Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 111/2021/0010/З |
Дугаар | 221/МА2021/0484 |
Огноо | 2021-09-08 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2021/0484
Д.Нийн гомдолтой
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, цахимаар гомдол гаргагч Д.Н, хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн, улсын байцаагч Ш.Г нарыг оролцуулан Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагч Д.Нийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Нийн гомдолтой, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн, улсын байцаагч Ш.Гэд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар шийдвэрээр:
“Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 3, 1.3 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсгийг тус тус баримтлан гомдол гаргагч Д.Нийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Хоёр. Гомдол гаргагч Д.Н дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“...Миний бие Д.Н нь 2020 оны орон нутгийн сонгуульд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут 5 дугаар багт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол Ардын Намаас нэр дэвшсэн. Хуулийн хугацаанд багтаан зардлын тайлангаа хүргүүлж чадаагүй гэх шалтгаанаар Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн, улсын байцаагч Ш.Г 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 1452701 дүгээр шийтгэлийн хуудсаар намайг 10.000.000 төгрөгөөр торгосныг хүчингүй болгуулахаар Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж хуулийн хугацаанаас ямар шалтгааны улмаас хоцорсон болохоо тайлбарлаж, нотлох баримтуудаа бүрдүүлж өгсөн боловч шүүх харгалзан үзэлгүй, миний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Миний бие эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр эрхэлсэн тодорхой ажилгүй, хүүхдүүд оюутан, манай гэрийн санхүүгийн байдал үнэхээр хүнд байдалд ороод байна. Торгуулийг төлөх боломжгүй тул энэ байдлыг харгалзан үзэж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, Д.Нийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 3-т “Тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан.
Гэтэл Д.Н 2020 оны орон нутгийн сонгуулиар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшихдээ Хаан банканд данс нээлгэн, хандивын орлого олж, мөн зарлага гаргасан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан тус банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон боловч Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасан хугацаанд сонгуулийн зардлын тайландаа дүгнэлт гаргуулж, аймгийн Төрийн аудитын газарт хүргүүлэх шаардлагыг биелүүлээгүй байна.
Иймд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, …торгоно” гэж заасныг үндэслэн шийтгэлийн хуудсаар 10 сая төгрөгийн торгууль оногдуулсан нь хуульд нийцжээ.
Шүүхийн шийдвэрт сонгуулийн зардлын тайлангаа гаргаж өгөөгүй нь хүндэтгэн үзэх шалтгаан мөн эсэх талаар үндэслэлтэй зөв дүгнэсэн, түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс эхлэн цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн хөл хорио тогтоож байсан нь нийтэд илэрхий үйл баримт боловч ийнхүү тогтоохоос өмнө тайлангаа өгөх хангалттай хугацаа Д.Нид байсан, хуулийн дээрх шаардлага зөвхөн гомдол гаргагчид бус бусад бүх нэр дэвшигчдэд нэгэн адил тавигдсан болно.
Өөрөөр хэлбэл давж заалдах гомдолд “...хуулийн хугацаанаас яагаад хоцорсон шалтгаанаа тайлбарлаж, нотлох баримтуудаа гаргаж өгсөн” гэх боловч энэ талаарх хэрэгт авагдсан баримтууд нь зөвхөн хөл хорио тогтоохтой холбоотойгоос бус өөр хүндэтгэх шалтгааныг нотлох баримт алга.
Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх явцад, мөн давж заалдах гомдолд Д.Нийн гаргасан “…хуулийн мэдлэггүй учраас тайлангаа эрх бүхий байгууллагад хүргүүлдэг талаар мэдээгүй, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр найзын хамт ажил хийхээр Баян-Өндөр сум руу явсан, намайг суманд байхад намын ажилтан 2-3 удаа залгаж тайлан хүргүүлэх хугацаа дуусах талаар мэдэгдэж байсан, хөл хорионд орсон учраас сумаас гаргаагүй, санхүүгийн байдал хүнд, төлбөр төлөх боломжгүй…” гэх зэрэг тайлбарууд нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Д.Нийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН