Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 00591

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Капитал банкны Хөвсгөл аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Д.Ганбаатарт холбогдох, зээл, зээлийн хүү, нийт 31044000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2015/00574/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1983 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Улаанбатаар хотод төрсөн, 33 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Капитал банкинд хуулийн мэргэжилтэн ажилтай, Улаанбаатар хот Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хорооллийн 7А-57 тоотод оршин суух Янхиал овогт Жамбалсүрэнгийн Мөнхжаргал /РД: ЧП83022413/,

Хариуцагч: 1980 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, эрх зүйч, улс төрч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг 72-1-3 тоотод оршин суух хаягтай, одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 439 дүгээр ангид ял эдлэж байгаа Эрхий мэргэн овогт Дэлгэрдалайн Ганбаатар /РД: РЭ 80032698/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Капитал банкны Хөвсгөл аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Ганбаатар нь банктай байгуулсан 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 16097 тоот зээлийн гэрээний дагуу төлөх, зээлээ төлөхгүй оршин байгаа газар нь тодорхойгүй байсан тул шүүгчийн 2009 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1458 тоот захирамжаар эрэн сурвалжлах шийдвэр гаргуулан наймдугаар тойргийн Тахарын албаар эрэн сурвалжлуулан Орхон аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албаны харъяа хорих 437 дугаар ангид ял эдлэж байгаа нь тогтоогдсон тухай албан тоотын дагуу Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Д.Ганбаатар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 439 дүгээр ангид ял эдлэж байгаа гэсэн хариу өгсөн байна. Иргэн Д.Ганбаатараас үндсэн зээл 15000000 төгрөг, зээлийн хүү 16044000 төгрөг, нийт 31044000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Ганбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Дэлгэрдалай овогтой Ганбаатар нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харъяат иргэн. 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Капитал банкны салбараас 15000000 төгрөгийг эд хөрөнгөө барьцаалж зээл авсан нь үнэн бөгөөд 2007 оны 12 дугаар сараас хойш зээлийн төлөлт хийгээгүй юм. Түүнээс хойш банк барьцаалсан байшинд айл оруулсан гэж сонсоод хохиролдоо тооцож авсан юм байна гэж бодсон. Зээлийн хүү болох 16044000 төгрөгийг төлмөөргүй байна. Нэхэмжлэгчтэй эвлэрч харилцан уян хатан хандаж ял эдэлж дууссаны дараа зээлийг төлөх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ганбаатар нь банктай байгуулсан 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 16097 тоот зээлийн гэрээний дагуу зээл төлөх үүргээ өдийг хүртэл гүйцэтгээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн хүүг 2010 он хүртэл тооцож нэхэмжилсэн учраас нэхэмжлэлийн нийт дүн харьцангүй бага гарсан. Иймд Д.Ганбаатараас үндсэн зээл 15000000 төгрөг, зээлийн хүү 16044000 төгрөг, нийт 31044000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Дэлгэрдалай овогтой Ганбаатар нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харъяат иргэн. 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Капитал банкны салбараас 15000000 төгрөгийг эд хөрөнгөө барьцаалж зээл авсан нь үнэн бөгөөд 2008 оноос хойш ял эдэлж өнөөдрийг хүртэл зээлээ төлөх нөхцөл боломж байгаагүй. Иймд тус банкнаас нэхэмжилсэн үндсэн зээл 15000000 төгрөг, зээлийн хүү 16044000 төгрөг, нийт 31044000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Капитал банкны Хөвсгөл аймаг дахь салбар нь Д.Ганбаатарт холбогдуулан, зээл, зээлийн хүү, нийт 31044000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанд хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нийт 31044000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ж.Мөнхжаргал, хариуцагч Д.Ганбаатар нар харилцан тохиролцож, хариуцагч Д.Ганбаатар нь Капитал банкны Хөвсгөл аймаг дахь салбарын нэхэмжилсэн 31044000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Капитал банкны Хөвсгөл аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Д.Ганбаатарт холбогдох, зээл, зээлийн хүү, нийт 31044000 /гучин нэгэн сая дөчин дөрвөн мянган/ төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нь 31044000 /гучин нэгэн сая дөчин дөрвөн мянган/ төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313170 /гурван зуун арван гурван мянга нэг зуун дал/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Ганбаатараас 313170 /гурван зуун арван гурван мянга нэг зуун дал/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкны Хөвсгөл аймаг дахь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ