдоо хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн асуудал байхгүй. Хоёрдугаарт, маргаан бүхий захирамжид Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3 дахь хэсэгт заасныг тус тус баримталсан боловч ямар үндэслэлээр хуулийн дээрх заалтуудыг баримталсан нь тодорхой бус байгаа. Нэхэмжлэгч Бий хувьд анх маргаан бүхий албан тушаалд түр томилогдон ажиллаж байгаад удирдах албан тушаалтын сонгон шалгаруулалтад орж тэнцээд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоолоор түүний нэрийг Өсумын Засаг даргын албан тушаалд дэвшүүлж, хууль ёсны дагуу томилогдсон гэдэг нь тогтоогдож байгаа юм. Тийм учраас нэхэмжлэгч анх томилогдоход Төрийн албаны тухай хуулийн 17.1, 17.3 болон Захиргааны ерөнхий хуулийг холбогдох заалтыг зөрчсөн гэдэг нь хөндлөнгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Түүнчлэн, маргаан бүхий захирамжид Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7, 15.1.8 дахь заалтуудыг давхар баримталжээ.
Хэрэв нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 15.1.7, 15.1.8 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзвэл нэг зөрчилд давхардуулан сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь өөрөө хууль бус байна. Дээрх байдлаар хариуцагчийн гаргасан маргаан бүхий хоёр акт хоёулаа хууль бус болж байна. Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8 дахь хэсэгт “...аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох ...”-ыг хориглоно гэжээ. Хуулийн дээрх зүйл, заалтыг нарийвчлан тайлбарлаж үзэхэд, энэ зүйл анги өөрөө төрийн жинхэнэ албан хаагчид хориглосон зүйл байдаг. Харин нэхэмжлэгч Бий хувьд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсоны дараа төрийн жинхэнэ албан хаагчаар томилогдсон асуудал байхгүй, хуулийн дээрх заалтын агуулга нь улс төрийн албан тушаалтнаар томилогдсоны дараа төрийн жинхэнэ албан тушаалд томилогдохыг хориглосон мэт харагдаж байгаа. Нөгөөтээгүүр Б нь сумын иргэдийн төлөөлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтээ Хурлын даргад гаргасан ба Хурлаас намайг чөлөөлсөн тогтоол гарсан эсэхийг би мэдэхгүй гэж тайлбарлаж байгаа боловч тийм тогтоол гарсан гэдгийг би залруулж хэлмээр байна.
Тэгэхээр нэхэмжлэгч нэгэнт чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан, дараа нь түүнийг чөлөөлсөн тогтоол нь байж байгаа. Нөгөө талаар нэхэмжлэгчийн иргэдийн төлөөлөгчийн 2012 оны үнэмлэхийг сунгалт хийсэн тэмдэглэл байхгүй байгаагаараа төлөөлөгчөөс чөлөөлөгдсөн болох нь нотлогдон тогтоогдож байна. Дээрээс нь нэхэмжлэгч Б нь төсвийн хөрөнгийг хувьдаа завшсан зүйл байхгүй, хэрэв төрийн хөрөнгийг хувьд завшсан асуудал гарвал эрүүгийн журмаар шалгаж хариуцлага тооцох ёстой байсан. Ажил олгогч буюу хариуцагчийн 111 дугаартай захирамжид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2, 70.3 дахь заалтуудыг тус тус баримталсан байна. Төсвийн тухай хуулийн 70.2 дахь хэсэгт тухайн албан тушаалтан зөрчил гаргасан тохиолдолд албан тушаалаас нь огцруулах хүртэл арга хэмжээ авна гэж заасан байгаа. Миний хувьд “огцруулах” гэдгийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад салбар хуулиудыг харьцуулан үзэхэд, төрийн улс төрийн албан тушаалтанд хамааралтай гэдэг байдлаар харагдаж байна.
Тэгэхээр төрийн улс төрийн албан тушаалтанд холбоотой Төсвийн тухай хуулийн дээрх зүйл, заалтыг сумын Засаг даргын Тамгын газрын даргыг өөр албан тушаалд хэрэглэсэн нь буруу байна. Үүнийг хариуцагч тал техникийн алдаа гэж тайлбарлах боловч тухайн захирамж техникийн алдаатай гарсан бол Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасан эрх хэмжээний хүрээнд уг захирамжийг өөрчлөх буюу хүчингүй болгох бүрэн боломжтой байсан гэж үзэж байгаа. Мөн хариуцагч маргаан бүхий захиргааны актад Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д заасныг хүний нөөцийн асуудлаар гарсан захирамжид баримталсан нь буруу болжээ.
Хэрэв нэхэмжлэгч төсвийг зүй бусаар зарцуулсан, хувьдаа завшсан гэж үзвэл төрд ямар хохирол учруулсан бэ гэдэг асуудал мөн давхар яригдах учиртай. Нэхэмжлэгч одоогийн байдлаар тус сумын Засаг дарга болон Засаг даргын Тамгын газарт бодит хохирол учруулсан бэ гэдэг асуудал мөн тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчийн хувьд үр дүнгийн гэрээ байгуулаагүй, дарамталсан гэх байдлууд энэ хэрэгт хамааралгүй ч гэсэн анхнаасаа энэ хүнийг ажлаас нь гаргах сонирхолтой байсан гэдэг нь харагдаж байгаа гэдгийг нэмж хэлмээр байна. Санхүүгийн хяналт шалгалт аудитын албаны улсын байцаагч н.Жарденбек энэхүү шалгалтыг хийж гүйцэтгэсэн ба тухайн үед зөрчлүүдийг нэхэмжлэгч өөрөө зөвшөөрч гарын үсэг зурсан гэж ойлгож болохгүй. Б нь тухайн үед ийм асуудлаас болж, ажлаас халагдана гэж бодоогүй ба тийм зөрчил илэрсэн гэж үзвэл энэ ажилтныг ажлаас халах хэмжээний зөрчил биш байна. Хэрэв хяналт шалгалт хийсэн албан тушаалтан зөрчил илрүүлж акт тогтоож, ажлаас халах үндэслэлтэй гэж үзвэл эрх бүхий албан тушаалтанд энэ талаарх саналаа хүргүүлэх ёстой байсан ба тийм санал хүргүүлсэн асуудал байхгүй болно гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт гуравдагч этгээдийн эрх, үүргийг хуульчилж өгсөн ба бид бүгдээрээ хуульд захирагдан биелүүлэх үүрэгтэй юм. Гуравдагч этгээдийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, татгалзах, ихэсгэх, багасгах, эвлэрэхээс бусад хэргийн оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэсэн хуулийн зохицуулалттай. Гэтэл гуравдагч этгээдийн томилгооны асуудлын хүрээнд тайлбар хэлэхийг санал болгосон асуудлыг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл хэргийн оролцогчдын бусад эрхийг эдэлж оролцоно гэж ойлгож байна. Хэрэв миний тайлбар үндэслэлгүй, буруу байвал та шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдах байх, миний бие Үндсэн хуульд заасан эрхээ эдлүүлж, үг хэлэх эрхээр хангаж өгөхийг хүсэж байна.
Нэгдүгээрт, гуравдагч этгээд Ч.Бахытжан нь нэхэмжлэгчийн ихэсгэсэн шаардлагатай холбогдуулан тайлбар гаргах буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх хэсэгт “... шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлтэй холбогдуулан бичгээр тайлбар гаргаж өгөх ...” өгөх эрхтэй. Гэхдээ өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн боловч тухайн шаардлагад холбогдуулан гуравдагч этгээдээс бичгээр тайлбар гаргах эрхийг шүүх зөрчсөн байгаа. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1, 21.2.2-д заасан эрхийг нь ноцтой зөрчсөн явдал болсон гэж би үзэж байна. Гуравдагч этгээд Ч.Бахытжаны хувьд өнөөдрийн шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ бичгээр мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч шаардлага ихэсгэхээс өмнө нь тийм тайлбар гаргасан байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн Өсумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/50 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагатай гуравдагч этгээд одоо хүртэл танилцаагүй, мэдээгүй явж байгаа. А/50 дугаартай захирамжийг шүүхээс хүчингүй болгосон тохиолдолд нэхэмжлэгч ажилд нь эгүүлэн томилогдож гуравдагч этгээд Ч.Бахытжаны эрх ашиг хөндөгдөх болзошгүй гэж үзэж байна.
Хоёрдугаарт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг захиргааны хэргийн шүүх бүрдүүлэх ёстой боловч нэхэмжлэгч талаас Өсумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/50 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байхад үүнтэй холбоотой ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулаагүй, нотлох баримт бүрдүүлэх боломжийг оролцогч нарт олгоогүй асуудал байгаа.
Тухайлбал, нэхэмжлэгчийг анх маргаан бүхий орон тоонд томилсон захирамжийг 4 үндэслэлээр хүчингүй болгосон бөгөөд уг 4 үндэслэлийг нэг бүрчлэн тайлбарлах нь зүйтэй гэж үзэж байна. Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөл Бийг тухайн маргаан бүхий орон тоонд томилохдоо зөвлөл хуралдахгүйгээр тогтоол гаргасан асуудал байдаг ба энэ нь нэхэмжлэгч тухайн үед Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж томилсныг илтгэж байгаа хэрэг юм.
Гэтэл энэ талаарх нотлох баримт болох Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол, хуралдааныг тэмдэглэл зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй учраас энэ асуудалд дүгнэлт хийх боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл, шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Үүнээс гадна нэхэмжлэгч хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хуульд заасан үндэслэл, журмаар тухай бүр гаргаагүй асуудал байдаг. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хугацаанд хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй бол ажлаас халах үндэслэл болно гэдгийг уг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх хэсэгт тодорхой тусгасан байгаа. Харин энэ асуудлыг Авлигатай тэмцэх газраас тодруулах үүргээ шүүх хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Тийм учраас маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах үндэслэл байхгүй гэж үзсэн болно.
Мөн сум хөгжүүлэх орон нутгийн төсвийг зүй бусаар зарцуулан гэдэг асуудал яригдаж байгаа бөгөөд энэ асуудалд холбоотой нотлох баримт болох шууд гэрээ болон тендер сонгон шалгаруулах замаар байгуулсан гэрээ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн зүгээс холбогдох газраас шаардаж авах ёстой байсан. Гэтэл өнөөдөр шүүх хуралдааныг шууд эхэлсэн учраас хариуцагч асуултад хариулж чадахааргүй байдалд хүрсэн асуудал байгаа. Иймээс сум хөгжүүлэх санг зүй бусаар зарцуулаагүй гэж үзэж Өсумын Засаг даргын 2018 оны А/50 дугаартай захирамжийг шүүхээс хүчингүй болгох үндэслэл болохгүй гэдгийг хэлмээр байна. Мөн хэргийг түдгэлзүүлэх асуудлаар өнөөдрийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийг Авлигатай тэмцэх газарт өгч эрүүгийн журмаар шалгуулж байгаа гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьсан энэ хүсэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д зааснаар эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэсэн үндэслэлээр гаргасан хүсэлт гэж ойлгогдохоор байсан.
Уг хүсэлтийг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж би үзэж байгаа. Хэрэв нотлох баримт цуглуулах тухай хүсэлтийг шүүх хангахаас татгалзвал 7 хоногийн дотор дээд шатны шүүхэд гомдол гаргах эрхийг олгосон захирамж гаргах ёстой байсан. Гэвч өнөөдөр заавал шүүх хуралдааныг хийх үүднээс тухайн хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гомдол гаргах эрхгүй гэж дурдсан нь хуулийг зөрчсөн явдал гэж би үзэж байна. Шүүхээс бол энэ хэргийг бараг жил гаруй хугацаа шалгасан гэж ярьж, үүнд оролцогчдын санаатай үйлдлээс болсон мэт ярьж байгаа боловч үүнд оролцогчид ямар ч буруу байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Яагаад гэвэл нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг би гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс гаргаж байсан ба шүүхээс уг хүсэлтийг шийдвэрлэсэн захирамжид гомдол гаргах эрхтэй гэж зааж өгсөн байдаг. Нэгэнт шүүхээс гомдол гаргахаар захирамж гаргасан учраас бид нар гомдол гаргасан байгаа.
Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7, 15.1.8, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2, 70.3-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас халсан асуудал хуульд нийцсэн гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна. Учир нь, нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Төрийн албаны тухай хуулийг ноцтой зөрчсөн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нэгдүгээрт, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дахь хэсэгт “... Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор төрийн дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд гаргаж болно ...” гэж заасан байхад нэхэмжлэгчийн зүгээс энэ асуудлыг эс зөвшөөрч дээд шатны байгууллага буюу аймгийн Засаг даргад гомдол гаргасан асуудал байхгүй. Гэтэл нэхэмжлэгч Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргаж нэг сарын хугацааг өнгөрүүлсэн асуудал байгаа бөгөөд үүнийг шүүх хэрэг үүсгэх явцад анхаарч үзээгүй гэдгийг хэлмээр байна.
Үүнээс гадна Төсвийн тухай хуулийн 70.1, 70.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг буруу тайлбарлаж, шүүмжилж байгаа асуудал байна. Гэтэл хуулийн дээрх зүйл, заалтыг 2017 оны 07 дугаар сараас эхлэн мөрдөх ёстой байсан ба та яагаад гуравдугаар сард мөрдөөгүй вэ гэж хариуцагчийг буруутгаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Харин энэ асуудлаар хариуцагч нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөгүй гэж байна. Үүнээс гадна нэхэмжлэгч маргаан бүхий орон тоонд ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийг зөрчсөн нь аудитын байгууллагын акт, танилцуулга, дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдсон байгаа бөгөөд тухайн акт гарснаас хойш нэг сарын дотор ажил олгогч арга хэмжээ авсан. Зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор арга хэмжээ тооцно гэдэг асуудлыг улсын байцаагчийн актад холбон үзэх ёстой. 6 сар өнгөрөн зөрчлийг аудитын байгууллага илрүүлэн акт тогтоосон байж болно, гэхдээ тухайн актад гомдол гаргах хүчингүй болгуулах ёстой байсан. Хэрэв улсын байцаагчийн акт хуульд нийцээгүй байвал, улсын ерөнхий байцаагчид 10 хоногийн дотор гомдол гаргах ёстой байсан боловч гомдол гаргаагүй учраас улсын байцаагчийн акт хуулийн хүчин төгөлдөр болсон тул уг актыг өнөөдрийн шүүх хуралдаанд хэлэлцэх боломжгүй юм. Дээрээс нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч энэ зөрчил ажилтныг ажлаас халах хэмжээний зөрчил биш гэж үзэж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна. Харин нэхэмжлэгч Төсвийн тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдсон бөгөөд уг хуулийн тийм заалтыг, тэгж зөрчсөн гэж тодорхой заагаагүй, Төсвийн тухай хуулийг аль нэг зүйл, заалтыг зөрчсөн байвал төрийн албанд эргэж орох эрхгүйгээр хална гэж тодорхой зааж өгсөн.
Нэхэмжлэгч Б нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөс татгалзахгүйгээр, төрийн жинхэнэ албан тушаал буюу сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдсон үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8 дахь хэсэгт заасныг шууд зөрчиж байгаа бөгөөд үүнийг зөвтгөх ямар ч үндэслэлгүй байна. Үүнээс гадна Өсумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/50 дугаартай захирамжийг Х.Тасхын өмгөөлөгчийн ярьж байгаачлан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт биш уг захирамжийг эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзээд хуульд заасан журмаар хүчингүй болгосон гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Тухайн захирамж нь ажилд томилсон, чиглэгдсэн этгээдэд эерэг нөлөөлөлтэй учраас эерэг нөлөө бүхий захиргааны акт гэж үзсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б нь тус шүүхэд анх Өсумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 111 дүгээр “Хуан овогтой Берденд сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг /хх 6 дугаар тал/ хүчингүй болгож, Өсумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулан, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Шүүхээс энэхүү хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүх хуралдааныг товлон зарласны дараа хариуцагчаас нэхэмжлэгч Бийг Өсумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилсон 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн захирамжийг хүчингүй болгосон тул нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “Өсумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/50 дугаар захирамжийг / 2 дугаар хавтас 26 тал/ хүчингүй болгуулах”-аар ихэсгэсэн болно.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч хэлэлцүүлгийн үед хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх талаар хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлээгүй гэж тайлбарласан боловч хариуцагч нь зөвхөн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан тайлбар гаргах, нотлох баримт цуглуулах үндэслэлээр шүүх хуралдааныг тодорхой бус хугацаагаар хойшлуулах хүсэлтийг бичгээр /2 дугаар хавтасын 40 дүгээр тал/ болон амаар гаргасан, энэ хүсэлтийг шүүгчийн 110/ШЗ2018/0110 захирамжаар шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэгчийг Өсумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлсний дараа гуравдагч этгээдийг уг албан тушаалд 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 112 дугаар захирамжаар /хх 58 дугаар тал/ түр орлон гүйцэтгэгчээр томилсон тул нэхэмжлэгчийн анхны томилгоог хүчингүй болгосон захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан гуравдагч этгээдээс тайлбар авах шаардлагагүй гэж үзсэн болно.
Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх харьяаллыг нарийвчлан тогтоосон ба хуулийн 39.1-д “энэ хуулийн 17.2, 19.2, 23, 25, 26 дугаар зүйлд заасан асуудлаар төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн өөрийнх нь гаргасан маргаан”-ыг төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ, 39.4-т “...Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 39.1-д заасан маргаантай холбогдсон асуудлаар гарсан маргаантай холбогдсон гомдлоо төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор гаргана” гэж тус тус заажээ.
Хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаар төрийн жинхэнэ албанаас халсан тухай гомдлоо нэхэмжлэгч аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гаргаж, хуулийн 39.4-т заасан урьдчилан шийдвэрлэх журмыг биелүүлсэн нь салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгч Б.Серикийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 45 дугаар албан бичгээр /хх 7 дугаар тал/ тогтоогдож байгаа тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “дээд шатны байгууллага буюу аймгийн Засаг даргад гомдол гаргасан асуудал байхгүй, гэтэл нэхэмжлэгч төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргаж нэг сарын хугацааг өнгөрүүлсэн асуудал байгаа бөгөөд үүнийг шүүх хэрэг үүсгэх явцад анхаарч үзээгүй “ гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг, мөн хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Хариуцагч Өсумын Засаг дарга нь уг маргаан бүхий захиргааны актаар / 2 дугаар хавтасын 26 дугаар хуудас/ Бийг 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Өсумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилсон захирамжийг “... төрийн албанд томилогдох болзол, журмыг зөрчиж хууль бусаар томилогдсон, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг тухай бүр хуульд заасан журмаар гаргаж өгөөгүй, 2015, 2016 оны төсвийг үргүй зарцуулсан, Төсвийн тухай хуулийг удаа дараа зөрчсөн нь аудитын газрын актаар тогтоогдсон” гэсэн үндэслэлээр хүчингүй болгожээ.
Ийнхүү хүчингүй болгохдоо уг захиргааны актад Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.4, Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7, 15.1.8, 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх хэсгийг тус тус баримталсан байна.
Нэхэмжлэгч маргаан бүхий албан тушаалд Өсумын Засаг даргын захирамжаар /хх 40 дүгээр тал/ 2014 оны 4 дүгээр сард түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2016 оны 4 дүгээр сард аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор /хх 45 дугаар тал/ уг албан тушаалд нэр дэвшигдэн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн захирамжаар томилогдсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.3-т заасан болзол, журмыг хангаж томилогдсон гэж үзлээ.
Мөн нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албад томилсон захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-т зааснаар эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт мөн, эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлийг хуулийн 48.2-т заасан, үүнээс хуулийн 48.2.1-т ”хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан”, 48.2.8-т “захиргааны актыг гаргахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авилга өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн” заасан тохиолдлууд тогтоогдоогүй байхад эрх бүхий албан тушаалтан хүчингүй болгосон нь үндэслэлгүй болжээ.
Тодруулбал, захиргааны эрх бүхий албан тушаалтан анх нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ алба хаах хуульд заасан болзол, журмыг хангасан гэж үзэн томилсон, нэхэмжлэгч 2 жилийн хугацаанд төрийн жинхэнэ алба хаах үүргээ хэрэгжүүлсэн, үүний төлөө төрөөс цалин хөлсөө авч, төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдсан, мөн хуульд зааснаар үр дүнгийн гэрээг байгуулж, үнэлүүлэн дүгнүүлсэн, улмаар албан үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчил гаргасан гэж хариуцагч өөрөө сахилгын шийтгэл ногдуулсан атлаа анхны томилгоо хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон нь хууль бус байна.
Түүнчлэн, маргаан бүхий захиргааны актын үндэслэх хэсэгт “... 2015, 2016 оны төсвийг үргүй зарцуулсан, Төсвийн тухай хуулийг удаа дараа зөрчсөн нь аудитын газрын актаар тогтоогдсон...” гэж тусгасан боловч хэрэв албан үүргээ хэрэгжүүлэх явцад ямар нэгэн зөрчил гаргасан нь тогтоогдсон нөхцөлд тэр зөрчилд нь тухайн үед сахилгын шийтгэл ногдуулах эрх хэмжээ, боломж захиргааны эрх бүхий албан тушаалтанд байсан тул 2 жилийн дараа зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр анхны томилсон захирамжийг хүчингүй болгосон нь буруу болжээ.
Мөн хариуцагчаас маргаан бүхий захиргааны актад үндэслэл болгосон Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйл нь албан тушаалтан нийтийн албанд томилогдсноос хойш уг хууль, тогтоомжийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг зохицуулсан зохицуулалт тул энэхүү зүйл, заалтыг баримтлан төрийн жинхэнэ албад томилсон томилгоог хүчингүй болгосон захиргааны акт нь өөрөө зорилгодоо нийцээгүй, утга агуулгын хувьд зөрчилдөөнтэй акт гэж үзэхээр байна.
Иймээс хуулийн дээрх үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт нь хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албад томилогдох, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан төрийн жинхэнэ алба хаах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэн хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Өсумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Бийг маргаан бүхий захиргааны актаар сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаалаас нь халахад хариуцагч Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7, 15.1.8, 26 дугаар зүйлийн 26.4, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.1, 70 дугаар зүйлийн 70.2, 70.3 дахь заалтыг тус тус баримталж, мөн үндэслэх хэсэгт Бийг алба хаах хугацаанд Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.8, 6.6.6., 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.5, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.4.2, 46 дугаар зүйлийн 46.3.2, 46.3.3, 46.4-ийг тус тус зөрчсөн нь аймгийн Санхүүгийн дотоод аудитын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дүгээр тоотоор тогтоогдсон гэж тусгажээ.
Хариуцагчаас гаргасан энэхүү маргаан бүхий захиргааны актын үндэслэл болон хариуцагчийн тайлбарт тусгасан нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил бүр нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчил мөн эсэх, хэрэв зөрчил мөн бол сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй эсэх, зөрчлийн хэр хэмжээ, шинж байдал нь түүнд ногдуулсан сахилгын шийтгэлд тохирсон эсэхэд тус тус шүүх дараах байдлаар дүгнэлт хийлээ. Үүнд:
2.1. Монгол улсын Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 6 хавсралтаар “Төрийн албан хаагчид шагнал, урамшуулал олгох тухай” журмыг баталсан, уг журмын 5 дахь хэсэгт “Төрийн байгууллагын захиргаа нь мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачилга гарган албан үүргээ тогтмол чанартай сайн биелүүлж, ажлын өндөр амжилт гаргасан, албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлж байгаа төрийн албан хаагчид улирлын ажлын нь үр дүнгээр албан тушаалын сарын цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал олгож болно...” гэж заажээ.
Нэхэмжлэгч Бийг Өсумын Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 184 дүгээр захирамжаар /хх 40 дүгээр тал/ маргаан бүхий албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилсон, уг албан тушаалыг хэрэгжүүлэх явцад буюу 2015 онд Өсум аймгийн хэмжээнд “Тэргүүний сум”-аар шалгарсантай холбогдуулан аймгийн Засаг дарга 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/77 дугаар захирамжийн / хх 97 дугаар тал/ 2 дахь заалтаар Өсумын Засаг даргын Тамгын газрын даргыг 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг гаргажээ.
Эрх бүхий төрийн захиргааны байгууллага буюу аймгийн Засаг даргаас мөнгөн урамшуулал олгохоор гаргасан шийдвэрийн дагуу 392.100 төгрөг олгогдсон нь журмын дээрх заалтад нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийг ажиллаад 2 сар болоогүй байхад дур мэдэн урамшуулал авсан гэж буруутгасан нь үндэслэлгүй байна.
2.2. Хариуцагчаас Бийг 2014 оны 10 дугаар сард түр орлон гүйцэтгэгчээр томилогдсоны дараа буюу ажиллаад нэг жил болоогүй байхад зэрэг дэвийн нэмэгдэл 20 хувийг авсан гэж буруутгажээ.
Улсын Их Хурлын 1995 оны 73 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам”-ыг баталсан ба уг журмын 10-т “ Төрийн захиргааны ажилд нарийн мэргэшин, онцгой үр бүтээлтэй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид энэ журмын 6 дугаар зүйлд заасан хугацаанаас өмнө зэрэг дэв олгож болох бөгөөд шаардлагатай гэж үзвэл зэрэг дэвийг алгасуулан олгож болно” гэж заасан, Бд аймгийн Засаг дарга 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/256 дугаар захирамжийн хавсралтаар /хх 38-39 тал/ уг 73 дугаар тогтоолыг үндэслэж өөрийн бүрэн эрхийн хүрээнд зэрэг дэв ахиулан олгосон нь Төрийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасантай нийцсэн бөгөөд үүнийг Бий гаргасан зөрчил гэж үзэх боломжгүй байна.
2.3. Өсумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаар тушаалаар /хх 239 дүгээр тал/ сумын Засаг даргын Тамгын газрын төсвийн хэмнэлттэй хэсгээс Өсумын 75 жилийн ойн арга хэмжээг өнгөрүүлэхэд идэвхи, санаачилга гаргаж хариуцсан ажлаа зүй ёсоор хийж гүйцэтгэсэн төрийн албан хаагчдад урамшуулал олгохоор шийдвэрлэжээ.
Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3.2-т “байгууллагын хамт олон, ажилтныг ажлын үр дүнг харгалзан урамшуулах”, 46.4-т “ энэ хуулийн 46.3.2, 46.3.3-т заасан урамшууллыг хувиарлах асуудлыг байгууллагын нийт ажилтныг оролцуулсан хамт олны хурлаар хэлэлцэн, шийдвэрлэх бөгөөд хамт олны хурлын тэмдэглэл болон шийдвэрийг үндэслэн тухайн шатны төрийн сан зарцуулах эрх олгоно” гэж тус тус заажээ.
Байгууллагын ажилчдын урамшуулллыг хувиарлах асуудлыг хамт олны хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хуулийн 46.4-т заасан журмыг нэхэмжлэгч Б зөрчиж дээрх тушаалыг гаргасан гэж үзэхээр байна.
2.4. Нэхэмжлэгч Б нь 2012 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Өсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон, төлөөлөгч байх хугацаанд буюу 2014 оны 10 сард маргаан бүхий албан тушаалд түр томилогдсон, 2016 оны 04 дүгээр сард жинхлэн томилогдсон, энэ хугацаанд түүнийг төлөөлөгчөөс чөлөөлөөгүй болох нь хэрэгт авагдсан түүний төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар тогтоол, хуралдааны тэмдэглэл /хх 185-190 дүгээр тал/, гэрч Д.Сарагийн мэдүүлэг /2 дугаар хавтасын 23 дугаар тал/ зэргээр тогтоогдож байгаа ба энэ нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-т заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
Гэвч 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр түүний төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, энэхүү зөрчил арилсны дараа энэ зөрчлийг үндэслэл болгож түүнийг ажлаас халсан нь буруу болжээ.
2.5.Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.15-т “ аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргын Тамгын газрын төсвийн шууд захирагч байна”, төсвийн шууд захирагчийн төсвийн талаарх бүрэн эрхийг хуулийн 16.5.2-т “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад хяналт тавих”, 16.5.3-т “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажилчдын цалин хөлсийг тогтоох”, “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэж тус тус заасан.
Хариуцагчийн үндэслэл болгосон “... 2015 оны 4 сараас 1 орон тоонд 2 жолооч ажиллуулснаас цалингийн сан хүрэлцэхгүйд хүрч түлш халаалтын зардлаас цалинг олгож байсан, утас ярианы төлбөрт 140.000 төгрөгийг лимит болгон авч байсан, сумын Засаг дарга Ө.Хабайд урьдчилгаа олгосон бөгөөд жилийн эцэст суутгаагүй өртэй гарсан, Хятад улсаас ирсэн зочдыг хүлээн авах үйл ажиллагаанд 1.460.000 төгрөгийг анхан шатны баримт дутуу бүрдүүлж замбараагүй зарцуулсан” гэх зөрчил тус бүр нь аймгийн Санхүүгийн хяналт, аудитын газрын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дүгээр “Өсумын Засаг даргын Тамгын газрын 2015, 2016 оны санхүүгийн баримтад хийсэн шалгалтын танилцуулга”, /хх 102-110 дугаар тал/, Ө.Хабайд төлбөрийн акт тогтоосон санхүү, хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 39 дүгээр акт /хх 113 дугаар тал/, Ө.Хабай нь төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төлснийг нотлох төлбөрийн акт /хх 40 дүгээр тал/ , Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 71 дүгээр тогтоол /хх 37-39 дүгээр тал/, гэрч Х.Тилекбердийн мэдүүлгээр тус тус тогтоогджээ.
Энэхүү зөрчлүүдээс үзэхэд нэхэмжлэгчийг төсвийн шууд захирагчийн хувьд хуульд заасан төсвийн зарцуулалтад хяналт тавих, батлагдсан орон тооны хязгаарт багтаан орон тоо, ажилчдын цалин хөлсийг тогтоох, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах зэрэг бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэхдээ нэхэмжлэгчийн гаргасан Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.15, 16.5.3, 16.5.5-д заасныг зөрчсөн дээрх зөрчлүүд болон хуульд заасан журмыг зөрчиж ажилтнуудад урамшуулал олгосон, мөн төрийн жинэхэн алба хааж байх хугацаанд сумын иргэдийн Төлөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр ажиллаж байсан гэж зөрчлүүд нь 2015 оны үйл баримтууд бөгөөд энэ зөрчлүүдийг үндэслэл болгож сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн үйлдэл нь хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан “сахилгын шийтгэлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзлээ.
2.6. 2016 оны жилийн эцэст сумын Засаг даргын Тамгын газрын бензин шатахууны зарцуулалт 2.991.0 /хоёр сая есөн зуун ерөн нэгэн мянган/ төгрөгний өртэй гарсан нь шалгалтын танилцуулга, гэрч Өсумын санхүүгийн албаны дарга Х.Тилекберди, Ш.Ауесхан нарын мэдүүлгээр /хх 197-201 дэх тал/ тус тус тогтоогдож байгаа ба нэхэмжлэгч үүнийг үгүйсгээгүй байна.
Бензин шатахууны зардал батлагдсан төсвөөс хэтэрч жилийн эцсээр өртэй гарсан нь 2016 оны 7 дугаар сард Өсумын төвд аадар бороо орж, их хэмжээний үер бууж, үерт автагдсан Өсумын олон айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажилд Тамгын газрын ажилтнуудыг дайчлан ажиллуулж, тээврийн хэрэгслийг ашигласантай холбоотой болох нь хэрэгт авагдсан Өсумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 158 дугаар “Мэргэжлийн ангийг байнгын бэлэн байдалд ажиллуулах тухай”, 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 156/В дугаартай “Хүн хүч, тээврийн хэрэгслийг дайчилах тухай” захирамжууд /хх 158-162, 169 дүгээр тал/ , сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн бензин, шатахуунд гаргасан зардлын хэмжээг тодорхойлсон 3/408 дугаар албан бичиг /хх 171 дүгээр хуудас/, жолооч З.Тилекийн тайлан /хх 172 дугаар тал/, захирамж, үер, усны дуудлагын хуудас /хх 165-167 дугаар тал/ зэргээр тогтоогдож байгаа бөгөөд байгалийн гамшгаас үүдсэн тухайн жилийн бензин шатахууны төсөв хэтэрсэн үйл баримтад нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна.
Харин Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар “... нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бусад баримт бичиг, мэдээ, мэдээллийг тогтоосон хугацаанд шаардан гаргуулах…” бүрэн эрх нь байгууллагын ерөнхий нягтлан бодогчид хамааралтай тул бензин шатахууны зарцуулалтын анхан шатны баримтуудыг жолооч нараас дутуу бүрдүүлсэн гэх асуудалд нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь мөн хууль бус байна.
2.7. Хариуцагч нь нэхэмжлэгч Бийг Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Ш.Ауесханд 2016 оны жилийн эцэс буюу 12 дугаар сард 1.500.000 төгрөгний урьдчилгааг олгож, тухайн жилд цалингаас суутгаж авалгүй өр төлбөртэй үлдээсэн нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5-т заасныг зөрчсөн гэж маргасан, энэ үйл баримт нь хэрэгт авагдсан шалгалтын танилцуулга, гэрч Ш.Ауесханы мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдсон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т “... Ажилтны хүсэлтээр цалин хөлсийг урьдчилан олгож болно” гэж , мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5- т зааснаар “... дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах” нь мөн ерөнхий нягтлан бодогчийн бүрэн эрхэд хамаарахаар тус тус заажээ.
Урьдчилгаа олгосонд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй боловч зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтны болон төсвийн шууд захирагчийн хувьд уг урьдчилгааг тухайн жилд эргүүлэн төлсөн эсэхэд, өр, авлагатай эсэхэд тус тус хяналт тавьж, төлүүлэх арга хэмжээ авах бүрэн эрхийг хуулиар олгосон байхад уг эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй, гэхдээ энэхүү зөрчлийн хэр хэмжээ, шинж байдал нь хуулийн 26.1.3-т заасан ажлаас халах хүртэлх сахилгын шийтгэл ногдуулах зөрчил биш гэж дүгнэлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Бд маргаан бүхий захиргааны актаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус, хариуцагч үйл ажиллагаандаа Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан “...хууль дээдлэх” үндсэн зарчмыг баримтлаагүй, үүний улмаас хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасан “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” нэхэмжлэгчийн хуульд заасан нэмэгдэл баталгаа зөрчигдсөн тул хүчингүй болгож, түүнийг Өсумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан 10 сар, 12 хоногийн нөхөн олговор 9.629.840 төгрөгийг Өсумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1,106.3.4,106.3.7,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.2, 26 дугаар зүйлийн 26.4, 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Өсумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 111 дүгээр захирамж, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/50 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, Бийг Өсумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 9.629.840 /есөн сая зургаан зуун хорин есөн мянга найман зуун дөчин/ төгрөгийг Өсумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША