Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
Хэргийн индекс | 151/2017/00054/И |
Дугаар | 151/ШШ2017/00097 |
Огноо | 2017-01-24 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 151/ШШ2017/00097
2017 оны 01 сарын 24 өдөр | Дугаар 151/ШШ2017/00097 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,
Нэхэмжлэгч Төв аймаг, Жаргалант сум, 2-р баг, Өгөөмөр, өгөөмөр 6-р гудамж, 02 тоотод оршин суух НИ58062812 регистрийн дугаартай Тугчин овогт Балжидын Бямбатөмөрийн улсад ажиллаж байсан байдал болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга С.Базардорж нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон 1983 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс, 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйд тракторчин, 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс, 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Жаргалант ХК-д тракторчин, комбайнчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Б.Бямбатөмөр нь багадаа ээжээрээ овоглож Балжидын Баатар гэсэн нэртэй төрсний гэрчилгээ авсан байдаг. Бямбатөмөрийн төрсөн аав нь Жамбалдорж гэдэг хүн байж байгаад Бямбатөмөрийг 3 настай байхад нь нас барьсан. Бямбатөмөрийг 3 настай байхад нь өвчин ороогоод байхаар нь ээж нь ламд үзүүлж нэрийг нь Баатар байсныг Бямбатөмөр болгон өөрчилсөн байдаг. Овог нэр өөрчилсөн талаарх баримт хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд байгаа. Бямбатөмөрийг 8 настай байхад нь ээж нь Самдан гэдэг хүнтэй суугаад, тэрнээс хойш Самдангийн Бямбатөмөр нэртэй болсон байдаг. Цэргийн алба хаасан баримт, Сангийн аж ахуйд ажиллаж байхад гарсан тушаал, хөдөлмөрийн дэвтэр нь Самдангийн Бямбатөмөр гэсэн байдаг. Харин иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг нь ээжээр нь овоглосон Балжидын Бямбатөмөр гэсэн нэртэй байдаг.Одоо тэтгэврээ тогтоолгох гэсэн цэргийн алба хаасан баримт, сангийн аж ахуйд ажиллаж байсан тушаал нь Самдангийн Бямбатөмөр гэсэн байгаа болохоор шүүхэд хандсан байгаа. Батлан хамгаалах яамны архивын лавлагаа болон Сангийн аж ахуйд ажиллаж байсан үеийн тушаал, хөдөлмөрийн дэвтэр нь Самдагийн Бямбатөмөр гэсэн байгаа Балжидын Бямбатөмөрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоож өгнө үү гэв
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Бямбатөмөр нь Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйд 1983 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс, 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тракторчин, Төв аймгийн Жаргалант ХК-д 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс, 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тракторчин, комбайнчаар тус тус ажиллаж байсан байдал болон нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ. Үүнд:
1. Батлан хамгаалах төв архивын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10383 дугаартай архивын лавлагаа,
2. №165407 дугаартай 1997 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нээлгэсэн Самдангийн Бямбатөмөр гэсэн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,
3. Төв аймгийн Жаргалант сангийн аж ахуйн даргын 1983 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дугаартай ажлаас чөлөөх тухай тушаалд ..... Бямбатөмөрийг дөшийн амны худгийн моторчноос чөлөөлж, 4-р бригадын тракторчнаар 4-р сарын 15-наас томилсугай гэсэн бичилт,
4. Төв аймгийн Жаргалант сангийн аж ахуйн даргын 1990 оны 11 дүгээр сарын 22-ны 266 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалын хавсралт..... 52-т С.Баямбатөмөр гэсэн бичилт,
5. Төв аймгийн Жаргалант сангийн аж ахуйн даргын 1991 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 313 дугаартай Жаргалант ХК-д ажилчид шилжүүлэх тухай тушаалын хавсралт ......130-д Бямбатөмөрийг тракторчнаар гэсэн бичилт,
6. Төв аймгийн Жаргалант сумын Жаргалант ХК-ийн даргын 1993 оны 11 дүгээр сарын 25-ны 165 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалын ......4-р бригад Бямбатөмөр гэсэн бичилт,
7. Төв аймгийн Жаргалант сумын Жаргалант ХК-ийн даргын 1994 оны 11 дүгээр сарын 08-ны 137 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалын хавсралт .....Бямбатөмөр гэсэн бичилт,
8. Гэрч Г.Баярмагнай: Б.Бямбатөмөр нь 1993 оноос 1997 он хүртэл Төв аймаг Жаргалант сумын 4-р тарианы бригадад хамт трактор, комбайнчнаар ажиллаж байсан нь үнэн гэх тодорхойлолт,
9. гэрч Д.Уртнасан: Б.Бямбатөмөртэй 1982 оноос 1996 оны хүртэл Төв аймгийн Янзагтын 4-р бригадад тракторчнаар ажиллаж байсан нь үнэн гэх тодорхойлолт,
10. гэрч Н.Отнонбаяр: Б.Бямбатөмөртэй 1983 оноос 1995 он хүртэл хамт тракторчнаар ажиллаж байсан нь үнэн гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.
Балжидын Бямбатөмөрт 1997 оны 4 сарын 24 нд Төв аймгийн Жаргалант сумаас № 165407дугаарын нийгмийн даатгалын дэвтэр олгохдоо Самдан гэх овог бичсэн нь түүний НИ58062812 регистрийн дугаартай Тугчин овогт Балжидын Бямбатөмөр гэх иргэний үнэмлэх, НДД № А000224408 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, № 0000594308 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэрэгэрх олгосон баримт бичгүүдтэй зөрүүтэй бичигдсэн ба түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн овог зөрүү байснаас Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйд тракторч, комбайнчаар ажиллаж байхдаа 1990 оны 11 сарын 22 ны 266 дугаар тушаал, түүний хавсралт, Төв аймгиин Жаргалантын сангийн аж ахуйн даргын 1991 оны 12 дугаар 31-ний өдрийн 313 дугаартай тушаал, түүний хавсралт, Төв аймгийн Жаргалант сумын Жаргалант ХК ерөнхий захирлын 1993 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 165 дугаартай тушаал, түүний хавсралт, мөн сумын Жаргалант ХК-ийн даргын 1994 оны 11 дүгээр сарын 08-ны 137 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралт зэрэг нотлох баримтууд мөн 1979 оны 06 дугаар сарын 11-ны өдөр Самдангийн Бямбатөмөр гэх овог, нэрээр цэргийн албанаас халагдсан зэрэг баримтууд дээрх овог Балжидын Бямбатөмөр болохыг дурьдах нь зүйтэй.
Иймд №165407 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч НИ58062812 регистрийн дугаартай Тугчин овогт Балжидын Бямбатөмөр мөн болохыг тогтоож, түүний Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйд 1983 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс, 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тракторчин, Төв аймгийн Жаргалант ХК-д 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс, 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тракторчин, комбайнчаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар НИ58062812 регистрийн дугаартай Тугчин овогт Балжидын Бямбатөмөр нь №165407 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож,
Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйд 1983 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс, 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тракторчин,
Төв аймгийн Жаргалант ХК-д 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс, 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тракторчин, комбайнчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймагдахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ