Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2018/00871

 

Д.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн

              2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 142 дугаар шийдвэр,

              Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

              2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 203/МА2018/0003 дугаар магадлалтай,

              Д.О-гийн нэхэмжлэлтэй,

              Н.Н-т холбогдох

    Эд хөрөнгө, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 3,173,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

             Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

             Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: хариуцагч Н.Н-, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгч Д.О, М.С нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: 2016 оны 12 сарын 22-ны өдөр “Түмэн заг” ХХК-ийн хажуу талын шороон зам дээр иргэн М.Сүхбаярын жолоодож явсан Д.Огийн эзэмшлийн Тоёота королла спасио /toyoto corolla spacio/ маркийн 40-11 ӨМӨ улсын дугаартай автомашиныг Хонда Си Ар Ви /Honda CRV/ маркийн 92-79 УБК улсын дугаартай Н.Н-ын эзэмшлийн автомашиныг иргэн Э.Алтансүх жолоодож яваад мөргөж зам тээврийн осол гаргасан. Уг осол нь Э.Алтансүхийн 100 хувь буруу болон тогтоогдсон бөгөөд тухайн өдөр тээврийн хэрэгслийн эзэмшигч Н.Н- нь өөрийн автомашинаа Э.Алтансүхээр жолоодуулахаар томилсон байсан учир Иргэний хуулийн 499.4-т заасны дагуу бидний эрүүл мэндэд учирсан хохирол болох 47,350 төгрөг, эд хөрөнгийн хохирол 3,126,500 төгрөг, нийт 3,173,850 төгрөгийн хохирлыг Н.Н-оос гаргуулж авах хүсэлтэй байна. Миний бие машинаа засуулах санхүүгийн боломжгүй, банкинд зээлтэй учир тухайн үед үнэлсэн үнэлгээний дүнгээр нэхэмжлэх болно. Нэхэмжлэл гаргасантай холбоотой зардлыг нэхэмжлэх болно гэжээ.

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Э.Алтансүхийн 100 хувь буруугаас болж 2016 оны 12 сарын 22-ны өдөр зам тээврийн осол гарсан байдаг. Тус зам тээврийн ослоор нэхэмжлэгч Д.Од эд хөрөнгийн 3,126,500 төгрөг, эрүүл мэндэд учирсан хохирол болох 47,350 төгрөг, нийт 3,173,850 төгрөгийн хохирол учирсан байна. Энэ хохирлыг тухайн үед тээврийн хэрэгслийн эзэмшигч Н.Н-оос гаргуулахаар нэхэмжилсэн. Энэ хэрэг өмнө нь анхан шатны шүүх хурлаар ороод Н.Н- нь тээврийн хэрэгслийн эзэмшигч биш байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргаад 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 24 дугаартай шүүхийн магадлал гарсан. Тус магадлал дээр хариуцагчийн эрх зүйн байдлыг нотлох баримтууд эргэлзээтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гээд цагдаад өгсөн тайлбар, торгуулийн хуудас, шүүхийн шатанд өгсөн тайлбарууд нь өмчлөгч, эзэмшигч болох нь эргэлзээтэй дүгнэлт хийсэн гэж шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

Үүнээс харахад өөрийнх нь гаргаж өгсөн тайлбар болон цагдаад өгсөн баримт зэргүүд нь тус тээврийн хэрэгсэл Н.Н-ын эзэмшлийн машин болох нь харагдаж байна гэсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хийсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн  499.1, 499.4 дэх хэсэгт “тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байдаг. Тус зүйлийн тайлбар дээр тээврийн хэрэгслийн улсын бүртгэл нь гэм хор хүлээх этгээдийг шууд тодорхойлох үндэслэл болохгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл, тухайн тээврийн хэрэгсэл нь Н.Н-ын аав Намхайноровын нэр дээр байдаг боловч Н.Н- нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагдаагийн газар 2016 оны 12 сарын 22-ны өдөр тайлбар өгөхдөө “таны зорчиж явсан Хонда Си Ар Ви /Honda CRV/ маркийн 82-79 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хэний эзэмшлийн тээврийн хэрэгсэл вэ?” гэсэн асуултад “миний аавын нэр дээр байдаг боловч миний эзэмшлийн машин, өөрийн нэр дээр шилжүүлэх гэтэл аав хүнд өвчний улмаас хэвтэрт байгаа” гэсэн тайлбарыг өгдөг. Мөн шүүхэд ирүүлсэн тайлбартаа би одоо жолоогоо бусдад шилжүүлсэн гэсэн үндэслэлээр тухайн үедээ торгуулж байсан гэдэг талаар илэрхийлдэг. Эдгээр нь тус  тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Н.Н- болохыг хангалттай нотлож байгаа учраас Н.Н-оос 3,173,850 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байгаа юм. Иймээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

           Хариуцагч Н.Н-ын шүүхэд ирүүлсэн тайлбарт: Миний бие нь тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа М.Сүхбат, Д.О нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн материалтай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Надад холбогдуулан нэхэмжлэгч  М.Сүхбат, Д.О нар зам тээврийн ослын улмаас учирсан эрүүл мэндийн хохирол болон эд хөрөнгөд учирсан хохирол  нийт 3,173,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь миний бие Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 21-р хороо, Бага Дарь эхийн 6-1802 тоотод оршин суудаг байхад нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлд “Нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүх”-д гаргахаар хуульчилж өгсөн. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хэдийгээр тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас учирсан хохирлыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсгүүдэд зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй байдаг ч  тухайн Хонда Си Ар Ви /Honda CRV/ машин нь миний эзэмшлийн машин биш болно. Уг машин нь Ж.Намхайноровын эзэмшлийн машин болох нь тээврийн хэрэгслийн нотариатаар гэрчлүүлсэн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Тэгээд ч тухайн машиныг миний бие жолоодож яваагүй, Э.Алтансүх гэгч этгээд жолоодож явсан болох нь хавтаст хэргийн 6-р хуудаст авагдсан прокурорын мэдэгдэх хуудас, 7-9-р хуудасны зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал зэргээр тогтоогдож байгаа. Э.Алтансүхийн жолоодож явсан Хонда Си Ар Ви 92-79 УБК улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн 40-11 ӨМӨ улсын дугаартай автомашиныг М.Сүхбат гэгч жолоодож явсан байхад нэхэмжлэл дээр болон прокурорын мэдэгдэх хуудас, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, хөрөнгийн үнэлгээ зэрэгт М.Сүхбаяр гэж, хавтаст хэргийн 66-р хуудасны арын нүүрт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд “Нэхэмжлэгч: Манай төрсөн дүү Өсөхбаяр жолоодож явсан” гэх мэтээр зөрүүтэй тайлбар, мэдүүлэг авагдсан байна.

Иймээс нэхэмжлэгч М.Сүхбатын эрх зүйн байдал тодорхойгүй, тэрээр нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь эргэлзээтэй байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн улмаас учирсан хохирол 3,173,850 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Д.О, М.Сүхбат нар нь эрүүл мэндэд учирсан 47,350 төгрөгийг мөн гаргуулахаар нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь шүүхээс 2017 оны 10 сарын 26-ны өдрийн 469 тоот шүүгчийн захирамжаар М.Сүхбатыг нэхэмжлэгчээс хассан байна. Хавтаст хэргийн 35-р хуудаст авагдсан 47,350 төгрөгний хохирлын баримт М.Сүхбатын нэр дээр бичигдсэн байгаа. М.Сүхбат нь нэхэмжлэгчээр оролцохоос татгалзаж, уг хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн тул дээрх хохиролд нэхэмжилсэн 47,350 төгрөгийг нэхэмжлэгч Д.Од олгох хууль зүйн үндэслэлгүй юм. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай хүүхэд Н.Бишрэлт нь 4 настай бөгөөд хоолойны мах авахуулах хагалгаа хийлгэх, мөн манай эхнэр 3 сартай бага хүү Төгөлдөрөө гэрээр хардаг, нялх биетэй тул миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байна. Иймд миний эзгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү. Хорооны засаг даргын тодорхойлолт болон иргэний үнэмлэхний лавлагаа зэргийг нотлох баримтаар даруй явуулна гэжээ.

           Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 142 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Урч овогт Намхайноровын Ням-Очироос эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 3,173,850 төгрөгийг гаргуулж Тайжууд овогт Доржсүрэнгийн Оюунтуяад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,732 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 65,732 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Од олгож шийдвэрлэжээ.

           Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 203/МА2018/0003 дугаар магадлалаар: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 142 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

             Нэхэмжлэгч Д.Огийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 203/МА2018/0003 дугаар магадлалыг эс зөвшөөрч уг гомдлыг гаргаж байна. Миний бие хуульд заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь тайлбартаа “тээврийн хэрэгслийг би жолоодож яваагүй учир хариуцахгүй, хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэж дурьдсныг тусгайлан гаргасан хүсэлт гэж үзэх боломжгүй юм. Мөн хамтран нэхэмжлэгчээр оролцож байсан миний гэр бүлийн хүн болох М.Сүхбат нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн хүсэлтээр нэхэмжлэгчээс хасагдсан бөгөөд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэл гаргах эрхтэй гэж миний бие тус хэрэгт оролцож байсан учраас анхан шатны шүүхийн 469 дугаартай захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн 2016.12.22-ны өдөр Н.Н-ын эзэмшлийн тээврийн хэрэгслийг унаж явсан н.Алтансүхийн буруугаас болж надад 3,173,850 төгрөгийн хохирол учирсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байхад М.Сүхбатын эрх зүйн байдал зөрүүтэй гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 203/МА2018/0003 дугаар магадлалыг хүчингүй болгож, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 142 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Хариуцагч Н.Н- нь давж заалдах гомдлоо өөрөө гаргаагүй талаар давж заалдах шатны шүүх хурал дээр хэлдэг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162.3-т заасан шаардлагыг хангаагүй байхад шүүх давж заалдах гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна гэжээ. 

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Н.Н-т холбогдуулан зам тээврийн ослоос учирсан гэм хорын хохиролд 3,173,850 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Баянзүрх дүүргийн XXI хороо, Бага Дарь эхийн 6-1802 тоотод оршин суудаг байхад нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, тухайн Honda CRV машин нь миний эзэмшлийн машин биш, осол гарах үед машиныг Э.Алтансүх жолоодож явсан, хохирлыг хариуцах үндэслэлгүй гэсэн тайлбар гаргажээ.

           Нэхэмжлэгч Д.Огийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

           Анхан шатны шүүх хариуцагч Н.Н-ын гаргасан хүсэлтийг /хх-61, 109/ шийдвэрлээгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах заалтад нийцээгүй, хүсэлтийн үндэслэлийг тодруулаагүй нь буруу юм.

            Түүнчлэн нэхэмжлэгч Д.Од Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 67 дугаар зүйлд заасан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж, хэргийн материалтай танилцуулах ажиллагаа хийгээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй гэх давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий болжээ.

        Нэхэмжлэлийг Д.О, М.Сүхбат нар хамтран гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.Сүхбатыг нэхэмжлэгчээс хасч, М.Оюунтуяаг нэхэмжлэгчээр үлдээхээр анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д  заасныг зөрчсөн тул энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

          Зохигчдын хооронд үүссэн маргаан нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гарсан зам тээврийн ослоос үүссэн гэм хорын хохирлыг гаргуулахтай холбоотой байх ба хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараас үзэхэд Honda CRV маркийн 92-79 УБК улсын дугаартай автомашины эзэмшигчээр хариуцагч Н.Н- биш харин Жадамбын Намхайноров бүртгэлтэй байхад шүүх маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн зөрчлийн улмаас үүсэх үүрэг, тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах эрх зүйн зохицуулалтыг хэрхэн хэрэглэх нь тодорхойгүй юм.

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзэх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 203/МА2018/0003 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

           2. Нэхэмжлэгч Д.Огаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 65,732 /жаран таван мянга долоон зуун гучин хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                              ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН