Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 00586

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1957 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багт оршин суух, Наран овогт Жамсранжавын Эрдэнэбаяр /РД:ГЙ57011617/-ын нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00615/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Миний бие Тэшиг суманд 1957 онд төрсөн. Булган аймгийн Тэшиг сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1980, 1981 онд хянан байцаах комиссын дарга, Булган аймгийн ХЗЭ-ийн хорооны харъяа Могод сумын ХЗЭ-ийн хороонд 1982 онд нарийн бичгийн даргаар, Тэшиг сумын хүн эмнэлэгт 1983 онд няраваар, Тэшиг сумын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргаанд 1984-1989 онуудад зааварлагчаар ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн. Иймд 1980-1989 онуудад дээрх газарт ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Би баг насны хүүхдүүдтэй тул холоос дахин ирэх боломжгүй байна. Иймд хэргийг миний эзгүйд яаралтай шийдвэрлэж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй ба тэрээр Булган аймгийн Тэшиг сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1980 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хянан байцаах комиссын даргаар, Булган аймгийн ХЗЭ-ийн хорооны харъяа Могод сумын ХЗЭ-ийн хороонд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нарийн бичгийн даргаар, Тэшиг сумын хүн эмнэлэгт 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал няраваар, Тэшиг сумын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргаанд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зааварлагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ж.Эрдэнэбаярын нэхэмжлэлийн шаардлага нь цалингийн түүвэр бүхий Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 04 дугаартай лавлагаа, 1981 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №458816 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, тухайн үед түүнтэй хамт ажиллаж байсан гэрч М.Цэрэндугарын.. Би Булган аймгийн Тэшиг сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1980 онд нягтлан бодогчоор ажилд ороход Ж.Эрдэнэбаяр нь тус нэгдэлд хянан байцаагчаар ажиллаж байсан. 1982 онд Ж.Эрдэнэбаяр нь Булган аймгийн Могод сумын Үйлдвэрчний хорооны даргаар томилогдон ажилласан. 1983 онд Тэшиг сумын Хүн эмнэлэгт няраваар шилжин ирж ажилласан. 1984-1989 он хүртэл тус сумын Захиргаанд зааварлагчаар ажиллаж байсан. Би 1980-1989 онд Ж.Эрдэнэбаярыг ажиллаж байсныг мэднэ гэх.. мэдүүлэг, гэрч И.Нямдоржийн... Би Булган аймгийн Тэшиг сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1973 онд малчнаар ажилд орсон. Ж.Эрдэнэбаяр 1980 онд байхаа тус нэгдэлд хянан байцаагчаар ажилд орсон. 1982 онд Ж.Эрдэнэбаяр нь Булган аймгийн Могод сумын Үйлдвэрчний хорооны даргаар томилогдон ажилласан. 1983 онд Тэшиг суманд Хүн эмнэлэгт няраваар шилжин ирж ажилласан. 1984-1989 он хүртэл тус сумын Захиргаанд зааварлагчаар ажиллаж байсан. Би 1980-1989 он хүртэл Ж.Эрдэнэбаярыг ажиллаж байсныг мэднэ гэх... мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Наран овогт Жамсранжавын Эрдэнэбаярыг Булган аймгийн Тэшиг сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1980 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хянан байцаах комиссын даргаар, Булган аймгийн ХЗЭ-ийн хорооны харъяа Могод сумын ХЗЭ-ийн хороонд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нарийн бичгийн даргаар, Тэшиг сумын Хүн эмнэлэгт 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал няраваар, Тэшиг сумын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргаанд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зааварлагчаар нийт 09 /есөн/ жил 5 /таван/ сар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН