| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2020/0928/Э |
| Дугаар | 940 |
| Огноо | 2020-05-20 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | М.Батзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 940
2020 05 20 2020/ШЦТ/940
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч М.Батзаяа,
Нарийн бичгийн дарга Г.Хулан,
Шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Н.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Данхлайн Нид холбогдох эрүүгийн 2006 01993 1118 дугаар хэргийг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 19-ний шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайзын задгай тоотод иргэн Д.Отгонбаярыг зодож эрүүл мэндэд нь суурь ясны их бие, хоёр талын бага далавч дайрсан хөндлөн хугарал, хоёр талын духны дэлбэнгийн голомтлог няцрал, баруун зовхи, зүүн хөмсөгт шарх бүхий хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 01993 1118 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Д.Н нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Д.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“... Н намайг “гэрт хүрээд ир, манай хоёр хүүхэд эгчийн гэрт байгаа” гэж хэлсэн. Нтой дэлгүүрийн өмнө таарч, дэлгүүрээс 0.5 литрийн архи аваад гэрт нь ороод хувааж уусан. Би архи хувааж ууж байгаад тасарсан байсан. Өглөө гал тогооны шкафны урд сэрээд босох гэхэд босч чадахгүй байсан. Н сэрчихсэн “арай хэтрүүлчихлээ, найзыгаа уучлаарай” гэж хэлсэн. Би Ноос юу болсон талаар асуухад би таазнаас уяатай будааг асгачихсан, тэгээд хэрүүл болсон гэж хэлсэн. Миний нүүр ам битүү хавдсан, цустайгаа холилдсон, зүүн талын нүд, баруун талын хөмсөг язарчихсан байсан. Түргэн дуудсан боловч түргэн ирээгүй учир тэр өдрөө Нийн гэрт өнжсөн. Би цагдаад дуудлага өгнө гэхэд Н “яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд байсан. Маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр миний бие дээрдэхгүй өвдөөд байсан ба түргэн тусламж машинаар Гэмтэл Согог Судлалын төвд хүргэгдэж очоод тэр өдрөөсөө 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл эрүүний тасагт хэвтэн эмчлүүлсэн.” гэх мэдүүлэг /хх 16-19/,
Гэрч Д.Ариунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“2020 оны 03 дугаар сарын 20-ны өглөөний 10 цагийн орчим гэртээ байх үед Н над руу утсаар залгаж “Отгонбаяр хүнд зодуулчихлаа, нийгмийн даалтгалын дэвтрийг аваад Гэмтлийн эмнэлэг дээр хүрээд ир” гэж хэлсэн. Би гэмтлийн эмэнлэг дээр яваад очоод Отгонбаяр ахыг харахад нүүр ам битүү хавдчихсан, биеийн бүх хэсэгт хөхөрсөн байсан. Эмч надад яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Н гэх хүнээс юу болсон талаар асуухад “бид хоёр архи ууж байгаад ийм зүйл болчихлоо” гэж хэлсэн. Зодуулсан өдрийнхөө өглөө нь манай гэрт ирж усанд орсон бөгөөд тухайн үед биед нь ямар нэгэн шарх сорви байгаагүй” гэх мэдүүлэг /хх 34-35/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний 4561 дугаартай:
“Д.Отгонбаярын биед суурь ясны их бие, хоёр талын бага далавч дайрсан хөндлөн хугарал, хоёр талын духны дэлбэнгийн голомтлог няцрал, цээжний хоёр талд олон хавирганы хугарал, хоёр талын хацрын нумын хугарал, хамрын ясны хугарал, эрүүний баруун үений сэртэнгийн хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал, хуйх, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, зүүн хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх 41-42/,
Шүүгдэгч Д.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Отгонбаяр бид хоёр уулзаж, дэлгүүрээс 0.75 литрийн Сэржим нэртэй архи нэг шилийг авч манай гэрт ороод архиа задалж нэг нэг татсан. Тэгээд хоол хийх санаатай будаа агшааж, махаа гал дээр тавиад архинаасаа дахин нэг нэг татсан. Отгонбаяр цаад өрөө рүү орсон. Манай хоёр хүүхэд хагас өнчин учир улсаас 10 килограмм будаа, 20 килограмм гурил өгсөн юм. Будааг хулгана идчихнэ гэж бодоод 5 килограммыг өөр уутанд султгаад таазнаас өлгөсөн байсныг газраар нэг асгасан байхаар нь би Отгонбаярт уурласан. Отгонбаяр “жаахан будаа асгасны төлөө юун сүртэй юм” гэж хэлээд уурлахаар нь би Отгонбаярын нүүр рүү цохиход намайг зөрүүлээд гараараа нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр зодолдож байсан. Үүнээс хойш би юу болсон талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх 85-89/,
- хохирлын баримт /хх 110-117/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Д.Нийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 94/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 95/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 92/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 91/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-105/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх 39-40/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Н нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Д.Нийн иргэн Б.Отгонбаярын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Б.Отгонбаярын нэхэмжлэлийг төлсөн байх ба хохирогчид шүүх хурлын тов мэдэгдэхэд “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Н нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйдлсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохиролыг төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д Нийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Нид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ