Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 956

 

 

 

 

 

 

 

  2020        05          22                                       2020/ШЦТ/956

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

Хохирогчийн өмгөөлөгч М.Энхжаргал /ҮД:0368/,

Шүүгдэгч У.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Нд холбогдох 1906 03304 0947 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1989 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн захиргаа удирдлагын мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, Найрамдал гудамжны 1 дүгээр байрны 6 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дүгаар хороо, 75 дугаар байрны 80 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ш овогт Уийн Н /РД:/,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

У.Н нь 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 75 дугаар байрны 100 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч иргэн Ж.Одмааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Нгийн өгсөн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Одмаагийн өгсөн: “... энэ үед би Нг “худлаа ярьдаг” гэж найз нарт нь хэлсэн. Гэтэл Н “чи муу юу гэж хуцаад байгаа юм бэ? чи муу давраад байгаарай” гээд намайг хоёр удаа цохисон. Энэ үед Баярмаа, Очироо нар дэргэд байсан. Баярмаа, Очироо нар “болиоч” гэсэн чинь больсон. Хажуугийн ширээний нэг танихгүй залуу ирж намайг өмөөрч Н руу дайрсан боловч Очироо салгасан. Би тэндээс гарч такси бариад гэр лүүгээ явсан. Гэрийнхээ гадаа ирээд гэртээ орох гэтэл Н араас такси бариад ирсэн. Тэгсэнээ надаас таксины мөнгө нэхсэн, би таксины мөнгийг нь өгсөн. Гэтэл орцонд ороод “чи муу давраад байгаарай” гээд миний амыг таглаж багалзуурдан шатны уруу чирсэн. Гэтэл 8 давхарын нэг залуу гарч ирээд чи болиоч гэсэн. Н “зүгээрээ хөгшөөн, бид хоёр учраа олчихно” гэсэн. Тэгэхээр нь би “жижүүр ахыг дуудаад өгөөч” гэсэн. Тэрний дараа дахин намайг булан руу чирээд эхэлсэн. Энэ үед орцны жижүүр ах, 8 давхарын залуу хоёр гарч ирээд, би “болиоч” гэсэн больчихсон... Н араас орж ирсэн, тэгээд Н намайг охины минь дэргэд зодож эхэлсэн. Н намайг зодож байхдаа “энэ бол юу ч биш, зүгээр эхлэл нь шүү, новш битгий давраад байгаарай” гэж байсан. Охин намайг хамгаалах гээд чадахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх.18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Баярмаагийн өгсөн: “... Н уурлаад “чи муу пизда минь, дуугуй байгаач, ярих ярихгүй юмаа ярилаа, энэ хоёрт тэр асуудал ямар хамаатай юм бэ” гэсэн, тэгээд маргаан эхэлсэн. Н Одмааг хоёр удаа цохисон... маргааш нь Одмаа над руу залгаад “өчигдөр Н араас ирээд байрны давхарт намайг зодсон, мөн гэрт орж ирээд зодсон, бие тэр чигээрээ хөхөрчихсөн, зургаа утсан дээрээ авчихсан, Баянзүрх дүүргийн цагдаад өргөдөл гаргаж өгч байна” гэсэн утгатай зүйл ярьсан...” гэх мэдүүлэг /хх.21-22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Ган-Очирын өгсөн: “... тэгсэн Н сууж байхдаа Одмаагийн мөр лүү нэг удаа, цээж рүү нь нэг удаа цохисон... ер нь эмэгтэй хүн гэхэд эрэгтэй хүн цохиж байгаа юм шиг маш хүчтэй цохиод байсан... өмнө нь нэг удаа уулзаж байсан, тэр өдөр бол нилээд ширүүн харьцаж байсан, бид нарын хажууд цохиод байсан юм чинь гэртээ бол зодож цохисон л байх. Маргааш нь манай эхнэр лүү Одмаа уйлаад залгасан байсан. Одмааг явсаны дараа араас нь такси барьж очоод гэрт нь зодсон, цагдаад өргөдөл өгөх гэж байгаа талаараа ярьсан...” гэх мэдүүлэг /хх.23-24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Н.Маралмичидийн өгсөн: “... онгойлгосон чинь ээж байсан, яг аль талынх нь хацар гэдгийг мэдэхгүй байна, улайчихсан орж ирсэн, мөн араас нь У.Н ах орж ирсэн. Юу болсон талаар асуусан чинь “У.Н орцонд намайг чирсэн, зодсон” гэж ярьсан. Мөн ээжийн хувцас шороо болчихсон байдалтай байсан, ээжийн хувцасыг нь тайлж өгсөн. Тэгээд дахиад “юу болсон юм бэ” гэсэн чинь “ээжийг нь орцонд нүүр лүү алгадсан, зодсон” гэж хэлсэн... ширээн дээр байсан ус буцалгагч аваад ээж рүү шидсэн чинь баруун хөлний шагай хэсгийг нь оносон, газар суулгаж байгаад толгойг дагзаар нь хана руу савсан, яг хэдэн удаа савсан гэдгийг нь мэдэхгүй байна, нилээд удаан савсан. Тэгээд ээжийг ор луу өргөс хийгээд шидсэн, гараараа гэдэс рүү нь элэгдээд байсан, нилээд хэдэн удаа цохисон, ээж хоёр гараа толгойндоо бариад “боль л доо” гэсэн чинь дахин толгойг нь ханатай савсан, би ээжийг хамгаалаад урдуур нь орсон чинь намайг “холдооч” гээд хойшоо түлхэж холдуулсан... ээжийн үснээс чирээд газар буулгасан, хоёр хөлөөр нь газар сөхрүүлчихсэн, нүүр лүү нь харж байгаад “чи одоо юу гээд байгаа юм, хүний хажууд” гээд элдэв янзын хараалын үг хэлээд байсан... гутлаараа хөлийн шагай руу нь өшиглөөд байсан, би ээжийг тэвэрчихсэн байсан учраас бид хоёрыг ханатай хамт хавсраад байсан, “чи муу, ямар овоо юм бэ” гээд гарын булчин хэсэг рүү нь дахин цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх.25-26/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх.45/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Бадралын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 6738 дугаар:

“1. Ж.Одмаагийн биед зүүн нүдний дээд зовхи, баруун бугалга, цээж, хоёр бугалга, баруун шуу, зүүн сарвуу, баруун гуя, ташаанд цус хуралт, баруун шагайнд үений гадна хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.29/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

У.Н нь 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 75 дугаар байрны 100 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч иргэн Ж.Одмааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Одмаагийн өгсөн: “... Н “чи муу юу гэж хуцаад байгаа юм бэ? чи муу давраад байгаарай” гэж намайг хоёр удаа цохисон... Гэтэл орцонд орж “чи муу давраад байгаарай” гэж миний амыг таглан багалзуурдаад шатны уруу чирсэн... Н араас орж ирсэн, тэгээд намайг охины минь дэргэд зодож эхэлсэн. Н намайг зодож байхдаа “энэ бол юу ч биш, зүгээр эхлэл нь шүү, новш битгий давраад байгаарай” гэж байсан...” гэх мэдүүлэг /хх.18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Баярмаагийн өгсөн: “... Н Одмааг хоёр удаа цохисон... маргааш нь Одмаа над руу залгаад “өчигдөр Н араас ирээд байрны давхарт намайг зодсон, мөн гэрт орж ирээд зодсон, бие тэр чигээрээ хөхөрчихсөн, зургаа утсан дээрээ авчихсан, Баянзүрх дүүргийн цагдаад өргөдөл гаргаж өгч байна” гэсэн утгатай зүйл ярьсан...” гэх мэдүүлэг /хх.21-22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Ган-Очирын өгсөн: “... Н сууж байхдаа Одмаагийн мөр лүү нэг удаа, цээж рүү нь нэг удаа цохисон... ер нь эмэгтэй хүн гэхэд эрэгтэй хүн цохиж байгаа юм шиг маш хүчтэй цохиод байсан... Маргааш нь манай эхнэр лүү Одмаа уйлаад залгасан байсан, Одмааг явсаны дараа араас нь такси барьж очоод гэрт нь зодсон, цагдаад өргөдөл өгөх гэж байгаа талаараа ярьсан...” гэх мэдүүлэг /хх.23-24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Н.Маралмичидийн өгсөн: “... онгойлгосон чинь ээж байсан, яг аль талынх нь хацар гэдгийг мэдэхгүй байна, улайчихсан орж ирсэн, мөн араас нь У.Н ах орж ирсэн. Юу болсон талаар асуусан чинь “У.Н орцонд намайг чирсэн, зодсон” гэж ярьсан. Мөн ээжийн хувцас шороо болчихсон байдалтай байсан... Тэгээд дахиад юу болсон юм бэ гэсэн чинь “ээжийг нь орцонд нүүр лүү алгадсан, зодсон” гэж хэлсэн... ширээн дээр байсан ус буцалгагч аваад ээж рүү шидсэн чинь баруун хөлний шагай хэсгийг нь оносон, газар суулгаж байгаад толгойг дагзаар нь хана руу савсан, яг хэдэн удаа савсан гэдгийг нь мэдэхгүй байна, нилээд удаан савсан. Тэгээд ээжийг ор луу өргөс хийгээд шидсэн, гараараа гэдэс рүү нь элэгдээд байсан, нилээд хэдэн удаа цохисон, ээж хоёр гараа толгойндоо бариад “боль л доо” гэсэн чинь дахин толгойг нь ханатай савсан... ээжийн үснээс чирээд газар буулгасан, хоёр хөлөөр нь газар сөхрүүлчихсэн, нүүр лүү нь харж байгаад “чи одоо юу гээд байгаа юм, хүний хажууд” гэж элдэв янзын хараалын үг хэлээд байсан... гутлаараа хөлийн шагай руу нь өшиглөөд байсан, би ээжийг тэвэрчихсэн байсан учраас бид хоёрыг ханатай хамт хавсраад байсан, “чи муу, ямар овоо юм бэ” гээд гарын булчин хэсэг рүү нь дахин цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх.25-26/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх.45/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Бадралын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 6738 дугаар:

“1. Ж.Одмаагийн биед зүүн нүдний дээд зовхи, баруун бугалга, цээж, хоёр бугалга, баруун шуу, зүүн сарвуу, баруун гуя, ташаанд цус хуралт, баруун шагайнд үений гадна хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.29/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Нгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт У.Нг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

У.Нгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Хохирогч Ж.Одмаа нь баримтаар хохирол нэхэмжлээгүй боловч энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч У.Нгаас жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

У.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ У.Нгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

У.Нд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.

Шүүгдэгч У.Нд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

У.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Ш овогт Уийн Нг “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Нд 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, У.Нд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг У.Нд сануулсугай.

5. У.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Хохирогч Ж.Одмаа нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч У.Нгаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, У.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР