| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2020/0120/э |
| Дугаар | 2020/ШЦТ/123 |
| Огноо | 2020-04-24 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2020/ШЦТ/123
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Ч.Мөнхзул
Хохирогчийн өмгөөлөгч О.Даваажаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Хохирогч А, түүний хууль ёсны төлөөлөгч Ю.Чулуунцэцэг
Шүүгдэгч О
Шинжээч эмч Ж.Жаргалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О-д холбогдох эрүүгийн 1921006740395 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ..... дугаар сарын .....-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, ..... настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Хэрлэн сумын Засаг даргын тамгын газарт ........... ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, ........... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, О. /РД: ............../
Шүүгдэгч О нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны орой 23 цагийн орчим “Тоёота Приус” маркийн ..... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт байх “*******” зочид буудлын урд талын төв замаар замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-д заасан “...жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ...адил замаар өөдөөс чигээрээ ирж яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэх заалтыг зөрчсөний улмаас А-н жолоодож явсан “Хенсин” маркийн улсын дугааргүй мотоциклийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас А-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Хенсин” маркийн улсын дугааргүй мотоциклийн эвдрэлд шууд хохирол 1.280.000 төгрөг, шууд бус зардалд 287.000 төгрөг нийт 1.567.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр манай ээжийн бие муу байна гэхээр нь хүүхдүүдээ аваад ээжийнхээ гэр рүү явсан. Оройн 23 цагийн орчимд 2-10 насны 3 хүүхдүүдээ аваад Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт байх “*******” зочид буудлын урд талын төв замаар 25 километр цагийн хурдтайгаар замын хөдөлгөөнд оролцож явахад өөдөөс тээврийн хэрэгсэл ирж байгаа, гэрэл харагдахгүй байхад гэнэт хүчтэй зүйл ирээд мөргөсөн. Тэр үед хүүхдүүд уйлж сандарсан. Би юу болсон эсэхийг харах гээд машинаасаа буугаад харахад миний машины ойролцоо хүн газарт хэвтчихсэн байсан. Би хүүхдүүдээ машинаасаа буулгаад хүнээр түргэн дуудуулсан. Түргэний машин ирээд хохирогчийг аваад явсан. Удалгүй цагдаа ирээд хэмжилт хийсэн. Би хохирогчийн ар гэрийнхэнтэй хамт эмнэлэг дээр хохирогчийг хагалгаанд орох үед нь хамт байсан. Би 4 жилийн хугацаанд хүүхдээ хараад гэртээ байсан. Саяханаас хүний оронд түр ажил хийгээд 2 сарын хугацаа өнгөрч байна...гэв.
Хохирогч А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...2019 оны 09 дүгээр сарын 30-ны орой найз руугаа /СМУ/ очоод хамт сууж юм уусан. Тэгээд би мотоциклоо унаад төв замаар явж байгаад осолд орсон...гэв.
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өнөөдөр буюу 09 дүгээр сарын 30-ны өдөр 23 цаг 20 минутын орчим Хэрлэн сумын 7 дугаар баг БОЭТөвийн хойд талын төв замаар зүүн тийш өөрийн эзэмшлийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байхад миний урд талд ........ улсын дугаартай Приус-20 маркийн машин явж байгаад “*******” зочид буудлын уулзвараар хойш эргэх үйлдэл хийхэд зүүн талаас нь нэг зүйл ирэх шиг болж түс хийх чимээ гарсан. Би машинаа зогсоож буугаад харахад миний урд явж байсан ******* дугаартай машин мотоциклтой мөргөлдсөн мотоциклийн жолооч машинаас баруун тийш шидэгдсэн байсан. ...Мотоциклийн жолооч мөлхөөд замын хажуу руу гарч байх шиг байсан...” гэжээ. /хх-ийн 30-31 тал/
- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний 623 тоот дүгнэлтэд:
1. А-н биед баруун дунд чөмөг ясны хугарал, дух, зүүн шанаа, баруун, зүүн гуяны зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.
3. Дээрхи гэмтлийн баруун дунд чөмөг ясны хугарал Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна гэжээ. /хх-ийн 37 тал/
- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 115 тоот дүгнэлтэд:
1. А-н биеэс авсан цусанд 0.8 промилли спиртийн зүйл илэрч байна.
2. Цусанд 0.8 промилли спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын хөнгөн зэргийн хэмжээ болно гэжээ. /хх-ийн 45 тал/
- Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 61 тоот дүгнэлтэд:
Хариулт-1: Цагдаагийн байгууллагын туслах тоо бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас А нь ......... дугаараар лавлагааг шүүж үзэхэд ВССЕ ангилалын ******* дугаарын эрхийн үнэмлэхтэй байх бөгөөд А ангилалын эрхийн үнэмлэхгүй байна. Мөн мэдээллийн нэгдсэн сангаас О нь ......... дугаараар лавлагааг шүүж үзэхэд В ангилалын ******* дугаарын эрхийн үнэмлэхтэй байх бөгөөд хүчинтэй байна.
Хариулт-2: Жолооч А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн 3.2.а-д “Замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, 3.7.а/ “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн 3.7.а “...согтууруулах ундаа...хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн дүрмийн заалтыг тус тус зөрчсөн байна.
Хариулт-3: Жолооч О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10. Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ...адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
Хариулт-4: Хэрэг, ослын газарт очсон замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Соёл-Эрдэнийн “Hensim” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр техникийн хувьд бүрэн гэсэн тэмдэглэл зэргээс үзэхэд уг тээврийн хэрэгсэл нь бүрэн байх үндэслэлтэй байна.
Хариулт-5: Хэрэг, ослын газарт очсон замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Соёл-Эрдэнийн “Тоёота Приус-20” маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр техникийн хувьд бүрэн гэсэн тэмдэглэл зэргээс үзэхэд уг тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн байх үндэслэлтэй байна.
Хариулт-6: Жолооч О нь замын хөдөлгөөний дүрмийн энэ зүйлийн заалтаар зүүн гар тийш эргэх үед түүний өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлсэн байна гэж үзлээ гэжээ. /хх-ийн 39-40 тал/
- Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 70 тоот дүгнэлтэд:
Хариулт-1: Техникийн шинжээч, цагдаагийн ахмад Ц.Мягмарсүрэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 61 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хариулт-2: Хенсим маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон боловч “Тоёота Приус-20” маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10. “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас дээрх зам тээврийн осол гарсан байна гэж үзэж байна.
Хариулт-3: Хенсим маркийн улсын дугааргүй мотоциклийг жолооч А нь тухайн мотоциклийг жолоодон явахдаа тухайн ангилалд тохирох эрхийн үнэмлэхгүй жолоодон явсан. Жолооч А нь осол болох үед мотоциклийн оврын гэрлийг асааж явсан гэх үндэслэл хэргийн газарт хийгдсэн үзлэг, криминалистик шинжээч, цагдаагийн дэслэгч Д.Намууны нотлох баримтаар авагдсан №18 дугаар зургаас харахад тухайн мотоциклийн хянах самбар гэрэлтэй байсан нь тухайн осол болох үед жолооч А нь мотоциклийн гэрлийг асааж явсан байх үндэслэлтэй байна гэжээ. /хх-ийн 48-49 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10 тал/
- Зам тээврийн ослын схем зураглал, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 11-12 тал/
- “Тоёота приус-20” маркийн .......... улсын дугаартай, “Hensim” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хх-ийн 13-14 тал/
- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 14-15 тал/
- Хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-ийн 16 тал/
- Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 17 тал/
- Гэрч *******ы мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/
- Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн тайлан /хх-ийн 52-54, 56-60 тал/
- Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 73-76 тал, задгай 1 /нэг/ ширхэг/
- Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 115 тоот дүгнэлт /хх-ийн 125-127 тал/
- О-гийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29, 66-68 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч О нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны орой 23 цагийн орчимд “Toyota Prius-20” маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт байх “*******” зочид буудлын урд талын төв замаар замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-д заасан “...жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ...адил замаар өөдөөс чигээрээ ирж яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэх заалтыг зөрчсөний улмаас хохирогч А-н жолоодож явсан “Hensim” маркийн улсын дугааргүй мотоциклийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас А-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Hensim” маркийн улсын дугааргүй мотоциклийн эвдрэлд шууд хохирол 1.280.000 төгрөг, шууд бус зардалд 287.000 төгрөг нийт 1.567.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгүүд, гэрч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын схем зураглал, зам тээврийн осол дээр тогтоосон акт, “Toyota Prius-20” маркийн ........... улсын дугаартай, “Hensim” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, хэв загвар, дээж авсан тэмдэглэл, рүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах тухай мөрдөгчийн санал, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн тайлан, хохиролтой холбоотой баримтууд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний 623 тоот, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 115 тоот дүгнэлтүүд, замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 61 тоот, замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 70 тоот, тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 115 тоот дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч О-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч О-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О-гийн гэмт хэргийн үйлдлийн улмаас хохирогч А-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогчийн эрүүл мэндэд 619.926 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байх ба шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд эмчилгээний болон бусад зардалд нийт 680.000 /зургаан зуун наян мянга/ төгрөгийг хохирогчид төлсөн байна.
Харин гэмт хэргийн улмаас “Hensim” маркийн улсын дугааргүй мотоцикльд 1567.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь эд хөрөнгийн хохиролд 1950.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул 1950.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч А-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч О-гийн ............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О-гийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч О-гийн ............ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-гаас бусдад учруулсан эд хөрөнгийн хохиролд нийт 1950.000 /нэг сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 8-07 тоотод оршин суух, А /РД: .........../-д олгосугай.
6. Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч О-д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ