| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/0511/Э |
| Дугаар | 529 |
| Огноо | 2020-03-26 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 529
2020 03 26 2020/ШЦТ/529
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,
улсын яллагч Н.Гэрэлмаа,
шүүгдэгч Т.Б , түүний өмгөөлөгч М.Баасанбат ҮД:09-41 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Б од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 07522 0425 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Т.Б
Холбогдсон хэргийн талаар:
Т.Б нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Б.А тай маргалдаж, түүнийг хавирч унаган хөлөнд нь 2 удаа дэвсэж, баруун шагайн хашлага ясны далд хугарал гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ: Би 12 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдөрт шилжих шөнө би найз Б.Алтанбаганыг дуудсан. Бид хоёр багын найз бөгөөд өмнө нь муудалцаж, хэрэлдэж байгаагүй. Бид хоёр юм ярьж сууж байгаад 1 шил архи хувааж ууж эхэлсэн боловч би хот, хөдөөгийн хооронд байнга ажлаар явдаг тул ядраад нөгөө архиа дуусгалгүй унтаад өгсөн байсан. Тэр хооронд Б.А явсан байсан. Тэгсэн чинь буудлын ресепшн найз чинь оръё гээд байна оруулчих уу гэхэд нь би оруулчих гэсэн ба Б.А орж ирээд надаас таксины мөнгө асуусан. Тэгээд би нойрмог, архи уусан байсан тул бид хоёр чанга дуугарч маргалдсан тул буудлаас гарч марга гэхээр нь буудлаас гарсан. Тэгээд би найзыгаа явуулчихаад орж ирээд унтана гэж бодож байсан боловч бид хоёрын маргаан даамжирч, бие биенийгээ хавирч унагаасан. Би найзынхаа биед учруулсан гэмтэлдээ харамсаж байна. Цаашдаа эхнэр, охин хоёртойгоо сайхан амьдрах бодолтой байгаа. Би Б.А д эмчилгээний мөнгө өгөх гэсэн боловч түүний дансыг нь мэдэхгүй байсан болохоор өгч чадаагүй. Одоо надаас мөнгө нэхэмжилвэл гарсан хохирлыг би бүрэн барагдуулна гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Алтанбаганын өгсөн: ...Би 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэг буудалд найз Ука гэх залуу дээр ирсэн. Тухайн буудалд манай найз Укатай хамт нэг эмэгтэй байсан. Тухайн буудлын нэрийг нь сайн мэдэхгүй байна. Би тухайн залуутай 2005 оноос хойш найзласан, өчигдөр намайг дуудсан. Тэгээд би ирээд бид хоёр дэлгүүрээс 2 шил 0,75 литрийн архи аваад буудалдаа орсон. Тэгээд буудалдаа нэг шил архийг бүтнээр нь хувааж уугаад би харихаар гарсан. Тэгээд гэр рүүгээ явах гээд такси бариад өөрийн гэр буюу Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Мах 4 дүгээр байрны 46 тоотод очсон. Тэр үед манай эхнэр гэрийнхээ хаалгыг тайлж мөнгө утсаа аваагүй уначихсан байсан. Тэгээд би найз Ука дээрээ ирсэн. Тухайн үед би мөнгөгүй байсан тул найз Укагаас таксины мөнгө 20.000 төгрөг гуйсан. Тэр үед Ука байгаа мөнгө нь 16.000 төгрөг таксины жолооч руу шилжүүлсэн. Тэгээд буудлын өрөөнд байж байтал Ука нь чанга ярьлаа чимээгүй бай гэсэн. Тэгээд хоёулаа гаръя пизда минь гээд хараагаад байсан. Тэгээд би гаръя гээд бид хоёр хамт гарсан ба гадаа гараад пизда минь болихгүй шууд намайг цохиж унагаагаад газарт унасан хойно баруун хөл дээр 2 удаа дэвссэн. Тэгээд би босч ирээд тэвэрч аваад больё гэсэн. Тэгээд би гишгэх гэтэл миний хөл явж болохгүй байсан. Тэр үед Ука нь намайг чи ийм шүү дээ гэсэн. Тэгээд ахиж намайг цохих гээд гар далайгаад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Дараа нь би түргэн тусламж дуудсан. Түргэн тусламж ирээд миний хөлийг үзээд хавдчихсан байна. Мөн энэ гэмтэл нь сая үүссэн гэмтэл байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 5-7 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 515 дугаартай шинжээчийн:
1. Б.Алтанбаганын биед баруун шагайн хашлага ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шинжээч эмч Ц.Нандинцэцэг гэх дүгнэлт /хх-ийн 14-16 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Т.Б ын: ...Би Алтанбаганыг явуулах гэж буудлаас аваад гарсан чинь гадаа гараад явахгүй над руу дайраад заамдаад цохих гэхээр нь би түүнийг нэг удаа өшиглөсөн. Яг хаана нь өшиглөснөө санахгүй байна. Тэгээд би Алтанбаганыг заамдаж байгаад хавирч унагаад бөгс рүү нь өшиглөөд хэрэлдэж байгаад би Алтанбаганыг бос гэж хэлээд буудал руугаа орох гэсэн чинь Алтанбагана намайг “одоо больё хөшгөөн” гэж хэлээд тэврээд байхаар нь би түүнийг яв гэж хэлээд 02:00 цагийн үед буудал руугаа орсон...гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 дугаар тал/,
- Шүүгдэгч Т.Б ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 20, 40, 41 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Т.Б нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Б.А тай маргалдаж, түүнийг хавирч унаган хөлөнд нь 2 удаа дэвсэж, баруун шагайн хашлага ясны далд хугарал гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.А , яллагдагчаар өгсөн Т.Б нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 515 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Б ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Б нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Хохирогч Б.А нь өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Т.Б ыг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Гэвч хохирогч Б.Алтанбаганын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх тул энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Т.Б од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй боловч шинжээчийн дүгнэлтийн хамт ирүүлсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Б 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Б од оногдуулсан 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Б.А нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Б од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ