| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00362/И |
| Дугаар | 00587 |
| Огноо | 2016-11-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 00587
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт байрлах Булган аймаг дахь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1980 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн 11-2-16 тоотод оршин суух, Шаргалжуут овогт Гонгорын Дуламсүрэн /РД:ГМ80120701/-д холбогдох,
1546000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00362/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттунгалаг, түүний өмгөөлөгч Д.Дарьбазар, хариуцагч Г.Дуламсүрэн, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Булган аймаг дахь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус хэлтсийн даргаар ажиллаж байсан Ц.Баярмаагийн санаачилгаар 2013 онд байгууллагын ажилчдын цалингаас сар бүр 10000 төгрөг авч хуримтлалын сан байгуулсан. Хуримтлалын сангийн журмыг Г.Дуламсүрэн боловсруулж хуримтлалын санг хариуцсан ажилтанаар томилогдон ажилласан ба 2015 оны 05 дугаар сар хүртэл хуримтлалын сангийн зарцуулалтын тайланг огт тайлагнаж байгаагүй тул хамт олон шаардахад хүлээж авахгүй үл тоомсорлосон байдал гаргасан. 2015 оны 03 дугаар сард тайлан тавихдаа зарлагын баримтгүй журманд заагаагүй заалтаар мөнгө гаргасан тайлан тавьж хэлтсийн ажилчдын бухимдлыг үүсгэж үл ойлголцол бий болгосон тул 2015 оны 11 дүгээр сард аймгий Аудитын газарт хүсэлт тавьж шалгуулахад зарлагын баримтгүй гүйлгээнүүд гаргасан нь тогтоогдсон. Г.Дуламсүрэнд удаа дараа хуримтлалын сангийн орлого, зарлагын баримт шалгасан аудитын дүгнэлтийг танилцуулахад нэг ч төгрөг идээгүй шалгуул гэж хариулсан тул 1546000 төгрөгийг гаргуулахаар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж байх тул биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 02 дугаар сард хамт олны хурлаар хамтын санг байгуулсан. Үүнээс хойших хугацаанд сар бүр бага албан тушаалтнуудаас 5000, өндөр албан тушаалтнуудаас 10000 төгрөг авч хуримтлуулж байсан. Хамтын санг Гантөмөр, Дуламсүрэн нар хариуцаж байсан. 2013 оны хамтын сангийн тайланг хамт олны дунд тайлагнасан. Ерөнхий нягтлан бодогч Батхишигийг тайланг сайн нягталж танилцаарай гэж хэлсэн. Хамтын сангаас гарсан мөнгө анхан шатны баримттай байдаг. Гэтэл Дуламсүрэн, Гантөмөр нарт энэ талаарх анхан шатны баримт байдаггүй. Аудитын дүгнэлтээр 1546000 төгрөгийн дутагдал гарсан. Энэ 1546000 төгрөг хамтын санд буцаад орсон. Болормаа даргад аудитын дүгнэлтээр гарсан мөнгө хамтын санд буцаад орсон, бид давхардуулан нэхэмжлээд байна гэж хэлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Хариуцагч Г.Дуламсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг Булган аймгийн аудитын байгууллагаас мөнгө дутагдуулсан гэж дүгнэлт гаргасан. Үүнийг бараа материал болон Хатант зоогийн газарт ороход зарцуулсан. Мөн ахмадуудад мөнгө зарцуулсан. 2013 оны 11 дүгээр сарын эхээр манай хамт олон Хятад улсын Бээжин хот руу явахаар болсон юм. Үүнд хамт олны сангаас 600000 гаруй төгрөг, 800000 гаруй төгрөгийг байгууллагаас гаргасан. Надад холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан асуудал нь Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Болормаа бид хоёрын хоорондын таарамжгүй харилцаанаас болсон. Мөнхтуяа, Болормаа нар аудитын дүгнэлт гаргуулсан атлаа дүгнэлттэй танилцуулаагүй. Манай хамт олон надад холбогдуулж нэхэмжлэл гаргаагүй. Харин Болормаа, Батхишиг нар надтай таарамжгүй харилцаатай байсан учраас нэхэмжлэл гаргасан гэдгийг дахин хэлье. Хамтын сангаас янз бүрийн байдлаар мөнгө гаргадаг л байсан, дараа нь буцаагаад хийдэг л байсан. Надаас нэхэмжлээд байгаа 1546000 төгрөг хамтын санд орсон гэв. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/10 тоот тушаалаар Булган аймаг дахь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс болон өөрчлөгдсөн болох нь тус хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1/615 тоот албан бичгээр тогтоогдож байна.
Булган аймаг дахь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь Г.Дуламсүрэнд холбогдуулан 1546000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх ба шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгазлсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, Г.Дуламсүрэнд холбогдох, 1546000 /нэг сая таван зуун дөчин зургаан мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Энэ захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ