Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 620

 

 

 

 

 

 

 

    2020        04         06                                  2020/ШЦТ/620

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч П.Мөнхтуяа,

шүүгдэгч Ж.Г  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ж.Г д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 01318 0606 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ж.Г

Холбогдсон хэргийн талаар:

Ж.Г  нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 04 дүгээр гудамжны 797 тоотод Ц.Б тай өөрийн эхнэр Н.Мөнхжаргалыг хардсаны улмаас түүний нүүр болон зүүн талын чих, шанаа хэсэгт цохиж зодсон улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Г  мэдүүлэхдээ: 2020 оны 02 дугаар сарын 21 ны өдрийн өмнөх өдөр манай эхнэр Бөхөө ахынд согтууруулах ундаа хэрэглээд сууж байхаар нь би уурлаад гараад найзынхаа гэр рүү очсон байсан. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 21 ны өглөө гэртээ орсон чинь эхнэр байхгүй байсан. Тэгээд эхнэр рүү залгасан чинь урд талын Бөхөө ахын гэрт согтууруулах ундаа хэрэглээд сууж байна гэж хэлэхээр нь би очсон чинь урдаас Батбаяр, манай эхнэр хоёр  өөдөөс гараад ирсэн. Тэгээд би Бөхөө ахын гэрт ороод гарсан чинь Мөнх-Отгон, Батбаяр, манай эхнэр гурав  хоорондоо муудалцаад манай эхнэрийг 2 удаа түлхээд унагаагаад Бөхөө ахын гэр рүү орсон. Тэгээд Бөхөө ахын гэрт бас муудалцаад байхаар нь би хоёр  цохисон гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Б ын өгсөн: ...2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр би эхнэр Мөнх-Отгонтой хамт явж байгаад найз Гэрэлсайханы гэрт очиход эхнэр нь болох Мөнхжаргал ганцаараа байсан. Тэгээд манай эхнэр Төмөр зам руу айлаас хувцасаа авах гээд явсан ба би 100 айл руу хүнтэй уулзах гээд явсан. Тэгээд 17 цагийн орчим эхнэр Гэрэлсайханы гэрт ирсэн байна гэсэн ба би араас нь ирсэн. Тэгэхэд Гэрэлсайхантай гэрийнх нь гудамжинд таарсан ба Давка, Зул, нартай согтуу явж байсан. Тэгээд би гэрт нь ороход Мөнхжаргал нь эхнэр Мөнх-Отгон бид хоёрыг битгий яв, нөхөр ирээд хэрүүл маргаан болно, хоноод яв гээд байсан. Тэгээд бид хоёр гэрт нь хоносон. Энэ шөнө Мөнхжаргалын нөхөр нь ирж хоноогүй. Тэгээд Мөнхжаргал, Мөнх-Отгон бид гурав гараад явж Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 5-264 тоотод Бөхөө гэх хуурай ах дээрээ очсон. Тэгэхэд Бөхөөгийн гэрт Золоо, Гүнжээ нар байсан. Тэгэхэд Гүнжээ, Золоо нар дэлгүүрт мөнгө хадгалуулсан байгаа удаан уулзаагүй юм байна, ганц шил архи уух уу гэхээр нь зөвшөөрч бид нар Сэржим нэртэй 0,75 литрийн архинаас 2 шилийг Бөхөө, Гүнжээ, Золоо, Мөнх-Отгон, Мөнхжаргал бид нар хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусахад Мөнхжаргал нь харина гээд явахаар нь араас нь гарахад гудамжинд Гэрэлсайхан, Давка нар алхаж явж байхаар нь Гэрэлсайханыг эхнэрээ ав гээд орилсон. Тэгэхэд Гэрэлсайхан буцаж алхаж ирээд эхнэрээ аваад буцаад явсан. Тэгээд би буцаж Бөхөө ахын гэрт сууж байхад араас Давка орж ирж юм ярьж байхад Гэрэлсайхан Мөнхжаргал нар буцаж ирээд намайг шалтгаангүй хоёулаа зодсон. Гэрэлсайхан нь миний уруул, зүүн талын чих, зүүн шанаа руу гараараа цохиж гэмтэл учруулсан. Харин Мөнхжаргал нь хүзүүний ар тал руу цохиод байсан. Тэгэхэд Золоо, Гүнжээ нар салгасан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн...

...Тухайн гэмтлийг Мөнхжаргалын Гэрэлсайхан ганцаараа учруулсан. Харин Мөнхжаргал хүзүүний ар тал руу ганц хоёр удаа цохисон. Гэхдээ гэмтэл учруулах хэмжээний цохисон зүйл байхгүй. Дээд уруулын дотор тал 4, гадна 3 оёдол тавиулсан. Учирсан гэмтэлдээ тогтмол эмчилгээ хийлгэж байгаа. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал барагдуулж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 11 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Мөнх-Отгоны өгсөн: ...Тэгээд архиа ууж дуусахад Мөнхжаргал нь харина гээд гараад явахаар араас нь нөхөр Батбаяр гарсан ба Давка нар хамт орж ирж юм ярьж байхад Гэрэлсайхан, Мөнхжаргал нар буцаж ирээд Батбаярыг шалтгаангүй хоёулаа зодсон. Гэрэлсайхан нь миний уруул, зүүн талын чих, зүүн шанаа руу гараараа цохиж гэмтэл учруулсан. Харин Мөнхжаргал нь хүзүүний ар тал руу цохиод байсан. Тэгэхэд Золоо, Гүнжээ нар салгасан. Тэгээд би цагдаагийн дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Мөнхгэрэлийн өгсөн: ...Мөнхжаргалын нөхөр Гэрэлсайхан нь согтуу эхнэрээ “чи энд юу хийж яваа юм” гэж Батбаяртай хардаж Батбаярг зүүн шанаа болон нүүр рүү нь цохиж байсан. Тэгэхэд Мөнхжаргал салгах гээд зууралдаж байсан. Тэгэхээр нь би гэрээсээ гарч явсан. Батбаяр тухайн үед Гэрэлсайханыг цохиж байгаагүй. Намайг гэрээс гарсны дараа юу болсныг мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2925 дугаартай шинжээчийн:

1. Ц.Б т зүүн хацрын нумны хугарал, дээд уруулын нэвтэрсэн шарх, зүүн хацрын зулгаралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Ганболд гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар тал/,

- Хохирлын баримт /хх-ийн 41-44 дүгээр тал/,

- Шүүгдэгч Ж.Г ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 30, 31 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Ж.Г  нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 04 дүгээр гудамжны 797 тоотод Ц.Б тай өөрийн эхнэр Н.Мөнхжаргалыг хардсаны улмаас түүний нүүр болон зүүн талын чих, шанаа хэсэгт цохиж зодсон улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ц.Б , гэрч Л.Мөнх-Отгон, А.Мөнхгэрэл нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2925 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Ж.Г  нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

            Хохирогч Ц.Б  нь хавтаст хэрэгт өөрт учирсан хохирлын 158.400 төгрөгийн баримтыг ирүүлсэн бөгөөд Ж.Г  нь үүнийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ж.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдөлд  тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Г  нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ж.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Г 600 /зургаан зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Г д оногдуулсан 600 /зургаан зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ж.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Ж.Г  /РД:/-аас 158.400 /нэг зуун тавин найман мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Б  /РД:НВ/-т олгосугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Г д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ