Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/128

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт О-д холбогдох эрүүгийн 2021000270076 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо, Холбоо толгойн ................. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар,

- Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, нийт эдлэх ялыг 1 жил 03 сарын хугацаагаар тогтоосон,

- Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ....... овогт О. /РД: .................../

            Шүүгдэгч О нь 2019 оны 12 дугаар сарын 31-нээс 2020 оны 01 дүгээр сарын 02-ны хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын ******* тоотод оршин суух, Х-н гэрийн хатавчийг эвдэн, хууль бусаар нэвтрэн орж, 32 инчийн “Самсунг” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - мөн 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын ******* тоотод оршин суух М-н гэрийн тооноор хууль бусаар нэвтрэн орж, хутга 1 ширхэг, ДДШ-ийн хүлээн авагчийн залгуур 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлж, 10.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.

 

Хохирогч Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын ******* тоотод амьдардаг бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэртээ очиж шалгачихаад 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр очиход манай гэрт хулгай орсон байхаар нь гэрт байсан  эд зүйлээ бүртгэж үзэхэд 32 инчийн “Самсунг” маркийн зурагт алдагдсан байсан...” гэжээ. /хх-ийн 32-33 тал/

 

Хохирогч М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат хүн бөгөөд аймгийн төвд 4 дүгээр баг, Зангиатын ******* тоотод байдаг. Сургуулиуд амарсны дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би ач хүү, ач охиноо дагуулаад Сэргэлэн суманд байдаг хөдөө гэр рүүгээ явсан. Явахдаа манайхтай хамт нэг хашаанд амьдардаг хойд талын айлын Батцэцэг гэх эмэгтэйд гэр харж байгаарай гээд гэрийн түлхүүрээ өгсөн. 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шиг санаж байна. Батцэцэг над руу залгаад “танай гэрт хулгайч гэрийн тооноор чинь орсон юм шиг байна, намайг өглөө машиныхаа хучлагыг авахад тоононы гялгар уут салхинд хийсээд байхаар нь гэр рүү чинь орох гэхэд гэрийн хаалга цоожтой байсан. Тэгээд би түлхүүрээр онгойлгоод дотогшоо ороход угаалтуур байрнаасааа хөдөлчихсөн, зурагтыг тавиураас аваад ширээн дээр тавьчихсан, зуухан дээр цэнхэр өнгийн сандал тавиастай байсан” гэж хэлсэн. 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймагт ирээд гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзэхэд цэнхэр өнгийн бариултай гар хийцийн хутга, “ДДШ”-ийн хүлээн авагчийн залгуур байхгүй байсан...” гэжээ. /хх-ийн 38-39 тал/

 

Иргэний нэхэмжлэгч Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ******* тоотод амьдардаг бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын эхээр О гэх манай нутгийн залуу миний 80751116 дугаарын утас руу залгаад “нимгэн зурагт байна, 60.000 төгрөгөнд авах уу” гэхээр нь би “*******-гийн 83-03 тоотод байх нийтийн байранд байна, зурагтаа аваад ир” гэсэн. Удалгүй хар өнгийн ЛСД зурагт авчирсан. Тус зурагт нь манай гэрт байгаа...” гэжээ. /хх-ийн 35-36 тал/

 

Иргэний нэхэмжлэгч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын ******* тоотод нөхөр хүүхдийн хамт амьдардаг. 2020 оны 01 дгээр сарын 01-ний өдөр 20 цагийн орчимд “Приус-20” маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслээ хучлагаар хучаад унтсан. 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө 11 цагийн орчимд очоод машины хучлагаа авахад жолоочийн зөв талын толь байхгүй байсан. Манай хашаанд байдаг айлын өрхийг нь ураад хулгай орсон байсан. ...Эд зүйлийн үнэ болох 80.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ. /хх-ийн 41 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9-10 тал/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-14 тал/

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-18 тал/

- Эд мөрийн баримтыг хураан авах тухай Прокурорын тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 20-21, 26-27, 28-29 тал/

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-23 тал/

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 24, 30 тал/

- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 52 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 60-63 тал/

- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 55 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 66-69 тал/

- Эд зүйлийн үнэлгээнүүд /хх-ийн 105-107 тал/

- О-гийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 57-58, 77-78 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ............. овогт О нь 2019 оны 12 дугаар сарын 31-нээс 2020 оны 01 дүгээр сарын 02-ны хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын ******* тоотод оршин суух, хохирогч Х-н гэрийн хатавчийг эвдэн нэвтрэн орж, “Samsung” маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

- мөн 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын ******* тоотод оршин суух, хохирогч М-н гэрийн тооноор хууль бусаар нэвтрэн орж, хутга 1 ширхэг, ДДШ-ийн хүлээн авагчийн залгуур 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 10.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Х, И, иргэний нэхэмжлэгч Н, Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтыг хураан авах тухай Прокурорын тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 52 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 55 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээнүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч О-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч О-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

 

Шүүгдэгч О-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М-д хутга 1 ширхэг, ДДШ-ийн хүлээн авагчийн залгуур 1 ширхэг зэрэг эд зүйлийн үнэ 10.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б-т “Toyota Prius-20” маркийн тээврийн хэрэгслийн толины үнэ 80.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хавтас хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч О-гээс 90.000 төгрөгийг гаргуулж, хохирогч М-д 10.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б-т 80.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

Харин хохирогч Х, иргэний нэхэмжлэгч Н нар нь шүүгдэгчид “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч О-г хохирогч Х, иргэний нэхэмжлэгч Н нарт төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч О нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ЦХШЗ/78 тоот захирамжаар 2021000000146 дугаартай эрүүгийн хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч О-гийн .............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч .......... овогт О-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч О-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч О-гийн ...... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О-гээс бусдад учруулсан эд хөрөнгийн хохиролд нийт 90.000 /ер мянга/ төгрөгийг гаргуулж, 10.000 /арван мянга/ төгрөгийг хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын ******* тоотод оршин суух, М /РД: ............./-д, 80.000 /наян мянга/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын ******* тоотод оршин суух, Б /РД: ............./-т тус тус олгож, хохирогч Х, иргэний нэхэмжлэгч Н нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ЦХШЗ/78 тоот захирамжаар 2021000000146 дугаартай эрүүгийн хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ