Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 151/ШШ2017/00095

 

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 151/ШШ2017/00095

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

Нэхэмжлэгч Төв аймаг, Батсүмбэр сумын 2-р баг, Цогт-Өндөр гэх газар оршин суух ЦЖ65022602 регистрийн дугаартай Боржигон овогт Балжиннямын Батбаярын улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Амгалан, нарийн бичгийн дарга С.Базардорж нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Амгалан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Б.Батбаяр нь Эрүүлийн хамгаалах яамны харьяа төрөх 3 дугаар эмнэлгийн 2 дугаар тасагт 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс, 1982 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл асрагчаар ажилласан. Б.Батбаярын хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж алга болсон. Анх ажилд орсон тушаал байгаа ч гарсан тушаал байхгүй. 1982 оны 12 дугаар сарын 03-нй өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч Дуурь бүжгийн улсын академик театрт 1982 оны 12 дугаар сарын 10-өдөр үйлчлэгчээр ажилд орсон. Иймээс 1981 оны 11 дүгээр сарын 01-нээс, 1982 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 1 жил 2 хоног ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Батбаяр нь Улаанбаатар хот, Эрүүлийн хамгаалах яамны харьяа төрөх 3 дугаар эмнэлгийн 2 дугаар тасагт 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс, 1982 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ. Үүнд:

1.. Улаанбаатар хотын Эрүүлийн хамгаалах газрын 3 дугаар амаржих газрын даргын 1981 оны 11 дүгээр сарын 02-ны 101 дугаартай ажилд томилох тухай тушаалд ....Батбаярыг 11-р сарын 1-нээс эхлэн 2-р тасагт асрагчаар гэсэн бичилт,

2. Улаанбаатар хотын Эрүүлийн хамгаалах газрын 3 дугаар амаржих газрын даргын 1982 оны 08 дугаар сарын 20-ны 86 дугаартай ажилчдыг амраах тухай тушаалд .... асрагч Б.Батбаярыг 9 сарын 1-нээс эхлэн ажлын 18 хоногоор гэсэн бичилт,

3. Гэрч Д.Мандахсолонго: Б.Батбаяр нь Эрүүлийн хамгаалах яамны харьяа төрөх 3 дугаар эмнэлгийн 2 дугаар тасагт 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс, 1982 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл асрагчаар ажиллаж байсан нь үнэн гэх тодорхойлолт,

4. гэрч Н.Эрдэмбэлэг: Эрүүлийн хамгаалах яамны харьяа төрөх 3 дугаар эмнэлгийн 2 дугаар тасагт 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс, 1982 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл асрагчаар ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг,

5. БНМАУ-н Дуурь бүжгийн улсын академик театрын даргын 1982 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 194 дугаартай ажилд авах, чөлөө олгох тухай тушаалд .... Балжиннямын Батбаярыг 12 сарын 10-ны өдрөөс цэвэрлэгээний үйлчлэгчээр гэсэн бичилт зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.

Б.Батбаярын хөдөлмөрийн дэвтэр өөрт нь болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж зааснаар хүсэлт гаргагчаас хэрэгт ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг үндэслэн Боржигон овогт Балжиннямын Батбаярын нь Улаанбаатар хот, Эрүүлийн хамгаалах яамны харьяа төрөх 3 дугаар эмнэлгийн 2 дугаар тасагт 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс, 1982 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл асрагчаар ажиллаж байсан байдлыг өөрийнх нь тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд гэрч нарын мэдүүлэг зэргийг үндэслэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ .....

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ЦЖ65022602 регистрийн дугаартай Боржигон овогт Балжиннямын БатбаярынУлаанбаатар хот, Эрүүлийн хамгаалах яамны харьяа төрөх 3 дугаар эмнэлгийн 2 дугаар тасагт 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс, 1982 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл асрагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Л.ОЮУНЦЭЦЭГ