Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2021/0461

 

 

 

 

 

 

 

“Э г” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, хариуцагч М.Ц нарыг оролцуулан Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гийн давж заалдах гомдлоор, “Э г” ХХК-ийн гомдолтой, Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Ц, Г.Г, Хяналт шалгалтын тасгийн дарга, татварын улсын ахлах байцаагч Б.Ц нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр:

“1.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, 6.1 дүгээр зүйлийн 1.1.1, 2.2.3, 6.6 дугаар зүйлийн 1.1.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1.1, 1.1.2, Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг тус тус баримтлан “Орхон аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч М.Ц, Г.Г нарын хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл үйлдэж, хяналт шалгалтын тасгийн даргаар хянуулан баталгаажуулсан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0305014 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” тухай “Э г” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-д заасныг тус тус баримтлан “Орхон аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0305014 дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулсан 34.706.334.70 төгрөгийн торгууль, 23.137.556.40 төгрөгийн алданги, нийт 57.843.891.10 төгрөг төлөх хариуцлагаас “Э г” ХХК-ийг өршөөн хэлтрүүлж” шийдвэрлэжээ.

Хоёр. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь үндэслэлгүй болох тухайд:

Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах болсон шалтгаан нь Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/102 дугаартай удирдамж юм. Уг удирдамжийн дагуу 2019 онд Орхон аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч нар огт үндэслэлгүйгээр  “Э г” ХХК-д татварын хяналт шалгалт хийсэн байдаг. Учир нь тус удирдамжид татварын улсын байцаагч нарыг “А н” ХХК-ийн санхүү тайланг шалгах зөвшөөрөлгүй байсан, мөн 2014 оноос хойш 5 жилийн дараа эрх бүхий байгууллагаас хариуцагч нарт хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх эрхийг олгоогүй байхад анхан шатны шүүх үүнийг олгосон /гомдол гаргагч компанид чиглэсэн/ гэх агуулгаар дүгнэж гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийн зорилго нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг багасгах, нотлох баримт цуглуулахгүйгээр шийтгэл ногдуулах асуудлыг шийдэх арга бөгөөд зөрчил гаргасан эсэхийг нотлох баримтад үндэслэхгүйгээр шийдвэрлэж буй эрх бүхий албан тушаалтны шийдвэр юм. Харин уг шийдвэрийг эс зөвшөөрсөн тал  дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргах эрхтэй байдаг.

Тодруулбал, уг зөрчлийг “Э г” ХХК санаатайгаар гаргасан эсэх, мөн “А н” ХХК нь Төв аймгийн Татварын хэлтэст “Э г” ХХК-тай холбоотой 14 удаагийн борлуулалтын талаарх тайланг хэрхэн тайлагнасан эсэх, мөн Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр татварын өр төлөхөөр шийдвэр гарсан эсэхийг эрх бүхий албан тушаалтан нотлох баримтаар тогтоосны үндсэн дээр манай компанийг зөрчил гаргасан эсэхэд дүгнэлт хийх ёстой байсан.

Түүнчлэн анхан шатны шүүх дээрхийн адил Төв аймгийн Татварын хэлтсийн даргын хүргүүлсэн албан бичиг, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5/207 дугаартай тогтоол /хүчингүй болсон/-д үндэслэн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсныг зөвтгөж байгаа нь үндэслэлгүй байна.

2. “А н” ХХК 2014, 2015 онд НӨАТ-ын падаанд хий бичилт хийгээгүй, борлуулалтаа хийсэн тухай тайлангаа гаргасан, уг тайланг үндэслэн Төв аймгийн Татварын хэлтэс Иргэний хэргийн шүүхэд хандаж, улмаар татварын өр гаргуулахаар шийдвэрлэсэн байхад “Э г” ХХК-иас дахин НӨАТ авахаар шаардаж буй улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг үндэслэлтэй гэж дүгнэж буй анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл муутай байна.

Тодруулбал татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгдэх боломжгүй, санаатайгаар үйлдэгддэг. Гэтэл уг асуудлыг дүгнэсэн Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дугаартай тогтоолыг анхан шатны шүүх үнэлээгүй атлаа уг хэрэгт хамааралгүй, Төв аймгийн Прокурорын газрын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг үнэлж улмаар тус тогтоолд заагаагүй үйл баримтыг таамаглан дүгнэж “Э г” ХХК-ийн гаргасан гомдлыг няцааж байгаа мэтээр дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна.

Нөгөө талаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр “А н” ХХК-ийг 2014-2015 оны хооронд хий бичилт хийснийг тогтоогоогүй, “Э г” ХХК-ийг 2014-2015 оны хооронд хий бичилттэй падаанаар татвар төлөхөөс зайлсхийснийг шалган тогтоогоогүй, түүнчлэн зөрчлийн хэрэг бүртгэлт хийгдээгүй байхад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг үнэлж “Э г” ХХК-ийг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

3. Нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй тухайд:

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тус хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт авагдсан “А н” ХХК-ийн захирал Дашдуламын мэдүүлэг, “А н” ХХК-ийн татварын тайлан, Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дугаартай тогтоол, “Э г” ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтууд зэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу тал бүрээс нь үнэлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхийг бичигдээгүй гэж үзэж байна.   

Учир нь гэрч Дашдуламаас хууль сануулж авсан мэдүүлэгт “Э г” ХХК-д хий бичилттэй падаан өгөөгүй, худалдан авалт хийснийх нь дагуу НӨАТ-ын падаан өгсөн” тухай тодорхой бичигдсэн байдаг.

Гэтэл анхан шатны шүүх дээрх гэрчийн мэдүүлэг болон хий бичилттэй холбоотой падаан зэргийг ямар шалтгааны улмаас хуурамч нотлох баримт болохыг тодорхой дурдаагүй, дүгнээгүй атлаа гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгааг ойлгохгүй байна.

Мөн анхан шатны шүүх гомдол гаргагчийн шүүхэд гаргасан гомдолд дурдсан шаардлагуудыг зарим хэсгийн шийдвэрлэж, үлдсэн хэсгийн шийдвэрлэлгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүх анхаарна уу.

Иймээс “Э г” ХХК-ийн гомдолтой Орхон аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч М.Ц, Г.Г, тасгийн дарга Б.Ц нарт холбогдох гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, гомдлыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Э г” ХХК-ийн 2014 онд “А н” ХХК-иас 14 ширхэг НӨАТ-ын падаан бүхий нийтдээ 1.156.877.822 төгрөгийн барилгын бараа материал худалдан авсныг нотлох санхүүгийн анхан шатны баримт болох кассын орлогын ордер, зарлагын баримтууд нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3, мөн хуулийн /шинэчилсэн найруулга/ 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасан шаардлагыг хангахгүй, өөрөөр хэлбэл НӨАТ-тай худалдан авалт хийсэн гэдэг нь тогтоогдохгүй байх тул шийтгэлийн хуудсаар 115.687.783 төгрөгийн нөхөн татвар оногдуулсан нь дээрх хуульд нийцсэн төдийгүй гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Тухайлбал Орхон аймгийн прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” 5/207 дугаар тогтоол, мөн 2020 оны 4 дүгээр сарын 27-ний өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 133 дугаар тогтоолд “Э г” ХХК-ийн захирал М.Жаргалсайханы “…2014 онд Улаанбаатар хотын 100 айлын барилгын материалын Барилгачин дэлгүүрийн замын эсрэг талын дэлгүүрээс орон сууцны бараа материал худалдан авсан, тухайн үед НӨАТ-тай зарж байгаа, дараа нь утсаар ярихад явуулаад байна гэсэн. Ингээд зунжин, намаржин уг дэлгүүр лүү залгаад бараа материал авсан, 2014 оны сүүлээр таксигаар НӨАТ-ын тамга, тэмдэгтэй падаан ирсэн.  Падааныг тайландаа тусгасан, компанийг мэдэхгүй…” гэсэн мэдүүлгүүд тус тус тусгагдсан,

-мөн М.Жаргалсайхан холбогдогчоор өгсөн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн мэдүүлэгтээ “…барилгын материал, ган хоолойнуудыг тус компаниас авсан. Хотын 100 айл барилгын материалын захаас НӨАТ-тай барааг гэрээ байгуулж байнга авч байсан, заримдаа зээлээр, заримдаа бэлэн мөнгөөр, мөн заримдаа хувь хүний данс руу төлбөрийг шилжүүлдэг байсан…”,

-2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн мэдүүлэгтээ “…бараа материалын захиалга өгөөд төлбөрийг бэлнээр болон дансаар өгч байсан, өөрийнхөө Хаан банкны 5091277651 тоот данснаас төлбөрийг шилжүүлж байсан…” гэх боловч хэрэгт авагдсан уг дансны 2014.09.29-11.20 хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулганд барилгын бараа материалын худалдан авалтын төлбөрийн ямар ч гүйлгээ тусгагдаагүй,

-Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэргийг шалгах явцад М.Жаргалсайхан гэрчээр өгсөн 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн мэдүүлэгтээ “…“А н” ХХК-ийг хаана, ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг болохыг мэдэхгүй, Ганболд гэдэг хүнээс НӨАТ-ийн падааныг авч байсан, энэ хүнийг одоо хаана байгааг мэдэхгүй, анх труба зарах зараар л холбогдож байсан…” гэжээ.

 Эдгээрээс дүгнэхэд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д зааснаар зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлага үүсээгүй байх тул хялбаршуулсан журмаар шийтгэлийн хуудас үйлдсэнийг буруутгах үндэслэлгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс шаардсан санхүүгийн тайлан, хяналт шалгалт хийсэн баримтуудыг татварын хэлтсээс буцааж өгөөгүй гэх тайлбарыг “Э г” ХХК-иас гаргах боловч тэрхүү баримт нь тус компанийн 2014 оны Нэмэгдсэн өртгийн албан татвар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын цахимаар ирүүлсэн тайлан байсан болохыг Орхон аймгийн татварын хэлтсийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 01/45 дугаар албан бичигт тодорхой дурдсан, гэтэл үүнээс илүү хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтууд нь “А н” ХХК-иас 1.156.877.822 төгрөгөөр худалдан авсан гэх барилгын бараа материалын үнэнд НӨАТ шингэсэн болохыг нотлох баримтууд байх ёстой.

Нэг тэрбум гаруй төгрөгийн худалдан авалтыг дээрх компанитай хийсэн гэдэг ч зарлагын баримтуудаас үзэхэд дийлэнхэд нь арматур төмөр, катанг худалдан авсан, гэвч үүнийг 100 айлын барилгын материалын дэлгүүрээс худалдаж авсан гэдэг нь үнэмшилгүй бөгөөд үндэслэлгүй, мөн Орхон аймгаас 2014 оны зунжин, намаржин уг дэлгүүр лүү залгаад бараа материал авч байсан гэх атлаа төлбөр тооцоог дандаа бэлнээр хийсэн мэтээр баримт бүрдүүлсэн зэргээс үзэхэд НӨАТ-ын хий бичилттэй падаан ашиглаж, төсөвт төлөх татвараас зайлсхийсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдож байна.

Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 82/51 тоот хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын 1-д “Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гэдэг нь борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичиг мөн”, 4-т “Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн этгээдийн төсөвт төлөх болон бэлтгэн нийлүүлэгчид төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтыг тодорхойлж, тайлан гаргах үндэслэл болдог бөгөөд падааны бүрдэлт үнэн зөвийг түүнийг олгосон, хүлээн авсан татвар төлөгч хариуцна” гэж тодорхойлжээ.

НӨАТ-ын падаан хэлбэрийн хувьд хуурамч биш, гагцхүү уг падаанаар тодорхойлогдох худалдан авалт хуурамч байна гэж хариуцагчаас дүгнэсэн, үндсэндээ НӨАТ-тай худалдан авалтын бодитой эсэхийг худалдан авагч тал нотлох үүрэгтэй болохыг ч дээрх журамд заасан байна. Гэтэл нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн гэх худалдан авалтын бодитой болохыг хэрэгт авагдсан санхүүгийн анхан шатны шаардлага хангахгүй баримтууд болон НӨАТ-ын падаанаар нотлох гэж буй “Э г” ХХК-ийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Харин шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн өмнө Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгох шаардлагагүй болохыг тэмдэглээд, хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 18 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, 6.1 дүгээр зүйлийн 1.1.1, 2.2.3, 6.6 дугаар зүйлийн 1.1.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1.1, 1.1.2, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 14 дүгээр зүйлийн 14.3-т …” гэснийг “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 14 дүгээр зүйлийн 14.5, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, “Э г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН