Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0249/З |
Дугаар | 221/МА2021/0495 |
Огноо | 2021-09-15 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2021/0495
Д.Уын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч Д.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, Б.О нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 435 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Д.Уын гаргасан давж заалдах гомдлоор, Д.Уын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 435 дугаар шийдвэрээр:
“...Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Уаас Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/1048 дугаар тушаалын Д.Ут холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Хоёр. Нэхэмжлэгч Д.У дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Нэг. Захиргааны акт буюу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/1048 дугаартай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан хуулийн шаардлагыг огт хангаагүй байхад шүүх уг тушаалыг хуульд нийцсэн гэж дүгнэсэнд гомдолтой байна.
Учир нь уг тушаалыг Цагдаагийн ерөнхий газрын дарга өөрөө гаргасан эсэх нь тодорхойгүй, гарын үсэг, тамга байхгүй, хоёр өөр тушаал хавтаст хэрэгт авагдсан байгааг анхан шатны шүүх анхаараагүй.
Мөн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/1048 тушаал нь Захиргааны ерөнхий хууль болон Төрийн албаны тухай хууль, холбогдох журамд нийцэхгүй байхад нийцсэн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хоёр. 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр болсон үйл явдалд оролцож зөрчил гаргасан гэх үндэслэлээр 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсан.
Гэтэл Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жил 9 сарын хугацаа өнгөрсний дараа дээрх шийтгэх тогтоолыг үндэслэж Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/1048 дугаар тушаалаар намайг ажлаас халсанд гомдолтой байна.
Учир нь Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалын үндэслэл, актын зорилго бодит байдалд нийцэхгүй байна. Хэдийгээр Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т заасан хуулийн зохицуулалт байдаг боловч түүнийг хэрэглэх нөхцөл нь цаг хугацаатай, үндэслэл, бодит байдал зэрэг нь хуульд нийцсэн байх ёстой гэж үзэж байна.
Гурав. 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусан” үндэслэлээр шүүгдэгч Д.У, Д.Онарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч Д.О, Ц.Б нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай...” гэж шийдвэрлэсэн байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Нэхэмжлэгч Д.Уын 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 6 дугаар байрны гаднах хорооллын доторх зам дээр иргэн Ц.Баасанжаргалтай “харилцан бие биедээ зам тавьж өгсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж харилцан зодолдсон үйлдэлд Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн даргын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар албан тушаалын сарын үндсэн цалинг 2 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, үүнээс 1 жилийн дараа Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 222 дугаар шийтгэх тогтоолоор Д.Уыг дээрх үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т алба хаагчийг цагдаагийн албанаас халах нэг тохиолдлыг “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэж тодорхойлсон, иймд дээрх шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноор нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь халах хуульд заасан үндэслэл бүрдсэн байна.
Шийтгэх тогтоолоор Д.Уыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрснөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан нөхцөл байдал үүссэн гэж дүгнэснээс бус гэм буруугүй гэж үзээгүй, мөн тушаалын үндэслэл болсон хуулийн дээрх зохицуулалтын агуулга нь хариуцлага хүлээлгэсэн эсэхээс илүүтэй гэмт хэрэг үйлдсэнийг нотолсон байх явдал.
Тушаалаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл хүлээлгээгүй, харин цагдаагийн албанаас халсан, иймд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасан сахилгын шийтгэл ногдуулж болохгүй хугацаа энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй, өөрөөр хэлбэл цагдаагийн албанаас халах шийдвэр гаргах эсэх нь хугацаагаар хязгаарлагдахгүй.
Сахилгын шийтгэл оногдуулах, цагдаагийн албанаас халах ойлголтын хууль зүйн үр дагавар өөр, Цагдаагийн албаны тухай хуулийн 81, 82 дугаар зүйлд ч энэ талаар тус тусад нь хуульчилсан, иймд Д.Уын гаргасан нэг зөрчилд хариуцлагыг давхардуулж оногдуулсан гэж үзэхгүй.
Түүнчлэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх нь гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах үндэслэл болохоос Цагдаагийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр албанаас халах, халсан шийдвэртэй холбоотой захиргааны маргааныг шийдвэрлэхэд хамаарахгүй.
Тушаал хэлбэрийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй буюу захиргааны актыг гаргасан эрх бүхий албан тушаалтны гарын үсэг зурагдаагүй, тамгагүй, өөрөөр хэлбэл уг тушаалыг Цагдаагийн ерөнхий газрын дарга гаргасан эсэх нь тодорхойгүй гэх үндэслэлийг Д.У нэхэмжлэлдээ бус зөвхөн давж заалдах гомдолдоо дурдсан, гэтэл хэрэгт авагдсан маргаан бүхий тушаалын хуулбар үнэн болохыг тус газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.О, Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Б нар гарын үсэг зурж баталгаажуулсан төдийгүй “хуулбар үнэн” дардастай байна.
Цагдаагийн ерөнхий газраас тушаалын хувийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөхдөө дээрх байдлаар ирүүлсэн, түүнээс байгууллагын бичиг хэрэгт авагдсан тушаалд Цагдаагийн ерөнхий газрын дарга гарын үсэг зурж, тамга дарагдаж баталгаажуулсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 435 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Уын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН